Иеремиа
14 Ехова ган гачгийн талаар Иеремиа надад үгээ айлдсан юм.
2 Иуда гашуудаж, хаалганууд нь эвдэрчээ.
Тэд цөхрөнгөө баран газар суужээ.
Хашхирах дуу Иерусалимаас гарч байна.
3 Эзэд нь зарц нараа усанд явуулна.
Зарц нар худаг дээр очоод ус олохгүй.
Тэд хоосон савтай буцаж ирнэ.
Шившиг болж, цөхрөнгөө барахдаа
Толгойгоо бүтээнэ.
4 Хур бороо ороогүйгээс
Хөрс шороо нь ангаж хатна.
Тариаланчид аргаа баран толгойгоо бүтээнэ.
5 Идэх өвс байхгүйгээс
Согоо хүртэл илийгээ* хээр орхино.
6 Нүцгэн толгод дээр хулан зогсоод
Чононцор адил аахилна.
Өвс ногоогүйгээс болж нүд нь бүрэлзэнэ.
7 Үйлдсэн нүгэл маань биднийг буруутгадаг ч
Өөрийнхөө нэрийн төлөө бидэнд туслаач, Ехова минь.
Танд үнэнч бус хандсан маань олон.
Таны эсрэг нүгэл үйлдсэн маань үнэн.
8 Израйлын итгэл найдвар, зовох цагт авардаг Нэгэн минь ээ!
Та яагаад энэ нутагт харийн хүн шиг,
Хоног төөрүүлэхээр буудалладаг аянчин шиг байна вэ?
9 Та яагаад тэвдэж балмагдсан хүн шиг,
Аврах чадалгүй дайчин шиг байна вэ?
Ехова та бидний дунд байна.
Бид танаар овоглодог шүү дээ.
Биднийг бүү орхиоч.
10 Энэ хүмүүсийн талаар Ехова: «Тэд хөлөө хорилгүй тэнэж явах дуртай. Тиймээс Ехова тэдэнд баярладаггүй. Алдааг нь санаж, гэм нүглээс нь болж тэдэнтэй тооцоо бодно» гэж айлдаж байна.
11 Дараа нь Ехова надад хэлсэн нь: «Энэ ард түмний сайн сайхны төлөө битгий залбир. 12 Тэднийг мацаг барихад би гуйлтыг нь сонсохгүй. Шатаах тахил, идээн өргөл өргөхөд нь би таалахгүй. Би тэднийг илд, өлсгөлөн, тахлаар устгана».
13 Хариуд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ! Зөнчид тэдэнд “Дайн ч болохгүй, өлсгөлөн ч болохгүй. Бурхан та нарыг энэ нутагт жинхэнэ ёсоор амар тайван амьдруулна” гэж хэлж байгаа шүү дээ» гэлээ.
14 Ехова надад айлдсан нь: «Зөнчид миний нэрээр худал зөгнөж байна. Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаагаагүй, тэдэнтэй яриагүй. Та нарт хэлээд байгаа зөгнөл нь хуурамч үзэгдэл, утгагүй хоосон мэргэ төлгө, санаанаасаа зохиосон зүйл юм. 15 Тиймээс өөрсдийг нь илгээгээгүй атал миний нэрээр зөгнөдөг, энэ нутагт дайн, өлсгөлөн болохгүй гэж ярьдаг зөнчдийн талаар Ехова миний хэлэх үг энэ юм. “Тэр зөнчид дайн, өлсгөлөнд нэрвэгдэж үхнэ. 16 Тэдний зөгнөхийг сонссон хүмүүс дайн, өлсгөлөнгөөс болж Иерусалимын гудамжнуудад хаягдана. Хэн ч тэднийг өөрсдийг нь болон эхнэр, хөвгүүд, охидыг нь оршуулахгүй. Би зохих гамшгийг тэдэн дээр буулгана”.
17 Тэдэнд энэ үгийг хэл.
“Нүдний минь нулимс өдөр шөнөгүй урсаад тогтохгүй нь ээ.
Миний ард түмэн хүнд шархдаж
Бүрмөсөн бяцран сүйрчээ.
18 Талбай руу очоод хартал
Илдээр хөнөөгдөгсөд байлаа!
Хот руу ороод хартал
Өлсгөлөнд нэрвэгдэгсэд байлаа!
Зөнч нь ч, тахилч нь ч мэдэхгүй газраараа тэнүүчлэх ажээ”».
19 Та Иудаг бүрмөсөн голсон юм уу? Сионыг жигшсэн юм уу?
Та яагаад биднийг эдгэхгүй болтол цохив оо?
Бид амар тайвныг хүлээсэн. Гэвч сайн сайхан юм болсонгүй.
Бид эдгэрэх цагаа хүлээсэн. Гэвч айдас хүйдэстэй байна!
20 Ехова минь ээ, бид өөрсдийнхөө бузар хэргийг,
Эцэг өвгөдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрье.
Бид таны эсрэг нүгэл үйлджээ.
21 Нэрийнхээ төлөө биднийг бүү голооч.
Сүр алдарт сэнтийгээ бүү жигшээч.
Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаач, бүү зөрчөөч.
22 Үндэстнүүдийн ямар ч хэрэгцээгүй шүтээнүүд бороо оруулж чадах уу?
Эсвэл тэнгэр өөрөө бороо оруулж чадах уу?
Бидний Бурхан Ехова, та л ганцаараа чадна.
Энэ бүхнийг та л ганцаараа хийдэг учир
Бид танд найддаг.