Иеремиа
13 Ехова надад «Өөртөө маалинган бүс худалдан авч бүсэл. Харин усанд битгий дүрээрэй» гэж хэлэв. 2 Ингээд би Еховагийн хэлсний дагуу бүс худалдан авч бүслэв. 3 Ехова хоёр дахь удаагаа надад хэлсэн нь: 4 «Худалдан авч бүсэлчхээд байгаа энэ бүсээ аваад Евфрат руу яв. Тэнд очоод хадны завсар нуу» гэв. 5 Би ч Еховагийн тушааснаар Евфратад очиж бүсээ нуулаа.
6 Олон хоногийн дараа Ехова надад «Босоод Евфрат руу явж, тэнд нуугаарай гэж миний тушаасан өнөөх бүсээ гаргаж ав» гэж хэлэв. 7 Би Евфрат руу явж, нуусан бүсээ гаргаж аваад хартал өгөршиж муудаад бүслэхийн аргагүй болжээ.
8 Тэгтэл Ехова хэлсэн нь: 9 «Ехова ийн айлдаж байна. “Үүнтэй адил, би Иудагийн бардамналыг, Иерусалимын эх захгүй бардамналыг үгүй болгоно. 10 Үгийг минь авдаггүй, зөрүүдлэн зүрх сэтгэлээ дагадаг, харийн бурхдыг шүтэж, тэдэнд хүчин зүтгэж, сунан мөргөдөг бузар муу энэ ард түмэн энэ бүс шиг ямар ч хэрэгцээгүй болно”. 11 “Хүн бүсийг биедээ чанга ороон бүсэлдэг шиг би Израйлын бүх ард түмнийг, Иудагийн бүх ард түмнийг биедээ наасан билээ. Тийнхүү тэд миний ард түмэн, алдар, магтаал, гоо үзэсгэлэн болох байв. Гэвч тэд үгэнд минь ороогүй” гэж Ехова айлдаж байна.
12 Чи тэдэнд бас “«Том ваар болгоныг дарсаар дүүргэдэг» гэж Израйлын Бурхан Ехова айлдаж байна” гэсэн мэдээ хүргэ. Хариуд нь тэд чамд “Том ваар болгоныг дарсаар дүүргэдэг гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?” гэнэ. 13 Тэгэхээр нь чи ингэж хэлээрэй. “Ехова ийн айлдаж байна. «Би энэ нутгийн бүх оршин суугчийг, Давидын сэнтийд залардаг хаадыг, тахилчид ба зөнчдийг, Иерусалимын бүх оршин суугчийг согттол нь дарсаар дүүргэнэ. 14 Хоёр ваарыг хооронд нь мөргөлдүүлж хагалдаг шиг би эцгүүдийг ч, хөвгүүдийг ч устгана». «Би өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй. Би тэднийг устгана. Надад юу ч саад болохгүй» гэж Ехова айлдаж байна”.
15 Сонс, анхаар.
Ехова айлдсан тул омог бардам зан бүү гарга.
16 Харанхуйг авчрахаас нь урьтаж,
Харуй бүрийд уулан дээр бүдрэхээсээ өмнө
Ехова Бурхнаа алдаршуул.
Та нар гэрэл гэгээг хүссэн ч
Тэрбээр гүн сүүдрийг авчирч,
Гэрлийг түнэр харанхуй болгоно.
17 Та нар сонсохгүй бол
Бардам зангаас чинь болж би сэмхэн уйлна.
Еховагийн хонин сүрэг олзлогдон явсан учир
Би нулимс урсгана, нүднээс минь нулимс асгарна.
18 Хаан болон хатан эхэд “Гоёмсог титэм чинь толгойноос чинь унах учир
Газар суу” гэж хэл.
19 Өмнө зүгийн хотууд хаалттай*. Нээж онгойлгох хэн ч байхгүй.
Иудагийн бүх хүн олзлогдсон. Бүрмөсөн олзлогдсон.
20 Толгойгоо өргөөд хар даа. Хойд зүгээс дайснууд ирж байна.
Чамд өгсөн хонин сүрэг, сайхан хоньд чинь хаана байна вэ?
21 Анхнаасаа дотносон нөхөрлөж ирсэн найзууд чинь
Чамайг шийтгэвэл чи юу хэлэх вэ?
Амаржиж буй эмэгтэй шиг өвчиндөө шаналах бус уу?
22 “Яагаад надад ийм юм тохиолдов оо?” гэж чи бодно.
Асар их нүглээс чинь болж хормой чинь урагдан
Өсгий чинь өвдсөн.
23 Куш* хүн арьсныхаа өнгийг, ирвэс толбоо өөрчилж чадах уу?
Хэрэв чадна гэвэл, муу муухайг хийж сурсан та нар ч
Сайныг үйлдэж чадна.
24 Би тэднийг цөлийн салхинд хийсэх сүрэл мэт тараана.
25 Чамд ийм л юм тохиолдоно. Энэ бол чамд миний оноож өгсөн хувь юм» гэж Ехова айлдаж байна.
«Учир нь чи намайг умартан худал хуурмагт итгэсэн.
26 Тиймээс би хормойг чинь сөхөж нүүрийг чинь бүтээгээд
Шившгийг чинь,
27 Завхайрал, хуял тачаалыг чинь,
Эрээ цээргүй садар явдлыг чинь дэлгэнэ.
Дов толгод, хээр талд
Би чиний бузар явдлыг харсан.
Иерусалим аа, чи золгүй еэ!
Чи хэдий болтол бузар байх юм бэ?».