Иеремиа
9 Толгой минь дүүрэн устай худаг байсан ч болоосой!
Нүд минь ус ундардаг булаг байсан ч болоосой!
Тэгвэл би ард түмнийхээ үрэгдэгсдийн хойноос
Өдөр шөнөгүй уйлан гашуудах сан.
2 Эзгүй хээр хоноглочхоор газар олддог ч болоосой!
Тэгвэл ард түмнээ орхиод тийшээ явах сан.
Учир нь тэд бүгдээрээ завхайрагчид.
Тэгээд бас урвагчдын бүлэглэл юм.
3 Тэд хэлээ нум шиг хөвчилдөг.
Үнэнч байдал биш, худал хуурмаг л энэ нутагт газар авчээ.
«Тэд бузар булайг удаа дараа үйлддэг.
Намайг анхаардаггүй» гэж Ехова айлдаж байна.
4 «Хүн бүр хөршөөсөө болгоомжил.
Ах дүүдээ ч бүү итгэ.
Учир нь ах дүү нар чинь бүгдээрээ урвагчид.
Хөршүүд чинь бүгдээрээ гүтгэгчид.
5 Хүн бүр хөршөө хуурдаг.
Хэн ч үнэнийг ярьдаггүй.
Худал хэлэхэд хэлээ сургасан.
Буруу юмыг ядартлаа хийдэг.
6 Чи худал хуурмаг хүмүүсийн дунд амьдарч байна.
Тэд худал ярьдаг бөгөөд намайг мэдэхийг хүсдэггүй» гэж Ехова айлдаж байна.
7 Тиймээс тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
«Би тэднийг хайлуулж шалгана.
Ард түмнээ* би өөр яах юм бэ?
8 Тэд худал хуурмагийг ярьдаг учраас хэл нь үхлийн сум юм.
Хүн бүр хөрштэйгөө эвтэй найртай ярьдаг.
Гэвч сэтгэлдээ урхи занга нууж байдаг».
9 Ехова ийн айлдаж байна. «Ийм байхад би тэднийг хариуцлагад татахгүй гэж үү?
Ийм үндэстнээс би өшөө авахгүй гэж үү?
10 Би уулсын хойноос уйлан гашуудна.
Хээрийн бэлчээрийн төлөө гашуудлын дуу дуулна.
Учир нь эдгээр нь хуйхлагдан шатаж
Хүн явдаггүй, малын дуу сонсогддоггүй газар болсон юм.
Жигүүртэн шувууд, араатан амьтад дайжин оджээ. Тэдгээр нь үгүй болжээ.
11 Би Иерусалимыг чулуун овоо, чононцрын үүр болгоно.
Иудагийн хотуудыг эзгүйрүүлж, оршин суугчгүй болгоно.
12 Хэн үүнийг ойлгох ухаантай вэ?
Ехова үгээ тунхаглуулахаар хэнд хэлж өгсөн бэ?
Энэ нутаг яагаад сүйрсэн бэ?
Яагаад зэлүүд цөл шиг төөнөж,
Хүн явахаа больсон бэ?».
13 Ехова хариулсан нь: «Яагаад гэвэл тэд миний өгсөн хуулийг* үл тоомсорлож, үл сахиж, үгийг минь аваагүй юм. 14 Харин тэд зөрүүдлэн зүрх сэтгэлээ дагаж, эцэг өвгөдийнхөө зааснаар Баалын хөргүүдийг шүтсэн. 15 Тиймээс Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Би энэ ард түмэнд агь идүүлж, хортой ус уулгана. 16 Тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь ч мэдэхгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг устгаж дуустлаа араас нь дайснуудыг нь явуулна”.
17 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
“Юу болж байгааг бод.
Гашуудлын дуу дуулдаг эмэгтэйчүүдийг дууд.
Эмгэнэн гашуудахад мэргэшсэн бүсгүйчүүдийг ирүүл.
18 Тэд яаран ирж бидэнд гашуудлын дуу дуулж өгөг.
Тэгвэл нүднээс маань нулимс мэлмэрч,
Зовхиноос маань ус урсана.
19 Гашуудан орилох дуу Сионоос сонсогдон
«Бид ямар аймшигтай сүйрэв ээ!
Бид ямар их гутамшиг болов оо!
Өстөн дайснууд өргөө гэрийг минь сүйтгэж, өөрсдөө бид нутгаа орхин явав» гэнэ.
20 Эмэгтэйчүүд та нар Еховагийн үгийг сонс.
Юу ярихыг нь чагна.
Эмгэнэлийн энэ дууг охиддоо зааж,
Гашуудлын энэ дууг бие биедээ заа.
21 Цонхоор үхэл орж ирлээ.
Бэхлэгдсэн цамхгуудаар нэвтэрч,
Гудамжинд байсан хүүхдүүдийг,
Нийтийн талбайд байсан залуусыг авч явлаа”.
22 Ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна.
«Үхдэлүүд өтөг бууц адил газраар нэг хэвтэнэ.
Ургац хураалтын дараа шинэхэн хадсан тариа шиг эгнэн хэвтэнэ.
Тэдгээрийг хэн ч цуглуулахгүй»”».
23 Ехова ийн айлдаж байна.
«Ухаантай нь ухаанаараа бүү сайрхаг.
Бяртай нь бяраараа бүү сайрхаг.
Баян нь эд хөрөнгөөрөө бүү сайрхаг».
24 «Сайрхагч нь үүгээр сайрхаг.
Хэрсүү байж, намайг мэддэгээрээ,
Намайг Ехова гэдгийг, дэлхий дээр үнэнч хайрыг илэрхийлж, шударга ёсыг тогтоож, зөв шударгыг үйлддэг Нэгэн гэдгийг мэддэгээрээ сайрхаг.
Учир нь би энэ бүхэнд баярладаг» гэж Ехова айлдаж байна.
25 Ехова ийн тунхаглаж байна. «Хөвч таслуулсан болон хөвч таслуулаагүй бүх хүнтэй тооцоо бодох цаг минь болох гэж байна. 26 Египетчүүд, иудачууд, едомчууд, аммончууд, моабчууд болон зэлүүд газар амьдардаг, санчгаа хусуулсан бүх хүнтэй тооцоо бодно. Учир нь бүх үндэстэн хөвч таслуулаагүй. Израйлчууд бүгдээрээ зүрх сэтгэлдээ хөвч таслуулаагүй юм».