Иеремиа
4 Ехова айлдсан нь: «Израйл аа, хэрэв чи эргэж ирвэл,
Над руу эргэж ирвэл,
Жигшмээр шүтээнүүдээ миний нүднээс зайлуулбал
Чи оргож явахаа болино.
2 Хэрэв чи:
“Амьд Бурхан Еховагаар тангараглая!” хэмээн тангараглаад үнэнч, шударга, зөв явбал
Үндэстнүүд түүнээс* ивээл хүртэж,
Түүгээр бахархан ярина».
3 Учир нь Ехова Иудагийн хүмүүст, Иерусалимд айлдсан нь:
«Өөрсдөдөө зориулан атар газрыг хагал.
Өргөст ургамлын дунд үр цацахаа боль.
4 Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчид аа!
Еховагийн төлөө өөрсдийгөө ариусга*.
Зүрх сэтгэлээ ариусга*.
Эс тэгвэл бузар хэргээс чинь болж
Миний уур хилэн гал мэт дүрэлзэнэ.
Хэн ч унтрааж дийлэхгүй».
5 Иудад зарлаж, Иерусалимд тунхагла.
Нутаг орон даяар хашхирч, эвэр бүрээ үлээ.
Чанга хашхиран ингэж хэл. «Цугларцгаа!
Бэхлэгдсэн хотууд руу зугтацгаая.
6 Сионыг заасан замын тэмдэг* босго.
Хоргодох газар хай, хойшлуулж бүү уд».
Учир нь би умард зүгээс зовлон гамшиг, их сүйрлийг авчрах гэж байна.
7 Арслан шугуйгаасаа гарч ирдэг шиг
Үндэстнүүдийг устгагч гарч ирэв.
Тэрбээр танай нутгийг аймшигт балгас болгохоор замдаа гарсан.
Хотууд чинь нуранги болж оршин суугчгүй хоцорно.
8 Тиймээс таар нөмөрч,
Уйлж гашууд.
Учир нь Ехова бидэнд уурлан хилэгнэсээр байна.
9 «Тэр өдөр эзэн хаан ч,
Эрхэмсэг ноёд ч зүрх алдана.
Тахилчид айн балмагдаж, зөнчид алмайран гайхна» гэж Ехова айлдаж байна.
10 Тэгэхэд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ! Бидний хоолойд хутга тулгачхаад байхад та: “Та нар амар амгалан байх болно” гэж хэлэн энэ ард түмнийг, Иерусалимыг хууран мэхэлжээ» гэв.
11 Тэр үед энэ ард түмэнд, Иерусалимд ийм үг хэлнэ.
«Цөлийн нүцгэн толгодоос халуун салхи
Тарианы хальсыг арилгах юм уу цэвэрлэх гэж үлээхгүй.
Харин миний ард түмнийг* устгах гэж үлээнэ.
12 Асар хүчтэй салхи миний тушаалаар тэндээс салхилна.
Би энэ ард түмэнд ял онооно.
13 Тэрбээр борооны үүл мэт ирнэ.
Дайны тэрэгнүүд нь салхи шуурга мэт ажээ.
Хүлэг морьд нь бүргэдээс ч хурдан.
Хөөрхий бид сүйрчээ!
14 Иерусалим аа, аврагдахын тулд зүрх сэтгэлээ ариусгаж, бузар булайгаа арилга.
Хэдий болтол хорон санаа өвөрлөж явах гэсэн юм бэ?
15 Учир нь нэгэн дуу хоолой Данаас ирсэн мэдээг хүргэж байна.
Ефраимын уулсад болох гамшгийн тухай тунхаглаж байна.
16 Үүнийг үндэстнүүдэд мэдэгд.
Иерусалимд зарла».
«Харуулууд алс нутгаас ирж байна.
Иудагийн хотууд руу дайны уухай хадаана.
17 Талбайн харуулууд адил тэд Иерусалим руу тал бүрээс нь дайрна.
Учир нь тэр надад тэрсэлсэн юм» гэж Ехова тунхаглаж байна.
18 «Чи замнасан замнал, хийсэн үйлсийнхээ төлөөсийг төлнө.
Тэрс явдал зүрхэнд чинь нэвт шингэсэн тул
Чам дээр буух гамшиг ямар аймшигтай байх бол оо!».
19 Би их шаналж байна, их шаналж байна!
Сэтгэл зүрх минь зовлон шаналлаар дүүрэн байна.
Цээжин дотор минь зүрх хүчтэй цохилно.
20 Гамшиг ар араасаа болж байгааг мэдээлэв.
Газар нутаг бүхэлдээ сүйдэв.
Гэнэт майхнууд минь устгагдав.
Хормын дотор майхны минь бүрээс юу ч үгүй урагдав.
21 Би хэдий болтол туг* харж,
Эвэр бүрээн дуу сонсох юм бэ?
22 «Миний ард түмэн мунхаг.
Тэд намайг тоодоггүй.
Тэд юу ч ойлгодоггүй тэнэг хөвгүүд.
Мууг үйлдэхдээ гарамгай* хэр нь
Сайн юм хийхийг огтхон ч мэддэггүй».
23 Газар нутгийг хартал эзгүй хоосон байлаа.
Тэнгэр өөд хартал гэрэл гэгээгүй болжээ.
24 Уулс руу хартал ганхаж байлаа.
Толгод руу хартал доргиж байлаа.
25 Эргэн тойрноо ажтал нэг ч хүн байсангүй.
Тэнгэрт нисэх жигүүртэн шувууд бүгд зайлан оджээ.
26 Жимсний цэцэрлэгийг хартал зэлүүд газар болжээ.
Хот суурингууд нь бүгд эвдрэн сүйджээ.
Энэ бүхэн Еховагаас болсон юм.
Уур хилэнд нь өртсөн юм.
27 Ехова ийн айлдаж байна. «Газар нутаг бүхэлдээ эзгүйрнэ.
Гэвч би бүрмөсөн сүйрүүлэхгүй.
28 Газар нутаг гашуудна.
Дээд тэнгэр харанхуйлна.
Учир нь би хэлсэн, шийдсэн.
Би бодлоо өөрчлөхгүй*, эргэж буцахгүй.
29 Морьтнууд, харваачдын дуунаар
Хотынхон тэр аяараа зугтав.
Тэд шугуйд нуугдаж,
Хаданд авирав.
Хот болгон эзгүйрч
Оршин суугчгүй болов».
30 Цөхөрч гүйцсэн чи одоо юу хийх юм бэ?
Чи час улаан хувцас өмсөж,
Алтан гоёл чимэг зүүн,
Нүдээ томруулж хараар буддаг байсан.
Гэтэл гоёж гоодлоо гээд ямар хэрэг байгаа юм бэ?
Учир нь чамд шунан тачаадагчид чамайг голсон.
Одоо тэд амийг чинь авах гээд хайж байна.
31 Би өвчиндөө шаналан ёолох эмэгтэйнх шиг дууг,
Анхны хүүхдээ төрүүлэх гээд хашхирах бүсгүйнх шиг дууг,
Амьсгаа нь давчдан орилох Сионы охины* дууг сонслоо.
Тэрбээр гараа сарвайн
«Алуурчдаас болж эцэж ядарсан би хөөрхий!» гэв.