Нэгдүгээр хаад
9 Соломоныг Еховагийн өргөө, хааны ордон гээд хүссэн бүхнээ барьж дуусгахад, 2 Ехова Соломонд Гибеонд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа зүүдэнд нь үзэгдэв. 3 Ехова Соломонд «Миний өмнө залбирсан залбирал, гуйлтыг чинь би сонссон. Чиний барьсан энэ өргөөг би ариусгалаа. Тиймээс миний нэр энд үүрд хүндлэгдэн дээдлэгдэнэ. Би энэ өргөөг үргэлж ажиглан харж, сэтгэл зүрх минь эндээс уяатай байх болно. 4 Хэрвээ чи миний тушаасан болгоныг биелүүлж, миний өгсөн хууль тушаалыг дуулгавартай даган эцэг Давид шигээ заасан замаар минь хоёргүй сэтгэлээр, шулуун шударгаар, үнэнч явбал 5 би эцэг Давидад чинь “Чиний үр удам Израйлын хаан сэнтийгээс хэзээ ч буухгүй” гэж амласнаараа хаант засаглалыг чинь Израйлд мөнхөд тогтооно. 6 Харин чи болон чиний үр удам надаас урваж, миний өгсөн хууль тушаалуудыг сахихгүй, өөр бурхдад үйлчилж, мөргөвөл 7 би израйлчуудыг тэдэнд өгсөн газар нутгаасаа хөөн зайлуулна. Мөн нэр алдрынхаа төлөө ариусгасан энэ өргөөг нүднээсээ зайлуулна. Израйл бүх үндэстний хэл ам*, доог тохууны бай болно. 8 Энэ өргөө нурангин овоонууд болно. Хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхаж харан, халаглан шогширч “Ехова яагаад энэ нутгийг, энэ өргөөг ийм болгочхов оо?” гэж хэлнэ. 9 Хүмүүс хариуд нь “Тэд эцэг өвгөдийг нь Египетээс гаргаж авчирсан Ехова Бурхнаа орхиж, өөр бурхдаас зуурч, тэдэнд үйлчилж, мөргөснөөс болсон юм. Тийм болохоор Ехова энэ бүх гамшгийг тэдэн дээр буулгасан” гэцгээнэ» гэж айлдав.
10 Соломон хаан Еховагийн өргөө, хааны ордныг 20 жил барьжээ. 11 Тирийн хаан Хирам Соломонд хуш, арц моддыг болон алтыг хүссэн хэмжээгээр нь нийлүүлж байсан тул Соломон хаан Хирамд Галилын нутаг дахь 20 хотыг өгөв. 12 Хирам Тирээс ирж Соломоны өгсөн хотуудыг үзсэн боловч сэтгэлд нь нийцсэнгүй. 13 Тэгээд «Дүү минь, чи надад ямар гээчийн хотууд өгчхөв өө?» гэжээ. Тиймээс тэр хотуудыг Кабулын нутаг* гэх болсон юм. Өнөөг хүртэл тэр нэрээрээ байгаа. 14 Хирам Соломонд 120 талант* алт өгч явуулжээ.
15 Соломон хаан дайчилсан албадлагын ажилчдаараа Еховагийн өргөө, өөрийнхөө ордон, Иерусалимын хэрэм, Милло* толгой, Хазор, Мегиддо, Гезерийг бариулсан юм. 16 (Египетийн хаан фараон ирж Гезерийг эзлэн авч, галдан шатаагаад хотынх нь оршин суугчид болох канаанчуудыг хөнөөж байсан. Тэрбээр Соломонд эхнэр болгон өгсөн охиныхоо инжинд Гезерийг өгч байжээ.) 17 Соломоны сэргээн барьсан* хотууд нь Гезер, Доод Бет-хорон, 18 Баалат, Израйл дахь цөлийн Тамар, 19 Соломоны бүх агуулах хот, морин тэрэгнүүдийн хотууд, морьтнуудын хотууд бөгөөд Соломон хаан Иерусалим, Ливан гээд захирч байсан бүх газартаа хүссэн болгоноо барьжээ. 20 Тэр үед Израйлд өөр үндэстнүүд буюу аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчүүд амьдарч байв. 21 Тэд бол израйлчуудын бүрмөсөн устгаж чадаагүй, нутагт нь үлдсэн үндэстнүүдийн үр сад нь юм. Соломон тэднийг боол болгон өнөөг хүртэл албадлагын ажил хийлгэж байна. 22 Соломон нэг ч израйл хүнийг боол болгоогүй юм. Харин өөрийнхөө дайчид, албат, удирдагчид, цэргийн дарга нар, морин тэрэгтнүүд болон морьтнуудын хариуцагчид болгосон юм. 23 Соломоны даалгасан ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүсийг хариуцсан 550 дэд захирагч байв.
24 Фараоны охин өөрт нь зориулж Соломоны барьсан ордонд Давидын хотоос ирэв. Дараа нь Соломон Милло толгойг босгосон юм.
25 Соломон Еховад зориулж барьсан тахилын ширээн дээрээ жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахилууд өргөдөг байв. Ийнхүү Еховагийн өмнөх тахилын ширээн дээр тахилын утаа суунаглуулдаг байлаа. Тэрбээр өргөөг барьж дуусгажээ.
26 Соломон хаан бас Едомын нутаг дахь Улаан тэнгисийн эрэг дээр Елотын хажуу дахь Езион-геберт олон хөлөг онгоц хийлгэв. 27 Соломоны албатуудыг хөлөг онгоцнуудаараа далайд гарахад нь хамт ажиллуулахаар Хирам өөрийн албатууд болох туршлагатай далайчдыг явуулж байлаа. 28 Тэд Офир луу явж тэндээс 420 талант алт авч Соломон хаанд авчирч өгөв.