Шүүгчид
13 Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг израйлчууд дахин үйлдэхэд Ехова тэднийг филистчүүдийн эрхшээлд оруулжээ. Филистчүүд тэднийг 40 жил дарлав.
2 Дан овгийн Зора хотод Маноа гэдэг эр байжээ. Эхнэр нь хүүсэр тул хүүхэдгүй байлаа. 3 Тэр үед Еховагийн тэнгэрийн элч Маноагийн эхнэрт үзэгдэн «Чи хүүсэр ч гэсэн жирэмсэлж хүү төрүүлнэ. 4 Чи одооноос сэрэмжтэй байн дарс юм уу ямар нэг согтууруулах ундаа битгий уу, ямар ч бузар юм битгий ид. 5 Чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Тэр төрсөн цагаасаа* назир хүн болох учраас толгойд нь тонгорог хүргэж болохгүй. Хүү чинь израйлчуудыг филистчүүдээс аварна» гэж хэлэв.
6 Тэгээд тэр эмэгтэй явж, нөхөртөө «Жинхэнэ Бурхны хүн над дээр ирлээ. Дүр төрх нь жинхэнэ Бурхны тэнгэрийн элчийнх шиг үнэхээр сүрдмээр байсан. Би хаанаас ирснийг нь асуусангүй, тэр хүн ч надад нэрээ хэлсэнгүй. 7 Тэр хүн надад “Чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Чи одооноос дарс юм уу ямар нэг согтууруулах ундаа битгий уу, ямар ч бузар юм битгий ид. Хүү чинь төрсөн цагаасаа үхэн үхтлээ назир хүн байх юм” гэж хэлсэн» гэв.
8 Маноа Еховагаас «Ехова, намайг өршөөгөөрэй. Та бидэн рүү өмнө нь явуулсан хүнээ дахиад явуулж, хүүг хэрхэн өсгөх ёстойг бидэнд зааж өгөөч» гэж шаргуу гуйлаа. 9 Энэ гуйлтыг нь жинхэнэ Бурхан сонсжээ. Маноагийн эхнэрийг гадаа сууж байхад жинхэнэ Бурхны тэнгэрийн элч дахиад ирэв. Тэр үед Маноа дэргэд нь байхгүй байлаа. 10 Тэрбээр нөхөр лүүгээ гүйж очоод «Өмнө нь над дээр ирсэн нөгөө хүн ирчихлээ» гэж хэлэв.
11 Маноа эхнэртэйгээ хамт тэр хүн дээр очоод «Та эхнэртэй маань ярьсан хүн мөн үү?» гэж асуухад тэр хүн: «Мөн байна» гэв. 12 Маноа: «Таны үг биелэх болтугай! Хүү юу хийж, яаж амьдрах ёстой вэ?» гэхэд 13 Еховагийн тэнгэрийн элч түүнд «Эхнэр чинь миний өмнө нь хэлсэн бүхнийг сахих ёстой. 14 Усан үзэм орсон юу ч идэж болохгүй. Бас дарс болон ямар ч согтууруулах ундаа ууж, ямар ч бузар юм идэж болохгүй. Эхнэр чинь миний тушаасан болгоныг сахиг» гэж хэлэв.
15 Маноа Еховагийн тэнгэрийн элчид «Та түр саатна уу. Бид танд ишиг төхөөрч, хоол хийж өгье» гэж хэлэхэд 16 Еховагийн тэнгэрийн элч түүнд «Би энд саатсан ч хоол идэхгүй. Харин та нар Еховад шатаалт тахил өргөмөөр байгаа бол өргөөрэй» гэжээ. Маноа түүнийг Еховагийн тэнгэрийн элч гэж мэдээгүй байв. 17 Тэрбээр Еховагийн тэнгэрийн элчид «Таны нэр алдар хэн бэ? Хэлсэн үг тань биелэхэд бид танд талархлаа илэрхийлэх гэсэн юм» гэлээ. 18 Еховагийн тэнгэрийн элч: «Би гайхамшигтай нэртэй учраас нэрийг минь битгий асуу» гэв.
19 Ингээд Маноа ишиг, идээн өргөл авч Еховад зориулж хадан дээр тахил болгон өргөжээ. Бурхан Маноа болон эхнэрийнх нь нүдэн дээр нэгэн гайхамшиг үйлдэв. 20 Тахилын ширээнээс гал гарч, тэнгэр өөд дүрэлзэн аслаа. Маноаг эхнэртэйгээ харж байхад Еховагийн тэнгэрийн элч тахилын ширээнээс асаж буй гал руу орж, тэнгэр өөд явжээ. Үүнийг хараад тэд сөгдөн мөргөв. 21 Тэр хүнийг Еховагийн тэнгэрийн элч байсныг Маноа сая л ойлголоо. Еховагийн тэнгэрийн элч тэдэнд дахин үзэгдсэнгүй. 22 Тэгээд Маноа эхнэртээ «Бид Бурхныг харсан болохоор гарцаагүй үхнэ» гэхэд 23 эхнэр нь түүнд «Ехова биднийг үхүүлэх байсан бол бидний өргөсөн шатаалт тахил, идээн өргөлийг хүлээн авахгүй байх байсан. Бас бидэнд энэ бүхнийг үзүүлэхгүй, хэлэхгүй байх байсан» гэв.
24 Маноагийн эхнэр хүү төрүүлж Самсон гэдэг нэр өгөв. Хүү өсөж торнин, Ехова түүнийг ивээж байлаа. 25 Самсоныг Зора болон Ештаолын дундах Махане-данд байхад Еховагийн агуу хүч түүнийг удирдаж эхлэв.