Шүүгчид
11 Гилеад хүн Иефта нь хүчирхэг дайчин байсан бөгөөд янхан эмэгтэйн хүү байв. Эцгийг нь Гилеад гэдэг. 2 Гилеадын эхнэр* бас хөвгүүд төрүүлжээ. Тэд том болоод Иефтаг хөөж «Чи өөр эмэгтэйгээс төрсөн учраас эцгийн маань өмч хөрөнгөөс юу ч өвлөхгүй» гэж хэлжээ. 3 Тиймээс Иефта ах дүү нараасаа зугтаж Тоб нутагт суурьшив. Ажил төрөлгүй эрчүүд Иефтатай нийлж, түүнийг дагажээ.
4 Хэсэг хугацааны дараа аммончууд Израйл руу довтлов. 5 Аммончуудыг Израйл руу довтлоход Гилеадын ахлагчид Иефтаг Тоб нутгаас буцааж авчрахаар яаравчлан замд гарчээ. 6 Тэд Иефтад «Чи ирж, биднийг удирдан аммончуудтай тулалдаач» гэж хэлэв. 7 Иефта Гилеадын ахлагчдад «Та нар намайг ад үзэж, эцгийн минь гэрээс хөөгөөгүй билүү? Зовж зүдрэхээрээ яагаад над дээр ирдэг билээ?» гэхэд 8 Гилеадын ахлагчид: «Чиний хэлдэг үнэн. Гэхдээ бид чамайг зориод ирлээ. Чи бидэнтэй хамт явж, аммончуудтай тулалдвал бидний удирдагч болж Гилеадыг захирна» гэлээ. 9 Тэгэхэд нь Иефта тэдэнд «Хэрэв та нар намайг аммончуудтай тулалдуулахын тулд буцааж авч явбал, бас Ехова ялахад минь тусалбал би та нарын удирдагч болъё» гэжээ. 10 Тэд Иефтад «Ехова чи бидний хоорондох гэрч болог. Бид чиний хэлснээр хийнэ» гэв. 11 Ингээд Иефта Гилеадын ахлагчидтай хамт явав. Гилеадчууд түүнийг удирдагч, жанжнаа болгожээ. Иефта Мизпад очоод, тэдэнтэй ярилцаж тохирсон бүхнээ Еховагийн өмнө дахин хэлэв.
12 Иефта аммончуудын хаан руу элч нараа илгээж «Яагаад манай газар нутаг руу дайрч, надтай тулалдахаар болов?» гэж хэлүүлжээ. 13 Аммончуудын хаан Иефтагийн элч нарт «Израйлчууд Египетээс гараад явж байхдаа Арноноос Иаббок хүртэл, цаашлаад Иордан хүртэлх миний газар нутгийг авсан биз дээ! Эв зүйгээр буцаагаад өгчих» гэж хэлэв. 14 Иефта элч нараа дахин аммончуудын хаан руу явуулж 15 түүнд:
«Иефта ингэж хэлүүлж байна. “Израйлчууд Моаб, Аммоны газар нутгийг авсан юм биш. 16 Тэд Египетээс гараад, цөлөөр Улаан тэнгис хүртэл явж, тэндээсээ Кадешт очоод 17 Едомын хаан руу элч нар илгээж «Биднийг нутгаараа дайран өнгөрүүлнэ үү» гэж хэлэхэд тэр сонсоогүй. Бас Моабын хаанд хэл хүргүүлэхэд тэрбээр зөвшөөрөөгүй учраас израйлчууд Кадешаас хөдлөөгүй. 18 Тэд цөлөөр явсаар Едом, Моабын нутгийг тойрч, Моабын зүүн талд очоод, Арноны чанадад буудалласан. Арнон нь Моабын хил тул тэд Моабын газар нутагт халдаагүй юм.
19 Тэгээд израйлчууд Хешбонд суудаг, аморичуудын хаан Сихон руу элч нар илгээж «Биднийг нутгаараа дамжин өнгөрүүлж, зорьсон газар луу маань явуулна уу» гэсэн. 20 Гэвч Сихон нутгаар нь дамжин өнгөрөх гэсэн израйлчуудад итгээгүй. Тэрбээр бүх цэргээ цуглуулж, Иахазад хуарагнаад Израйлтай тулалдсан. 21 Тэр үед Израйлын Бурхан Ехова тусалсан учраас тэд Сихоныг цэргүүдтэй нь ялж, тэнд амьдардаг аморичуудыг газар нутагтай нь эзлэн авсан юм. 22 Тэгээд Арноноос Иаббок, цөлөөс Иордан хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн.
23 Израйлын Бурхан Ехова ард түмнийхээ төлөө аморичуудыг хөөн зайлуулсан байхад одоо та израйлчуудыг хөөн зайлуулах болж байна уу? 24 Та Хемош бурхныхаа өгсөн газар нутгийг эзэмшдэг биш үү? Бид Ехова Бурхныхаа өгсөн газар нутгийг эзэмшинэ. 25 Моабын хаан, Зиппорын хүү Балакаас та юугаараа илүү юм бэ? Балак израйлчуудтай хэрүүл маргаан, дайн тулаан хийж байсан удаатай юу? 26 Израйлчууд Хешбон болон харьяа* тосгодод нь, Ароер болон харьяа тосгодод нь, Арнон голын эрэг дагуух хотуудад 300 жил амьдарч байна. Энэ хугацаанд та нар яагаад газар нутгаа буцааж аваагүй юм бэ? 27 Би танд муу юм хийгээгүй байтал над руу дайрч байгаа чинь зүйд нийцэхгүй. Шүүгч Ехова Израйлын ард түмэн болон Аммоны ард түмний хоорондохыг шүүг”» хэмээн хэлүүлэв.
28 Гэвч Иефтагийн үгийг аммончуудын хаан үл тоов.
29 Ехова агуу хүчээ өгөхөд Иефта Гилеад, Манассегаар дайрч Гилеадын Мизпед хүрээд, тэндээсээ аммончуудын байгаа газар луу явжээ.
30 Иефта Ехова Бурханд тангараглан «Хэрэв та надад аммончуудыг ялахад тусалбал 31 намайг дайнаас эсэн мэнд буцаж ирэхэд гэрээс маань хамгийн түрүүнд гарч ирээд тоссон хүн Ехова таных болно. Би тэр хүнийг шатаалт тахил болгон танд өргөнө» гэв.
32 Иефта аммончуудтай тулалдахаар явсан бөгөөд Ехова ялахад нь туслав. 33 Иефта Ароероос Миннитийн зам дагуу, цаашлаад Абел-керамим хүртэл асар олон хүнийг хядаж бут цохив. Ингэхдээ 20 хотыг эзэлсэн юм. Аммончууд Израйлын эрхшээлд ийнхүү оржээ.
34 Тэгээд Иефтаг Мизпад байдаг гэртээ ирэхэд охин нь хэнгэрэг цохин, бүжиглэсээр угтан гарч ирэв. Тэр охин Иефтагийн цорын ганц хүүхэд байлаа. Иефта өөр хүү, охингүй байв. 35 Охиноо хармагцаа Иефта хувцсаа хүү татаж «Охин минь, даанч яав даа! Өр зүрх минь эмтэрч байна. Ингээд аав нь охиноо явуулах ёстой болчихлоо шүү дээ. Би Еховад нэгэнт амлачихсан болохоор биелүүлэхгүй байж чадахгүй» гэж хэлэв.
36 Охин аавдаа «Аав аа, дайснаасаа өшөөгөө авахад тань Ехова тусалсан хойно та Еховад амласан ёсоороо намайг явуул даа» гэлээ. 37 Тэгээд охин аавдаа «Гэхдээ надад нэг гуйлт байна. Хоёр сар ганцаараа байхыг минь зөвшөөрөөч. Би найз охидтойгоо уул руу явж, хэзээ ч гэрлэхгүй болсныхоо төлөө* гашуудъя» гэж хэллээ.
38 Тэгэхэд Иефта охиндоо «Яв даа!» гээд хоёр сарын хугацаатай явуулжээ. Охин найзуудтайгаа ууланд очиж, хүнтэй гэрлэхгүй болсныхоо төлөө гашуудав. 39 Хоёр сарын дараа эргэж ирэхэд нь эцэг нь тангарагласнаа биелүүлжээ. Иефтагийн охин эр хүнтэй ойртож үзээгүй байв. Израйлд ийм нэгэн заншил тогтжээ. 40 Израйлын охид жил бүр дөрвөн өдөр гилеад хүн Иефтагийн охиныг магтахаар* очдог болов.