Эхлэл
41 Бүтэн хоёр жилийн дараа, фараон өөрийгөө Нил мөрний дэргэд зогсож байна гэж зүүдэлжээ. 2 Мөрнөөс тарга тэвээрэг, өнгө зүс сайтай долоон үнээ гарч ирээд Нилийн дэргэд идээшилж байлаа. 3 Гэтэл тэдний араас өнгө зүсгүй, хэрзийсэн туранхай долоон үнээ Нилээс гарч ирээд эрэг дээрх тарган сайхан үнээнүүдийн хажууд зогсов. 4 Тэгснээ өнгө зүс муутай, туранхай долоон үнээ өнгө зүс сайтай, тарган сайхан долоон үнээг идчихэв. Ингээд фараон сэржээ.
5 Фараон эргэж унтаад дахин зүүдэллээ. Тарианы нэг ишээс өтгөн сайхан долоон түрүү ургажээ. 6 Дараа нь дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү гарч ирэв. 7 Тэгээд хорчгор түрүүнүүд өтгөн сайхан долоон түрүүг залгичхав. Тэгтэл фараон сэрээд зүүд байсныг ойлгожээ.
8 Өглөө сэтгэл нь тавгүйтсэн фараон Египетийн ид шид үйлддэг тахилчид, мэргэдийг бүгдийг нь дуудуулав. Тэдэнд зүүдээ ярьж өгөхөд хэн нь ч тайлж чадсангүй.
9 Тэгэхэд ахлах сөнч фараонд «Өнөөдөр би нүглээ хүлээе. 10 Өмнө нь фараон та зарц нартаа хилэгнэж, намайг ахлах талхчинтай хамт бие хамгаалагчдын ахлагчийн хариуцдаг шоронд хийлгэсэн билээ. 11 Тэгэхэд бид хоёулаа нэг шөнө зүүд зүүдэлсэн юм. Өөр өөр утгатай зүүд зүүдэлсэн. 12 Тэнд бидэнтэй хамт нэг еврей залуу байсан юм. Бие хамгаалагчдын ахлагчийн зарц юм л даа. Биднийг тэр залууд зүүдээ ярихад зүүдний маань утгыг тайлж өгсөн. 13 Тэгээд яг түүний тайлснаар болсон. Би ажилдаа буцаад орж, талхчин шонд өлгүүлсэн» гэж ярив.
14 Иймд фараон Иосеф руу хүмүүс явуулж, шоронгоос* даруй авчруулав. Иосеф үс, сахлаа хусаж хувцсаа солиод фараонд бараалхлаа. 15 Тэгэхэд нь фараон: «Би зүүд зүүдэлсэн юм. Гэвч тайлж чадах хүн алга. Чамайг зүүд тайлж чаддаг гэж сонслоо» гэхэд 16 Иосеф: «Би биш, Бурхан зүүдийг тайлна. Танд сайнаар тайлж өгнө» гэж өчив.
17 Фараон Иосефт «Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байлаа. 18 Тэгтэл Нилээс өнгө зүс сайтай, тарган сайхан долоон үнээ гарч ирээд Нилийн дэргэд идээшлэв. 19 Тэдний араас тарга тэвээрэггүй, өнгө зүсгүй, хэрзийсэн туранхай долоон үнээ гарч ирлээ. Би Египетийн хаана ч тийм өнгө зүс муутай үнээ харж байсангүй. 20 Эцэнхий туранхай, өнгө зүсгүй үнээнүүд эхний тарган сайхан долоон үнээг идчихэв. 21 Гэхдээ огт идсэн шинжгүй, яг л хэвээрээ хэрзийгээд байж байлаа. Тэгээд би сэрэв.
22 Дараа нь би тарианы нэг ишээс өтгөн сайхан долоон түрүү гарахыг зүүдэлсэн юм. 23 Араас нь дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү гарч ирлээ. 24 Хорчгор түрүүнүүд долоон сайхан түрүүг залгичхав. Би зүүдээ ид шид үйлддэг тахилчдад ярьсан юм. Гэвч тайлж чадах хүн алга» гэж ярив.
25 Тэгэхэд Иосеф: «Фараон таны хоёр зүүд адилхан утгатай. Жинхэнэ Бурхан юу хийхээ фараон танд мэдэгджээ. 26 Долоон сайхан үнээ нь долоон жил юм. Долоон сайхан түрүү нь ч долоон жил. Хоёр зүүд адилхан утгатай. 27 Дараа нь гарч ирсэн эцэнхий туранхай, өнгө зүсгүй долоон үнээ нь долоон жил юм. Дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү ч долоон жил. Энэ нь долоон жил өлсгөлөн болно гэсэн үг. 28 Миний танд хэлснээр, жинхэнэ Бурхан хийх гэж байгаа зүйлээ фараон танд үзүүлжээ.
29 Египет даяар долоон жил тариа будаа элбэг дэлбэг байна. 30 Гэвч дараа нь долоон жил өлсгөлөн болно. Тэгэхэд Египетийн нутагт тариа будаа арвин их байсан нь мартагдаж өлсгөлөнгийн улмаас нутаг орон сүйрнэ. 31 Их өлсгөлөн нүүрлэх учир тариа будаа элбэг дэлбэг байсан урьдын үе мартагдана. 32 Фараон та ингэж хоёр удаа зүүдэлсэн нь жинхэнэ Бурхан үүнийг гүйцэлдүүлэхээр бат шийдсэнийх юм. Жинхэнэ Бурхан үүнийг удахгүй биелүүлнэ.
33 Тэгэхээр одоо, фараон та хэрсүү, мэргэн хүн олоод Египет нутгийг хариуцуулагтун. 34 Фараон та нутаг даяар хариуцагчдыг томилж, өнтэй долоон жилд Египетийн ургацын тавны нэгийг хураалгаарай. 35 Тэднээр ирэх сайхан жилүүдэд ургац хураалгаж, хотуудад тариа будааг нөөцлүүлэгтүн. Тэр бүх тариа фараон таны мэдлийнх болно. 36 Нөөцөлсөн тариа будааг Египетэд өлсгөлөн нүүрлэх долоон жилд идэх юм. Ингэвэл нутаг орон өлсгөлөнгөөс аврагдана» гэжээ.
37 Энэ санал фараон, бүх зарц нарт нь таалагдав. 38 Иймээс фараон зарц нартаа «Бурхны хүчийг авдаг ийм хүн өөр байна гэж үү?» хэмээв. 39 Тэгээд Иосефт «Бурхан чамд энэ бүхнийг мэдүүлснээс хойш чамаас илүү хэрсүү, мэргэн хүн байхгүй. 40 Чи миний ордныг захирах бөгөөд миний ард түмэн бүгдээрээ чамд үг дуугүй захирагдана. Гагцхүү би хаан учир чамаас илүү эрх мэдэлтэй байна» хэмээгээд 41 «Ийнхүү би чамайг Египетийн бүх нутгийн захирагч болголоо» гэж айлдав. 42 Тэгээд фараон гартаа зүүж байсан тамгат бөгжөө тайлаад Иосефын гарт зүүж, сайн чанарын маалинган хувцас өмсгөөд хүзүүнд нь алтан зүүлт зүүжээ. 43 Бас хоёрдугаар тэргэндээ суулгасан бөгөөд хүмүүс урд нь «Аврех!*» гэж зарлаж явав. Ингэж фараон Иосефыг Египетийн бүх нутгийн захирагч болгосон юм.
44 Фараон Иосефт «Би фараон ч гэсэн Египетэд чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч, юу ч хийх эрхгүй» гэж айлдав. 45 Тэгээд Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны* тахилч Потиферагийн охин Асенатыг эхнэр болгон өгчээ. Иосеф Египетийг захирах болов. 46 Иосеф Египетийн хаан фараон дээр ирэхдээ* 30 настай байлаа.
Иосеф фараоны ордноос гарч Египетийн нутгаар хөндлөн гулд явав. 47 Өнтэй долоон жилд газар арвин их ургац өглөө. 48 Иосеф тэр долоон жилд Египет нутгийн ургацыг цуглуулж, хотуудад нөөцлөв. Хот бүрд эргэн тойрных нь тариалангийн талбайгаас хураасныг хадгалсан юм. 49 Иосеф тариа будааг далайн эргийн элс мэт асар ихээр нөөцөлж байсан нь хэмжихийн аргагүй их болсон тул хэмжихээ болив.
50 Өлсгөлөн болохын өмнө Оны* тахилч Потиферагийн охин Асенат Иосефт хоёр хүү төрүүлж өгчээ. 51 Иосеф ууган хүүгээ төрөхөд «Бурхан миний бүх зовлон, эцгийн минь гэрийг мартуулсан юм» гээд Манассе* гэдэг нэр хайрлав. 52 Удаах хүүгээ төрөхөд «Миний зовсон энэ нутагт Бурхан намайг үр хүүхдүүдтэй болголоо» гээд Ефраим* гэдэг нэр хайрлажээ.
53 Тэгээд Египетэд өнтэй долоон жил дуусаж, 54 Иосефын хэлснээр, өлсгөлөнгийн долоон жил эхлэв. Бүх газар оронд өлсгөлөн болж байсан ч Египет нутаг даяар хоол хүнстэй* байлаа. 55 Яваандаа Египет тэр чигээрээ өлсгөлөнд нэрвэгдэхэд ард олон фараоноос хоол хүнс* гуйв. Тэгэхэд фараон бүх египетчүүдэд «Иосеф дээр оч. Хэлснийг нь хий» гэж тушаажээ. 56 Өлсгөлөн дэлхий дахиныг нэрвэж, Египет нутгийнхныг туйлдуулж байлаа. Тэр үед Иосеф агуулахуудыг бүгдийг нь нээж египетчүүдэд тариа будаа зарж эхлэв. 57 Дэлхий нийтээрээ их өлсгөлөнд нэрвэгдсэн тул бүх газар орны хүмүүс Иосефоос тариа будаа худалдаж авахаар Египетэд ирж байлаа.