Дуулал
Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу.
49 Ард түмнүүд ээ, үүнийг сонс.
Энэ ертөнцийн* оршин суугчид аа, анхаарлаа хандуул.
2 Дээдэс доодос,
Баян ядуу бүгдээрээ сонсоцгоо.
3 Би мэргэн үгээр ярина.
Эргэцүүлэн бодож ухаарлыг олно.
4 Би зүйр үгэнд анхаарлаа хандуулна.
Таалгасан оньсогоо босоо ятгын аян дээр тайлна.
5 Хар санаатнууд намайг бүслэн авч сүйрүүлэх гэж байхад,
Зовлон тохиолдох үед би айхгүй.
6 Эд баялагтаа найдаж,
Хөрөнгө чинээгээрээ гайхуулдаг хүмүүс бий.
7 Тэдний хэн нь ч ах дүүгээ аварч чадахгүй.
Эсвэл Бурханд золиос өгч чадахгүй.
8 (Хүний амийн төлөөх золиос асар их үнэтэй.
Тэд хэзээ ч төлж дийлэхгүй.)
9 Чаддаг байсан бол тэд булшинд оролгүй мөнх амьдрах байлаа.
10 Тэд мэргэн хүмүүсийн үхэхийг ч,
Тэнэг мулгуу, ухвар мөчид хүмүүсийн мөхөхийг ч,
Бусдад эд хөрөнгөө үлдээхийг нь ч хардаг.
11 Тэд гэр орноо мөнхөд байлгахыг,
Майхнаа үе дамжуулан өвлүүлэхийг хүсдэг.
Тэд эдлэн газраа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.
12 Гэвч хүн хэчнээн хүндэтгэл хүлээсэн байлаа ч мөнх амьдрахгүй.
Мөхдөг адгууснаас дээрдээд байх юмгүй.
13 Мунхаг хүмүүс ийм л байдаг.
Тэднийг дагаж, хоосон үгэнд нь баясдаг хүмүүс ийм л байдаг. (Села)
14 Тэд нядлуулах гэж буй хонь шиг Булш* руу явна.
Үхэл тэднийг хариулна.
Өглөө нь тэднийг зөв хүмүүс захирна.
Ул мөр нь баларна.
Орд харшийн оронд Булш* л гэр нь болно.
15 Харин Бурхан намайг Булшны* эрхшээлээс аварна.
Учир нь тэрбээр намайг хамгаалалтдаа авна. (Села)
16 Хүн баяжиж,
Гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэхэд бүү ай.
17 Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Эд баялаг нь ч түүнтэй хамт булшинд орохгүй.
18 Насан туршдаа тэрбээр өөрөөрөө сайрхана.
(Хүн дэвжин дээшлэхээрээ олноос магтаал хүртдэг. )
19 Гэвч эцэст нь тэрбээр үхэж, өвөг дээдэс шигээ болно.
Тэд дахин хэзээ ч гэрэл үзэхгүй.
20 Үүнийг ойлгодоггүй хүн хэчнээн хүндэтгэл хүлээсэн байлаа ч
Мөхдөг адгууснаас дээрдээд байх юмгүй.