Сургаалт үгс
8 Мэргэн ухаан дуудаж байгаа бус уу?
Ухааран ялгах чадвар дуугаа хадааж байгаа бус уу?
2 Зам дагуух дов толгод дээр,
Замын уулзвар газар дуу хоолой нь сонсогдоно.
3 Хотын хаалганы дэргэд,
Орох үүдний хажууд
Орилж тэр хашхирна.
4 «Хүмүүс ээ, би та нар луу хашхирч байна.
Хүн болгонд хандаж байна.
5 Туршлагагүй та нар хэрсүү ухаанд суралц.
Тэнэгүүд та нар ухаарлыг олж ав*.
6 Хэлэх үг минь чухал,
Ярих юм минь зөв учир сонсоорой.
7 Ам минь үнэнийг намуухан ярьдаг.
Уруул минь бузар мууг жигшдэг.
8 Амнаас минь гардаг үг бүхэн зөв шударга.
Мушгин гуйвуулсан, гажуудсан үг нэг ч үгүй.
9 Эдгээр нь ухааран ялгах чадвартай хүмүүст тодорхой,
Мэдлэг олж авсан хүмүүст зөв байдаг.
10 Цалин цагаан мөнгө авахын оронд зэмлэж хэлсэн үгийг минь* сонс.
Алтнаас, бүр шижир алтнаас илүүгээр мэдлэгийг олж ав.
11 Учир нь мэргэн ухаан нь шүрнээс* ч үнэтэй.
Хүмүүсийн хүсдэг өөр ямар ч юмтай харьцуулшгүй.
12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт амьдардаг.
Надад мэдлэг, бодох чадвар бий.
13 Еховагаас эмээх гэдэг нь муу муухайг үзэн ядах юм.
Би их зан, бардамнал, муу үйлс, худал яриаг жигшдэг.
14 Надад сайн зөвлөгөө, мэргэн ухаан бий.
Ухаарал, хүч чадал ч минийх.
15 Миний ачаар хаад ард түмнээ удирдаж,
Захирагчид зөв шударга тогтоол гаргадаг.
16 Миний ачаар ноёд албатуудаа захирч,
Удирдагчид шударга шүүдэг.
17 Намайг хайрладаг хүмүүст би хайртай.
Намайг хайдаг хүмүүс заавал олно.
18 Эд баялаг, алдар хүнд,
Өв хөрөнгө, зөв шударга байдал надад бий.
19 Миний өгөх зүйл алтнаас, шижир алтнаас ч үнэтэй.
Миний өгөх бэлэг цалин цагаан мөнгөнөөс ч үнэтэй.
20 Би зөв замаар явдаг.
Үргэлж шударга үйлс бүтээдэг.
21 Намайг хайрладаг хүмүүст би эд баялаг өвлүүлж,
Агуулахуудыг нь дүүргэдэг.
22 Ехова бүтээх ажлынхаа эхэнд намайг бий болгосон юм.
Эрт цагийн их үйлсийнх нь анхны үр дүн би байв.
23 Эрт цагт, бүр эхэнд, дэлхийг бүтээхээсээ ч өмнө
Тэрбээр надад хүндтэй байр суурийг өгсөн.
24 Хөлгүй их ус, оргилох булаг байхгүй байхад
Би бий болсон.
25 Уулсыг байрлуулж,
Толгодыг тавихаас өмнө би бий болсон.
26 Тэгэхэд тэрбээр газар дэлхийг ч, хээр талыг ч,
Хөрс шороог ч бүтээгээгүй байлаа.
27 Тэнгэрийг бэлдэж,
Усны мандал дээр тэнгэрийн хаяаг* зурж байхад нь би тэнд байлаа.
28 Тэнгэрт үүлсийг тогтоож,
Гүний булгуудыг бий болгож байхад нь,
29 Тогтоосон хязгаарыг давуулахгүй гэж
Тэнгисийн усанд зарлиг буулган,
Дэлхийн суурийг тавьж байхад нь
30 Би түүний өмнө уран дархан мэт байлаа.
Би өдөр бүр түүний онцгой их баяр бахдал байсан бөгөөд
Түүний өмнө цаг үргэлж баярлан баясдаг байв.
31 Амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн дэлхийг нь хараад би баярлаж,
Ялангуяа хүмүүсийг их хайрласан.
32 Тиймээс хөвгүүд минь, намайг сонс.
Миний үгийг сахидаг хүн жаргалтай байх болно.
33 Зэмлэж хэлсэн үгийг* сонсож мэргэн болоорой.
Хэзээ ч бүү үл тоомсорлоорой.
34 Өдөр бүр өглөө эрт хаалган дээр минь ирж*,
Гэрийн минь үүдэнд хүлээж байгаад
Намайг сонсдог хүн жаргалтай.
35 Намайг олдог хүн амийг олж аван
Еховагийн сайшаалыг хүлээнэ.
36 Харин намайг үл тоомсорлодог хүн өөрийгөө хорлодог.
Намайг үзэн ядагчид үхлийг хайрладаг».