Нэгдүгээр хаад
11 Соломон хаан фараоны охиноос гадна Моаб, Аммон, Едом, Сидон, Хит гэх зэрэг харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байв. 2 Тэдгээр үндэстнүүдийн талаар Ехова израйлчуудад «Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай гэрлэж болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад руу лавтайяа урвуулна» гэж сануулж байсан билээ. Гэвч Соломон тэдэнд татагдаж, тэднийг хайрлаж байв. 3 Тэрбээр дээд угсаа гаралтай 700 эхнэртэй байснаас гадна 300 татвар эмтэй байв. Эхнэрүүд нь яваандаа зүрх сэтгэлийг нь урвуулжээ. 4 Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь зүрх сэтгэлийг нь өөр бурхад руу урвуулсан бөгөөд түүний зүрх сэтгэл Ехова Бурхандаа бүрэн зориулагдсан эцэг Давидынх шигээ байсангүй. 5 Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт бурхан Милкомыг шүтэв. 6 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдэн, Ехова Бурханд бүрэн дуулгавартай байсан эцэг Давид шигээ байгаагүй юм.
7 Тэр үед Соломон Моабын жигшүүрт бурхан Хемошт зориулан Иерусалимын урд байдаг уулан дээр, мөн аммончуудын жигшүүрт бурхан Молехт зориулж мөргөлийн өндөрлөг босгов. 8 Өргөл тахилын утаа суунаглуулж, бурхдадаа тахил өргөдөг бүх харийн эхнэртээ зориулж Соломон тийн үйлджээ.
9 Соломоны зүрх сэтгэл Израйлын Бурхан Еховагаас урвасан тул Ехова түүнд уурлан хилэгнэжээ. Тэрбээр Соломонд хоёр ч удаа үзэгдсэн бөгөөд 10 «Өөр бурхдыг шүтэж болохгүй» гэж анхааруулсан боловч Соломон Еховагийн тушаалыг дагаагүй юм. 11 Ехова Соломонд «Чи ийм юм хийж, миний сахь гэж тушаасан гэрээ, зарлигийг дагаагүй учраас би чамаас хаант төрийг булаан авч, чиний нэг албатад өгнө. 12 Харин чиний эцэг Давидыг бодоод чамайг амьд байхад би үүнийг хийхгүй. Хүүгээс чинь хаант төрийг булаан авна. 13 Гэхдээ хаант төрийг тэр чигт нь булааж авахгүй. Үйлчлэгч Давидаа бодоод, өөрийнхөө сонгосон Иерусалим хотыг бодоод нэг овгийг чиний хүүд өгнө» гэжээ.
14 Үүний дараа Ехова едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэрбээр Едомын сурвалжит гаралтай хүн байлаа. 15 Урьд нь Давид едомчуудыг ялахад цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомын эрчүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрсэн юм. 16 (Иоаб болон Израйлын бүх цэрэг Едомын эрчүүдийг хүйс тэмтэртлээ тэнд зургаан сар байжээ.) 17 Харин Хадад эцгийнхээ албатууд болох хэсэг едомчуудтай Египет рүү зугтсан юм. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв. 18 Тэд Мидианаас хөдөлж Паранд очоод тэндээсээ хэдэн хүн дагуулаад Египетэд хүрч очоод Египетийн хаан фараонд бараалхсанд фараон түүнийг гэр орон, хоол хүнсээр хангаж, газар өгчээ. 19 Хадад фараоны таалалд маш их нийцсэн тул фараон түүнд Тахпенез хатныхаа дүүг эхнэр болгон өгсөн юм. 20 Дараа нь Тахпенезын дүү Генубат гэдэг хүү төрүүлжээ. Тахпенез түүнийг фараоны ордонд өсгөсөн бөгөөд Генубат фараоны хөвгүүдтэй хамт фараоны ордонд өсжээ.
21 Хадад Давид болон цэргийн жанжин Иоабыг нас барсныг Египетэд дуулаад фараонд «Намайг нутаг руу минь явуулаач» гэв. 22 Фараон: «Би чамайг юугаар дутаасан гэж чи нутаг руугаа явах гээд байгаа юм бэ?» гэхэд Хадад: «Юугаар ч дутаагаагүй ээ. Гэхдээ л намайг явуулаач» гэжээ.
23 Бурхан бас Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгов. Резон бол эзнээсээ буюу Зобагийн хаан Хададезераас зугтсан хүн юм. 24 Давидыг зобачуудыг ялсны дараа Резон хүмүүсийг цуглуулж дээрмийн бүлгийн толгойлогч болов. Тэгээд тэд Дамаскт очиж суурьшаад Дамаскийг мэдэлдээ оруулжээ. 25 Резон Израйлд дайсагнаж байсан бөгөөд Хададын адилаар хор хохирол учруулж байв. Тэрбээр Сирийг захирч байхдаа Израйлыг үзэн яддаг байжээ.
26 Соломоны албат байсан Небатын хүү Иеробоам бас хаанд тэрслэв. Тэрбээр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв. 27 Иеробоам Соломон хаанд тэрсэлсэн нь Соломон Милло* толгойг босгож, эцэг Давидынхаа хотын хэрмийн онгорхой хэсгийг бөглөснөөс болсон юм. 28 Иеробоам чадварлаг хүн байв. Соломон тэр залуугийн ажилч хичээнгүйг ажиглаад Иосефын овгийнхны албадлагын ажилчдын хариуцагчаар томилов. 29 Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гараад явж байх замд нь зөнч, шилон хүн Ахиа түүнтэй уулзав. Ахиа шинэ хувцас өмссөн байсан бөгөөд тэнд тэд хоёулхнаа байлаа. 30 Ахиа өмсөж байсан шинэ хувцсаа 12 хэсэг болгон урж тасдав. 31 Тэгээд Иеробоамд
«Энэ арвыг өөртөө ав. Яагаад гэвэл Израйлын Бурхан Ехова: “Би Соломоноос хаант төрийг нь салган аваад арван овгийг нь чамд өгнө. 32 Гэхдээ нэг овгийг нь үйлчлэгч Давидаа бодоод, Израйлын бүх овгоос өөрийнхөө сонгосон Иерусалим хотыг бодоод Соломоных хэвээр нь үлдээнэ. 33 Миний ард түмэн намайг орхисон тул би ийнхүү үйлдэнэ. Тэд сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, аммончуудын бурхан Милкомд мөргөж байна. Тэд заасан замаар минь яваагүй. Миний зөв гэж үздэг зүйлсийг үйлдэж, зарлиг, тушаал, шийдвэрийг минь дагадаг байсан Соломоны эцэг Давид шиг байгаагүй. 34 Гэлээ ч би түүнээс хаант төрийг бүхэлд нь булааж авахгүй. Миний сонгосон, миний үйлчлэгч Давид тушаал, зарлигуудыг минь сахиж байсны төлөө би Соломоныг насан туршид нь удирдагч хэвээр байлгана. 35 Харин хүүгээс нь хаант төрийг салган авч, арван овгийг нь чамд өгнө. 36 Соломоны хүүд нэг овгийг нь өгнө. Тэгвэл миний нэрээ алдаршуулахаар сонгосон Иерусалим хотод, миний өмнө Давидын үр удам цаашид ч захирах юм*. 37 Би чамайг сонгоно. Чи хүссэн бүхнээ захирч Израйлын хаан болно. 38 Хэрэв чи миний үйлчлэгч Давид шиг миний айлдсан бүхнийг биелүүлж, заасан замаар минь явж, зарлиг тушаалуудыг минь даган, миний зөв гэж үздэг зүйлсийг үйлдвэл би чамтай бас хамт байна. Давидын хаант угсааг таслаагүй шигээ чинийхийг бас таслахгүй. Би чамд Израйлыг өгнө. 39 Би Давидын үр садыг гэм нүглийнх нь улмаас туйлдуулах боловч үргэлж ийм байхгүй” гэв» гэжээ.
40 Иймд Соломон Иеробоамыг алах гэв. Гэвч Иеробоам Египетийн хаан Шишак руу зугтаж Соломоныг нас бартал Египетэд байжээ.
41 Соломоны бусад түүх, хийж бүтээсэн бүхэн, мэргэн ухааных нь талаар Соломоны түүхийн номд бичигдээгүй гэж үү? 42 Соломон Иерусалимд суун хамаг Израйлыг захирсан хугацаа нь 40 жил байв. 43 Тэгээд Соломон эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод оршуулав. Түүний хүү Рехобоам оронд нь хаан болжээ.