Нэгдүгээр хаад
21 Энэ бүхний дараа иезреел хүн Наботын эзэмшлийн усан үзмийн талбайтай холбоотой нэг хэрэг гарчээ. Наботын талбай Самарийн хаан Ахабын ордны хажууд байв. 2 Ахаб Наботод «Чиний усан үзмийн талбай ордонтой маань ойрхон болохоор талбайгаа надад өгөөч. Ногооны талбай болгох гэсэн юм. Оронд нь би чамд илүү дээр усан үзмийн талбай өгье. Хэрвээ чи мөнгө авмаар байвал мөнгийг нь өгье» гэв. 3 Харин Набот: «Эцэг өвгөдөөсөө өвлөж авсан газраа бусдад өгөхийг Ехова яав ч зөв гэж үзэхгүй учраас би юу гэж танд өгөх вэ дээ!» гэлээ. 4 Иезреел хүн Наботыг «Эцэг өвгөдөөсөө өвлөсөн газраа өгөхгүй» гэхээр нь Ахаб их л дүнсгэр гэртээ харив. Тэгээд орон дээрээ буруу харж хэвтэн юм ч идсэнгүй.
5 Тэгтэл эхнэр Иезебел нь орж ирээд «Та минь яагаад юм ч идэхгүй уруу царайлаад байгаа юм бэ?» гэлээ. 6 Ахаб: «Би иезреел хүн Наботод “Надад усан үзмийн талбайгаа мөнгөөр өгөөч. Эсвэл чамайг хүсвэл оронд нь илүү дээр усан үзмийн талбай өгье” гэсэн юм. Харин Набот: “Усан үзмийн талбайгаа өгөхгүй” гэнэ» гэхэд 7 эхнэр Иезебел нь «Та чинь Израйлын хаан биз дээ? Босоод юм идэж, сэтгэлээ сэргээ. Би танд иезреел хүн Наботын усан үзмийн талбайг авч өгье» гэв. 8 Ингээд тэрбээр Ахабын нэрийн өмнөөс захидлууд бичиж, тамгаар нь тамгалж лацдаад Наботын амьдардаг Иезреелийн ахлагчид, язгууртнууд руу илгээжээ. 9 Иезебел захидлууддаа «Мацаг барилтыг зарлаж, хүмүүсийг цуглуулаад Наботыг тэргүүнд нь суулга. 10 Урд нь хоёр үл бүтэх этгээдийг суулгаад “Чи Бурхныг ч, хааныг ч хараасан” гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг хотоос гаргаад чулуу шидэж ал» гэж бичжээ.
11 Ингээд Наботын амьдардаг хотын эрчүүд буюу ахлагчид, язгууртнууд өөрсдөд нь Иезебелийн явуулсан захидлуудад бичсэний дагуу үйлдсэн юм. 12 Тэд мацаг барилтыг зарлаж, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав. 13 Хоёр үл бүтэх этгээд орж ирээд Наботын урд суугаад хүмүүсийн өмнө «Набот Бурхныг ч, хааныг ч хараасан» гэж гэрчилж гарав. Дараа нь хүмүүс Наботыг хотоос гаргаад чулуу шидэцгээж алжээ. 14 Тэд Иезебелд «Набот руу чулуу шидэж алсан» гэж мэдэгдэв.
15 Набот руу чулуу шидэж алсныг Иезебел сонсмогцоо Ахабт «Иезреел хүн Наботын чамд мөнгөөр өгөхгүй гээд байсан усан үзмийн талбайг очиж ав. Одоо Набот байхгүй, үхсэн» гэлээ. 16 Ахаб иезреел хүн Наботын үхсэнийг сонсмогцоо усан үзмийн талбайг нь өөрийн болгохоор явав.
17 Ехова тишбе хүн Елиад үгээ айлдан 18 «Бушуухан явж, Самарид байгаа Израйлын хаан Ахабтай уулз. Тэр Наботын усан үзмийн талбайг өөрийн болгохоор тэнд оччихсон байгаа. 19 Чи түүнд “Ехова ингэж айлдаж байна. «Чи хүн алчхаад эд хөрөнгийг нь бас авав уу?»” гэж хэл. Бас түүнд “«Наботын цусыг ноход долоосон газар чиний цусыг ноход долооно» гэж Ехова айлдаж байна” гэж хэл» гэлээ.
20 Ахаб Елиад «Миний дайсан намайг олоод ирэх шив» гэхэд Елиа: «Олоод ирлээ. Ехова ингэж айлдаж байна. “Чи миний үзэн яддаг зүйлсийг хийхээр эрс шулуудсан учраас 21 би чамайг гай зовлонд унагаж, үр удмыг чинь арчин зайлуулж, Израйл дахь танай эр хүйстэн бүрийг дорд мөхөс гэлтгүй бүгдийг нь устгана. 22 Би танайхыг Небатын хүү Иеробоамынхан шиг, Ахиагийн хүү Баашагийнхан шиг болгоно. Яагаад гэвэл чи намайг уурлан хилэгнүүлж, Израйлаар нүгэл үйлдүүлсэн” хэмээсэн. 23 Ехова бас Иезебелийн тухайд ингэж айлдаж байна. “Иезреелийн талбайд ноход Иезебелийг иднэ. 24 Ахабынхнаас хотод үхсэнийг нь ноход идэж, хээр үхсэнийг нь тэнгэрийн шувууд иднэ. 25 Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг хийхээр эрс шулуудсан Ахаб шиг хүн хэзээ ч байгаагүй бөгөөд тэрбээр эхнэр Иезебелдээ уруу татагдан энэ бүх бузар булайг үйлдсэн юм. 26 Тэрбээр израйлчуудын өмнөөс Еховагийн хөөн зайлуулсан аморичууд шиг жигшүүрт шүтээнүүдийг* шүтэн хамгийн жигшүүрт үйлийг үйлдсэн юм”» гэлээ.
27 Ахаб үүнийг сонсмогцоо хувцсаа урж, таар нөмрөв. Тэрбээр мацаг барьж, таар нөмөрсөн чигээрээ хэвтэж, гуньхран нааш цааш холхиж байлаа. 28 Дараа нь Ехова тишбе хүн Елиад үгээ айлдан 29 «Ахаб миний үгийг сонсоод хэчнээн даруу болсныг чи харав уу? Тэр миний өмнө даруу болсон учраас амьд байхад нь би гай гамшиг буулгахгүй. Харин хүүгийнх нь үед тэднийхэн дээр гай гамшиг буулгана» гэжээ.