Нэгдүгээр хаад
15 Небатын хүү Иеробоам хааны 18 дугаар онд Абиам Иудагийн хаан болов. 2 Тэрбээр Иерусалимд гурван жил төр барьжээ. Эх нь Абишаломын ач охин Маака юм. 3 Абиам эцгийнхээ үйлдэж байсан бүх нүглийг үйлджээ. Ехова Бурхандаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсан өвөг эцэг Давид шигээ байж чадсангүй. 4 Хэдий тийм боловч Давидын Бурхан Ехова Давидыг бодоод удмынх нь хүнээр Иерусалимыг захируулж*, Иерусалимыг сахин хамгаалсан билээ. 5 Учир нь Давид Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг үйлдэж, хит хүн Уриад хийсэн хэргийг нь эс тооцвол насан туршдаа Бурхны тушаалуудыг биелүүлсэн юм. 6 Рехобоам Иеробоам хоёр хоорондоо дайтдаг байв. Энэ нь түүний* амьд ахуйд үргэлжилсээр байлаа.
7 Абиамын бусад түүх, хийсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? Абиам Иеробоам хоёр ч хоорондоо дайтсан юм. 8 Абиам эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Оронд нь түүний хүү Аса хаан болов.
9 Аса Израйлын хаан Иеробоамын 20 дугаар онд Иудаг захирч эхлэв. 10 Тэрбээр Иерусалимд 41 жил захирчээ. Түүний эмээ нь Абишаломын ач охин Маака юм. 11 Аса өвөг эцэг Давид шигээ Еховагийн зөв гэж үздэг бүхнийг хийсэн билээ. 12 Тэрбээр нутгаасаа сүмийн янхан эрчүүдийг хөөж, эцэг өвгөдийнхөө хийсэн бүх жигшүүрт шүтээнийг* устгажээ. 13 Бүр эмээ Маакагаа хатан эхийн суудлаас нь зайлуулсан юм. Учир нь Маака ариун шонгийн* шүтлэгт зориулж гутамшигт шүтээн хийжээ. Тэр гутамшигт шүтээнийг нь Аса цавчин унагаж, Кидрон хөндийд шатаав. 14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Хэдий тийм боловч Аса насан туршдаа зүрх сэтгэлээ Еховад бүрэн зориулжээ. 15 Тэрбээр өөрийнхөө болон эцгийнхээ ариусгасан алт, мөнгө, эд хэрэгслийг Еховагийн өргөөнд авчирсан юм.
16 Аса болон Израйлын хаан Бааша хоёр хоорондоо байнга дайтдаг байв. 17 Израйлын хаан Бааша Иуда руу довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар нутаг руу хэнийг ч оруулж, гаргахгүйн тулд Рама хотыг өргөтгөж эхлэв*. 18 Тэгэхэд нь Аса Еховагийн өргөө болон хааны ордны эрдэнэсийн санд үлдсэн бүх алт мөнгийг аваад албатууддаа өгч, тэднийг Дамаскт амьдарч байсан Сирийн хаан, Хезионы ач, Табриммоны хүү Бен-хадад руу явуулж ингэж хэлүүлжээ. 19 «Та бид хоёр хоорондоо, бас таны эцэг миний эцэг хоёр хоорондоо найрамдлын гэрээ байгуулж байсан шүү дээ. Би танд бэлэг болгон алт мөнгө өгч явууллаа. Одоо та Израйлын хаан Баашатай байгуулсан найрамдлын гэрээгээ зөрчинө үү. Тэгвэл тэр надаас холдож явна» гэж хэлүүлэв. 20 Бен-хадад Аса хааны үгийг сонсож, цэргийн жанждаа Израйлын хотууд руу илгээсэнд тэд Ион, Дан, Абел-бет-маака, Хиннеретийг бүхэлд нь, Нафталигийн бүх нутгийг бут цохив. 21 Бааша үүнийг дуулмагцаа Рамаг барихаа больж, Тирза руу буцан тэндээ амьдарчээ. 22 Аса хаан Иудагаас нэг ч хүн үлдээлгүй бүгдийг нь цуглуулж, тэднээр Баашагийн Рамаг барихдаа хэрэглэж байсан чулуунууд, банз дүнзнүүдийг зөөлгөв. Тэгээд Аса хаан тэдгээрээр Мизпа болон Бениамин дахь Гебаг өргөтгөжээ*.
23 Асагийн бусад түүх, түүний хүч чадал, хийж бүтээсэн бүхэн, барьж байгуулсан* хотуудын тухай Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? Тэрбээр өтөл насандаа хөлний өвчин тусаж зовсон юм. 24 Аса эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг өвөг эцэг Давидынх нь хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Асагийн оронд хүү Иехошафат нь хаан болов.
25 Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израйлын хаан болж, хоёр жил захирчээ. 26 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан бөгөөд Израйлаар нүгэл үйлдүүлсэн эцгийнхээ замаар замнасан юм. 27 Надаб болон хамаг Израйлыг Филистийн Гиббетоныг бүсэлж байх үед Иссахар овгийн Ахиагийн хүү Бааша Надабын эсрэг хуйвалдаж түүнийг Гиббетонд хөнөөжээ. 28 Ийнхүү Бааша Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Надабыг хөнөөж, оронд нь хаан болов. 29 Тэрбээр хаан болмогцоо Иеробоамынхнаас нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг нь хүйс тэмтэрчээ. Шилон хүн, үйлчлэгч Ахиагаараа хэлүүлсэн Еховагийн үг ийнхүү биелжээ. 30 Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израйлаар ч нүгэл үйлдүүлэн Израйлын Бурхан Еховаг хилэгнэхэд хүргэсэн юм. 31 Надабын бусад түүх, хийсэн бүхэн нь Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 32 Аса болон Израйлын хаан Бааша хоорондоо үргэлж дайтаж байв.
33 Иудагийн Аса хааны гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад хамаг Израйлын хаан болж 24 жил захирчээ. 34 Гэвч тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг бүхнийг үйлдсээр байсан бөгөөд Израйлаар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнасан юм.