Нэгдүгээр хаад
2 Давидын үхэх цаг дөхөхөд тэрбээр хүү Соломондоо дараах зааврыг өгөв. 2 «Би үхэх гэж байна. Тиймээс сэтгэлийн хаттай, эр хүн шиг бай. 3 Чи Бурхныхаа заасан замаар явж Мосегийн хуульд бичигдсэн Бурхны зарлиг, тушаал, шийдвэр, сануулгуудыг дагаж Ехова Бурхныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваарай. Тэгэх юм бол юу ч хийсэн, хаашаа ч явсан амжилт олно. 4 Бас надад Ехова: “Хэрэв хөвгүүд чинь надад бүх зүрх сэтгэл, хүч чадлаа* зориулж, үнэнчээр үйлчлэн явдал үйлээ анхаарвал чиний үр удам Израйлын хаан сэнтийгээс хэзээ ч буухгүй” гэж амласнаа биелүүлнэ.
5 Чи бас Зеруиагийн хүү Иоабыг надад юу хийснийг сайн мэднэ. Тэр Израйлын хоёр цэргийн жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амасаг хөнөөсөн. Дайн дажингүй энхийн цагт тэр хоёрыг хөнөөж, бүс, шаахай нь цусанд будагдсан. 6 Түүнийг жамаар нь үхүүлж болохгүй*. Чи энэ хэрэгт ухаалаг хандаж, яахаа өөрөө шийд.
7 Харин гилеад хүн Барзиллаин үр удмыг* үнэнчээр хайрлах ёстой юм шүү. Тэд чиний ширээнээс зоог хүртэж байх ёстой. Яагаад гэвэл тэд намайг Абсалом ахаас чинь зугтаж явахад өмөг түшиг болж байсан юм.
8 Бас Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай ойрхон амьдардаг. Тэр намайг Маханаим руу явдаг өдөр их харааж зүхсэн. Гэхдээ надтай уулзах гээд Иорданд ирэхэд нь би Шимеид “Би чамайг илдээр хөнөөхгүй” гэж Еховагаар тангарагласан юм. 9 Чи ухаалаг хүн. Яахаа мэдэж байгаа. Шимеиг шийтгэлгүй орхиж болохгүй. Түүнийг жам ёсоор нь үхүүлэх учиргүй*» гэжээ.
10 Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож Давидын хотод оршуулагдав. 11 Тэрбээр Израйлыг нийт 40 жил захирахдаа Хебронд 7 жил, Иерусалимд 33 жил төр барьсан юм.
12 Соломон эцэг Давидынхаа сэнтийд заларсан бөгөөд засаглал нь яваандаа бат тогтсон билээ.
13 Хаггитын хүү Адониа нэгэн удаа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба: «Сайн хэргээр явна уу?» гэхэд «Тийм ээ, сайн хэргээр явна» гэжээ. 14 Тэгээд Адониа: «Танд хэлэх юм байна» гэхэд Батшеба: «Хэл, хэл» гэв. 15 Адониа: «Та уг нь намайг хаан болох байсныг, бас израйлчууд бүгдээрээ намайг л хаан болно гэж бодож байсныг сайн мэднэ. Тэгтэл би биш, миний дүү хаан болсон. Энэ нь Еховагийн хүслээр болсон. 16 Харин одоо танаас ганцхан л юм гуйя. Надад битгий татгалзаарай» гэхэд Батшеба: «Хэл, хэл» гэв. 17 Адониа: «Шунем эмэгтэй Абишагийг миний эхнэр болгож өгөхийг Соломон хаанаас гуйж өгөөч. Тэр танд татгалзахгүй» гэхэд 18 Батшеба: «Бололгүй яах вэ, би хаантай ярья» гэжээ.
19 Иймээс Батшеба Адониагийн тухай Соломон хаантай ярихаар явлаа. Батшебаг орж ирмэгц хаан босож мэхийгээд сэнтийдээ суув. Тэгээд эхдээ сэнтий засуулахад эх нь баруун талд нь суужээ. 20 Батшебаг «Надад нэг бяцхан хүсэлт байна. Битгий татгалзаарай» гэхэд хаан: «Ээж ээ та хэл, хэл. Би юу гэж танд татгалзах вэ» гэлээ. 21 Батшеба: «Шунем эмэгтэй Абишагийг ах Адониадаа эхнэр болгон өгнө үү» гэхэд 22 Соломон эхдээ «Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Адониаг миний ах болохоор, түүнийг тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоаб дэмжиж байгаа болохоор, одоо бүр хаан болгохыг гуйх гээ юү?» гэв.
23 Соломон хаан Еховагаар тангараглаж «Би Адониаг энэ хүсэлтээс нь болж хөнөөхгүй бол Бурхан намайг хатуу шийтгэг! 24 Амласан ёсоороо намайг эцэг Давидын минь сэнтийд суулгаж, засаглалыг минь бат тогтоосон, үр удамд маань ч хаант засаглалыг өгөх амьд Бурхан Еховагаар тангараглая. Адониаг өнөөдөр хөнөөх ёстой» гэлээ. 25 Соломон тэр даруй Иехоиадагийн хүү Бенаиаг явуулахад Бенаиа очиж Адониаг хөнөөв.
26 Хаан тахилч Абиатарт «Анатотод байдаг эзэмшил рүүгээ яв. Та алуулах ёстой ч би өнөөдөр таныг хөнөөхгүй. Яагаад гэвэл та эцэг Давидын минь өмнө Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн гэрээний авдрыг авч явж, эцгийг минь зовж зүдэрч байхад хамт байсан» гэв. 27 Ингээд Соломон Абиатарыг Еховад тахилчаар үйлчлэхийг нь болиулж, Шилод Елигийн гэрийнхний талаар хэлсэн Еховагийн үгийг биелүүлэв.
28 Энэ мэдээ Иоабт хүрэв. Иоаб Абсаломыг дэмжиж байгаагүй ч Адониаг дэмжсэн учраас Еховагийн асар луу зугтаж, тахилын ширээний эврээс зуурчээ. 29 Соломон хаанд «Иоаб Еховагийн асар луу зугтаж, тахилын ширээний дэргэд байна» гэсэн мэдээ хүрэхэд Соломон Иехоиадагийн хүү Бенаиад «Түүнийг хөнөө» гэж хэлээд явуулав. 30 Тэгээд Бенаиа Еховагийн асар луу очоод Иоабт «Хаан чамайг эндээс гар гэж тушааж байна» гэхэд Иоаб: «Би гарахгүй, энд үхнэ!» гэлээ. Бенаиа Соломон хаан дээр буцаж очоод Иоабын юу гэснийг хэлэв. 31 Хаан Бенаиад «Хэлснээр нь түүнийг хөнөөгөөд оршуул. Ингэвэл би ч, манай эцгийн гэрийнхэн ч Иоабын шалтгаангүйгээр хүн алсны хариуцлагыг үүрэхгүй. 32 Учир нь Иоаб миний эцэг Давидад мэдэгдэлгүйгээр өөрөөсөө илүү зөв шударга хүмүүс болох Израйлын цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амасаг илдээр хөнөөсөн. Үүнийх нь хариуг Ехова барина. 33 Тэдний үхлийн хариуцлагыг Иоаб, үр удам нь мөнхөд үүрнэ. Харин Ехова Давидыг, хаанаар захирах үр удмыг нь мөнхөд амар тайван байлгаг» гэж хэлэв. 34 Иехоиадагийн хүү Бенаиа явж Иоабыг хөнөөв. Түүнийг нутагт нь, гэрийнх нь ойролцоо оршуулжээ. 35 Соломон хаан Иоабын оронд цэргийн жанжнаар Иехоиадагийн хүү Бенаиаг, тахилчаар Абиатарын оронд Задокийг томилов.
36 Тэгээд Соломон хаан Шимеиг дуудаж ирүүлээд «Иерусалимд байшин барьж, тэндээ амьдар. Хотоос гарч болохгүй. 37 Та хотоос гарч Кидрон хөндийг гаталсан өдрөө алуулна гэж мэд. Та өөрийнхөө л буруугаас болж амь насаа алдана гэсэн үг» гэхэд 38 Шимеи: «Хэлснийг тань зөвшөөрч байна. Эзэн хаан таны хэлснээр хийе» гэжээ. Ингээд Шимеи Иерусалимд нэг хэсэгтээ амьдрав.
39 Тэгтэл гурван жилийн эцэст хоёр зарц нь Шимеигээс зугтаж Гатын хаан, Маакагийн хүү Ахиш дээр очив. Шимеид «Таны зарц нар Гатад байна» гэсэн хэл ирэхэд 40 Шимеи тэр даруй илжгээ эмээллэн, зарц нараа олохоор Гатын хаан Ахиш руу явав. Шимеиг Гатаас зарц нараа аваад буцаж ирэхэд 41 Соломонд «Шимеи Иерусалимаас Гат руу яваад эргэж ирлээ» гэж хүн мэдэгджээ. 42 Тэгэхэд нь хаан Шимеиг дуудаж ирүүлээд «“Хотоос хаашаа ч гарч явсан, тэр өдрөө үхнэ гэж мэд” гэж би танд Еховагаар тангараглаж, анхааруулсан биз дээ? Та ч надад “Би зөвшөөрч байна, дагая” гэж хэлсэн. 43 Тэгсэн мөртлөө та яагаад Еховад тангарагласнаа биелүүлэлгүй, миний тушаалыг дагасангүй вэ?» гээд 44 хаан цааш нь «Та эцэг Давидад минь ямар хорон муу юм хийснээ сайн мэдэж байгаа. Үүний чинь хариуг Ехова барина. 45 Харин Соломон хаан би ивээл хүртэж, Давидын засаглал Еховагийн өмнө мөнхөд бат тогтоно» гэж хэлэв. 46 Тэгээд хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаахад Бенаиа гарч яваад Шимеиг хөнөөв.
Ингээд Соломон засаглалыг гартаа бүрэн атгав.