Нэгдүгээр хаад
3 Соломон Египетийн хаан фараоны охинтой гэрлэн фараонтой харилцаа холбоо тогтоожээ. Тэгээд охиныг нь Давидын хотод авчрав. Тэрбээр өөрийнхөө өргөө, Еховагийн өргөө, Иерусалимын хэрмийг барьж дуусгатлаа эхнэрээ тэнд байлгав. 2 Тухайн үед Еховагийн нэрийг алдаршуулах өргөө байгаагүй учраас ард олон өндөрлөг газрууд дээр тахил өргөж байв. 3 Соломон өндөрлөг газрууд дээр өргөл тахилууд өргөж байсныг эс тооцвол эцэг Давидынхаа үг зааврыг дагаж, Еховаг ямагт хайрлаж байлаа.
4 Соломон хаан хамгийн алдартай өндөрлөг газар болох Гибеон руу явж, тахилын ширээн дээр нь 1 000 шатаалт тахил өргөв. 5 Гибеонд байхад нь шөнө Ехова Бурхан Соломоны зүүдэнд үзэгдэж «Юу хүссэнээ гуйгтун» гэжээ. 6 Тэгэхэд нь Соломон: «Та өөрийнхөө үйлчлэгч, миний эцэг Давидыг танд үнэнчээр, гэм зэмгүй, чин сэтгэлээсээ үйлчилж байхад түүнд агуу их, үнэнч хайраа илэрхийлж байсан. Та одоог хүртэл эцгийг минь үнэнчээр хайрлаж хүүг нь сэнтийд нь залсан. 7 Ехова Бурхан минь та, зарц намайг залуу, туршлагагүй ч гэсэн эцэг Давидын минь оронд хаан болгосон. 8 Зарц тань таны сонгосон ард түмэн болох тоо томшгүй, асар олон хүнийг захирч байна. 9 Таны энэ агуу их* ард түмнийг хэн шүүж чадах билээ? Тиймээс танд зүрх сэтгэлээсээ дуулгавартай байхад та зарцдаа туслаач. Тэгвэл би сайн мууг ялгаж салган ард түмнийг тань шүүж чадна» хэмээв.
10 Соломоны энэ гуйлт Еховад таалагдав. 11 Тэгээд Бурхан: «Надаас чи урт нас, эд баялаг, дайснуудынхаа үхлийг гуйлгүй аливаа хэргийг шүүх мэргэн ухаан гуйсан учраас 12 гуйсныг чинь би биелүүлнэ. Чамаас өмнө хэнд ч байгаагүй, чиний дараа хэнд ч байхааргүй тийм мэргэн ухаан, ойлгох чадварыг би чамд өгнө. 13 Бас чиний гуйгаагүй эд баялаг, нэр алдрыг би чамд өгөх бөгөөд чамтай эн зэрэгцэх хаан насан туршид чинь гарахгүй. 14 Чи миний бүх хууль тушаалыг дагаж, эцэг Давид шигээ заасан замаар минь явбал би чамайг урт удаан амьдруулна» гэж айлджээ.
15 Соломон сэрээд энэ нь зүүд байсныг мэдэв. Тэрбээр Иерусалим руу явж Еховагийн гэрээний авдрын өмнө зогсоод шатаалт тахил, эвийн тахилууд өргөж, бүх албатдаа зориулан найр хийв.
16 Түүний дараа хоёр янхан эмэгтэй хаанд бараалхаж, өмнө нь зогслоо. 17 Эхний эмэгтэй: «Эзэнтэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг дор амьдардаг юм. Намайг төрөхөд энэ эмэгтэй гэрт байсан. 18 Гурван хоногийн дараа тэр ч бас төрсөн юм. Гэрт өөр хүн байгаагүй, бид хоёр л байсан. 19 Тэр шөнө энэ эмэгтэй унтаж байхдаа хүүхдээ дараад алчихсан юм. 20 Тэгээд шөнө дүлээр босож, зарц намайг унтаж байхад миний хүүг хажуунаас минь авч, өөрийнхөө үхсэн хүүг миний хажууд тавьсан байлаа. 21 Өглөө нь би хүүгээ хөхүүлэхээр бостол хүү маань үхчихсэн байсан. Тэгээд сайн хартал миний төрүүлсэн хүү биш байсан» гэв. 22 Тэгэхэд нөгөөх нь: «Үгүй, амьд нь минийх, үхсэн нь чинийх» гэхэд эхний эмэгтэй: «Үгүй, үхсэн нь чинийх, харин амьд нь минийх» гэлцэн хааны дэргэд маргалдав.
23 Эцэст нь хаан: «Нэг нь: “Амьд нь минийх, үхсэн нь чинийх” гэж байхад нөгөөх нь: “Үхсэн нь чинийх, амьд нь минийх” гэх юм» гээд 24 «Илд аваад ир!» гэсэнд хаанд илд авчирч өгөв. 25 Хаан: «Амьд хүүг хоёр хувааж, талыг нь нэгэнд нь, нөгөө талыг нь нөгөөд нь өг» гэжээ. 26 Тэр даруй амьд хүүгийн эх хүүгээ бодон өр зүрх нь өмөрч хаанаас гуйн «Эзэнтэн минь, хүүг тэр эмэгтэйд өг дөө. Харин битгий алаач!» гэхэд нөгөө эмэгтэй: «Хувааг л дээ! Хүү минийх ч болохгүй, чинийх ч болохгүй!» гэжээ. 27 Тэгэхэд нь хаан: «Эхний эмэгтэй ээж нь юм байна. Түүнд хүүг өг, битгий ал» гэжээ.
28 Израйлчууд бүгдээрээ хааны айлдварыг дуулаад Бурхны мэргэн ухаанаар шударга шийдсэнийг нь ойлгож хааныг бишрэв.