Исаиа
9 Гэсэн хэдий ч зовлон нүүрлэж байсан урьдын цаг шиг, Зебулун болон Нафталийн нутаг жигшигдэж байсан үеийнх шиг харанхуй болохгүй. Хожмын цагт Бурхан тэнгис хүрэх зам, Иорданы бүс нутаг, харь үндэстнүүдийн суудаг Галилыг сүр жавхлантай болгоно.
2 Харанхуйд явж байсан ард түмэн
Агуу гэрлийг үзсэн.
Бараан сүүдрийн нутагт амьдарч байсан хүмүүс дээр
Гэрэл туссан.
3 Та энэ үндэстний хүн амыг олшруулсан.
Түүнийг асар ихээр баярлуулсан.
Ургац хураахдаа баярладаг хүмүүс шиг,
Олзоо хуваахдаа жаргадаг хүмүүс шиг
Тэд таны өмнө баярлан баясдаг.
4 Учир нь та Мидианы үеийнх шиг
Тэдний үүрч байсан буулгыг эвдэж,
Мөрийг нь цохиж байсан харгалзагчийн савааг хэдэн хэсэг болгон хугалсан.
5 Жагсаж явахдаа газрыг доргиож байсан гутал бүр,
Цусанд дэвтсэн хувцас бүр
Галд хаягдана.
6 Бидэнд хүүхэд төрсөн.
Бурхан бидэнд хүү өгсөн.
Засаглал түүний гарт байх болно.
Түүнийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэх болно.
7 Түүний засаглал дэлхий дахиныг хамарна.
Давидын сэнтий ба түүний хаант улсад
Амар тайван эцэс төгсгөлгүй ноёлно.
Энэ хаант улс
Шударга ёс, зөв шударгын ачаар
Одооноос үүрд мөнхөд батжиж, оршин тогтноно.
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би үүнийг хичээл зүтгэлтэй гүйцэтгэнэ.
8 Ехова Иаковт сануулж,
Израйлд анхааруулсан.
9 Бүх ард түмэн буюу
Ефраимчууд, Самарийн оршин суугчид үүнийг мэдэх болно.
Тэд ихэмсэг бардам, эрээ цээргүй загнан ингэж ярьдаг.
10 «Тоосгонууд унасан ч
Бид зассан чулуугаар барина.
Инжрийн мод цавчигдсан ч
Бид хуш модоор орлуулна».
11 Ехова Резиний өстнүүдийг Израйлын эсрэг босгож,
Дайснуудыг нь өдөөн хатгана.
12 Зүүн зүгээс Сири, баруун зүгээс филистчүүд ирж
Амаа ангайн Израйлыг залгина.
Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.
Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.
13 Энэ ард түмэн өөрийг нь шийтгэдэг Нэгэн рүү буцаж очоогүй.
Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн удирдлага зааврыг хайгаагүй.
14 Ехова нэг л өдөр Израйлаас
Толгой, сүүл, мөчир, өндөр өвсийг* тастах болно.
15 Ихэд хүндлэгддэг ахлагч нь толгой,
Хуурамч заавар өгдөг зөнч нь сүүл юм.
16 Энэ ард түмнийг удирддаг хүмүүс тэднийг төөрүүлдэг.
Удирдуулж байгаа хүмүүс нь самуурчээ.
17 Тийм учраас Ехова залууст нь баярлахгүй.
Өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг нь өрөвдөхгүй.
Учир нь тэд бүгдээрээ тэрслэгчид, мууг үйлдэгчид юм.
Бүгд мунхаг юм ярьдаг.
Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.
Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.
18 Бузар муу нь гал мэт авалцаж
Өргөст бут, хогийн ургамлыг шатаана.
Энэ нь ойн ширэнгийг түймэрдэж,
Утаан үүл болж дээш хөөрнө.
19 Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн уур хилэнгээс болж
Энэ газар галд шатаж байна.
Ард түмэн түймэрт шатна.
Хүмүүс төрсөн ах дүүгээ ч өршөөхгүй.
20 Тэд баруун талд байгаагаа огтлон авч иднэ.
Гэвч өлсгөлөн хэвээрээ байна.
Зүүн талд байгаагаа иднэ.
Гэвч цадахгүй.
Хүн бүр гарынхаа шууны махыг иднэ.
21 Манассе Ефраимыг,
Ефраим Манассег залгина.
Тэд нийлж Иуда руу дайрна.
Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.
Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.