Исаиа
11 Иессигийн хожуулаас мөчир ургана.
Үндэснээс нь гарсан нахиа жимс өгнө.
Сайн зөвлөгөө өгч, хүч чадалтай байна.
Их мэдлэг эзэмшиж, Еховагаас эмээх сэтгэлээр бялхана.
3 Тэрбээр Еховагаас эмээхдээ баярлана.
Харснаараа шүүхгүй.
Сонссоноороо шийдвэр гаргахгүй*.
4 Дорд хүмүүсийг шударгаар шүүж,
Дөлгөөн хүмүүсийн талд шударга шийдвэр гаргана.
Амнаасаа гарах саваагаар дэлхийг саваадаж,
Уруулаасаа гарах амьсгалаар муу хүмүүсийг хөнөөнө.
5 Зөв шударга ба үнэнч байдлыг
Бүсэлхийгээрээ бүс мэт орооно.
6 Чоно хургатай хамт амьдарна.
Ирвэс ишигтэй хамт хэвтэнэ.
Тугал, арслан, тарган мал нэг дор байна*.
Бяцхан хүү тэднийг хөтлөн дагуулна.
7 Үнээ баавгайтай хамт идээшилж,
Үр төл нь хамтдаа хэвтэнэ.
Арслан үхэр шиг сүрэл иднэ.
8 Хөхүүл хүүхэд наж могойн үүрэн дээр тоглож,
Балчир хүүхэд хорт могойн нүхэн дээр гараа тавина.
9 Тэд миний ариун уулын хаана нь ч
Хор учруулахгүй, сүйтгэхгүй.
Учир нь далай усаар дүүрэн байдаг шиг
Дэлхий Еховагийн тухай мэдлэгээр бялхана.
10 Тэр өдөр Иессигийн үндэс ард түмнүүдэд туг болж өргөгдөнө.
Үндэстнүүд түүнээс заавар гуйна.
Түүний амрах газар сүр жавхлантай болно.
11 Тэр өдөр Ехова хоёр дахь удаагаа мутраа сунгаж Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар*, Хамат болон далайн арлуудаас өөрийн ард түмний үлдэгсдийг буцааж авчирна. 12 Тэрбээр ард түмнүүдийн төлөө туг босгож, Израйлын тарж бутарсан хүмүүсийг цуглуулна. Иудагийн тарж бутарсан хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулна.
13 Ефраим атаархахаа болино.
Иудад дайсагнадаг хүмүүс устгагдана.
Ефраим Иудад атаархахгүй.
Иуда ч Ефраимд дайсагнахгүй.
14 Тэд баруун зүг, филистчүүд рүү довтолно.
Тэд хамтдаа зүүн зүгийн хүмүүсийг тонон дээрэмдэнэ.
Тэд Едом, Моабыг эзлэн авна.
Аммончууд эрхшээлд нь орно.
15 Ехова Египетийн тэнгисийн буланг хувааж*,
Их мөрний* дээгүүр мутраараа даллан
Халуун амьсгалаараа долоон горхийг нь хатаана*.
Тэгээд хүмүүсийг сандаалтай нь гатлуулна.
16 Израйлчуудыг Египетийн нутгаас гарах үед өргөн зам дурайж байсан шиг,
Бурхны ард түмний үлдэгсдийг Ассириас гарах үед бас тийм зам байх болно.