Иеремиа
26 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын засаглалын эхэнд Ехова ийнхүү айлдав. 2 «Ехова хэлсэн нь: “Еховагийн өргөөний хашаанд зогсоод, Еховагийн өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн хотуудын бүх оршин суугчтай* ярь. Миний тушаасан бүгдийг нэг ч үг гээлгүй тэдэнд хэл. 3 Хүн бүр үүнийг сонсоод бузар хэрэг хийхээ больж магадгүй. Тэгвэл би бузар хэргийнх нь улмаас тэдэн дээр гамшиг буулгана гэсэн бодлоо өөрчилнө. 4 Тэдэнд ингэж хэл. «Ехова айлдаж байна. “Хэрэв та нар үгийг минь авахгүй, өгсөн хуулийг* минь сахихгүй, 5 та нар луу дахин дахин илгээсэн зарц нарын минь буюу зөнчдийн минь үгийг сонсохгүй бол 6 би энэ өргөөг Шило шиг болгоно. Энэ хотыг дэлхийн бүх үндэстний хараал болгоно”»”».
7 Еховагийн өргөөнд Иеремиагийн ийнхүү ярихыг тахилчид, зөнчид, ард олон сонсжээ. 8 Ард олонд дуулга гэж Еховагийн тушаасан бүхнийг Иеремиа хэлж дуусахад тахилчид, зөнчид, ард олон түүнийг барьж аваад хэлсэн нь: «Чи үхвэл зохилтой. 9 Чи яагаад “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот сүйрч эзгүйрнэ” гэж Еховагийн нэрийг барин зөгнөнө вэ?» гэлээ. Ингээд Еховагийн өргөөнд байсан бүх хүн Иеремиаг бүчин авав.
10 Иудагийн ноёд энэ тухай сонсоод хааны ордноос* Еховагийн өргөөнд хүрэлцэн ирж, Еховагийн шинэ дааман хаалганы дэргэд сууцгаалаа. 11 Тахилчид, зөнчид эдгээр ноёд болон ард олонд хандан «Энэ хүнд алах ял оноовол зохино. Учир нь тэрбээр энэ хотын талаар мууг зөгнөснийг та бүхэн чихээрээ сонслоо шүү дээ» гэв.
12 Иеремиа бүх ноён болон ард олонд хэлсэн нь: «Энэ өргөө, энэ хотын талаар та нарын сонссон бүхнийг уламжлуулахаар намайг явуулсан нь Ехова юм. 13 Тэгэхлээр одоо явдал үйлээ засаж, Ехова Бурхныхаа үгэнд орцгоо. Тэгвэл Ехова та нар дээр гамшиг буулгана гэсэн бодлоо өөрчилнө. 14 Харин миний тухайд гэвэл, би та нарын мэдэлд байна. Зөв, сайн гэж үзсэн бүхнээ надад үйлдэгтүн. 15 Гэвч намайг албал та нар өөрсдөө, энэ хот, энэ хотын оршин суугчид гэмгүй хүний цусыг урсгасан буруутан болно гэдгийг баттай мэдэж ав. Учир нь Ехова энэ бүх үгийг та нарт сонордуулахаар намайг үнэхээр илгээсэн билээ» гэв.
16 Тэгтэл ноёд болон ард олон тэр тахилч, зөнчдөд «Энэ хүн манай Бурхан Еховагийн нэрээр ярьсан учраас алах ял оноож болохгүй юм байна» гэж хэлэв.
17 Мөн нутгийн зарим ахлагч босож зогсоод хурсан олонд хандан 18 «Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетийн Мика зөгнөсөн байдаг юм. Тэрбээр Иудагийн ард түмэнд “Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн үгийг сонсогтун.
«Сион хагалсан газар мэт болно.
Иерусалим балгас болж хувирна.
19 Иудагийн хаан Хезекиа болон Иудагийн бүх ард түмэн түүнийг алсан билүү? Харин ч Еховагаас эмээж, Еховагийн тааллыг гуйсан биш үү? Тийм учраас Ехова тэдэн дээр гамшиг буулгана гэсэн бодлоо өөрчилсөн шүү дээ. Гэтэл бид өөрсдөдөө асар их гай зовлон учруулах гэж байна.
20 Бас нэг хүн Еховагийн нэрээр зөгнөсөн байдаг. Тэр бол Кириат-иеарим нутгийн Шемаиагийн хүү Уриа юм. Тэрбээр энэ хот болон энэ нутгийн талаар Иеремиагийнхтай адилхан үг хэлж зөгнөсөн. 21 Иехоиаким хаан болон бүх хүчирхэг дайчин, бүх ноён үгийг нь сонссон бөгөөд хаан түүнийг алахыг санаархжээ. Уриа үүнийг дуулаад айсандаа Египет рүү зугтсан юм. 22 Иехоиаким хаан түүнийг бариулахаар Ахборын хүү Елнатаныг хэдэн хүний хамт Египет рүү илгээжээ. 23 Тэд Уриаг Египетээс барьж авчраад Иехоиаким хаанд тушаасанд хаан түүнийг илдээр цавчиж цогцсыг нь жирийн ардуудыг оршуулдаг булшинд хаясан билээ».
24 Шафаны хүү Ахикам Иеремиад туслав. Тиймээс Иеремиа амийг нь хөнөөхийг санаархсан олон түмний гарт орсонгүй.