Дуулал
Удирдаачид: «Сараана»-д тааруулав. Дурсгалд. Асафын дуу.
80 Иосефыг хонин сүрэг мэт хариулж буй
Израйлын Хоньчин минь ээ, сонсооч.
Херубүүдийн дээр* залрагч та
Гэрлээ цацруулаач.
2 Ефраим, Бениамин, Манассегийн нүдэн дээр
Хүч чадлаа үзүүлээч.
Ирж биднийг авраач.
3 Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.
Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.
4 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ,
Та хэдий болтол уурлаж ард түмнийхээ залбирлыг сонсохгүй байх юм бэ?
5 Та биднийг нулимсаар хооллож,
Бидэнд хэмжээлшгүй их нулимс уулгадаг.
6 Та биднийг хөршүүдийн маань хэрүүлийн бай болгодог.
Дайснууд биднийг хүссэн үедээ шоолдог.
7 Тэнгэрийн цэргийн Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.
Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.
8 Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.
Та үндэстнүүдийг хөөн зайлуулж, түүнийг суулгасан.
9 Та түүнд зориулан талбайг цэвэрлэж өгсөн.
Тэгэхэд тэр үндэслэж, газар нутгийг дүүргэсэн.
10 Сүүдэр нь уулсыг нөмөрч,
Мөчрүүдийнх нь доор Бурхны хуш модод нуугдсан.
11 Мөчрүүд нь тэнгист,
Найлзуурууд нь Их мөрөнд* хүрчээ.
12 Та яагаад түүний эргэн тойрон дахь чулуун ханыг нураасан юм бэ?
Түүгээр өнгөрөгч бүхэн жимсийг нь тастаад байна шүү дээ.
13 Ойн бодонгууд түүнийг сүйтгэж,
Хээрийн зэрлэг амьтад түүгээр хооллодог.
14 Тэнгэрийн цэргийн Бурхан минь ээ, буцаж ирээч.
Тэнгэрээс өнгийж доош хараач!
Усан үзмийн энэ модоо арчлаач.
15 Баруун мутраараа суулгасан модоо хараач.
Өөрийнхөө төлөө хүчтэй болгосон хүүдээ* санаа тавиач.
16 Үүнийг огтлон хаяж галдан шатаасан.
Та зэмлэсэн учраас тэд мөхсөн.
17 Та баруун мутартаа байгаа хүнийг,
Өөрийнхөө төлөө хүчтэй болгосон хүний хүүг дэмжээч.
18 Тэгвэл бид танаас нүүр буруулахгүй.
Биднийг амьд байлгаач. Таны нэрийг дуудмаар байна.
19 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ, биднийг дахин хүлээж аваач.
Биднийг өршөөн нигүүлсэж, авраач.