Нэгдүгээр Самуел
24 Саулыг филистчүүдийн хойноос мөшгөн хөөгөөд буцаж ирмэгц хүмүүс түүнд «Давид Енгедигийн цөлд байна» гэж мэдэгдэв.
2 Тэгээд Саул Давидыг хүмүүстэй нь хайхаар хамаг Израйлаас 3 000 шилдэг эрийг сонгон авч янгирын хадан хавцлууд руу явжээ. 3 Саул замдаа хонины чулуун хашаануудтай газар очоод тэнд байсан агуй руу бие засахаар оржээ. Агуйн цаад мухарт Давид хүмүүстэйгээ сууж байлаа. 4 Тэд Давидад «Өнөөдөр Ехова дайсныг чинь таны гарт тушаалаа шүү дээ. Таныг түүнд юу хүссэнээ хийхийг зөвшөөрч байна» гэцгээв. Тэгэхэд нь Давид босож очоод Саулын ханцуйгүй дээлийн хормойноос сэмхэн огтолж авчээ. 5 Тэрбээр Саулын хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов*. 6 Давид хүмүүстээ «Эзэн маань Еховагийн томилсон* хүн учраас би тийм юм хийж зүрхлэхгүй нь. Еховагийн томилсон нэгэнд хор хүргэхийг Ехова яавч таалахгүй!» гэв. 7 Давид ингэж хэлэн хүмүүсээ хориглон* Саул руу дайрахыг нь зөвшөөрсөнгүй. Саул агуйгаас гарч замдаа гарлаа.
8 Дараа нь Давид босож агуйгаас гараад Саулын араас «Хаан эзэн минь ээ!» хэмээн дуудлаа. Саулыг эргэж харахад Давид бөхийн, сунаж мөргөв. 9 Тэгээд Саулд «Хүмүүсийн ярьж байгаа “Давид танд хор хүргэх гэж байна” гэсэн үгийг та юунд сонсоно вэ? 10 Таныг Ехова агуй дотор миний гарт хэрхэн тушаасныг та өнөөдөр нүдээрээ харлаа шүү дээ. Хүмүүс таныг алъя гэхэд би таныг өрөвдөж “Би эзэндээ хор хүргэхгүй. Яагаад гэвэл тэр бол Еховагийн томилсон хүн” гэсэн юм. 11 Эзэнтэн* минь, та хар даа. Би үүнийг таны дээлийн хормойноос огтолж авсан юм. Надад боломж байсан ч би таныг хөнөөгөөгүй. Таныг хорлох, таны эсрэг босох санаа надад байхгүйг та одоо ойлгосон биз ээ. Би танд ямар ч гэм хийгээгүй байтал та намайг мөшгөж, миний амийг хөнөөхөөр эрж байна шүү дээ. 12 Та бид хоёрын хоорондохыг Ехова шүүг. Ехова танаас өшөөг минь аваг! Харин би танд хор хүргэхгүй. 13 “Хорон муу нэгнээс хорон муу л гардаг” гэсэн эртний зүйр үг байдаг шүү дээ. Харин би танд ямар ч хор хүргэхгүй. 14 Израйлын хаан яагаад миний хойноос мөшгөнө вэ? Би бол үхсэн нохойтой адил шүү дээ. Нэг муу нохой бөөснөөс өөрцгүй амьтан. 15 Тиймээс Ехова шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүг. Миний хэргийг анхаарч, намайг өмгөөлөг. Тэрбээр шударгаар шүүж, намайг танаас аврах болтугай!» гэжээ.
16 Давидыг ингэж хэлэхэд Саул: «Давид, хүү минь, энэ чи мөн үү?» гээд чангаар уйлжээ. 17 Тэгээд Давидад «Чиний зөв, миний буруу. Чамайг надад сайн санаж явахад би муухай юм хийж явжээ. 18 Чи надад ямар сайн үйл хийснээ сая хэллээ. Ехова намайг чиний мэдэлд өгсөн байтал чи намайг хөнөөсөнгүй. 19 Дайснаа гартаа оруулчхаад зүгээр тавьж явуулах хэн байх билээ? Өнөөдөр намайг бодож сайн юм хийсний чинь төлөө Ехова чамайг шагнана! 20 Чи гарцаагүй хаан болж, Израйлд он удаан жил төр барина. 21 Намайг нас барсны дараа үр удмыг маань үгүй хийж миний нэрийг эцгийн минь гэрийнхнээс арчин хаяхгүй гэдгээ Еховагийн нэрээр одоо надад тангараглаач» гэв. 22 Ингээд Давид Саулд тангараглав. Саул гэр лүүгээ явж, Давид хүмүүстэйгээ хоргодох газар луугаа явжээ.