Нэгдүгээр хаад
13 Иеробоамыг тахилын утаа суунаглуулах гээд тахилын ширээний дэргэд зогсож байхад Еховагийн тушаалаар Бурхны хүн Иудагаас Бетелд ирэв. 2 Тэгээд Еховагийн тушаалаар тахилын ширээ рүү хашхирч «Тахилын ширээ! Тахилын ширээ! Ехова ингэж айлдаж байна. “Иосиа гэдэг хүү Давид хааны удмаас гарна! Одоо чам дээр тахил өргөдөг тахилчдыг тэрбээр тахил болгон чиний дээр өргөнө. Чам дээр хүний яснуудыг шатаана” гэж байна» гэлээ. 3 Энэ бүхэн биелэхийг Бурхны хүн тэр өдөр баталж ийн хэлэв. «Ехова үнэхээр үүнийг айлдсаныг батлан ийм тэмдэг үзүүлнэ. Тахилын ширээ хуваагдаж, дээрх үнс* нь асгарна!» гэжээ.
4 Иеробоам хаан Бетел дэх тахилын ширээ рүү хашхирсан жинхэнэ Бурхны хүний үгийг сонсмогцоо тахилын ширээнээс гараа татан Бурхны хүн рүү заан «Түүнийг барь!» гэлээ. Тэр даруй Бурхны хүний эсрэг сунгасан гар нь хатангиршиж, хөдлөхгүй болов. 5 Тэгээд жинхэнэ Бурхны хүнээр хэлүүлсэн Еховагийн тэмдэг биелж тахилын ширээ хуваагдаж, дээрх үнс нь асгарчээ.
6 Хаан жинхэнэ Бурхны хүнд «Ехова Бурхнаасаа өршөөл гуйж өгөөч. Гуйя, гарыг минь зүгээр болгохыг гуйж өгөөч» гэв. Тэгэхэд жинхэнэ Бурхны хүн Еховагаас Иеробоамыг өршөөхийг гуйсан бөгөөд хааны гар өмнөх шигээ зүгээр болов. 7 Хаан жинхэнэ Бурхны хүнд «Надтай хамт манайх руу яваач. Би таныг дайлж, бэлэг өгье» гэлээ. 8 Харин жинхэнэ Бурхны хүн хаанд «Та надад гэрийнхээ тэн хагасыг өгөх байсан ч би тантай хамт явахгүй. Бас энэ газар талх ч идэхгүй, ус ч уухгүй. 9 Учир нь Ехова надад “Чи талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа битгий буц” гэж тушаасан юм» гэв. 10 Ингээд тэрбээр өөр замаар явсан бөгөөд Бетелд ирсэн замаараа буцаж явсангүй.
11 Бетелд нэгэн хөгшин зөнч амьдардаг байжээ. Хөвгүүд нь гэртээ ирээд эцэгтээ жинхэнэ Бурхны хүнийг тэр өдөр Бетелд юу хийснийг, хаанд юу гэж хэлснийг ярьж өгчээ. Тэднийг ярьж дуусахад 12 эцэг нь: «Тэр хүн аль замаар явсан бэ?» гэв. Хөвгүүд нь түүнд Иудагаас ирсэн, жинхэнэ Бурхны хүний явсан замыг зааж өглөө. 13 Тэгэхэд нь тэрбээр хөвгүүддээ «Илжиг эмээллэ» гэв. Хөвгүүд нь илжиг эмээллэсэнд тэрбээр морджээ.
14 Тэрбээр жинхэнэ Бурхны хүний араас явж, том модны доор сууж байхад нь олов. Тэгээд «Та Иудагаас ирсэн, жинхэнэ Бурхны хүн мөн үү?» гэхэд мөнөөх хүн: «Мөн байна» гэжээ. 15 Настай эр: «Надтай хамт манайх руу явж талх иднэ үү» гэхэд 16 «Би тантай хамт явахгүй, урилгыг тань хүлээж авч чадахгүй нь. Би энэ газар тантай хамт талх ч идэх ёсгүй, ус ч уух учиргүй. 17 Учир нь Ехова надад “Чи тэнд талх ч идэж, ус ч ууж болохгүй. Ирсэн замаараа битгий буц” гэж тушаасан юм» гэв. 18 Тэгэхэд нь настай эр: «Би ч бас чамтай адилхан зөнч хүн. Надад Еховагийн тэнгэрийн элч: “Чи түүнийг гэртээ аваачиж талх идүүлж, ус уулга” гэж тушаасан юм» гэжээ. (Тэрбээр түүнийг мэхлэв.) 19 Иймд мөнөөх эр талх идэж, ус уухын тулд настай эртэй хамт гэр лүү нь явжээ.
20 Тэднийг ширээний ард сууж байхад Бурхны хүнийг буцаан авчирсан зөнчид Ехова үгээ айлдсан бөгөөд 21 зөнч чангаар Иудагаас ирсэн, жинхэнэ Бурхны хүнд «Ехова ингэж айлдаж байна. “Чи Ехова миний тушаалд тэрсэлж, Ехова Бурхныхаа өгсөн тушаалыг сахилгүй, 22 чамд «Талх идэж, ус ууж болохгүй» гэж хэлсэн газар луу талх идэж, ус уухаар буцаж явсан учраас чамайг эцэг өвгөдийн чинь булшинд оршуулахгүй” гэж байна» хэмээв.
23 Хөгшин зөнч өөрийнхөө буцааж авчирсан, жинхэнэ Бурхны зөнчийг идэж ууж дууссаных нь дараа түүнд илжиг эмээллэж өгөв. 24 Ингээд тэрбээр замдаа гарав. Тэгтэл замд нь арслан дайралдаж түүнийг барьжээ. Цогцос нь зам дээр байсан бөгөөд хажууд нь илжиг арслан хоёр зогсож байв. 25 Зам дээр байсан цогцос болон хажууд нь байсан арсланг харсан хүмүүс хөгшин зөнчийн амьдардаг хотод хүрч очоод үзсэн харснаа ярив.
26 Жинхэнэ Бурхны хүнийг буцаан авчирсан зөнч энэ тухай дуулмагцаа «Тэр бол жинхэнэ Бурхны хүн байна. Тэр Еховагийн тушаалд тэрсэлсэн учраас Ехова түүнийг арсланд бариулж алуулжээ. Энэ нь Еховагийн түүнд айлдсан ёсоор болсон байна» гэж хэлэв. 27 Тэгээд хөвгүүддээ «Надад илжиг эмээллээд өг» гэхэд тэд эмээллэжээ. 28 Тэрбээр явж, зам дээр хэвтэж буй цогцос, хажууд нь зогсож байсан илжиг, арсланг олов. Арслан цогцсыг идээгүй, илжгийг ч бариагүй байлаа. 29 Хөгшин зөнч жинхэнэ Бурхны хүний цогцсыг өргөж, илжгэн дээрээ тавиад түүний хойноос гашуудаж, оршуулахаар өөрийнхөө хот руу авч явав. 30 Тэгээд цогцсыг нь өөрийнхөө булшинд тавьж, хойноос нь гашуудан уйлж «Ай хөөрхий, дүү минь дээ» гэсээр байлаа. 31 Тэрбээр түүнийг оршуулсныхаа дараа хөвгүүддээ «Намайг үхэхээр, жинхэнэ Бурхны хүнийг оршуулсан газар оршуулаарай. Ясных нь хажууд миний ясыг тавиарай. 32 Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх сүм дуганын тухай тэр хүнээр хэлүүлсэн Еховагийн үг гарцаагүй биелнэ» гэжээ.
33 Ийм юм болсон ч гэсэн Иеробоам бузар мууг үйлдэхээ болилгүй, мөргөлийн өндөрлөгийн тахилчдыг энгийн хүмүүсийн дундаас томилж байлаа. Тахилч болохыг хүссэн хүн бүрийг тэрбээр: «Энэ хүнийг мөргөлийн өндөрлөгийн тахилч болго» гэдэг байв. Тэгээд тахилчаар томилдог байлаа. 34 Иеробоамынхан ийм нүгэл үйлдсэнээсээ болж газрын хөрснөөс арчигдахад хүрэв.