Дуулал
Маскил*. Асафын дуу.
74 Бурхан минь, юунд та биднийг үүрд орхив оо?
Өөрийн бэлчээрийн хонин сүрэгт юунд уурлана вэ?
2 Эрт үед олж авсан ард түмнээ,
Өмч болгохоор зольж авсан овгоо санаач.
Амьдарч байсан Сион уулаа санаач.
3 Үүрдийн балгас руу явж очооч.
Ариун газар дахь бүхнийг дайснууд сүйтгэсэн.
4 Таны дайснууд сүм дотор ялалтын уухай хашхирсан.
Тэд тугаа тэмдэг болгож тэнд босгосон.
5 Тэд шигүү ойд сүхээ далайн баруун солгойгүй цавчлах хүмүүстэй адил байсан.
6 Тэд бүх сийлбэрийг нь сүх, лантуугаар эвдсэн.
7 Тэд таны ариун газрыг галдан шатаасан.
Тэд таны нэрээр нэрлэгдсэн асрыг бузарлаж хөсөр хаясан.
8 Тэд болон үр удам нь:
«Энэ нутагт байгаа Бурхны шүтлэгийн газруудыг бүгдийг нь шатаая» гэж бодсон.
9 Бидэнд харагдах ямар ч тэмдэг алга.
Нэг ч зөнч үлдсэнгүй.
Энэ нь хэр удаан үргэлжлэхийг мэдэх хүн бидний дунд үгүй.
10 Бурхан минь ээ, дайсан хэр удаан доромжлох юм бэ?
Таны нэрийг мөнхөд үл хүндэтгэх юм гэж үү?
11 Та мутраа, баруун мутраа яагаад гаргахгүй байна вэ?
Өврөөсөө гаргаж ирээд тэднийг устгаач.
12 Бурхан бол эртнээс миний Хаан,
Дэлхий дээрх агуу аврагч юм.
13 Та хүч чадлаараа тэнгисийг долгилуулсан.
Усан доторх далайн мангасын толгойг бяцалсан.
14 Та левиатаны толгойнуудыг бяцалж
Цөлд амьдардаг хүмүүст хоол болгож өгсөн.
15 Та горхи, булгуудад зам гаргасан.
Тасралтгүй урсдаг голыг ширгээсэн.
16 Өдөр ч, шөнө ч таных.
Та гэрэл болон нарыг бүтээсэн.
17 Та дэлхийн бүх хязгаарыг тогтоож,
Өвөл, зуныг бий болгосон.
18 Ехова минь ээ, дайснууд элэглэн дооглодгийг санаач.
Мунхаг хүмүүс таны нэрийг үл хүндэтгэдгийг санаач.
19 Хүүрзгэнэ мэт биднийхээ амийг зэрлэг араатан шиг дайснуудад бүү өгөөч.
Зовж зүдэрсэн ард түмнээ хэзээ ч бүү мартаач.
20 Гэрээгээ санаач.
Учир нь дэлхийн харанхуй газрууд хүчирхийллээр дүүрчээ.
21 Дарлагдсан хүн бүү цөхрөг.
Дорд ядуус таны нэрийг магтаг.
22 Бурхан минь ээ, босоод шүүх дээр өөрийгөө өмгөөлөөч.
Мунхаг хүмүүс өдөржин таныг доромжилдгийг санаач.
23 Өстнүүдийнхээ юу хэлж байгааг бүү мартаач.
Өөрийг тань эсэргүүцэгчдийн хашхираан зогсолтгүй дээшээ явж байна.