Исаиа
32 Хаан зөв шударгаар захирч,
Ноёд шударга ёсыг тогтооно.
2 Тэд бүгдээрээ салхинаас нуугдах газар мэт,
Шуурганаас халхлах халхавч мэт,
Усгүй газар дахь усны суваг мэт,
Ангасан газар дахь аварга хадны сүүдэр мэт байх болно.
3 Хараатай хүмүүс тод харна.
Сонсголтой хүмүүс анхаарлаа хандуулна.
4 Хөнгөн хуумгай хүмүүс тунгаан бодож сурна.
Ээрүү хүмүүс түгдрэхгүй, ойлгомжтой ярина.
5 Мунхаг хүнийг хойшид өгөөмөр гэхгүй.
Ёс журамгүй хүнийг хойшид хүндэт гэж дуудахгүй.
6 Учир нь мунхаг хүн утгагүй юм ярьж,
Зүрх сэтгэлдээ хор хөнөөлийг төлөвлөнө.
Тэрс явдлыг өдөөж, Еховагийн тухай гажууд зүйлийг ярина.
Өлссөн нэгнийг яаж хоолгүй хоцроохоо,
Цангасан нэгнийг яаж уух юмгүй үлдээхээ бодно.
7 Ёс журамгүй хүн муу арга сэддэг.
Гутамшигт явдлыг хөөрөгддөг.
Ядуу зүдүү, зовж зүдэрсэн хүмүүсийн талд үнэн байсаар атал
Худал ярьж тэднийг хөнөөхийг оролддог.
8 Харин өгөөмөр* хүн өгөх дуртай.
Тэр зангаа ер тавьдаггүй.
9 «Хайхрамжгүй бүсгүйчүүд ээ, босоод дуу хоолойг минь сонс!
Хэнэггүй охид оо, хэлэх үгийг минь анхаар!
10 Хэнэггүй та нар жил гаруйхны дотор айж чичирнэ.
Ургац хураалт дуусахад та нар нэг ч усан үзэмгүй хоцорно.
11 Хайхрамжгүй бүсгүйчүүд ээ, чичир.
Хэнэггүй та нар дагж.
Хувцсаа тайлж нүцгэл.
Ташаагаараа таар ороо.
12 Сайхан талбай, жимс ихтэй усан үзмийн модны төлөө
Гашуудан цээжээ дэлд.
13 Миний ард түмний нутаг өргөст бутанд хучигдана.
Нэгэн цагт баяслаар цалгиж байсан байшингууд,
Баяр хөөрөөр бялхаж байсан хот өргөст бутанд хучигдана.
14 Бэхлэгдсэн цамхаг орхигдож,
Чимээ шуугиантай хот хаягдсан.
Офел ба харуулын цамхаг үүрд эзгүйрч
Хулангийн тонгочих газар,
Сүргийн бэлчээр болсон.
15 Бурхан бидэн дээр агуу хүчээ асгатал энэ бүхэн үргэлжилнэ.
Тэгэхэд зэлүүд газар нь жимсний цэцэрлэг болж,
Жимсний цэцэрлэг нь өтгөн ой шиг болно.
16 Зэлүүд газарт шударга ёс ноёлж,
Жимсний цэцэрлэгт зөв байдал цэцэглэнэ.
17 Жинхэнэ зөв байдлын үр дүн нь энх тайван,
Жинхэнэ зөв байдлын үр жимс нь амар амгалан, аюулгүй байдал болно.
18 Миний ард түмэн тайван орчинд,
Аюулгүй газар амар амгалан амьдарна.
19 Гэвч мөндөр ойг тэгшилж,
Хотыг бүрмөсөн сүйтгэнэ.
20 Ус байгаа газар үр суулгаж,
Үхэр илжиг хоёрыг талбайд гаргадаг* та нар жаргалтай».