Исаиа
5 Хайртдаа дуулъя.
Хайртынхаа тухай, усан үзмийн талбайнх нь тухай дуулъя.
Миний хайрт үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.
2 Тэрбээр газар малтан чулууг нь гаргаж,
Шилмэл усан үзэм суулгасан.
Голд нь цамхаг барьж,
Чулуу ухаж засаад, усан үзэм шахах газар бэлдсэн.
Усан үзэм гарна даа гэж найдаж байтал
Зэрлэг усан үзэм гарав.
3 «Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ,
Усан үзмийн талбай бид хоёрыг шүүгээч.
4 Усан үзмийн талбайдаа би өөр юу хийх ёстой байсан юм бэ?
Юуг нь орхигдуулсан юм бэ?
Усан үзэм гарна гэж найдаж байтал
Зэрлэг усан үзэм гарах ч гэж дээ!
5 Одоо би усан үзмийн талбайгаа яах гэж байгаагаа
Та нарт хэлье.
Би хайс хашлагыг нь авч хаяхад
Хүмүүс түүнийг шатаана.
Би чулуун ханыг нь нураахад
Хүмүүс түүнийг талхална.
6 Би энэ газрыг эзгүйрүүлж хаяна.
Үүнийг арчлахгүй, зээтүүдэхгүй.
Энэ нь өргөст бут, зэрлэгт баригдана.
Бороо бүү оруул гэж би үүлэнд тушаана.
7 Израйлын үр удам нь тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн усан үзмийн талбай,
Иудагийн хүмүүс нь түүний хайртай цэцэрлэг юм.
Тэрбээр шударга ёс ноёлно гэж хүлээж байтал
Шударга бус явдал гарсан.
Зөв шударга байдал цэцэглэнэ гэж найдаж байтал
Зовсон хүмүүсийн уйлах дуу л сонсогдсон».
8 Байшингаа олшруулж,
Талбайгаа тэлэн,
Бусдад газар үлдээлгүй
Өөрсдөө л амьдардаг хүмүүс золгүй еэ!
9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тангараглахыг би сонсов.
Олон сайхан сүрлэг байшин
Оршин суугчгүй
Аймшигт балгас болж хоцорно.
10 Арван акр* усан үзмийн талбайгаас ганцхан бат* дарс гарна.
Нэг хомер* үр цацахад ганцхан ефа* улаан буудай хураана.
11 Хар үүрээр босож архи дарс уун
Харанхуй шөнө болтол хөлчүүрхэгчид золгүй еэ!
12 Тэд найран дээрээ босоо ятга, чавхдаст хөгжим тоглож,
Хэнгэрэг дэлдэн, лимбэ үлээж, дарс уудаг.
Гэсэн ч тэд Еховагийн үйлсийг тоодоггүй.
Мутрынх нь бүтээлийг анхаардаггүй.
13 Миний ард түмэн
Намайг мэддэггүйгээсээ болж олзлогдоно.
Нэр алдартнууд нь өлбөрч,
Энгийн ард нь ангаж цангана.
14 Тиймээс Булш* өргөсөж томрон
Амаа хязгааргүй том ангайлгасан.
Хотын ихэс дээдэс*, дуу шуутай олон түмэн, найр наадамчид
Түүн рүү орох нь гарцаагүй.
15 Хүн бөхийж,
Шалдаа бууна.
Бардам хүний харц номхорно.
16 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова шүүх ажиллагаа явуулан* өргөмжлөгдөнө.
Жинхэнэ Бурхан, Ариун Нэгэн зөв шударгыг үйлдэн ариун гэдгээ харуулна.
17 Хурганууд бэлчээртээ байгаа мэт идээшилнэ.
Цагтаа тарга тэвээрэгтэй мал бэлчдэг байсан ч эдүгээ эзгүйрч хоосорсон газар цагаачид хооллоно.
18 Олсоор юм чирдэг шиг, татлагаар тэрэг татдаг шиг
Гэм нүгэл, худал хуурмагийг чирж явдаг хүмүүс золгүй еэ!
19 «Израйлын Ариун Нэгэн ажлаа хурдан хийх болтугай.
Тэгвэл бид түүнийг нь харна.
Санаа зорилгоо хэрэгжүүлэх болтугай.
Тэгвэл бид түүнийг нь мэднэ» гэж хэлэгчид золгүй еэ!
20 Сайныг муу, мууг сайн гэгчид,
Харанхуйг гэрлээр, гэрлийг харанхуйгаар орлуулагчид,
Гашууныг чихэрлэгээр, чихэрлэгийг гашуунаар солигчид золгүй еэ!
21 Өөрийгөө мэргэн хэмээн санагчид,
Өөрсдийгөө хэрсүү ухаантнууд гэж бодогчид золгүй еэ!
22 Дарс уухдаа баатар,
Согтууруулах ундаа найруулахдаа гарамгай хүмүүс золгүй еэ!
23 Хахууль авч нүгэлтнийг зөвтгөдөг,
Зөв шударга хүмүүсийн төлөө шударга ёсыг баримталдаггүй хүмүүс золгүй еэ!
24 Гал түймэрт сүрэл хуйхлагдаж
Галын дөлд хуурай өвс хорчийдгийн адил
Тэдний үндэс ялзарч,
Цэцэг нь шороо мэт хийснэ.
Учир нь тэд тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн хуулийг* үл хэрэгсэж,
Израйлын Ариун Нэгний үгийг тоогоогүй юм.
25 Тийм учраас Ехова ард түмэндээ хилэгнэж,
Мутраа сунган тэднийг шийтгэнэ.
Уулс доргин хөдөлж,
Тэдний цогцос гудамжинд хог хаягдал мэт болно.
Энэ бүхний* улмаас Бурхны уур хилэн намдахгүй.
Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.
26 Тэрбээр холын үндэстэнд дохио өгч,
Дэлхийн хязгаарт буй тэдэн рүү шүгэлдэхэд
Тэд яаран хүрч ирж байна.
27 Тэдний нэг нь ч ядраагүй, бүдрээгүй.
Нойрмоглоогүй, унтаагүй.
Бүс нь сулраагүй,
Сандаалных нь сур тасраагүй.
28 Сум нь хурц.
Нум нь хөвчлөөстэй.
Мориных нь туурай цахиур.
Тэрэгнийх нь дугуй хуй салхи.
29 Архирах нь арслан адил.
Тэд залуу арслан адил архирдаг.
Хүрхрэх дуугаараа олзоо барин,
Аваад явахад нь хэн ч салгаж чадахгүй.
30 Тэнгис хүрхрэн шуугихын адил
Тэр өдөр тэд олз руугаа хүрхэрнэ.
Энэ нутгийг харсан хэн боловч аймшигт харанхуйг үзнэ.
Үүл бүрхсэний улмаас гэгээн цагаан өдөр ч харанхуй болжээ.