Исаиа
30 Ехова ийн тунхаглаж байна. «Зөрүүд хөвгүүд золгүй еэ!
Тэд миний биш, өөрсдийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлдэг.
Миний агуу хүчээр удирдуулалгүй холбоотонтой болдог*.
Ингэж нүгэл дээрээ нүгэл нэмдэг.
2 Тэд надтай зөвлөлдөлгүй Египет рүү явж
Фараоны хамгаалалтад орохыг хүсдэг.
Египетийн сүүдэрт хоргодохыг хичээдэг.
3 Гэвч тэд фараоны хамгаалалтаас болж ичгэвтэр байдалд орно.
Египетийн сүүдэрт хоргодоод гутамшиг болно.
4 Ноёд нь Зоанд байна.
Элч нар нь Ханест хүрсэн.
5 Өөрсдөд нь ямар ч ашиг болохгүй ард түмнээс болж
Тэд шившиг болно.
Тэр ард түмэн өчүүхэн ч тус болохгүй, ашиг өгөхгүй.
Ичгүүр, шившиг л болгоно».
6 Өмнө зүгийн араатнуудыг шүүх тухай мэдээ.
Арслан болон архирах арслангийн амьдардаг,
Хорт могой болон нисдэг галт могойн* нутагладаг
Хүнд бэрх гай зовлонгийн нутгаар тэд дайран өнгөрөхдөө
Илжигний нуруун дээр эд баялгаа ачаад
Тэмээний бөхөн дээр хүнс бараагаа тэгнээд явдаг.
Гэсэн ч эдгээр нь ард түмэнд* огтхон ч ашиг болохгүй.
7 Египетийн тусламж ямар ч ашиггүй.
Тийм болохоор би түүнийг «Зүгээр сууж буй Рахаб» гэсэн.
8 «Одоо яваад тэднийг харж байхад хавтан дээр,
Бас номон дээр бич.
Алсдаа хэрэг болно.
Мөнхийн гэрч болно.
9 Тэд бол тэрслүү ард түмэн, худалч хөвгүүд,
Еховагийн хуулийг сонсох хүсэлгүй хөвгүүд юм.
10 Тэд үзмэрчдэд “Битгий үзэгдэл үз” гэдэг.
Зөнчдөд хэлэхдээ: “Үзэгдлийн талаар бидэнд үнэнийг битгий ярь.
Харин сонсоход таатай, худал үзэгдэл үз.
11 Замаасаа гарч, жимээсээ хазай.
Израйлын Ариун Нэгний талаар бидэнд бүү ярь” гэдэг».
12 Тэгэхэд нь Израйлын Ариун Нэгэн ийн айлдав.
«Та нар миний үгийг үл тоон
Хууран мэхлэх аргадаа найдаж,
Заль мэхэндээ итгэсэн учир
13 Та нарын нүгэл цуурсан хана мэт,
Юу юугүй нурах дөхсөн өндөр хэрэм мэт юм.
Энэ нь гэв гэнэт, агшин зуур нурж унана.
14 Том шавар домбо хагаран
Ямар ч хэлтэрхий үлдэхгүй бут үсэрдэгтэй адил байна.
Зуухны галыг хутгах хэлтэрхий ч үлдэхгүй.
Шалбаагны* усыг утгах хагархай ч үлдэхгүй».
15 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, Израйлын Ариун Нэгэн:
«Над руу эргэж ирээд амарвал та нар аврагдана.
Тайван байж надад найдвал та нар хүчтэй байна» хэмээн айлдаж байна.
Гэвч та нар хүсээгүй.
16 Харин «Бид морь унаад зугтана!» гэж хэлсэн.
Та нар зугтах нь зугтана.
Бас «Хурдан морь унана!» гэж хэлсэн.
Та нарыг мөшгөгчид ч хурдан байх болно.
17 Ганцхан хүн сүрдүүлэхэд мянган хүн айж чичирнэ.
Таван хүн сүрдүүлэхэд та нар зугтана.
Та нар цөөхүүлээ үлдэж уулын орой дээр босгосон шон шиг,
Толгод дээр зоосон туг шиг болно.
18 Ехова та нарыг өршөөн нигүүлсэх гээд тэвчээртэй хүлээж байна.
Та нарыг энэрэхийн тулд арга хэмжээ авна.
Учир нь Ехова бол шударга ёсны Бурхан.
Түүнийг хүсэн хүлээгч бүхэн жаргалтай.
19 Хүмүүсийг Сионд, Иерусалимд амьдрахад чи уйлахгүй. Тусламж гуйн хашхирахад чинь тэр чамайг энэрэх нь гарцаагүй. Сонссон даруйдаа хариулна. 20 Ехова чамд зовлонгийн талх, дарлалын усыг өгөх боловч Агуу Багш чинь нуугдахаа болино. Чи Агуу Багшаа нүдээрээ үзнэ. 21 Чамайг баруун юм уу зүүн тийшээ хазайхад «Зөв зам энэ байна. Үүгээр алх» гэх дуу ард чинь сонсогдоно.
22 Чи мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүдээ, алтаар бүрсэн цутгамал шүтээнүүдээ бузарлана. Чи тэдгээрийг сарын тэмдгийн үед хэрэглэсэн даавуу шиг хаяж, «Зайл!» гэж хэлнэ*. 23 Тэрбээр газарт суулгасан үрийг чинь услах бороог оруулна. Газраас элбэг дэлбэг ургац гарч шим тэжээлтэй хүнс болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ. 24 Газар дээр ажиллуулдаг шар, илжигнүүд чинь хүрз, тармуураар шигшин хурган чихээр амталсан тэжээл иднэ. 25 Их аллагын өдөр цамхгууд нурахад сүрлэг уул, өндөр толгод бүр дээр гол горхи урсана. 26 Ехова ард түмнийхээ шархыг* боож, өөрийнхөө учруулсан гэмтлийг эмчлэхэд тэргэл сар нар шиг гэрэлтэж, нарны гэрэл долоон өдрийн гэрэл шиг долоо дахин хурцаар гийнэ.
27 Ехова* холоос ирж байна.
Өтгөн үүлэн дунд уурандаа шатаж байна.
Уруул нь уур хилэнгээр дүүрэн.
Хэл нь түймэрдэх гал мэт ажээ.
28 Түүний агуу хүч* бол хүзүүгээр татан үерлэх ширүүн урсгал адил.
Тэрбээр сүйрүүлэх шигшүүрээр үндэстнүүдийг шигшиж
Буруу зам руу хөтлөх хазаарыг ард түмнүүдийн толгойд* углана.
29 Баярт бэлдэж байхдаа* шөнө дуулдаг хүн шиг
Та нар дуулах болно.
Израйлын Хад Еховагийн уул руу явахдаа
Лимбэний эгшигт баясдаг хүмүүс шиг
Та нар баясах болно.
30 Ехова төөнөх гал,
Аадар бороо, салхи шуурга, мөндрөөр
Сүрлэг дуу хоолойгоо сонсгож,
Асар их уур хилэнтэй цохиж байгаа мутраа харуулна.
31 Еховагийн дуу хоолойноос болж Ассири айдаст автана.
Тэрбээр түүнийг саваагаар цохино.
32 Ехова мутраа далайн
Ассиритай тулалдана.
Шийтгэлийн саваа буулгах бүрд нь
Хэнгэрэг, босоо ятгын ая сонсогдоно.
33 Түүнд зориулан Тофетыг* хэдийнээ бэлджээ.
Бас хаанд нь зориулан бэлджээ.
Бурхан том, гүнзгий нүхэнд их мод овоолов.
Асар их мод, гал бэлдэв.
Хүхрийн урсгал мэт Еховагийн амьсгал
Тофетыг галдан шатаана.