Нэгдүгээр Самуел
28 Тэр үед филистчүүд израйлчуудтай дайтахаар цэргүүдээ цуглуулав. Ахиш Давидад «Чи хүмүүсээ дагуулаад надтай хамт дайтахаар явна биз дээ?» гэж хэлэхэд 2 Давид Ахишт «Та боолынхоо яахыг мэднэ шүү дээ» гэлээ. Ахиш Давидад «Ийм болохоор чинь би чамайг бие хамгаалагчаа болгоно. Чи үргэлж миний бие хамгаалагч байх болно» гэв.
3 Самуел нас барж, израйлчууд бүгдээрээ түүний хойноос гашуудан Рамад хотод нь нутаглуулсан байжээ. Саул сүнс дуудагч, мэргэ төлгөчдийг нутгаасаа хөөсөн байв.
4 Филистчүүд цуглаад Шунемд очиж хуарагнав. Тэгэхэд Саул израйлчуудыг бүгдийг нь цуглуулаад Гилбоад хуарагнасан юм. 5 Саул Филистийн хуаранг хараад айж, зүрх нь мохжээ. 6 Саул Еховагаас асууж лавлахад Ехова зүүдээр ч, Уримаар ч, зөнчдөөр ч дамжуулж хариулсангүй. 7 Эцэст нь Саул зарц нартаа «Сүнс дуудагч эмэгтэйг ол. Би явж түүнээс юм асууя» гэхэд тэд: «Ен-дорт сүнс дуудагч нэг эмэгтэй бий» гэлээ.
8 Ингээд Саул зүсээ хувиргаад хувцсаа сольж, хоёр хүнтэй хамт шөнөөр нөгөө эмэгтэй рүү явлаа. Тэгээд эмэгтэйд «Мэргэлж, миний нэрлэх хүний сүнсийг дуудан надтай уулзуулж өгөөч» гэхэд 9 өнөөх эмэгтэй түүнд «Саул юу хийснийг та мэдэж байгаа шүү дээ. Энэ нутгаас сүнс дуудагч, мэргэ төлгөчдийг хөөсөн. Яагаад намайг үхлийн ялд унагахаар урхидна вэ?» гэж хэлэв. 10 Саул түүнд Еховагаар тангараглан «Би амьд Бурхан Еховагаар тангараглая. Чи үүнээс болж гэм бурууд унахгүй» гэлээ. 11 Тэгэхэд эмэгтэй: «Би чамд хэнийг дуудаж өгөх вэ?» гэхэд «Надад Самуелыг дуудаж өгөөч» гэв. 12 Өнөөх эмэгтэй “Самуелыг*” хараад байдаг чангаараа хашхирч Саулд «Та яагаад намайг мэхэлж байгаа юм бэ? Та Саул байна шүү дээ» гэжээ. 13 Хаан түүнд «Айх хэрэггүй. Чи юу харж байна вэ?» гэхэд тэрбээр: «Газраас гарч ирж байгаа бурхан шиг нэгнийг харлаа» гэж хариулав. 14 Саулыг «Ямархуу хүн байна вэ?» гэж асуухад «Настай эрэгтэй хүн гарч ирж байна. Ханцуйгүй дээл өмссөн байна» гэлээ. Саул түүнийг “Самуел” байна гэж мэдэнгүүтээ сөгдөөд сунаж мөргөв.
15 “Самуел” Саулд «Чи юунд намайг дуудаж төвөг удна вэ?» гэхэд Саул: «Би маш их зовж шаналж байна. Филистчүүд тулалдахаар ирсэн. Бас Бурхан намайг орхиж, зөнчдөөр ч, зүүдээр ч хариулахаа больсон. Иймээс би яах ёстойгоо мэдэх гэж таныг дуудуулсан юм» гэлээ.
16 “Самуел” хариуд нь «Ехова чамайг орхиж, чамд дайсагнаж байгаа атал яагаад надаас асууж байгаа юм бэ? 17 Ехова өмнө нь надаар хэлүүлснээ биелүүлнэ. Ехова чамаас хаант төрийг авч, чиний элэг нэгт Давидад өгнө. 18 Яагаад гэвэл чи Еховагийн үгийг дагаагүй, түүний дүрэлзсэн уур хилэнг амалекчуудын дээр буулгаагүй болохоор Ехова өнөөдөр ингэж байгаа юм. 19 Ехова чамайг ч, Израйлыг ч филистчүүдийн эрхшээлд оруулна. Маргааш чи хөвгүүдтэйгээ надтай хамт байх болно. Ехова бас Израйлын бүх цэргийг филистчүүдийн эрхшээлд оруулна» гэлээ.
20 Тэгэхэд Саул газар гулдайн унасан бөгөөд “Самуелын” үгнээс болж ихэд айв. Бүхэл өдөржин, шөнөжин юу ч идээгүй болохоор ямар ч тэнхэлгүй болсон байлаа. 21 Мөнөөх эмэгтэй Саул руу дөхөн очиж, ихэд сэтгэлээр унасныг нь үзээд «Шивэгчин тань амиараа дэнчин тавин таны үгийг дагаж, хэлснийг тань хийсэн билээ. 22 Одоо шивэгчнийхээ хэлэх үгийг сонсооч. Би таны өмнө зүсэм талх тавья. Та идэж, замд гарах хүчээ сэлбээрэй» гэхэд 23 Саул: «Би идэхгүй» хэмээн татгалзав. Гэлээ ч зарц нар нь болон өнөөх эмэгтэй ятгасаар байлаа. Эцэст нь Саул тэдний үгэнд орж газраас босож орон дээр суув. 24 Өнөөх эмэгтэй гэрийнхээ бордсон тугалыг хурдхан шиг нядлаад, бас гурил авч зууран, исгээгүй талх барив. 25 Тэгээд Саул болон зарц нарт нь аваачиж өгөхөд тэд иджээ. Дараа нь тэд босож тэр шөнөдөө явжээ.