Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Сургаалт үгс 1:1-31:31
  • Сургаалт үгс

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сургаалт үгс
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс

СУРГААЛТ ҮГС

1 Давидын хүү, Израйлын хаан Соломоны сургаал үг нь:

 2 Мэргэн ухаан өгч, сурган хүмүүжүүлж*,

Гүн утгатай үгсийг ойлгуулна.

 3 Үг* авч хэрсүүжихэд,

Зөвийг ухаарч*, шударга ёсыг ойлгон*, зарчимч* болоход тустай.

 4 Гэнэн хүнийг хэрсүү,

Залуу хүнийг мэдлэгтэй, эргэцүүлж боддог болгоно.

 5 Мэргэн хүн сонсоод илүү ихийг мэдэж авна.

Ухаарч ойлгодог хүн мэргэн зөвлөгөө* авна.

 6 Ингэснээр сургаал үг, тааврыг* ойлгож,

Мэргэдийн үгс, оньсогыг тайлна.

 7 Еховагаас эмээх* нь мэдлэгийн эхлэл юм.

Гагцхүү мунхаг хүн мэргэн ухаан, сахилга батын арга хэмжээг* жигшдэг.

 8 Хүү минь, эцгийнхээ захиасыг* сонс.

Эхийнхээ зөвлөгөөг* бүү үл тоомсорло.

 9 Тэдгээр нь чиний толгой дээрх цэцгэн титэм,

Хүзүүний чинь гоёмсог зүүлт юм.

10 Хүү минь, нүгэлтнүүд чамайг уруу татах гэвэл бүү зөвшөөр.

11 Хэрэв тэд: «Хамт явъя.

Хүн алахаар отон хүлээе.

Нуугдан хэвтэж байгаад гэмгүй хүнийг хүлээе.

12 Булш* хүнийг залгидаг шиг тэднийг амьдаар нь залгия.

Нүхэнд булшлагдсан хүмүүсээс өөрцгүй тэднийг бүхлээр нь залгия.

13 Хамаг үнэт эрдэнэсийг нь булаан авъя.

Гэр орноо олзоор дүүргэе.

14 Чи бидэнтэй нийл*.

Хулгайлсан юмаа бүгдээрээ тэнцүү хуваая*» гэж хэлбэл

15 Хүү минь, тэднийг бүү дага.

Тэдний замаар бүү яв.

16 Учир нь тэд* мууг үйлдэх гэж хурдан гүйдэг.

Хүн алах гэж яардаг.

17 Шувуунд харуулж байгаад тор хаявал ямар ч нэмэргүй.

18 Тэд хүн алахаар бүгж,

Бусдын амийг хороохоор нуугдан хэвтдэг нь ийм учиртай.

19 Энэ бол шударга бус ашиг хайгчдын үйл хэрэг юм.

Олсон ашиг нь тэдний амийг авч одно.

20 Жинхэнэ мэргэн ухаан гадаа хашхирч байна.

Гудамж талбайд дуу нь чанга сонсогдож байна.

21 Хөл ихтэй гудамжны мухарт хашхирч,

Хотын хаалган дээр тэр ийн ярьдаг.

22 «Гэнэн хүмүүс ээ, та нар хэдий болтол гэнэн явдалдаа дурлах юм бэ?

Элэглэн дооглогчид оо, та нар хэдий болтол элэглэн дооглож бах таваа хангах юм бэ?

Мунхаг хүмүүс ээ, та нар хэдий болтол мэдлэгийг үзэн ядах юм бэ?

23 Зэмлэхэд минь засарч өөрчлөгд.

Тэгвэл би та нарт мэргэн ухааны хүчийг өгнө.

Би та нарт бодлоо илчилнэ.

24 Би дуудсан боловч та нар сонсоогүй.

Би гараа сунгасан боловч хэн ч анхаараагүй.

25 Та нар зөвлөгөөг минь дагаагүй.

Зэмлэхэд минь тоогоогүй.

26 Тиймээс та нар дээр гамшиг буухад би ч бас инээнэ.

Айж байсан юм чинь тохиолдоход би ч бас шоолно.

27 Тэр үед та нарын айж байсан юм шуурга мэт ирнэ.

Гай гамшиг та нар дээр хуй салхи мэт бууна.

Зовлон бэрхшээл та нарт учирна.

28 Тэгэхэд тэд намайг хэчнээн дуудсан ч би хариулахгүй.

Намайг шаргуу хайгаад ч олохгүй.

29 Учир нь тэд мэдлэгийг үзэн ядсан.

Еховагаас эмээгээгүй.

30 Та нар зөвлөгөөг минь дагаагүй.

Зэмлэхэд минь тоогоогүй.

31 Тиймээс тэд үйлсийнхээ үр дагаврыг амсана.

Тэдний хорон төлөвлөгөө* гэдсийг нь дүүргэнэ.

32 Учир нь гэнэн хүн зөрүүд зангаасаа болж үхнэ.

Мунхаг хүн тоомжиргүйгээсээ болж устгагдана.

33 Харин намайг сонсдог хүн аюулгүй амьдарч,

Гамшгаас айхгүй аж төрнө».

2 Хүү минь, чи үгийг минь авч

Тушаалыг минь эрхэмлэн

 2 Мэргэн ухааныг анхааран сонсож,

Аливааг ухааран ялгаж сурахад сэтгэлээ зориулдаг бол,

 3 Юмыг ойлгохын тулд хашхирч,

Ухааран ялгах чадварыг дуудан

 4 Цалин цагаан мөнгө мэт эрж,

Нуусан эрдэнэ мэт хайдаг бол

 5 Еховагаас эмээнэ гэж юу болохыг ойлгоно.

Бурхны тухай мэдлэгийг олж авна.

 6 Учир нь Ехова мэргэн ухааныг өгдөг.

Түүний үг хүнийг мэдлэгтэй, ухааран ялгах чадвартай болгодог.

 7 Тэрбээр шулуун шударга хүмүүст мэргэн ухааныг нөөцөлдөг.

Үнэнчээр явдаг хүмүүст бамбай болдог.

 8 Шударга хүмүүсийн үйл хэргийг ажиглан хардаг.

Үнэнч хүмүүсийнхээ амийг хамгаална.

 9 Тэгэхэд чи зөв, зарчимч, шударга гэж юу болохыг ойлгоно.

Ямар замаар явах ёстойгоо ухаарна.

10 Мэргэн ухаан зүрхийг чинь баясгаж,

Мэдлэг сэтгэлд чинь таатай болбол

11 Бодох чадвар чамайг харж хандан,

Ухааран ялгах чадвар чамайг хамгаалж

12 Муу үйл хэргээс,

Гажууд яриатай хүмүүсээс,

13 Шулуун шударга амьдралыг орхин

Харанхуйн замаар явагчдаас,

14 Муу юм хийхээрээ баярладаг,

Буруу гажууд юманд баясдаг хүмүүсээс,

15 Зам нь мурийсан,

Амьдрал нь худал хуурмагаар дүүрсэн хүмүүсээс аварна.

16 Мөн чамайг завхай* эмээс,

Садар* эмийн уран үгээс аварна.

17 Тэр эм залуу насныхаа ханийг* орхиж,

Бурхантай байгуулсан гэрээгээ мартсан.

18 Гэрт нь ирж буй хүн үхэл рүүгээ явж байгаатай адил.

Гэрт нь очих зам булш руу хөтөлдөг.

19 Түүнтэй явалддаг хэн ч буцаж ирэхгүй.

Амийн замыг дахиж олохгүй.

20 Тиймээс сайн хүмүүсийн замаар явж,

Зөв шударга хүмүүсийн жимээс бүү гар.

21 Шулуун шударга хүмүүс л дэлхий дээр амьдарч,

Гэмгүй* хүмүүс үлдэнэ.

22 Харин бузар мууг үйлдэгчид дэлхийгээс арчигдаж,

Итгэл эвдэгчид үндсээрээ устгагдана.

3 Хүү минь, сургаалыг* минь бүү март.

Тушаалыг минь чин сэтгэлээсээ сахь.

 2 Тэгвэл чи урт удаан,

Амар амгалан амьдарна.

 3 Үнэнч хайр, итгэмжит байдлыг* өөрөөсөө бүү салга.

Тэдгээрийг хүзүүндээ зүүж,

Зүрхэн дээрээ бич.

 4 Тэгвэл чи Бурхан ба хүмүүсийн сайшаалыг олж,

Хэрсүү гэгдэнэ.

 5 Бүхий л зүрхээрээ Еховад найд.

Өөрийн ойлголтод бүү түшиглэ.

 6 Юу ч хийсэн түүнийг сана.

Тэрбээр чиний замыг шулуун болгоно.

 7 Өөрийгөө мэргэн гэж бүү бод.

Еховагаас эмээж, муугаас хол бай.

 8 Ингэвэл бие чинь эдгэж,

Яс чинь бэхэжнэ.

 9 Өөртөө байгаа үнэтэй бүхнээр,

Ургацынхаа* дээжээр Еховаг дээдэл.

10 Тэгвэл агуулахууд чинь пиг дүүрч,

Торхнууд* чинь шинэ дарсаар бялхана.

11 Хүү минь, Ехова чамд сахилга батын арга хэмжээ* авбал бүү дургүйц.

Зэмлэхэд нь бүү уурла.

12 Яагаад гэвэл эцэг нь хайртай хүүгээ зэмлэдэг шиг

Ехова хайрладаг хүмүүсээ зэмлэдэг.

13 Мэргэн ухааныг олсон,

Хэрсүү болсон хүн жаргалтай.

14 Мэргэн ухааныг олох нь цалин цагаан мөнгө олохоос дээр.

Үүний ашиг нь алттай байхаас дээр.

15 Энэ нь шүрнээс* ч илүү үнэ цэнтэй.

Чиний хүсэх юутай ч харьцуулшгүй.

16 Баруун гарт нь урт удаан амьдрал,

Зүүн гарт нь эд баялаг, алдар хүнд бий.

17 Мэргэн ухааны замаар явбал тааламжтай.

Бүх жимээр нь явбал амар тайван байна.

18 Мэргэн ухаанаас зуурдаг хүмүүст энэ нь амийн мод юм.

Үүнээс чанга зуурдаг хүмүүс жаргалтай гэгдэнэ.

19 Ехова мэргэн ухаанаараа дэлхийн суурийг тавьж,

Ухааран ялгах чадвараараа тэнгэрийг бат тогтоосон.

20 Түүний мэдлэгээр гүн ус хуваагдаж,

Үүлтэй тэнгэр шүүдэр дуслуулсан.

21 Хүү минь, тэдгээрээс* харцаа бүү салга.

Мэргэн ухаан, бодох чадварыг хамгаал.

22 Тэдгээр нь чамд амийг өгч,

Хүзүүний чинь гоёл болно.

23 Тэгэхэд чи аюулгүй алхана.

Хөл чинь юунд ч бүдрэхгүй.

24 Чи хэвтэхдээ юунаас ч айхгүй.

Унтахаар хэвтээд тавтай нойрсоно.

25 Чи гэнэтийн ямар ч гамшгаас айхгүй.

Муу хүмүүсийг дайрдаг шуурганаас ч эмээхгүй.

26 Учир нь Ехова чамайг аюулгүй байлгана.

Тэрбээр хөлийг чинь урхинаас хамгаална.

27 Чадал боломж байвал

Тусламж хэрэгтэй хүмүүст сайныг үйлдэхээс бүү хойш суу.

28 Одоо өгч чадахаар бол

«Дараа ирээрэй. Маргааш өгье» гэж бүү хэл.

29 Хажууд чинь аюулгүй амьдардаг хүнийг хорлох гэж

Төлөвлөгөө бүү зохио.

30 Чамд ямар ч муу юм хийгээгүй хүнтэй

Шалтгаангүй бүү хэрэлд.

31 Харгис хүнд бүү атаарх.

Жишээг нь бүү дага.

32 Учир нь Ехова худалч хүнийг жигшдэг.

Шулуун шударга хүнтэй дотносон нөхөрлөдөг.

33 Ехова муу хүний гэр орныг харааж,

Зөв шударга хүний гэр орныг ерөөдөг.

34 Тэрбээр элэглэн дооглогчдыг шоолж,

Дөлгөөн хүмүүсийг сайшаадаг.

35 Ухаантнууд эрхэм алдрыг хүртэнэ.

Мунхгууд шившиг болгох зүйлийг өндөр үнэлдэг.

4 Хөвгүүд минь, эцгийнхээ сургаалыг* сонс.

Ухаарлыг олохын тулд анхаарлаа хандуул.

 2 Би та нарт сайн зөвлөгөө өгье.

Миний заасныг* бүү март.

 3 Би эцгийнхээ дуулгавартай хүү,

Эхийнхээ энхрий хүү нь байлаа.

 4 Аав минь надад сурган ингэж хэлсэн юм. «Үг захиасыг минь зүрхэндээ нандигна.

Хууль тушаалыг минь сахиж, урт удаан амьдар.

 5 Мэргэн ухаантай болж, ухаарлыг олж ав.

Хэлсэн үгийг минь бүү март, үгээс минь бүү гар.

 6 Мэргэн ухааныг тоохгүй орхиж болохгүй. Учир нь энэ нь чамайг хамгаална.

Үүнийг хайрлаж яваарай. Учир нь энэ нь чамайг аюулаас сэргийлнэ.

 7 Мэргэн ухаан нь хамгийн чухал учир үүнийг олж ав.

Мөн өөр юу ч олж авсан, ухаарлыг олохоо бүү мартаарай.

 8 Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Энэ нь чамайг өргөмжилнө.

Үүнийг эрхэмлэн хайрла. Чамд алдар хүндийг өгнө.

 9 Толгой дээр чинь гоёмсог цэцгэн титэм тавина.

Гоо үзэсгэлэнгийн титмээр чамайг чимнэ».

10 Хүү минь сонс. Үгийг минь хүлээж ав.

Тэгвэл чи урт насална.

11 Би чамайг мэргэн ухааны замд сурган,

Шулуун шударгын жимээр дагуулна.

12 Явах замд чинь юу ч саад болохгүй.

Гүйж байхдаа чи бүдрэхгүй.

13 Зааврыг* ягштал дага, бүү үл тоомсорло.

Сурсан зүйлээ санаж яв. Энэ нь чиний амь амьдрал юм.

14 Муу хүмүүсийн зам дээр бүү гар.

Хорон санаатнуудын замаар бүү яв.

15 Тэр замаас зугт. Түүгээр бүү яв.

Тойрч гар. Хажуугаар нь өнгөр.

16 Тэд муу юм хийхээс нааш унтдаггүй.

Хүн хорлохоос нааш нойр нь хүрдэггүй.

17 Тэдний хувьд бузар муу явдал талх мэт,

Хүчирхийлэл дарс мэт юм.

18 Үүрийн гэгээ манхайн цайсаар үд дунд болдгийн адил

Зөв шударга хүмүүсийн зам аажмаар тодордог билээ.

19 Муу хүмүүс харанхуйд явах мэт.

Тэд юунд бүдэрснээ ч мэддэггүй.

20 Хүү минь, захиас сургаалыг минь анхаар.

Хэлэх үгийг минь сайн сонс.

21 Тэдгээрээс харцаа бүү салга.

Зүрхнийхээ мухарт нандигнан хадгал.

22 Тэдгээрийг олсон хүн амьд явна.

Бие нь бүхэлдээ эрүүл байна.

23 Юуны түрүүнд зүрх сэтгэлээ хамгаал.

Учир нь үүнээс амийн булаг ундардаг юм.

24 Гажуудсан яриаг таягдан хая.

Худал үгийг амнаасаа бүү унага.

25 Нүд чинь урагшаа хараг.

Харц чинь чиний урдах зүйл дээр тусаг.

26 Замаасаа саадыг зайлуул*.

Тэгвэл явах зам чинь аюулгүй байна.

27 Баруун зүүн тийш бүү хазай.

Муугаас хол яв.

5 Хүү минь, мэргэн үгийг минь анхаар.

Ухааран ялгах чадвартай болохын тулд намайг сайн сонс.

 2 Тэгвэл чи нухацтай боддог болно.

Ямагт үнэн зөв мэдлэгийн дагуу ярина.

 3 Завхай* эмийн үг зөгийн бал мэт.

Яриа нь тосноос ч ялдам.

 4 Гэвч эцэст нь тэр чамд агь мэт гашуун,

Хоёр талдаа иртэй илд мэт хурц болно.

 5 Хөл нь үхлийн замаар уруудаж,

Алхаа нь шууд л Булш* руу чиглэдэг.

 6 Тэрбээр амийн замыг бодохыг ч хүсдэггүй.

Хаашаа яваагаа үл мэдэн харсан зүг рүүгээ тэнүүчилдэг.

 7 Хөвгүүд минь, намайг сонс.

Үг хэлж байхад чихнийхээ хажуугаар бүү өнгөрөө.

 8 Тэр эмээс хол яв.

Гэрийнх нь үүдэнд ч бүү ойрт.

 9 Тэгвэл чи нэр хүндээ алдахгүй.

Насаараа зовохгүй.

10 Эд хөрөнгө* чинь танихгүй хүний гарт үрэгдэхгүй.

Хөдөлмөрлөж олсон бүхэн чинь харийн хүний гэрт хүргэгдэхгүй.

11 Харин намайг сонсохгүй бол чадал чинь харьж, бие чинь муудахын цагт,

Насныхаа эцэст чи гаслан халаглах болно.

12 Тэгээд чи ингэж хэлнэ. «Би сахилга батыг* юунд үзэн яддаг байв аа!

Зэмлэж хэлсэн үгэнд яах гэж дургүйцдэг байв аа!

13 Зааварлагчдынхаа үгийг сонсож байсангүй.

Багш нарынхаа зөвлөгөөг анхаарч байсангүй.

14 Би Бурхныг шүтэхээр цугласан бүхний нүдэн дээр,

Сүйрлийн ирмэгт тулчхаад байна».

15 Нөөцлүүрийнхээ уснаас уу.

Худгийнхаа цэвэр* уснаас хүрт.

16 Булгийн чинь ус гудамжаар нэг урсах ёстой гэж үү?

Горхины чинь ус талбайгаар нэг тарах ёстой гэж үү?

17 Үүнийг чи ганцаараа хүрт.

Үл таних хүмүүстэй бүү хуваалц.

18 Булгийн чинь ундарга ивээгдэг.

Залуу насандаа гэрлэсэн эхнэртэйгээ жаргаж амьдар.

19 Тэрбээр энхрийхэн согоо, гоолигхон янгир билээ.

Эхнэрийн чинь хөх чамд үргэлж таашаал өгөх болтугай.

Энхрий хайранд нь чи эгнэгт татагдах болтугай.

20 Хүү минь чи завхай* эмд эзэмдүүлж,

Садар* эмийн цээжийг тэврэх ямар хэрэгтэй юм бэ?

21 Ехова хүний үйлсийг хардаг.

Бүх явдал мөрийг нь шалгадаг.

22 Муу хүн алдаандаа урхидуулж,

Нүглийнхээ занганд орно.

23 Тэрбээр мунхгаасаа болж замаасаа гаран,

Сахилга батын арга хэмжээг* үл тоомсорлосноос болж үхнэ.

6 Хүү минь, чи өөр хүний батлан даагч болж,

Эсвэл үл таних хүнтэй гар барин тохиролцсон бол,

 2 Амлалт чинь чамд урхи,

Үг чинь чамд занга болсон бол

 3 Хүү минь, чи тэр хүний эрхэнд орсон учир

Мултрахын тулд ингэ.

Түүн дээр хурдан очоод, өршөөгөөч гэж гуй.

 4 Нойрноосоо сэр.

Нүдээ тэвхэд.

 5 Гөрөөчний гараас зугтах зээр мэт,

Шувуу агнагчийн торноос мултрах шувуу мэт өөрийгөө авар.

 6 Залхуу минь, явж очоод шоргоолжноос суралц.

Юу хийдгийг нь хараад ухаан сууж ав.

 7 Дарга, захирагч, удирдагч байхгүй ч

 8 Шоргоолж зун нь хоол хүнсээ базааж,

Ургац хураах цагаар идэш тэжээлээ нөөцөлдөг.

 9 Залхуу минь, чи наанаа хэдий болтол хэвтэх юм бэ?

Хэзээ чи нойрноосоо сэрэх юм бэ?

10 Жаахан унтаж, хэсэг зүүрмэглэн,

Гараа хумхин амрах зуур чинь

11 Ядуурал дээрэмчин мэт,

Гачигдал зэвсэг агссан хүн мэт ирнэ.

12 Үнэ цэнгүй, өөдгүй муу хүн буруу зөрүү юм ярьж явдаг.

13 Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, гар хуруугаараа зангадаг.

14 Зүрх сэтгэл нь гажуудсан тэрбээр

Ямагт хорон төлөвлөгөө сэдэж, хэрүүл маргаан дэгдээдэг.

15 Тиймээс тэрбээр гэнэтийн гамшигт нэрвэгдэнэ.

Хэзээ ч сэхэхгүйгээр хормын дотор сүйрнэ.

16 Еховагийн үзэн яддаг зургаан зүйл бий.

Жигшлийг нь төрүүлдэг долоон ч зүйл байна. Эдгээр нь:

17 Бардам нүд, худалч хэл, гэмгүй хүний цусыг урсгадаг гар,

18 Хорон санаа сэддэг зүрх, муу юм хийх гэж яардаг хөл,

19 Ам нээх болгондоо худал ярьдаг хуурамч гэрч,

Ах дүүсийн дунд хагарал үүсгэдэг аливаа хүн юм.

20 Хүү минь, эцгийнхээ тушаалыг сахь.

Эхийнхээ зөвлөгөөг* бүү үл тоомсорло.

21 Тэдгээрийг зүрхэндээ сийл.

Хүзүүндээ зүү.

22 Тэдгээр нь явахад чинь чамайг удирдана.

Хэвтэхэд чинь чамайг хамгаална.

Сэрэхэд чинь чамтай ярина*.

23 Тушаал нь дэнлүү,

Хууль нь гэрэл,

Зэмлэл, сахилга бат* нь амийн зам юм.

24 Эдгээр нь чамайг муу санаат эмээс,

Садар* эмийн уран үгээс хамгаална.

25 Тэр эмийн гоо үзэсгэлэнг бүү хүсэмжил.

Дур булаам харцанд нь бүү эзэмдүүл.

26 Учир нь чи янхнаас болж ганц зүсэм талхнаас өөр юмгүй хоцорно.

Бусдын эхнэрээс болж алтан амиа алдана.

27 Хүн хувцсаа шатаалгүй гал өвөртөлж чадах уу?

28 Эсвэл хөлөө түлэлгүй халуун нүүрсэн дээр явж чадах уу?

29 Бусдын эхнэртэй нөхөцсөн хүн ийм л байна.

Хүний эхнэрт хүрсэн хэн боловч шийтгэлээс мултрахгүй.

30 Өлөн ходоодоо дүүргэх гэж хулгай хийсэн хүнийг

Хүмүүс жигшдэггүй.

31 Гэсэн ч тэр баригдвал долоо нугалж төлнө.

Гэрийнхээ үнэ цэнтэй бүхнийг өгнө.

32 Өөр хүний эхнэртэй завхайрдаг хэн боловч бодлогогүй үйлдэл хийж байгаа хэрэг юм.

Тийм хүн өөрөө өөрийгөө сүйрүүлдэг.

33 Тэрбээр өөртөө хор хүргэж, олны жигшлийг төрүүлнэ.

Тарьсан шившиг нь хэзээ ч арилахгүй.

34 Эмэгтэйн нөхөр хардаж уур хилэн нь дүрэлзэнэ.

Өчүүхэн ч өрөвдөлгүй өшөө авна.

35 Нөхөн төлбөрийг* огт хүлээж авахгүй.

Хэчнээн үнэтэй бэлэг өгсөн ч тайвшрахгүй.

7 Хүү минь, үгийг минь нандигнаж,

Тушаалыг минь эрхэмлэ.

 2 Тушаалыг минь сахиж амьд яв.

Зааврыг* минь нүдний цэцгий мэт хамгаал.

 3 Эдгээрийг хуруунууддаа ороо.

Зүрхэн дээрээ бич.

 4 Мэргэн ухааныг «Эгч минь» гэж дууд.

Ухаарлыг «Хамаатан минь» гэж хэл.

 5 Энэ нь чамайг завхай* эмээс,

Уран үгтэй садар* эмээс хамгаална.

 6 Нэг удаа гэрийнхээ цонхны сараалжаар

Гадагш хартал

 7 Гэнэн хүмүүсийн дунд байх

Ухаан муутай нэгэн залуу анхаарал татав.

 8 Тэрбээр өнөөх эмэгтэйн амьдардаг гудамжаар явж

Гэрийг нь чиглэн алхах нь тэр.

 9 Харуй бүрий болж,

Шөнийн харанхуй нөмрөх дөхсөн үе байлаа.

10 Тэгтэл янхан мэт хувцасласан, зүрх нь заль мэхээр дүүрэн

Нэгэн эмэгтэй түүнтэй уулзахыг би харав.

11 Дуу шуу ихтэй, эрээ цээргүй энэ эмэгтэй

Гэртээ тогтоно гэж үгүй.

12 Нэг бол гудамжинд эсвэл олон хөлийн газар

Булан тохой бүрд отон хүлээнэ.

13 Тэгээд залууг барьж авч үнсээд

Ичих нүүргүй ингэж хэллээ.

14 «Би эвийн тахил өргөх ёстой байсан юм.

Өнөөдөр тангаргаа биелүүллээ.

15 Тийм учраас би чамтай уулзахаар гарч ирлээ.

Чамайг хайсаар яваад оллоо!

16 Египетээс авчирсан, өнгө алагласан маалингаар

Би ор дэрээ бүтээсэн.

17 Би орон дотроо мирр, агар, шанц цацсан.

18 Нааш ир, өглөө болтол хайранд умбая.

Янаг хайранд хамтдаа жаргая.

19 Нөхөр маань одоо эзгүй байна.

Холын аянд явсан.

20 Мөнгөтэй хүүдийгээ аваад явсан.

Тэргэл сар гартал ирэхгүй».

21 Тэрбээр залууг ихэд ятган толгойг нь эргүүлж,

Наалинхай үгээрээ уруу татав.

22 Ингээд залуу нядалгаанд явж байгаа бух мэт,

Дөнгөлөгдөхөөр яваа тэнэг мэт араас нь дагах нь тэр!

23 Эцэст нь сум элгийг нь нэвт сүлбэнэ.

Торонд орох гэж яарах шувуу мэт энэ бүхнийг амиараа төлөхөө тэр эс мэднэ.

24 Хөвгүүд минь, намайг сонс.

Хэлэх үгийг минь анхаар.

25 Тэр эмийн нөлөөнд бүү авт.

Замаар нь бүү яв.

26 Түүнээс болж олон хүн амиа алдсан.

Тэр эмийн гарт үрэгдэгсэд тоймгүй олон.

27 Гэрт нь очдог хүн Булшинд* орж,

Үхэгсдийн байдаг газар луу явна.

8 Мэргэн ухаан дуудаж байгаа бус уу?

Ухааран ялгах чадвар дуугаа хадааж байгаа бус уу?

 2 Зам дагуух дов толгод дээр,

Замын уулзвар газар дуу хоолой нь сонсогдоно.

 3 Хотын хаалганы дэргэд,

Орох үүдний хажууд

Орилж тэр хашхирна.

 4 «Хүмүүс ээ, би та нар луу хашхирч байна.

Хүн болгонд хандаж байна.

 5 Туршлагагүй та нар хэрсүү ухаанд суралц.

Тэнэгүүд та нар ухаарлыг олж ав*.

 6 Хэлэх үг минь чухал,

Ярих юм минь зөв учир сонсоорой.

 7 Ам минь үнэнийг намуухан ярьдаг.

Уруул минь бузар мууг жигшдэг.

 8 Амнаас минь гардаг үг бүхэн зөв шударга.

Мушгин гуйвуулсан, гажуудсан үг нэг ч үгүй.

 9 Эдгээр нь ухааран ялгах чадвартай хүмүүст тодорхой,

Мэдлэг олж авсан хүмүүст зөв байдаг.

10 Цалин цагаан мөнгө авахын оронд зэмлэж хэлсэн үгийг минь* сонс.

Алтнаас, бүр шижир алтнаас илүүгээр мэдлэгийг олж ав.

11 Учир нь мэргэн ухаан нь шүрнээс* ч үнэтэй.

Хүмүүсийн хүсдэг өөр ямар ч юмтай харьцуулшгүй.

12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт амьдардаг.

Надад мэдлэг, бодох чадвар бий.

13 Еховагаас эмээх гэдэг нь муу муухайг үзэн ядах юм.

Би их зан, бардамнал, муу үйлс, худал яриаг жигшдэг.

14 Надад сайн зөвлөгөө, мэргэн ухаан бий.

Ухаарал, хүч чадал ч минийх.

15 Миний ачаар хаад ард түмнээ удирдаж,

Захирагчид зөв шударга тогтоол гаргадаг.

16 Миний ачаар ноёд албатуудаа захирч,

Удирдагчид шударга шүүдэг.

17 Намайг хайрладаг хүмүүст би хайртай.

Намайг хайдаг хүмүүс заавал олно.

18 Эд баялаг, алдар хүнд,

Өв хөрөнгө, зөв шударга байдал надад бий.

19 Миний өгөх зүйл алтнаас, шижир алтнаас ч үнэтэй.

Миний өгөх бэлэг цалин цагаан мөнгөнөөс ч үнэтэй.

20 Би зөв замаар явдаг.

Үргэлж шударга үйлс бүтээдэг.

21 Намайг хайрладаг хүмүүст би эд баялаг өвлүүлж,

Агуулахуудыг нь дүүргэдэг.

22 Ехова бүтээх ажлынхаа эхэнд намайг бий болгосон юм.

Эрт цагийн их үйлсийнх нь анхны үр дүн би байв.

23 Эрт цагт, бүр эхэнд, дэлхийг бүтээхээсээ ч өмнө

Тэрбээр надад хүндтэй байр суурийг өгсөн.

24 Хөлгүй их ус, оргилох булаг байхгүй байхад

Би бий болсон.

25 Уулсыг байрлуулж,

Толгодыг тавихаас өмнө би бий болсон.

26 Тэгэхэд тэрбээр газар дэлхийг ч, хээр талыг ч,

Хөрс шороог ч бүтээгээгүй байлаа.

27 Тэнгэрийг бэлдэж,

Усны мандал дээр тэнгэрийн хаяаг* зурж байхад нь би тэнд байлаа.

28 Тэнгэрт үүлсийг тогтоож,

Гүний булгуудыг бий болгож байхад нь,

29 Тогтоосон хязгаарыг давуулахгүй гэж

Тэнгисийн усанд зарлиг буулган,

Дэлхийн суурийг тавьж байхад нь

30 Би түүний өмнө уран дархан мэт байлаа.

Би өдөр бүр түүний онцгой их баяр бахдал байсан бөгөөд

Түүний өмнө цаг үргэлж баярлан баясдаг байв.

31 Амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн дэлхийг нь хараад би баярлаж,

Ялангуяа хүмүүсийг их хайрласан.

32 Тиймээс хөвгүүд минь, намайг сонс.

Миний үгийг сахидаг хүн жаргалтай байх болно.

33 Зэмлэж хэлсэн үгийг* сонсож мэргэн болоорой.

Хэзээ ч бүү үл тоомсорлоорой.

34 Өдөр бүр өглөө эрт хаалган дээр минь ирж*,

Гэрийн минь үүдэнд хүлээж байгаад

Намайг сонсдог хүн жаргалтай.

35 Намайг олдог хүн амийг олж аван

Еховагийн сайшаалыг хүлээнэ.

36 Харин намайг үл тоомсорлодог хүн өөрийгөө хорлодог.

Намайг үзэн ядагчид үхлийг хайрладаг».

9 Жинхэнэ мэргэн ухаан байшингаа барьж

Долоон баганаа сийлэв.

 2 Мах бэлтгэж,

Дарс найруулан,

Ширээ засав.

 3 Түүний явуулсан шивэгчид

Хотын өндөр газрууд дээр зогсоод хашхиран

 4 «Туршлагагүй хүмүүс ээ, нааш ир» гэж хэллээ.

Тэрбээр* ухаан муутай хүнд хэлсэн нь:

 5 «Ирж талх ид.

Найруулсан дарснаас минь уу.

 6 Амьд явахын тулд туршлагагүй байхаа боль*.

Ухаарлын замаар урагш яв».

 7 Шоологчийг залруулагч нь гутамшиг болж,

Хорон санаатныг зэмлэгч нь хохирол амсана.

 8 Шоологчийг бүү зэмлэ. Эс тэгвэл тэр чамайг үзэн ядна.

Ухаант хүнийг зэмлэ. Тэгвэл тэр чамайг хайрлана.

 9 Мэргэн нэгэнд мэдлэг олго. Тэрбээр улам мэргэн болно.

Зөв хүнд заа. Тэрбээр мэдлэгээ арвижуулна.

10 Еховагаас эмээх нь мэргэн ухаантай болохын эхлэл юм.

Хамгийн Ариун Нэгний тухай мэдлэгтэй болбол ухаарлыг олно.

11 Миний ачаар өдөр хоногууд чинь уртсаж,

Насны чинь тоо нэмэгдэнэ.

12 Чи мэргэн болбол чамд л ашигтай.

Харин шоолж басамжлаад байвал чи өөрөө л зовно.

13 Мунхаг эмэгтэй дуу шуу ихтэй,

Харанхуй бүдүүлэг, юу ч мэддэггүй.

14 Тэрбээр хотын өндөр газар,

Гэрийнхээ үүдэнд суугаад

15 Хажуугаар өнгөрөх хүмүүсийг дуудан,

Замаараа яваа хүмүүс рүү хашхиран

16 «Туршлагагүй хүмүүс ээ, нааш ир» гэдэг.

Тэрбээр ухаан муутай хүмүүст хэлэхдээ:

17 «Хулгайлсан ус чихэрлэг.

Нууж идсэн хоол амттай» гэдэг.

18 Гэвч эмэгтэйн гэрийг үхэгсдээр дүүрснийг,

Зочид нь Булшинд* байгааг тэд мэдэхгүй.

10 Соломоны сургаал үг.

Ухаант хүү эцгээ баярлуулна.

Мунхаг хүү эхээ шаналгана.

 2 Буруу замаар олсон эрдэнэс ямар ч ашиг өгөхгүй.

Харин зөв шударга байдал үхлээс аварна.

 3 Ехова зөв хүнийг өлөн зэлмүүн явуулахгүй.

Шуналт хүслээ хангахыг хорон санаатанд зөвшөөрөхгүй.

 4 Залхуу хүн ядуурна.

Хичээл зүтгэлтэй хүн баяжна.

 5 Зун ургац хураадаг хүү бол хэрсүү нэгэн юм.

Ургац хураалтын үеэр унтдаг хүү шившиг болно.

 6 Зөв хүн ивээл хүртдэг.

Хорон санаатны хэлсэн үгийн цаана хүчирхийлэл нуугдаж байдаг.

 7 Зөв хүний тухай сайхан дурсамж үлддэг бол,

Муу хүний нэр мартагдана*.

 8 Ухаантай хүн зааврыг хүлээж авдаг.

Бодлогогүй ярьдаг хүн зовдог.

 9 Үнэнч шударга хүн аюулгүй амьдарна.

Шударга бус юм хийдэг хүн илчлэгдэнэ.

10 Нүдээ зальтай ирмэдэг хүн уй гашуу авчирдаг.

Бодлогогүй ярьдаг хүн зовдог.

11 Зөв шударга хүний ам бол амь өгдөг булаг юм.

Хорон санаатны хэлсэн үгийн цаана хүчирхийлэл нуугдаж байдаг.

12 Үзэн ядалт хэрүүл маргааныг өдөөдөг бол,

Хайр бүх гэм бурууг далдалдаг.

13 Ухааран ялгах чадвартай хүний амнаас мэргэн ухаан гардаг.

Ухаан муутай хүн нуруун дундуураа саваадуулна.

14 Мэргэн хүн мэдлэгийг нандигнадаг бол,

Мунхгийн ам мөхлийг дууддаг.

15 Баян хүний хувьд эд хөрөнгө нь бэхлэгдсэн хот бол,

Ядуу хүний хувьд ядуу зүдүү байдал нь сүйрэл юм.

16 Зөв хүний үйлс амь руу хөтөлдөг бол,

Муу хүний ашиг орлого нүгэл рүү залдаг.

17 Зааврыг* анхаарагч нь амь руу хөтөлдөг*.

Зэмлэж хэлсэн үгийг үл тоомсорлогч нь төөрүүлдэг.

18 Үзэн ядалтаа нуудаг хүн худал ярьдаг.

Хов жив* тараадаг хүн мунхаг.

19 Их яривал нүглээс зугтахгүй.

Ам хэлээ захирдаг хүн ухаалаг.

20 Зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол,

Муу хүний зүрх өчүүхэн үнэ цэнтэй.

21 Зөв хүний үг олныг тэтгэдэг* бол,

Мунхаг хүн ухаан дутсанаас болж үхнэ.

22 Еховагийн ивээл баян болгодог бөгөөд

Гуниг зовлон дагуулдаггүй.

23 Ичгүүргүй явдал мунхаг хүний зугаа юм.

Ухааран ялгах чадвартай хүн мэргэн ухаантай.

24 Муу хүн айж байсан юмтайгаа учирна.

Зөв хүн хүсэж байсан юмаа авна.

25 Шуурга дайрч өнгөрөхөд муу хүн үгүй болно.

Зөв хүн бол мөнхөд хөдөлшгүй суурь юм.

26 Залхуу хүн ажил олгогчийнхоо*

Шүдэнд дуссан цуу, нүдэнд орсон утаа юм.

27 Еховагаас эмээдэг хүний нас уртасна.

Хар санаатны нас богиносно.

28 Зөв хүний хүсэл эрмэлзэл* баяр баяслыг авчирдаг бол,

Муу хүний найдвар бөхнө.

29 Еховагийн зам нь гэм зэмгүй хүнд бат цайз,

Бузар мууг үйлдэгчдэд сүйрэл юм.

30 Зөв хүн хэзээ ч унахгүй.

Муу хүн дэлхийг өвлөхгүй*.

31 Зөв хүний амнаас мэргэн ухаан гардаг бол,

Гажуудсан хүний хэл огтлогдоно.

32 Зөв хүний амнаас таатай үг гардаг.

Муу хүний амнаас гажууд үг гардаг.

11 Хуурамч дэнс Еховад жигшүүртэй.

Зөв туухай* түүнийг баярлуулдаг.

 2 Бардам зан нэр хугална.

Даруу хүн мэргэн ухаантай.

 3 Шулуун шударга хүнийг үнэнч байдал нь удирддаг бол,

Итгэл эвддэг хүнийг заль мэх нь сүйрүүлнэ.

 4 Уур хилэнгийн өдөр эд баялаг ямар ч ашиг өгөхгүй.

Харин зөв шударга байдал үхлээс аварна.

 5 Гэм зэмгүй хүн зөв юм хийдэг учраас амьдрал нь шулуун замтай адил юм.

Муу хүн бузар явдлаасаа болоод гай зовлон амсана.

 6 Шулуун шударга хүн зөв юм хийдэг учраас аврагдана.

Итгэл эвддэг хүн хүсэлдээ урхидуулна.

 7 Муу хүнийг үхэхэд итгэл найдвар нь бөхнө.

Өөрийнхөө хүчинд тулгуурлаж байсан хамаг найдвар нь талаар болно.

 8 Зөв хүн зовлонгоос аврагдаж,

Муу хүн оронд нь зовдог.

 9 Тэрслэгчийн* хэлсэн үг бусдыг сүйрүүлдэг.

Зөв хүнийг мэдлэг нь авардаг.

10 Зөв хүн сайн үйлсээрээ хотынхныг баярлуулдаг.

Муу хүмүүс устгагдахад хотынхон баярлан хашхирдаг.

11 Шулуун шударга хүн ивээл хүртэхэд* хот өргөмжлөгдөнө.

Муу хүн үгээрээ хотыг нураадаг.

12 Ухаан муутай хүн бусдыг басамжилдаг*.

Ухааран ялгах чадвартай хүн чимээгүй байдаг.

13 Гүтгэгч хаа сайгүй явж нууцыг задруулдаг.

Харин итгэл даагч нууцыг хадгалдаг.

14 Мэргэн удирдамж* үгүй бол ард түмэн зовно.

Олон зөвлөгчтэй бол амжилтад хүрнэ*.

15 Танихгүй хүний батлан даагч болсон хүн гарцаагүй хохирно.

Гар барин тохиролцоогүй хүн аюулаас хол байна.

16 Ялдам* бүсгүй алдар хүнд олдог.

Хатуу сэтгэлтнүүд эд баялаг л олдог.

17 Сайхан сэтгэлтэй* хүний үйлс өөрт нь ч тустай.

Харин хэрцгий хүн өөртөө гай зовлон дууддаг*.

18 Муу хүний олдог хөлс хуурамч.

Зөв шударгыг үйлдэгчийн хүртдэг шагнал жинхэнэ.

19 Зөв шударгын төлөө тууштай явагч нь амийг олно.

Бузар муугийн араас хөөцөлдөгч нь үхэлтэй нүүр тулна.

20 Зүрх сэтгэл нь гажуудсан хүмүүс Еховад жигшигддэг бол,

Гэм зэмгүй явдаг хүмүүс түүнийг баярлуулдаг.

21 Муу хүн заавал шийтгэгдэнэ гэдгийг санаж яв.

Харин зөв хүний хүүхдүүд шийтгүүлэхгүй.

22 Гоо үзэсгэлэнтэй атлаа ухаан муутай эмэгтэй бол

Гахайн хоншоорт зүүсэн алтан гархитай адил юм.

23 Зөв хүний хүсэл сайн сайхан руу хөтөлдөг бол,

Муу хүний горьдлого уур хилэнг хөдөлгөдөг.

24 Харамгүй өгдөг атлаа илүү ихийг хүртдэг хүн байхад,

Өгөх ёстой юмаа ч өгдөггүй атлаа ядуурдаг хүн бий.

25 Өгөөмөр хүн дэвжин дээшилнэ.

Өрөөлийг сэргээгч өөрөө сэргэнэ.

26 Үр тариагаа нуун далдалдаг хүн зүхэгдэнэ.

Харин зарж борлуулдаг хүн ерөөгдөнө.

27 Сайныг хийх гэж хичээнгүйлэн зүтгэдэг хүн сайшаалыг олно.

Муу юм хийх гэж тэмүүлдэг хүнд муу юм тохиолдоно.

28 Эд баялагтаа найддаг хүн унана.

Зөв шударга хүн навч мэт дэлгэрнэ.

29 Гэрийнхэндээ гай тарьдаг* хүн салхийг өвлөнө.

Мунхаг хүн мэргэн хүний зарц болно.

30 Зөв хүний үйлсийн үр дүн нь амийн мод юм.

Бусдын зүрх сэтгэлийг эзэмддэг хүн* мэргэн.

31 Дэлхий дээрх зөв шударга хүн зохих шангаа хүртэх бол,

Муу хүн, нүгэлтэн бүр ч их хүртэх нь дамжиггүй!

12 Сахилгын арга хэмжээнд* дургүйцдэггүй хүн мэдлэгт дуртай.

Зэмлэж хэлсэн үгийг үзэн яддаг хүн ухаан муутай.

 2 Ехова сайн хүнийг сайшаадаг.

Муу юм сэддэг хүнийг буруушаадаг.

 3 Муу юм хийдэг хүн аюулгүй амьдарна гэж үгүй.

Зөв шударга хүн хэзээ ч үндсээрээ сугарахгүй.

 4 Сайн эхнэр нөхрийнхөө титэм.

Гутамшигт эхнэр нөхрийнхөө ясан дахь идээ бээр.

 5 Зөв хүн шударга зүйлийн тухай боддог.

Муу хүн худал зөвлөгөө өгдөг.

 6 Муу хүний үг үхлийн урхи*.

Шулуун шударга хүний ам аврал.

 7 Муу хүмүүсийг устгахад тэд үгүй болно.

Зөв хүний гэр орон байсаар байх болно.

 8 Үгэндээ хянуур хүн магтаал хүртэнэ.

Зүрх сэтгэл нь гажуудсан хүн жигшигдэнэ.

 9 Биеэ магтдаг атлаа идэх хоолгүй явснаас,

Алдар нэргүй атлаа зарцтай байх нь дээр.

10 Зөв хүн мал амьтандаа санаа тавьдаг.

Харин муу хүний энэрэнгүй сэтгэл нь ч хахир хатуу.

11 Газраа арчилдаг хүн хоолтой.

Дэмий юм хөөцөлддөг хүн ухаан муутай.

12 Муу хүн хар санаатнуудын олзонд шунадаг.

Зөв хүн жимс ургуулдаг үндэс сайтай мод юм.

13 Хорон санаатан нүгэлт үгэндээ урхидуулдаг.

Зөв хүн зовлонгоос ангид байдаг.

14 Амнаасаа сайн үг гаргадаг хүн сайн сайхныг үздэг.

Гарынхаа үйлсийн үр дүнг үздэг.

15 Мунхаг хүн өөрийгөө зөв замаар явж байна гэж боддог.

Мэргэн хүн зөвлөгөөг хүлээж авдаг.

16 Мунхаг хүн уур бухимдлаа шууд гаргадаг.

Хэрсүү хүн доромжлолыг тоохгүй өнгөрөөдөг.

17 Үнэнч гэрч үнэнийг хэлдэг.

Хуурамч гэрч худал ярьдаг.

18 Бодлогогүй хэлсэн үг илдээр дүрэх мэт шархлуулдаг бол,

Мэргэн хүний хэл эдгээх хүчтэй.

19 Үнэнч уруул үүрдийн настай.

Худалч хэл хормын амьтай.

20 Бузар мууг сэдэгчдийн зүрх заль мэхтэй.

Амар тайвныг түгээгчид баяр хөөртэй.

21 Зөв хүнд ямар ч хор хөнөөл учрахгүй.

Муу хүний амьдрал гай зовлонгоор дүүрэх болно.

22 Ехова худалч хүнийг жигшдэг.

Үнэнч шударга хүнд баярладаг.

23 Хашир хүн мэддэг юмаа нууцалдаг бол,

Мунхаг хүн мунхаг явдлаа зарлан тунхагладаг.

24 Хичээл зүтгэлтэй хүн удирдан захирна.

Залхуу хүн албадлагын ажил хийнэ.

25 Санаа зовнил хүнийг дарамталдаг бол,

Сайхан үг сэтгэл сэргээдэг.

26 Зөв хүн бэлчээр нутгаа шалгадаг.

Муу хүн өөрийнхөө үйлсээс болж төөрдөг.

27 Залхуу хүн олзныхоо араас явдаггүй.

Хичээл зүтгэл бол нандин эрдэнэ юм.

28 Зөв шударга зам амь руу хөтөлдөг.

Энэ зам дээр үхэл байхгүй.

13 Ухаант хүү эцгийнхээ сургаалыг* дагадаг.

Басамжлагч нь зэмлэж хэлсэн үгийг үл сонсдог.

 2 Амнаасаа сайн үг гаргагчид сайныг иднэ.

Урвагчид хүчирхийлэлд дурлана.

 3 Амаа захирдаг хүн амиа хамгаалдаг.

Ам хуурай байдаггүй хүн сүйрэлд хүрнэ.

 4 Залхуу хүн олон юм хүсдэг ч юу ч үгүй хоцордог.

Хичээнгүй хүний сэтгэл бүрэн ханана.

 5 Зөв хүн худал хуурмагийг үзэн яддаг.

Муу хүн бузар булай, ичгүүр сонжуургүй үйл хийдэг.

 6 Зөв шударга байдал гэмгүй хүнийг хамгаалдаг.

Бузар муу үйл нүгэлтнийг сүйрүүлдэг.

 7 Баян мэт дүр эсгэвч юмгүй хүн байхад,

Ядуу мэт харагдавч их хөрөнгөтэй нэгэн бий.

 8 Баян хүн амиа аврахын тулд эд хөрөнгөөсөө өгдөг.

Харин ядуу хүн сүрдүүлэгт өртдөг ч үгүй.

 9 Зөв хүний гэрэл тод гэрэлтдэг бол,

Муу хүний дэнлүү бөхнө.

10 Их зан маргаан дагуулна.

Зөвлөгөө хайдаг* хүмүүс мэргэн ухаантай.

11 Хялбар аргаар олсон баялаг* хорогдоно.

Бага багаар хуримтлуулсан хөрөнгө арвижна.

12 Хүсэн хүлээсэн* зүйл биелэхгүй удахад урам хугардаг.

Хүсэл биелэхэд хүч тэнхээтэй болдог*.

13 Зааврыг* басамжлагч горыг нь амсана.

Зарлигийг хүндэтгэгч шагнал хүртэнэ.

14 Мэргэн нэгний сургаал* нь

Үхлийн урхинаас холдуулдаг амийн булаг юм.

15 Хэрсүү хүн сайшаал хүлээнэ.

Итгэл эвдэгч бэрх замаар явна.

16 Хашир хүн мэдлэгийн дагуу үйлддэг.

Харин мунхаг хүн мунхгаа харуулдаг.

17 Хар санаат элч гай зовлонд унана.

Итгэмжит зарлагын үг эдгээнэ.

18 Сахилгын арга хэмжээг* үл тоодог хүн ядуурч гутамшиг болно.

Алдааг нь хэлэхэд* хүлээж авдаг хүн алдар хүндийг олно.

19 Хүсэл нь биелэхэд хүн баярладаг.

Харин мунхаг хүн бузар муу явдлаа орхихыг хүсдэггүй.

20 Ухаант хүнтэй хамт явагч нь мэргэн ухаантай болно.

Мунхаг хүнтэй нөхөрлөгч нь хохирол амсана.

21 Нүгэлтнүүдийг гамшиг дагадаг бол,

Зөв хүмүүс дээр их ивээл буудаг.

22 Сайн хүн үр ачдаа өв хөрөнгө үлдээдэг.

Нүгэлтний эд баялаг зөв хүний төлөө хуримтлагддаг.

23 Ядуу хүний талбайгаас арвин ургац гаравч

Шударга бус явдал түүнийг нь булааж* мэднэ.

24 Хүүгээ шийтгэдэггүй* бол үзэн ядаж байгаагаас өөрцгүй.

Харин хүүдээ хайртай бол хичээнгүйлэн* хүмүүжүүлнэ*.

25 Зөв хүн цадталаа иднэ.

Муу хүний ходоод хонхолзоно.

14 Ухаант бүсгүй өрх гэрээ төвхнүүлдэг бол,

Мунхаг эмэгтэй орон гэрээ өөрийн гараар нураадаг.

 2 Шулуун шударга амьдрагч нь Еховагаас эмээдэг бол,

Худал хуурмагийг үйлдэгч нь Түүнийг жигшдэг.

 3 Мунхгийн аман дахь бардам үг нь саваа мэт.

Харин мэргэн ухаант хүнийг ам нь хамгаалдаг.

 4 Үхэргүй газрын тэвш цэвэр.

Бухтай газрын ургац арвин.

 5 Итгэмжит гэрч худал хэлэхгүй.

Хуурамч гэрч ам нээх болгондоо худал ярьдаг.

 6 Басамжлагч хүн мэргэн ухааныг хайгаад ч олдоггүй.

Харин юм ойлгодог хүн мэдлэгийг амархан олж авдаг.

 7 Мунхгийн амнаас мэдлэг гардаггүй учир

Тийм хүнээс хол яв.

 8 Хэрсүү хүн ямар замаар яваагаа мэргэн ухааны ачаар ойлгодог.

Харин тэнэгүүд мунхаг явдалдаа хууртдаг*.

 9 Мунхгууд нүглээ юман чинээ боддоггүй.

Харин шулуун шударга хүмүүс эвлэрэхэд бэлэн байдаг.

10 Гуниг зовлонгоо хүн өөрөө л ойлгоно.

Баяр хөөрийг нь өөр хэн ч хуваалцахгүй.

11 Муу санаатны орон гэр нурна.

Шулуун шударга хүний майхан сүндэрлэнэ.

12 Хүнд зөв мэт санагдавч

Төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг.

13 Инээж байгаа хүн дотроо шаналж байж болох юм.

Баяр хөөр нь уй гашуугаар солигдох нь ч бий.

14 Дураараа авирлагч нь хийсэн хэргийнхээ үр дагаврыг амсана.

Сайн хүн үйлсийнхээ үр шимийг хүртэнэ.

15 Гэнэн хүн үг болгонд итгэдэг.

Хашир хүн алхам бүрээ хянадаг.

16 Мэргэн хүн болгоомжтой ба бузар муугаас зайлдаг.

Тэнэг хүн бодлогогүй* ба өөртөө хэт итгэдэг.

17 Түргэн ууртай хүн мунхаг юм хийдэг.

Юм боддог хүн үзэн ядагддаг.

18 Гэнэн хүн мунхаг явдлыг өвлөнө.

Хашир хүн мэдлэгийг титэм мэт өмсөнө.

19 Муу хүмүүс сайн хүмүүст мэхийнэ.

Хорон санаатнууд зөв шударга хүмүүсийн үүдэнд бөхийнө.

20 Ядуу хүнийг хөршүүд нь хүртэл үзэн яддаг.

Баян хүнийг олон найз тойрон хүрээлдэг.

21 Эргэн тойрныхондоо зэвүүцэх нь нүгэл.

Дорд нэгнийг энэрэх нь жаргал.

22 Мууг сэдэгчид замаасаа гарах нь зайлшгүй.

Сайныг үйлдэхийг хичээгчдийг бусад нь хайрлаж, итгэл хүлээлгэнэ.

23 Аливаа хөдөлмөр ашиг авчирна.

Дэмий яриа ядууралд хүргэнэ.

24 Мэргэн хүний эд баялаг нь титэм юм.

Мунхаг хүн мунхгаараа үлдэнэ.

25 Жинхэнэ гэрч амь авардаг.

Мэхлэгч хүн ам нээх болгондоо худал ярьдаг.

26 Еховагаас эмээдэг хүн хэзээд түүнд итгэж найддаг.

Тийм хүний үр хүүхэд хамгаалагдана.

27 Еховагаас эмээх сэтгэл бол

Үхлийн урхинаас холдуулдаг амийн ундарга юм.

28 Ард олон нь хааны сүр хүч.

Албатгүй байх нь ноёны сүйрэл.

29 Амархан уурладаггүй хүн агуу мэргэн.

Тэвчээргүй хүн тэнэгээ дэлгэдэг.

30 Зүрх амгалан бол бие эрүүл*.

Атаа жөтөө ясыг ялзруулдаг.

31 Дорд хүнийг залилдаг хүн Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.

Ядуу хүнийг өрөвддөг хүн Бурхныг алдаршуулж буй хэрэг.

32 Муу хүн хар санаанаасаа болж хөсөр хаягдана.

Зөв хүн үнэнч шударгынхаа ачаар хамгаалагдана.

33 Ойлгох чадвартай хүний зүрхэнд мэргэн ухаан чимээгүй оршдог бол,

Мунхаг хүн мэддэг бүхнээ зарлан тунхагладаг.

34 Зөв шударга байдал нь үндэстнийг өргөмжилдөг бол,

Гэм нүгэл нь ард түмнийг гутаадаг.

35 Хэрсүү зарцыг хаан таалалдаа багтаана.

Шившиг тарьдаг хүнд хаан хилэгнэн уурлана.

15 Дөлгөөн* хариу хилэнг намдаана.

Ширүүн* үг уурыг хүргэнэ.

 2 Мэргэн ухаант хүний хэл мэдлэгийг сайн ашигладаг бол,

Мунхгийн ам мунхаг явдлыг зарлан тунхагладаг.

 3 Еховагийн мэлмий бүхнийг харж

Сайныг ч, мууг ч ажиж байдаг.

 4 Тайван яриа* амийн мод.

Гажсан үг цөхрөлийн эх үүсвэр.

 5 Мунхаг хүн эцгийнхээ захиасыг* үл тоодог.

Алдааг нь хэлэхэд* хашир хүн хүлээж авдаг.

 6 Зөв хүний гэр эрдэнэсээр дүүрэн.

Муу хүний орлого* өөрт нь гай уддаг.

 7 Мэргэн хүний уруул мэдлэгийг тараадаг бол,

Мунхаг хүний зүрх тийм биш.

 8 Ехова хар санаатны өргөлийг жигшдэг.

Шулуун шударга хүний залбирлыг таашаадаг.

 9 Ехова хорон санаатны үйлсийг жигшдэг.

Зөв шударга руу тэмүүлдэг хүнийг хайрладаг.

10 Замаасаа хазайдаг хүн сахилга батын арга хэмжээнд дургүй*.

Зэмлэхэд эгдүүцдэг хэн боловч үхнэ.

11 Булш* ба сүйрлийн газар* Еховад ил байхад,

Хүмүүсийн зүрх бүр ч ил байх бус уу!

12 Басамжлагч хүн зэмлүүлэх дургүй.

Тэрбээр мэргэн хүнтэй зөвлөлдөхгүй.

13 Зүрх жаргалтай бол нүүр царай гэрэлтдэг.

Зүрх шаналгаатай бол урам зориг мохдог.

14 Юм ойлгодог хүний зүрх мэдлэгийг хайдаг.

Мунхгийн ам мунхаглалаар хооллодог*.

15 Зовж шаналсан хүний бүх өдөр баргар.

Харин зүрх нь жаргалтай хүн найр наадмаар тасрахгүй.

16 Асар их хөрөнгөтэй, сэтгэл түгшиж сууснаас

Бага сага юмтай, Еховагаас эмээж суусан нь дээр.

17 Үзэн ядалтаар дүүрсэн газар тарган үхрийн мах огтолсноос,

Хайр бялхсан газар ногоо идсэн нь дээр.

18 Түргэн зантай хүн маргаан дэгдээдэг.

Амархан уурладаггүй хүн хэрүүлийг намжаадаг.

19 Залхуу хүний амьдрал өргөстэй хашлага мэт.

Шулуун шударга хүний амьдрал дардан зам мэт.

20 Ухаант хүү эцгээ баярлуулдаг.

Мунхаг хүү эхдээ зэвүүцдэг.

21 Ухаан муутай хүн мунхаг юманд баярладаг.

Ухааран ялгах чадвартай хүн зөв замаар явдаг.

22 Зөвлөлдөхгүй* бол төлөвлөгөө нурна.

Харин олон зөвлөгчтэй бол биелнэ.

23 Зөв хариу өгсөн хүн жаргалтай.

Цагаа олсон үг хэчнээн сайхан!

24 Хэрсүү хүн амь руу хөтөлдөг замаар өгсдөг бөгөөд

Булш* руу урууддаг замаас хол явдаг.

25 Ехова бардам хүний байшинг нураана.

Бэлэвсэн эмэгтэйн газрыг* хамгаална.

26 Ехова хорон санаатны төлөвлөгөөг жигшдэг.

Харин тааламжтай ярианд баясдаг.

27 Шударга бус ашиг олдог хүн гэрийнхэндээ гай тарьдаг*.

Хээл хахуулийг үзэн ядагч нь амьд явна.

28 Зөв хүн хариулахаасаа өмнө эргэцүүлж боддог.

Хар санаатан амнаасаа муу муухай үг урсгадаг.

29 Ехова хар санаатнаас хол байдаг.

Харин зөв хүний залбирлыг сонсдог.

30 Гэрэлтсэн нүд зүрхийг баясгадаг.

Сайн мэдээ ясыг бэхжүүлдэг.

31 Амь авардаг зэмлэлийг сонсдог хүн

Мэргэдийн дунд амьдарна.

32 Сахилгын арга хэмжээг* үл тоомсорлодог хэн боловч өөрийн амийг үзэн ядаж буй хэрэг.

Харин зэмлэхэд сонсдог хэн боловч ухаарлыг олж авдаг.

33 Еховагаас эмээдэг хүн мэргэн ухаанд суралцдаг.

Даруу зан нэр алдарт хүргэдэг.

16 Хүн юу хэлэхээ зүрхэндээ цэгцэлдэг.

Харин зөв хариуг Ехова өгдөг.

 2 Хүний үйлс бүхэн өөрт нь зөв санагддаг.

Харин Ехова хүмүүсийн хандлагыг шалгадаг.

 3 Ажил үйлсээ Еховад даатга.

Тэгвэл төлөвлөгөө чинь биелнэ.

 4 Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд бүх зүйлийг зохицуулсан.

Хар санаатныг хүртэл сүйрлийн өдөр устгагдахаар зохицуулжээ.

 5 Зүрх сэтгэлдээ бардам хүн бүрийг Ехова жигшдэг.

Тийм хүн заавал шийтгэгдэнэ гэдгийг санаж яв.

 6 Үнэнчээр хайрлан, итгэмжтэй байвал гэмээ цайруулна*.

Еховагаас эмээдэг хүн муугаас хол явдаг.

 7 Ехова хүний үйлсэд баярлахаараа

Дайснуудыг нь хүртэл түүнтэй эвтэй байлгадаг.

 8 Шударга бус амьдарч их орлого олсноос,

Зөв шударга явж бага юмтай байсан нь дээр.

 9 Хүн юу хийхээ зүрхэндээ төлөвлөж болох юм.

Харин алхаа гишгээг нь Ехова чиглүүлдэг.

10 Хааны амнаас Бурхны шийдвэр гарах ёстой.

Тэрбээр шударга ёсыг гуйвуулах учиргүй.

11 Зөв жин ба дэнс Еховагийнх.

Хүүдийтэй туухайнууд ч түүнийх.

12 Шударга захирдаг хаад бузар хэргийг жигшдэг.

Учир нь тэдний сэнтий зөв шударгын ачаар бат тогтдог.

13 Зөв шударга яриа хаадын таалалд нийцдэг.

Үнэнийг өгүүлдэг хүнд тэд хайртай.

14 Хааны уур хилэн үхлийн элч мэт.

Мэргэн ухаантай хүн түүнийг тайвшруулдаг*.

15 Хааны царай гэрэлтвэл амьдрал бий.

Хааны таалал хаврын борооны үүл мэт юм.

16 Мэргэн ухаантай болох нь алт олохоос дээр!

Ойлгож ухаарах нь мөнгө сонгохоос дээр!

17 Шулуун шударга хүн бузар муугаас хол явдаг.

Үйл хэргээ анхаардаг хүн амиа хамгаалдаг.

18 Бардам хүн сүйрнэ.

Их зант бүдэрч унана.

19 Их зантай хүмүүстэй олз хувааснаас,

Дөлгөөн хүмүүсийн дунд даруу байх нь дээр.

20 Хэргийн нарийн учрыг олдог хүн амжилтад хүрнэ.

Еховад найддаг хүн жаргалтай.

21 Ухаантай хүн ойлгох чадвартай гэгдэнэ.

Сэтгэл татам үг үнэмшил төрүүлдэг.

22 Хэрсүү ухаан нь эзэндээ амийн ундарга юм.

Мунхаг хүн мунхгаасаа болж шийтгүүлдэг*.

23 Мэргэн хүн үгээ сайтар сонгон

Яриагаараа үнэмшүүлж чаддаг.

24 Таатай үг сархинагтай зөгийн бал адил бөгөөд

Сэтгэлд бурам, ясанд эм болдог.

25 Хүнд зөв мэт санагдавч

Төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг.

26 Хооллох хүсэл нь хүнийг ажиллуулж,

Өлөн ходоод нь түүнийг удирддаг.

27 Өөдгүй хүн муу муухайг ухаж гаргадаг.

Үг яриа нь дүрэлзэх галтай адил.

28 Гай тарьдаг* хүн хэрүүл маргаан өдөөдөг.

Гүтгэдэг хүн дотнын найзуудыг салгадаг.

29 Харгис хүн бусдыг уруу татаж

Буруу замаар дагуулдаг.

30 Тэрбээр нүдээ ирмэн бузрыг сэдэж,

Хөмхийгөө зуун муу юм хийдэг.

31 Зөв замаар явдаг хүний буурал үс

Гоёмсог* титэм юм.

32 Амархан уурладаггүй хүн хүчтэнээс дээр.

Биеэ барьдаг хүн хотыг эзлэгчээс дээр.

33 Хүн өвөр дээрээ шавга хаядаг.

Гэвч үр дүн нь ямар болохыг Ехова шийддэг.

17 Хэрүүлтэй гэрт тансаг хоол идсэнээс,

Тайван амгалан* газар хатсан талх мэрсэн нь дээр.

 2 Хэрсүү зарц гутамшигт хүүг захирна.

Тэрбээр эзнийхээ хөвгүүдтэй хамт өв хүртэнэ.

 3 Мөнгийг тогоонд, алтыг зууханд цэвэршүүлдэг бол,

Хүмүүсийн зүрхийг Ехова шалгадаг.

 4 Муу хүн хорлонтой яриаг анхаардаг.

Зальт этгээд хорон үгийг чагнадаг.

 5 Ядуу хүнийг элэглэдэг хүн Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.

Бусдын зовлонд баярладаг хүн шийтгэлээс мултрахгүй.

 6 Ач зээ нь өтгөсийн титэм,

Аав ээж нь үр хүүхдийнхээ алдар.

 7 Шулуун шударга үг мунхгуудад тохирохгүй.

Худал үг захирагчдад бүр ч зохихгүй!

 8 Бэлэг авч яваа хүнд энэ нь үнэт чулуу мэт юм.

Тэрбээр хаана ч очсон үүнийхээ ачаар амжилт олдог.

 9 Гэм нүглийг хэлтрүүлдэг хүн бусдыг хайрлаж буй хэрэг.

Харин тэр тухай байнга яривал дотнын найзуудыг салгана.

10 Ухаантай хүнийг нэг удаа зэмлэх нь

Мунхаг хүнийг зуун удаа цохихоос илүү үр дүнтэй.

11 Муу хүн тэрслэхийг л боддог.

Харин харгис элч ирж түүнийг шийтгэнэ.

12 Мунхаг явдалдаа автсан тэнэгтэй учирснаас

Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай таарсан нь дээр.

13 Сайныг саараар хариулдаг хүний гэрээс

Муу юм салахгүй.

14 Арцалдаж эхлэх нь усны хаалтыг нээхтэй адил.

Хэрүүл гарахаас өмнө холдон яв.

15 Муу хүнийг зөвтгөх, зөв хүнийг буруутгахын аль аль нь

Еховад жигшүүртэй.

16 Тэнэг хүн мэргэн ухааныг олж авах чадалтай байлаа ч

Хүсэлгүй бол ямар хэрэг байх вэ?

17 Жинхэнэ найз ямар ч үед хайраа илэрхийлдэг бөгөөд

Зовох цагт дэм болох гэж төрсөн ах дүү юм.

18 Ухаан муутай хүн батлан даагч болохын тулд

Хөршийнхөө нүдэн дээр гар барин тохиролцдог.

19 Хэрүүлд дурлагч нь нүгэлд дурлаж буй хэрэг.

Үүд хаалгаа томсгодог хүн гай зовлон дуудаж буй хэрэг.

20 Зүрх сэтгэл нь гажуудсан хүн амжилт олохгүй.

Худал ярьдаг хүн сүйрнэ.

21 Мунхгийн эцэг гуниглана.

Мулгуугийн эцэг жаргал үзэхгүй.

22 Баяр хөөртэй зүрх сайн эм.

Гутарсан сэтгэл хүч бардаг.

23 Хар санаатан нууцаар хахууль авч

Шударга ёсыг гажуудуулдаг.

24 Ухааран ялгах чадвартай хүн мэргэн ухаантай болохыг зорьдог.

Харин тэнэгийн нүд дэлхийн хязгаар хүртэл тэнүүчилдэг.

25 Тэнэг хүү эцгээ гуниглуулж,

Эхдээ сэтгэлийн зовлон болдог.

26 Зөв шударга хүнийг шийтгэх* нь сайн биш.

Хүндэт хүмүүсийг ташуурдах нь зөв биш.

27 Мэдлэгтэй хүн үгэндээ хянуур.

Ухааран ялгах чадвартай хүн тайван.

28 Дуугүй байвал мунхаг хүн ч мэргэнд тооцогдоно.

Амаа хамхивал ямар ч хүн ухаантайд тооцогдоно.

18 Зожиг хүн аминч хүслээ дагадаг ба

Мэргэн ухааныг үгүйсгэдэг*.

 2 Тэнэг хүн юм ойлгохыг хүсдэггүй.

Өөрийнхөө санааг л хэлэх дуртай.

 3 Хар санаатныг жигшил зэвүүцэл дагалддаг.

Ичгүүрт явдлыг доромжлол гутамшиг дагалддаг.

 4 Хүний амнаас гарах үг гүн ус мэт.

Мэргэн ухааны ундарга нь хоржигнон урсах горхи мэт.

 5 Муу хүнд тал засах юм уу

Зөв хүнд шударга бус хандах нь сайн биш.

 6 Тэнэгийн яриа хэрүүл маргаанд хүргэдэг.

Түүний ам зодоон цохионыг урьж залдаг.

 7 Тэнэг хүн амнаасаа болж сүйрнэ.

Уруулаасаа болж амь насаа урхинд оруулна.

 8 Гүтгэгчийн үг амтат зууш мэт бөгөөд

Залгивал шууд ходоодонд ордог.

 9 Залхуу ажилчин бол

Сүйтгэгчийн ах дүү юм.

10 Еховагийн нэр бат цамхаг.

Зөв шударга хүн тийшээ гүйж очоод хамгаалагддаг.

11 Баян хүн эд хөрөнгөө бэхлэгдсэн хот гэж боддог,

Өндөр хэрэм гэж төсөөлдөг.

12 Зүрхэн дэх бардамнал сүйрэлд хүргэдэг.

Даруу зан нэр алдарт хүргэдэг.

13 Сонсохоосоо өмнө хариулах нь

Ичгүүргүй, мунхаг явдал билээ.

14 Сэтгэлийн хаттай хүн өвчнийг тэсвэрлэдэг.

Харин цөхөрсөн сэтгэлийг хэн тэвчих вэ?

15 Ухамсарт хүний зүрх мэдлэг олж авдаг.

Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.

16 Бэлэг сэлт өгсөн хүний өмнө үүд хаалга нээгддэг.

Хүндэт хүмүүстэй учрах боломж олддог.

17 Сөргөлдөгч талын хүн ирж асууж шалгаахаас нааш

Хэргээ мэдүүлсэн эхний хүний зөв юм шиг байдаг.

18 Хаясан шавга хэрүүлийг зогсоож,

Хүчтэй өрсөлдөгчдийн маргааныг шийдвэрлэдэг.

19 Гомдсон ах дүү бэхлэгдсэн хотоос илүү нэвтрэхийн аргагүй байдаг.

Цайзын түгжээтэй хаалга мэт хэрүүл маргаан ч бий.

20 Хүний амнаас гарсан үг гэдсийг нь дүүргэдэг хоолтой адил.

Тэрбээр хэлсэн үгийнхээ үр дүнг үзнэ.

21 Хэл бол үхүүлэх ч, амьдруулах ч хүчтэй.

Ярих дуртай хүмүүс үр дүнг нь үзнэ.

22 Сайн эхнэр олох нь эрдэнэ олохтой адил юм.

Тийм хүн Еховагийн сайшаалыг хүлээдэг.

23 Ядуу хүн гуйж ярьдаг.

Баян хүн ширүүн хариулдаг.

24 Нэгнийгээ сүйрүүлэхэд бэлэн найзууд байдаг бол,

Ах дүүгээс ч дотно андууд бий.

19 Мунхаг, худалч байснаас

Ядуу, үнэнч шударга байсан нь дээр.

 2 Мэдлэггүй байх нь сайн биш.

Адгуу хүн нүгэл үйлддэг.

 3 Хүн өөрөө мунхаглан замаа баллачхаад

Зүрх сэтгэлдээ Еховад хилэгнэдэг.

 4 Баялаг ихтийг олон найз хүрээлнэ.

Барлаг ядууг ганц найз нь хүртэл хаяна.

 5 Хуурамч гэрч шийтгэлээс мултрахгүй.

Ам нээх болгондоо худал ярьдаг хүн ялаас чөлөөлөгдөхгүй.

 6 Олон хүн ноёны* ивээлд багтахыг хүсдэг.

Хүн бүр бэлэг өгөгчийн найз болдог.

 7 Ядуу хүнийг ах дүүс нь бүгд үзэн яддаг байхад,

Найз нөхөд нь зугтахаас ч яах вэ дээ!

Хэчнээн тусламж гуйгаад, тэдний нэг нь ч хариулдаггүй.

 8 Ухааныг олдог хүн өөрийгөө хайрладаг.

Ухааран ялгах чадварыг эрхэмлэдэг хүн амжилтад хүрнэ.

 9 Хуурамч гэрч шийтгэлээс мултрахгүй.

Ам нээх болгондоо худал ярьдаг хүн устгагдана.

10 Тансаг амьдрах нь мунхаг хүнд зохимжгүй.

Ноёдыг захирах нь зарц хүнд бүр ч зохихгүй!

11 Хэрсүү хүн уураа барьдаг.

Гэм бурууг тоохгүй өнгөрдөг хүн гоо үзэсгэлэнтэй.

12 Хааны уур хилэн арслангийн архиралт мэт.

Ивээл хишиг нь өвсөн дээрх шүүдэр мэт.

13 Тэнэг хүү эцэгтээ зовлон болдог.

Хэрүүлч* эхнэр дусаал гоождог дээвэр мэт юм.

14 Өргөө гэр, өмч хөрөнгийг эцгээс өвлөдөг бол,

Ухаант эхнэрийг Еховагаас авдаг.

15 Лазан хүн их унтдаг.

Залхуу хүн их өлсдөг.

16 Тушаалыг дагавал амиа аварна.

Дураараа дургивал амиа алдана.

17 Дорд нэгэнд тусалдаг хүн Еховад зээлүүлж буй хэрэг.

Сайн үйлсийнх нь төлөө Бурхан түүнийг шагнана.

18 Боломж байгаа дээр хүүхдээ хүмүүжүүл*.

Тэгвэл чи түүний үхлийн буруутан болохгүй.

19 Түргэн ууртай хүн шийтгүүлнэ.

Чи тэр хүнийг хамгаалж хаацайлбал дахин дахин хамгаалах хэрэг гарна.

20 Зөвлөгөөг сонсож зааврыг* дага.

Тэгвэл чи алсдаа мэргэн ухаантай болно.

21 Хүн сэтгэлдээ олон юм төлөвлөдөг ч

Еховагийн санаа зорилго* л хэрэгжинэ.

22 Үнэнчээр хайрлах нь хүний эрхэм чанар.

Худалч байснаас ядуу байсан нь дээр.

23 Еховагаас эмээх сэтгэл амь руу хөтөлдөг.

Тийм хүн хор хөнөөлөөс ангид, тайван амарна.

24 Лазан хүн тогоотой хоол руу гараа сунгадаг ч

Амандаа хийхээс тээршээдэг.

25 Шоологчийг шийтгэ. Тэгвэл гэнэн хүн хараад хашир сууж болох юм.

Ухаантай хүнийг зэмлэ. Тэгвэл тэрбээр мэдлэгээ арвижуулна.

26 Эцгээ ширүүлж, эхээ хөөж явуулдаг хүү

Ичгүүр гутамшиг дагуулдаг.

27 Хүү минь, хэрэв чи үг* сонсохоо боливол

Мэргэн үгээс холдоно.

28 Хуурамч гэрч шударга ёсыг тохуурхдаг.

Хорон санаатан бузар мууд шунан дурладаг.

29 Шоологчдыг шийтгэл,

Тэнэгүүдийг зодуур хүлээж байдаг.

20 Дарс бол даапаалагч, архи бол агсамнагч.

Эдгээрээс болж замаасаа хазайдаг хэн боловч мунхаг.

 2 Хаан ард олныг айлгадаг нь арслан архирах мэт.

Хилэнг нь хөдөлгөсөн хэн боловч амь насандаа аюул учруулдаг.

 3 Маргаанаас зайлсхийдэг хүн хүндэтгэл хүлээдэг.

Харин мунхаг хүн бүр хэрүүл маргаанд оролцоно.

 4 Залхуу хүн тэнгэр муу байна гээд газраа хагалдаггүй.

Ургац хураах үед юу ч үгүй хоцорсноосоо болж гуйлга гуйдаг*.

 5 Хүний санаа бодол гүн ус мэт ажээ.

Ухаантай хүн түүнийг нь гадагш гаргана.

 6 Үнэнчээр хайрладаг гэж ярьдаг хүн олон ч

Итгэл даадаг нь ховор.

 7 Зөв хүн үнэнч шударга амьдардаг.

Тийм хүний үр хүүхэд жаргалтай.

 8 Хаан шүүх ажиллагаа явуулахаар сэнтийдээ залрахдаа

Харцаараа хамаг л муу муухайг ялгаж салгадаг*.

 9 «Би сэтгэл зүрхээ ариусгасан.

Би нүгэлгүй, цэвэр» гэж хэн хэлж чадах вэ?

10 Хуурамч туухай, хуудуутай хэмжүүрийн*

Аль алийг Ехова жигшдэг.

11 Балчир хүүхэд хүртэл цэвэр ариун, зөв шударга эсэхээ

Үйлсээрээ таниулдаг.

12 Сонсох чих, харах нүдний

Аль алийг Ехова бүтээсэн.

13 Нойронд бүү дурла. Үгүй бол чи ядуурна шүү.

Нүдээ нээ. Тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.

14 Худалдан авагч: «Энэ ч муу, тэр ч муу!» гэдэг.

Авсныхаа дараа өөрөөрөө сайрхдаг.

15 Мэдлэгтэй хүний яриа

Их алт, элбэг шүрнээс* ч үнэтэй.

16 Танихгүй хүний батлан даагч болсон хүнээс хувцсыг нь ав.

Харь эмэгтэйн* батлан даагч болсон хүнээс барьцаа ав.

17 Худал хэлж олсон талх амттай санагдавч

Эцэст нь тэр хүний ам хайргаар дүүрнэ.

18 Зөвлөлдвөл төлөвлөгөө бүтнэ.

Мэргэн удирдамжийн* дагуу тулалд.

19 Гүтгэгч хаа сайгүй явж нууцыг задруулдаг.

Хов жив ярих дуртай* хүнтэй бүү нөхөрлө.

20 Эцэг эхээ хараадаг хүний дэнлүү

Харанхуй нөмрөхөд бөхнө.

21 Шунахай хүн эхэндээ эд хөрөнгө оловч

Эцэстээ ивээл хүртэхгүй.

22 «Мууг муугаар хариулна даа» гэж бүү хэл.

Еховад найд. Тэрбээр чамайг аварна.

23 Хуурамч туухайг* Ехова жигшдэг.

Хуудуутай дэнс сайн биш.

24 Ехова хүний зам мөрийг удирдан чиглүүлдэг.

Хүн ямар замаар явахаа хэрхэн мэдэх билээ?

25 Бурханд яаран тангараглачхаад*

Дараа нь тангаргаа бодох нь урхи юм.

26 Мэргэн хаан муу хүмүүсийг шигшиж,

Тариа цайруулдаг дугуйг дээгүүр нь өнхрүүлнэ.

27 Хүний үг яриа* Еховагийн дэнлүү адил бөгөөд

Зүрх сэтгэлийнх нь гүнд юу нуугдсаныг илчилдэг.

28 Үнэнч хайр, итгэмжит байдал хааныг хамгаалдаг.

Түүний үнэнч хайраар сэнтий нь бат тогтдог.

29 Бяр чадал залуусын суу алдар.

Буурал үс өтгөсийн сүр жавхлан.

30 Шийтгэл* бузар мууг зайлуулдаг.

Зодуур зүрх сэтгэлийг ариусгадаг.

21 Хааны зүрх сэтгэл Еховагийн мутар дахь урсгал ус мэт юм.

Бурхан үүнийг дуртай зүг рүүгээ урсгадаг.

 2 Хүний үйлс бүхэн өөрт нь зөв санагддаг.

Харин Ехова хүмүүсийн зүрх сэтгэлийг шалгадаг.

 3 Зөвийг үйлдэж, шударга байдаг бол

Өргөл өргөхөөс ч илүүгээр Еховаг баярлуулна.

 4 Ихэмсэг харц, бардам зүрх бол

Муу хүний дэнлүү бөгөөд нүгэл юм.

 5 Махруу хүний төлөвлөгөө амжилт авчирна*.

Адгуу хэн боловч ядуурах нь зайлшгүй.

 6 Худал хэлж олсон эрдэнэс нь

Замхрах манан, үхлийн урхи юм*.

 7 Хорон санаатнууд харгис үйлдлээсээ болж устгагдана.

Учир нь тэд шударга байхыг хүсдэггүй.

 8 Гэмт хүний зам мурий,

Цэвэр хүний үйлс шулуун.

 9 Хэрүүлч* эхнэртэй хамт нэг гэрт байснаас

Дээврийн буланд амьдарсан нь дээр.

10 Хорон санаатан муу юмыг шунан хүсдэг.

Тэрбээр бусдыг өршөөж энэрэхийг мэддэггүй.

11 Шоологчийг шийтгүүлэхийг хараад гэнэн хүн ухаан суудаг.

Ухаантай хүн юмны учрыг олохоороо яах хэрэгтэйгээ мэдэж авдаг.

12 Зөв шударга Бурхан гэр орныхныг нь ажиглаж байгаад

Хорон санаатнуудыг сүйрүүлдэг.

13 Дорд хүнийг хашхирахад чихээ тагладаг хэн боловч

Өөрөө хашхирахын цагт хариу эс сонсоно.

14 Нууцаар өгсөн бэлэг уур хорслыг дарна.

Сэм өгсөн хахууль догшин хилэнг намжаана.

15 Шударгыг үйлдэх нь зөв хүнд баяр баясгалан,

Бузар хэрэг хийгчдэд байж боломгүй зүйл юм.

16 Ухаарлын замаас гарсан хүн

Үхэгсэдтэй хамт хэвтэнэ.

17 Зугаацах дуртай хүн ядуурна.

Дарс, тосонд дуртай хүн баяжихгүй.

18 Хар санаатан зөв хүний төлөө золиос болно.

Итгэл эвдэгч нь шулуун шударга хүний оронд зовно.

19 Хэрүүлч*, ууртай эхнэртэй хамт байснаас

Зэлүүд газар амьдарсан нь дээр.

20 Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс, тос байдаг бол,

Мунхаг хүн өөртөө байгаа бүхнээ үрэн таран хийдэг.

21 Зөв юм хийхийг, үнэнчээр хайрлахыг хичээдэг хэн боловч

Амь нас, алдар хүндийг олж, зөв шударга болно.

22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хотыг эзлэн авч*

Тэдний найдаж байсан бат бэх хэрмийг нурааж чадна.

23 Хэл амаа захирдаг хүн

Хэрэгт орохгүй.

24 Бодлогогүй авирладаг, бардам загнадаг хүнийг

Биеэ тоосон, их зантай, онгироо сагсуу гэдэг.

25 Залхуу хүн шуналаасаа болж үхнэ.

Учир нь тэрбээр ажил хийж гараа хөдөлгөхийг хүсдэггүй.

26 Тийм хүн өдөржин шунахайран хүсдэг.

Харин зөв шударга хүн гар таталгүй өгдөг.

27 Муу хүний өргөл жигшүүртэй.

Хар санаа өвөрлөсөн* бол бүр ч жигшүүртэй.

28 Худал гэрчилдэг хүн устгагдана.

Харин сонссоноо мэдээлдэг хүн амжилт олно.

29 Хар санаатан ширэн нүүртэй.

Харин шулуун шударга хүн зөв замаар явдаг.

30 Еховатай сөргөлдөх мэргэн ухаан, ухааран ялгах чадвар, зөвлөгөө гэж үгүй.

31 Хүлэг морьдыг тулалдаанд бэлддэг ч

Авардаг нь Ехова юм.

22 Асар их эд баялагтай байснаас сайн нэртэй байсан нь дээр.

Алт мөнгөтэй байснаас хүндлүүлсэн нь дээр.

 2 Баян ядуу хоёр юугаараа адилхан бэ?

Хэн хэнийг нь Ехова бүтээсэн.

 3 Хэрсүү хүн аюулыг олж хараад зугтдаг бол,

Гэнэн хүн угтан явсаар горыг нь амсдаг.

 4 Даруу байж Еховагаас эмээдэг хүн

Эд баялаг, алдар нэр, амьтай болно.

 5 Зөв бус хүний зам дээр өргөст бут, урхи занга байдаг бол,

Аминдаа хайртай хүн тэдгээрээс хол явдаг.

 6 Явах ёстой замаар нь явуулахын тулд хүүхдийг хүмүүжүүл.

Тэрбээр өтөлсөн ч тэр замаас гарахгүй.

 7 Баян нь ядуугаа захирдаг.

Зээлдэгч нь зээлдүүлэгчийнхээ боол болдог.

 8 Зөв бусыг таригч нь гай зовлонг хурааж авна.

Харгис засаглал нь дуусгавар болно*.

 9 Өгөөмөр хүн ивээл хүртэнэ.

Учир нь тэрбээр хоол хүнсээ ядуустай хуваалцдаг.

10 Шоологчийг зайлуулбал

Хэрүүл тэмцэл алга болж,

Маргаан, доромжлол арилна.

11 Цагаан цайлган сэтгэлтэй, эелдэг ярьдаг хүнийг

Хаан найзаа болгоно.

12 Ехова* мэдлэгийг хамгаалдаг.

Харин урвагчийн үгийг бүтэлгүй болгодог.

13 Залхуу хүн: «Гадаа арслан байна!

Гудамж талбайд гарвал бариулчихна» гэдэг.

14 Завхай* эмийн ам гүнзгий нүх юм.

Еховагийн уурыг хүргэсэн хүн тэр нүхэнд унадаг.

15 Мунхаглал хүүхдийн* зүрхнээс уяатай байдаг.

Сахилга батын арга хэмжээ* авбал хүүхэд мунхаглахаа болино*.

16 Эд хөрөнгөө арвижуулахын тулд ядуусыг луйварддаг хүн ба

Баячуудад бэлэг өгдөг хүн

Эцэстээ ядуурна.

17 Зааж сургасныг минь зүрх сэтгэлдээ шингээхийн тулд

Мэргэн ухаантны хэлэхийг чих тавин сонс.

18 Эдгээрийг чи цаг үргэлж ярьж байхын тулд

Сэтгэлийнхээ угт нандигнавал жаргалтай байх болно.

19 Еховад итгээсэй гэсэндээ

Өнөөдөр би чамд мэдлэг өгч байна.

20 Би аль эрт чамд бичин

Зөвлөгөө өгч, мэдлэгээ хуваалцсан биз дээ?

21 Учир нь чамд энэ үнэн үг хэр найдвартайг ойлгуулж,

Чамайг илгээсэн хүн рүү зөв мэдээтэй буцаж очоосой гэснийх юм.

22 Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.

Дорд хүнийг хотын хаалганы дэргэд бүү дарла.

23 Учир нь Ехова өөрөө тэднийг өмгөөлнө.

Мөн тэднийг луйварддаг хүмүүсийн амийг авна.

24 Түргэн зантай хүнтэй бүү нөхөрлө.

Амархан уурладаг хүнтэй бүү нийл.

25 Тэгвэл чи түүн шиг болохгүй.

Урхинд орохгүй.

26 Хүний өмнөөс зээлийн баталгаа өгч

Гар барин бүү амла*.

27 Чамд төлөх юм байхгүй бол

Унтаж буй орыг чинь аваад явна шүү дээ!

28 Өвөг дээдсийнхээ тавьсан

Хилийн тэмдгийг бүү хөдөлгө.

29 Ажилдаа гарамгай хүнийг чи харсан уу?

Тийм хүн жирийн хүмүүст биш,

Хаадад үйлчилнэ.

23 Хаантай хамт суугаад зоог барихдаа

Өмнөө юу байгааг анхаар.

 2 Идэх дуршил их байвал

Хоолойдоо хутга тулга*.

 3 Тансаг хоолонд нь бүү хорхойс.

Урхидуулна шүү.

 4 Эд хөрөнгөтэй болох гэж үхэн хатан бүү зүтгэ.

Ингэхээ боль, ухаантай бай*.

 5 Харцаа тусгамагц эд хөрөнгө алга болно.

Бүргэдийнх шиг далавч урган тэнгэр өөд нисэн одно.

 6 Харамч хүний хоолноос бүү ид.

Тансаг хоолонд нь бүү хорхойс.

 7 Учир нь тэр хэр их идэхийг чинь тооцож суудаг.

«Ид, уу» гэж хэлдэг ч үнэнээсээ биш байдаг.

 8 Идсэн үмх хоолоороо чи бөөлжинө.

Эелдэг найрсаг үг хэлсний чинь хэрэг гарахгүй.

 9 Тэнэг хүнтэй бүү ярь.

Тэр мэргэн үгэнд чинь зэвүүцнэ.

10 Эрт цагт тогтоосон хилийн тэмдгийг бүү хөдөлгө.

Эцэггүй хүүхдүүдийн талбайд бүү халд.

11 Учир нь тэдний Өмгөөлөгч хүчтэй.

Тэднийг өмөөрч чамтай заргалдана.

12 Заавар зөвлөгөөг* чин сэтгэлээсээ хүлээж ав.

Мэргэн үгийг анхааралтай сонс.

13 Хүүхдээ хүмүүжүүлэхээс* бүү хойш суу.

Шийтгэлээ* гээд хүүхэд чинь үхчихгүй.

14 Булшнаас* аваръя гэвэл

Хүүхдээ шийтгэ*.

15 Хүү минь, чамайг* мэргэн болбол

Би* баярлана.

16 Чи зөвийг яривал

Би сэтгэлийнхээ угаас* баярлана.

17 Нүгэлтнүүдэд бүү атаарх.

Еховагаас үргэлж эмээ.

18 Тэгвэл чамд ирээдүй бий.

Итгэл найдвар чинь хөсөрдөхгүй.

19 Хүү минь, намайг сонсож мэргэн бол.

Зүрх сэтгэлээ зөв зам руу зал.

20 Дарсыг бүү хэтрүүлж уу.

Махыг бүү ховдоглож ид*.

21 Согттолоо уудаг, ховдоглон иддэг хүн ядуурна.

Унтамхай хүн уранхай хувцастай хоцорно.

22 Төрсөн эцгээ сонс.

Өтөлсөн гээд эхдээ бүү зэвүүц.

23 Үнэнийг худалдаж* ав. Харин зарж болохгүй.

Мэргэн ухаан, заавар зөвлөгөө*, ухаарлыг бас худалдаж ав.

24 Зөв хүний эцэг гарцаагүй баярлана.

Мэргэн хүүтэй эцэг баясна.

25 Эцэг эх чинь баярлана.

Чамайг төрүүлсэн болохоор эх чинь баясна.

26 Хүү минь, намайг анхаар.

Миний замаар явдагтаа баярла.

27 Янхан эм гүнзгий нүх.

Садар* эм нарийн худаг.

28 Тэр эм дээрэмчин шиг отож байгаад

Үнэнч бус эрчүүдийн тоог нэмдэг.

29 Хэн золгүй вэ? Хэн тайван бус байна вэ?

Хэн хэрүүл хийнэ вэ? Хэн гомдоллоно вэ?

Хэн шалтгаангүй шархдав? Хэний нүд сүүмийв?

30 Дарстай зууралдагсад,

Хольсон дарсыг хайдаг* хүмүүс юм.

31 Аяганд мэлтэлзэн, хоолойгоор гулсан орох

Улаан дарс руу бүү хар.

32 Эцэст нь могой шиг хатгаж

Хорт могой шиг хор гаргана.

33 Нүдэнд чинь хачин юм үзэгдэж

Зүрхэнд чинь буруу зөрүү юм бодогдоно.

34 Тэнгисийн дунд хэвтэж байгаа ч юм шиг,

Усан онгоцны шургийн орой дээр хэвтэж байгаа ч юм шиг санагдана.

35 «Намайг цохиод л байсан, би юу ч мэдрээгүй.

Зодоод л байсан, юу ч санахгүй байна.

Би хэзээ сэрэх юм бол?

Дахиад уух юм сан*» гэж чи хэлнэ.

24 Муу хүмүүст бүү атаарх.

Тэдэнтэй нийлэхийг бүү хүс.

 2 Тэд яаж хүчирхийлэл үйлдэхээ боддог.

Бусдыг яаж хохироохоо ярилцдаг.

 3 Байшинг* мэргэн ухаанаар барьж,

Ухааран ялгах чадварын ачаар бат тогтоодог.

 4 Мэдлэгийн ачаар өрөөнүүдийг нь

Төрөл бүрийн чамин тансаг, үнэт эрдэнэсээр дүүргэдэг.

 5 Мэргэн ухаант хүн хүчтэй.

Мэдлэгийн ачаар улам хүчирхэгждэг.

 6 Мэргэн удирдамжийн* дагуу тулалд.

Олон зөвлөгчтэй бол ялалт байгуулна*.

 7 Жинхэнэ мэргэн ухаан мунхаг хүний хувьд хүршгүй оргил юм.

Хотын хаалганы дэргэд түүнд хэлэх үг байхгүй.

 8 Бузар мууг сэддэг ямар ч хүнийг

Гаргууд мэхлэгч гэх болно.

 9 Мунхгийг сэдэх нь нүгэл*.

Шоологчийг хүмүүс жигшдэг.

10 Зовох цагт сэтгэлээр унавал

Тэнхээ чинь барагдана шүү.

11 Үхэл рүү туугдаж яваа хүмүүсийг авар.

Алагдахаар гэлдэрч яваа хүмүүсийг хорьж саатуул.

12 Хэрэв чи: «Үүнийг бид мэдээгүй» гэж хэлбэл

Зүрх сэтгэлийг* Шалгагч бодлыг чинь мэдэхгүй гэж үү?

Чамайг ажигладаг Нэгэн үүнийг мэдээд

Хүн бүрд хийсэн хэргийнх нь хариуг өгнө.

13 Хүү минь, зөгийн бал сайн учир ид.

Сархинагийн бал сайхан амттай.

14 Мэргэн ухаан бас үүн шиг тустайг мэдэж ав.

Мэргэн ухааныг олбол чамд ирээдүй бий.

Итгэл найдвар чинь хөсөрдөхгүй.

15 Зөв хүний гэрийн ойролцоо хорон санаатан шиг бүү отож хүлээ.

Амьдарч байгаа газрыг нь бүү сүйтгэ.

16 Зөв хүн долоон удаа унасан ч босоод л ирнэ.

Хорон санаатан гамшиг тохиохын цагт нэгмөсөн унана.

17 Дайсан чинь унавал бүү баярла.

Бүдэрвэл дотроо бүү баяс.

18 Эс бөгөөс Ехова үүнийг хараад таалахгүй.

Дайсанд чинь уурлахаа болино.

19 Хорон санаатнуудаас болж бүү цухалд.

Муу хүмүүст бүү атаарх.

20 Учир нь хорон санаатай ямар ч хүнд ирээдүй байхгүй.

Муу хүний дэнлүү бөхнө.

21 Хүү минь, Ехова болон хаанаас эмээж яв.

Тэрс үзэлтнүүдтэй* бүү нийл.

22 Учир нь тэдэн дээр гамшиг гэнэт бууна.

Тэр хоёрыг* ямар гамшиг буулгахыг хэн ч үл мэднэ.

23 Дараах үг ч мэргэдийн үг юм.

Шүүх дээр тал засах нь сайн биш.

24 Муу хүнд «Чи бол зөв шударга» гэж хэлдэг хүнийг

Ард түмнүүд харааж, үндэстнүүд буруушаана.

25 Харин түүнийг зэмлэдэг хүмүүс дэвжин дээшилж

Их ивээл хүртэнэ.

26 Хүмүүс үнэнч шударгаар хариулдаг хүнийг хүндэлнэ*.

27 Гаднах ажлаа цэгцэлж, газар хөрсөө бэлд.

Дараа нь гэр орноо босго.

28 Үндэслэлгүйгээр хөршөө бүү буруутга.

Уруулаараа бусдыг бүү мэхэл.

29 «Тэр надад яаж хандсан шиг, би тэгж хандана.

Түүнд шанг нь хүртээнэ дээ» гэж бүү хэл.

30 Би залхуугийн ногооны талбай,

Ухаан муутын усан үзмийн талбайн хажуугаар өнгөрлөө.

31 Талбай нь зэрлэгт баригдчихсан,

Газар нь халгайд хучигдчихсан,

Чулуун хана нь нурчихсан байхыг би харлаа.

32 Үүнийг би ажиглаад өөртөө тусган авлаа.

Үүнийг би хараад дараах сургамжийг авлаа.

33 Жаахан унтаж, хэсэг зүүрмэглэн,

Гараа хумхин амрах зуур чинь

34 Ядуурал дээрэмчин мэт,

Гачигдал зэвсэг агссан хүн мэт ирэх ажээ.

25 Эдгээр нь бас Соломоны сургаал үг бөгөөд Иудагийн хаан Хезекиагийн албатууд сийрүүлэв*.

 2 Хэрэг явдлыг нууцлах нь Бурхны суу алдар.

Асуудлыг нарийвчлан шалгах нь хаадын суу алдар.

 3 Тэнгэр өндөр, газар гүн байдгийн адил

Хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.

 4 Мөнгийг хог шаараас нь салга.

Тэгвэл цалин цагаан болно.

 5 Хааны дэргэдээс хар санаатныг зайлуул.

Тэгвэл хаан шударга захирч, сэнтий нь бат тогтоно.

 6 Хааны өмнө биеэ бүү магт.

Алдартнуудын дунд суудал бүү эзэл.

 7 Учир нь язгууртны нүдэн дээр хаанд доромжлуулснаас

«Наашаа хүрээд ир» гэж хэлүүлсэн нь дээр.

 8 Заргалдах гэж бүү яар.

Хөрш чинь чамайг доромжилбол дараа нь чи яах юм бэ?

 9 Хэрэг явдлаа хөрштэйгөө ярилцаж шийд.

Чамд аминчлан ярьсныг* бүү задруул.

10 Тэгвэл сонсож байгаа хүн чамайг шившиг болгохгүй.

Тэгээд ч чиний тараасан хов живийг буцааж авах аргагүй шүү дээ.

11 Цагаа олсон үг

Сийлбэртэй мөнгөн аяган дахь алтан алимтай адил.

12 Мэргэн хүний зэмлэл нь зөөлөн чихтэй хүнд

Алтан ээмэг, шижир алтан гоёл мэт.

13 Ургац хураалтын аагим халуун өдөр сэрүү татсан цас* таатай байдгийн адил

Итгэмжит элч илгээсэн хүмүүстээ тийм байдаг.

Учир нь тэрбээр эзнийхээ сэтгэлийг сэргээдэг.

14 Бэлэг өгнө гэж ам бардам хэлчхээд өгөхгүй бол

Үүл хуралдаж, салхи салхилавч бороо орохгүйтэй адил.

15 Тэвчээртэй байвал захирагчийг ч ятгаж болдог.

Зөөлөн* яривал ясыг ч хугалж болдог.

16 Зөгийн бал олбол идэх хэмжээгээрээ л ид.

Хэтрүүлбэл бөөлжинө шүү.

17 Хөршийнхөөрөө хааяа л ор.

Эс тэгвэл тэр залхаж, чамд дургүй болно.

18 Бусдын талаар хуурамч мэдүүлэг өгдөг хүн

Бороохой, илд, хурц сумтай адил.

19 Зовох цагт найдваргүй* хүнд итгэх нь

Хугарсан шүдээр зажлах эсвэл доголон хөлөөр явахтай адил.

20 Гунигласан хүнд дуу дуулж өгөх нь

Хүйтэн өдөр хувцсаа тайлахтай адил.

Эсвэл шүлтэн* дээр цуу асгахтай адил.

21 Дайсан чинь өлссөн бол идэх талх өг.

Цангасан бол уух ус өг.

22 Тэгвэл чи шатаж буй нүүрсийг толгой дээр нь овоолж байгаа хэрэг*.

Ехова чамайг шагнана.

23 Умрын салхи хур бороо авчирдаг.

Хов жив уур хилэнг хөдөлгөдөг.

24 Хэрүүлч* эхнэртэй хамт нэг гэрт байснаас

Дээврийн буланд амьдарсан нь дээр.

25 Алсаас сайн мэдээ ирэх нь

Ангасан хүнд хүйтэн ус өгөхтэй адил.

26 Муу хүнд бууж өгдөг* зөв шударга хүн

Булингартсан булаг, бохирдсон худагтай адил.

27 Зөгийн бал хэтрүүлж идэх нь муу.

Өөртөө алдар нэр хайх нь ч сайн биш.

28 Уураа барьж* чаддаггүй хүн

Хэрэм нь нурсан хоттой адил.

26 Зун цас, ургацын үеэр бороо орох нь зохимжгүйн адил

Мунхаг хүнд хүндэтгэл зохихгүй.

 2 Шувуу зүгээр байж байгаад зугтдаггүй. Хараацай шалтгаангүй нисдэггүй.

Хараал ч бас шалтгаангүйгээр гардаггүй*.

 3 Моринд ташуур, илжгэнд хазаар зохидог бол,

Мунхгуудын нуруунд саваа зохино.

 4 Мунхаг хүнд мунхгаар нь бүү хариул.

Эс тэгвэл чи түүн шиг болно шүү.

 5 Мунхаг хүнд мунхгаар нь хариул.

Тэгвэл тэр өөрийгөө мэргэн цэцэн гэж бодохгүй.

 6 Мунхаг хүнд ажил даалгах нь

Хөлөө зэрэмдэглэж, өөрийгөө хохироохтой адил юм.

 7 Мунхгуудын амнаас гарах сургаал үг

Доголон хүний муу хөлтэй адил юм.

 8 Мунхаг хүнийг алдаршуулах нь

Дүүгүүрт чулуу уяж бөхлөхтэй агаар нэг.

 9 Мунхгуудын амнаас гарах сургаал үг

Согтуугийн гар дахь өргөст ургамалтай адил.

10 Тэнэгийг ажилд авах юм уу хажуугаар өнгөрөгчдийг хөлсөлдөг хүн

Хаа хамаагүй харваж байгаад хүмүүсийг* шархдуулдаг харваач лугаа адил.

11 Нохой бөөлжис дээрээ буцаж очдог шиг

Мунхаг хүн мунхаглалаа давтдаг.

12 Өөрийгөө мэргэн гэж боддог хүнийг чи харсан уу?

Мунхаг хүнд түүнээс ч илүү засрах найдвар бий.

13 Залхуу хүн: «Зам дээр залуу арслан байна.

Гудамж талбайд арслан байна!» гэдэг.

14 Хаалга нугасаараа эргэдэг шиг

Лазан хүн орон дээрээ хөрвөөдөг.

15 Лазан хүн тогоотой хоол руу гараа сунгадаг ч

Амандаа хийхээс залхуурдаг.

16 Залхуу хүн өөрийгөө

Мэргэн хариу өгдөг долоон хүнээс ч мэргэн гэж боддог.

17 Замаар явж байгаад бусдын хэрүүлээс болж уурлах нь*

Нохойн чихнээс зуурч авахтай адил.

18 Галт сум харваж, үхлийн жад шиддэг галзуу хүн байдаг.

19 Бусдыг хуурчхаад «Тоглосон юм!» гэж хэлдэг хүн түүнтэй адил.

20 Мод байхгүй бол гал унтарна.

Гүтгэгч байхгүй бол хэрүүл зогсоно.

21 Цог дээр нүүрс, гал дээр мод нэмж өрддөгийн адил

Хэрүүлч хүн хэрүүлийг дэвэргэдэг.

22 Гүтгэгчийн үг амтат зууш мэт бөгөөд

Залгивал шууд ходоодонд ордог.

23 Хар санаа өвөрлөгч энхрий ялдам үг хэлэх нь

Шавар ваарын хэлтэрхийг мөнгөөр бүрэхтэй агаар нэг.

24 Бусдыг үзэн яддаг хүн үзэн ядалтаа үг яриагаараа нуудаг ч

Дотроо бол заль мэхийг агуулж байдаг.

25 Эелдэг найрсаг ярьсан ч түүнд бүү итгэ.

Учир нь түүний зүрх сэтгэлд жигшүүртэй долоон зүйл бий*.

26 Үзэн ядалт нь заль мэхээр далдлагдсан ч

Хорон санаа нь олон түмэнд илчлэгдэнэ.

27 Нүх ухсан хүн нүхэндээ унана.

Чулуу өнхрүүлсэн хүн чулуундаа дарагдана.

28 Худалч хүн өөрт нь хууртсан хүмүүсийг үзэн яддаг.

Зусарч хүн сүйрэл учруулдаг.

27 Маргаашаар бүү сайрх.

Маргааш юу болохыг чи мэдэхгүй шүү дээ.

 2 Өөрийн чинь ам бус өөр хүн,

Өөрийн чинь уруул бус өрөөл бусад нь чамайг магтаг.

 3 Чулуу хүнд, элс жинтэй ч

Мунхгийн учруулдаг зовлон аль алинаас нь хүнд.

 4 Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн боловч

Хэн хардалтыг* тэсэх вэ?

 5 Далд хайраас ил зэмлэл дээр.

 6 Дайсны олон* үнсэлтээс

Үнэнч найзын учруулсан шарх нь дээр.

 7 Цатгалан хүн сархинагтай зөгийн балыг тоодоггүй.

Харин өлссөн хүнд гашуун юм ч чихэрлэг санагддаг.

 8 Гэрээсээ явсан хүн

Үүрээ орхисон шувуутай адил.

 9 Тос, анхилуун үнэртэн зүрх сэтгэлийг баясгадаг.

Чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг дотнын найз тийм юм.

10 Анд найзаа эсвэл эцгийнхээ андыг бүү орхи.

Аюул гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.

Алсад буй ах дүүгээс ойр буй хөрш чинь дээр.

11 Хүү минь, мэргэн байж намайг* баярлуул.

Тэгвэл намайг доромжлогч этгээдэд би бурууг нь баталж чадна.

12 Хэрсүү хүн аюулыг олж хараад зугтдаг бол,

Гэнэн хүн угтан явсаар горыг нь амсдаг.

13 Танихгүй хүний батлан даагч болсон хүнээс хувцсыг нь ав.

Харь эмэгтэйн* батлан даагч болсон хүнээс барьцаа ав.

14 Өглөө эрт чанга дуугаар мэндлэх* нь

Нөгөө хүнд хараал шиг сонсогдоно.

15 Хэрүүлч* эхнэр бороотой өдөр дусаал гоождог дээвэртэй адил.

16 Ийм эмэгтэйг номхруулж чаддаг хүн салхийг ч номхруулж,

Тосыг ч баруун гараараа атгаж чадна.

17 Төмөр төмрийг ирлэдэг шиг

Хүн анд нөхрөө хурцалдаг.

18 Инжрийн мод арчилдаг хүн жимсийг нь иднэ.

Эзэндээ санаа тавьдаг хүн хүндэтгэл хүлээнэ.

19 Хүн усанд туссан дүрсээ хардаг шиг

Өөрийгөө бусдаас олж хардаг.

20 Булш ба сүйрлийн газар* хэзээ ч ханаж цаддаггүйн адил

Хүний нүд ханаж цадахыг үл мэднэ.

21 Мөнгийг тогоонд, алтыг зууханд цэвэршүүлдэг шиг

Хүнийг магтаалаар шалгадаг.

22 Мунхаг хүнийг уур нүдүүрт хийж

Үр тариа шиг бяцаллаа ч

Мунхаг явдал нь салахгүй.

23 Сүргээ сайн мэд.

Хониндоо санаа тавь.

24 Эд баялаг мөнх бус.

Хааны титэм ч үүрд үе залгамжлахгүй.

25 Ногоон өвс үгүй болж, шинэ ногоо цухуйхад

Уулын өвсийг хаддаг.

26 Эр төлөгнүүд чамайг хувцаслаж,

Эр борлонгууд талбайн чинь үнийг төлнө.

27 Чамайг гэр бүлтэй чинь хооллох,

Шивэгчин охидыг чинь тэжээх ямааны сүү элбэг дэлбэг байна.

28 Хэн ч мөшгөөгүй байхад муу хүмүүс зугтдаг бол,

Зөв шударга хүмүүс арслан шиг зоригтой байдаг.

 2 Нутаг оронд хууль бус явдал гаарвал* захирагчид нь солигддог.

Харин ухааран ялгах чадвартай, мэдлэгтэй хүний ачаар захирагч удаан захирна.

 3 Дорд хүмүүсийг залилдаг ядуу хүн бол

Ургацыг юу ч үгүй сүйтгэдэг бороо лугаа адил юм.

 4 Хуулийг уландаа гишгэгчид муу хүмүүсийг магтдаг бол,

Хуулийг сахин биелүүлэгчид тэдэнд эгдүүцдэг.

 5 Бузар мууг үйлдэгчид шударга ёсыг ойлгодоггүй.

Еховагаар удирдуулахыг хүсэгчид бүгдийг ойлгодог.

 6 Завхарсан амьдралтай баянаас,

Үнэнч шударгаар явдаг ядуу нь дээр.

 7 Юм ойлгодог хүү хуулийг сахидаг бол,

Ховдгуудтай нийлдэг хүү эцгээ гутаадаг.

 8 Хүүний мөнгө, шударга бус ашгаар хөрөнгөө арвижуулдаг хүн

Ядууст сайныг үйлддэг хүний төлөө хурааж буй хэрэг.

 9 Хуулийг сахидаггүй хүний

Залбирал нь ч жигшүүртэй.

10 Шулуун шударга хүнийг төөрүүлж буруу замаар оруулагч нь ухсан нүхэндээ өөрөө унана.

Харин гэмгүй хүн сайныг өвлөнө.

11 Баян хүн өөрийгөө мэргэн гэж боддог бол,

Ядуу боловч ухааран ялгах чадвартай хүн түүнийг нэвт шувт хардаг.

12 Зөв шударга хүмүүс ялбал асар их баяр хөөр болдог.

Муу хүмүүс эрх баривал ард олон нуугддаг.

13 Нүглээ нуудаг хүн амжилт олохгүй.

Харин нүглээ илчилж, дахин хийхээ больдог хүн өршөөл энэрэл хүртэнэ.

14 Хэзээд сэрэмжтэй байдаг* хүн жаргалтай.

Харин зөрүүд* хүнд гай гамшиг учирна.

15 Сул дорой ард түмнийг захирдаг хар санаат удирдагч бол

Архирах арслан, дайрах баавгай лугаа адил юм.

16 Ухааран ялгах чадваргүй удирдагч эрх мэдлээ урвуулан ашигладаг.

Шударга бус ашгийг үзэн ядагч нь урт удаан амьдарна.

17 Хүний амь хөнөөсөн этгээд булшинд ортлоо зугтаж амьдарна.

Түүнийг хэн ч бүү дэмжиг.

18 Гэмгүй хүн аврагдана.

Үйлс нь гажуудсан хүн гэнэт сүйрнэ.

19 Газраа боловсруулдаг хүн хоол хүнсээр гачигдахгүй.

Дэмий юмны хойноос хөөцөлддөг хүн ядуурна.

20 Итгэмжит хүн их ивээл хүртэнэ.

Баяжих гэж яарагч нь нүгэл үйлдэнэ.

21 Тал засах нь сайн биш.

Гэвч хүн зүсэм талхны төлөө зүй бусыг үйлдэх нь бий.

22 Атаархуу* хүн ядуурах гэж байгаагаа ч үл мэдэн

Эд баялагт шунадаг.

23 Бусдыг зэмлэгч нь эцэстээ

Зусарч хүнээс ч илүү хүндэтгэл хүлээнэ.

24 Эцэг эхээ дээрэмдчихээд «Энэ буруу биш» гэж хэлдэг хүн

Сүйрэл учруулдаг хүний хань хамсаатан юм.

25 Шунахай* хүн эвдрэлцлийг өдөөдөг.

Еховад найддаг хүн дэвжин дээшилнэ.

26 Өөртөө* найддаг хүн мунхаг.

Үйлс нь мэргэн хүн аюулаас зайлна.

27 Ядууст өгдөг хүн юугаар ч үл дутна.

Харин тэднийг харахыг ч хүсдэггүй хүн дээр хараал их бууна.

28 Муу хүмүүс эрх баривал ард олон нуугддаг.

Харин тэднийг мөхөхөд зөв шударга хүн олширдог.

29 Өчнөөн зэмлүүлэвч зөрүүдэлсээр байдаг* хүн

Гэнэт сүйрээд дахин сэхэхгүй.

 2 Зөв шударга хүн олон байвал ард түмэн баярлана.

Муу хүн удирдвал ард түмэн ёолно.

 3 Мэргэн ухаанд дурлагч нь эцгээ баярлуулна.

Янхнуудтай нийлэгч нь эд баялгаа үрэн таран хийнэ.

 4 Шударга ёсыг дээдэлдэг хаан улс орноо тогтворжуулдаг.

Хээл хахууль авдаг хүн улс орноо сүйрүүлдэг.

 5 Хөршдөө бялдуучлах нь

Хөлд нь тор тавьж буй хэрэг юм.

 6 Муу хүн нүгэлдээ урхидуулдаг бол,

Зөв хүн баярлан хашхирч, баясан цэнгэдэг.

 7 Зөв хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол,

Хар санаатан тэдний тухай бодохыг ч хүсдэггүй.

 8 Сагсуурагчид хотод үймээн дэгдээдэг бол,

Мэргэн хүмүүс уур хилэнг намжаадаг.

 9 Мэргэн хүн мунхаг хүнтэй маргалдвал

Уурлаж хашхирсан, шоолж доромжилсон үг сонсохоос цаашгүй.

10 Алуурчид гэмгүй хүнийг үзэн яддаг.

Шулуун шударга хүний аминд хүрэхийг оролддог*.

11 Мунхаг хүн хамаг уураа гаргадаг бол,

Мэргэн хүн тайван байдаг.

12 Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбал

Албатууд нь бүгд бузар муу байх болно.

13 Ядуу хүн ба дарангуйлагчийн нийтлэг зүйл юу вэ?

Хэн хэнийг нь Ехова амьд байлгадаг*.

14 Хаан хүн ядуусыг шударгаар шүүсэн цагт

Сэнтий нь ямагт бат тогтоно.

15 Шийтгэл* зэмлэл хоёр мэргэн ухаан өгдөг бол,

Дураар нь тавьсан хүүхэд эхээ шившиг болгодог.

16 Хар санаатнууд олширвол гэм нүгэл ихэснэ.

Харин зөв шударга хүмүүс тэдний сүйрэхийг үзнэ.

17 Хүүгээ хүмүүжүүл*. Тэгвэл тэрбээр сэтгэлийг чинь амрааж,

Асар их баяр баясгалан бэлэглэнэ.

18 Бурхны удирдлага* байхгүй бол хүмүүс дур зоргоороо авирлана.

Харин хуулийг сахигчид жаргалтай.

19 Үг хэллээ гээд зарц засрахгүй.

Учир нь тэрбээр ойлгосон ч үгэнд ордоггүй.

20 Бодлогогүй ярьдаг хүнийг чи харсан уу?

Мунхаг хүнд түүнээс ч илүү засрах найдвар бий.

21 Зарцыг багаас нь эрхлүүлбэл

Эцэстээ талархаж мэддэггүй хүн болно.

22 Түргэн зантай хүн хэрүүл маргаан дэгдээдэг.

Амархан уурладаг хүн их нүгэл үйлддэг.

23 Бардам хүн шалдаа бууна.

Даруу хүн алдар хүндийг олно.

24 Хулгайчийн хамсаатан өөртөө гай тарьдаг.

Тэрбээр гэрчлэхээр дуудагдсан* ч мэдүүлэг өгдөггүй.

25 Хүнээс айх айдас бол занга юм.

Харин Еховад найддаг хүн хамгаалагдана.

26 Олон хүн захирагчтай уулзахыг* хүсдэг.

Гэвч шударга ёсыг тогтоодог нь Ехова юм.

27 Зөв шударга хүмүүс шударга бус хүнийг жигшдэг.

Хар санаат хүмүүс зөв юм хийдэг хүнийг жигшдэг.

30 Иакегийн хүү Агурын хэлсэн чухал үг. Тэрбээр энэ үгийг Итиел, Укал хоёрт айлджээ.

 2 Би хүн хүнээс илүү мунхаг юм.

Хүнд байх ёстой ухаарал надад алга.

 3 Би мэргэн ухаанд суралцаж явсангүй.

Хамгийн Ариун Нэгний мэдлэгийг ч эзэмшсэнгүй.

 4 Тэнгэрт гараад бууж ирсэн нь хэн бэ?

Хоёр алгандаа салхийг цуглуулсан нь хэн бэ?

Хувцсандаа усыг ороосон нь хэн бэ?

Дэлхийн бүх хязгаарыг тогтоосон нь хэн бэ?

Түүний болон хүүгийнх нь нэр хэн бэ? Мэддэг юм бол хэлээч.

 5 Бурхны хэлсэн үг бүр цэвэршүүлэгдсэн.

Тэрбээр өөрт нь хоргоддог хүмүүсийн бамбай юм.

 6 Түүний үгэн дээр юу ч бүү нэм.

Эс тэгвэл тэрбээр чамайг зэмлэж,

Чи худалч болох вий.

 7 Би танаас хоёр зүйлийг гуйя.

Үхэхээс минь өмнө биелүүлж өгөөч.

 8 Үнэн бус, худал хуурмаг бүхнийг надаас холдуулаач.

Намайг ядуу ч биш, баян ч биш байлгаач.

Зөвхөн хэрэгцээндээ таарсан хоол хүнстэй байхад туслаач.

 9 Тэгвэл би элбэг дэлбэг байгаадаа ханачхаад таныг үгүйсгэн «Ехова гэж хэн юм бэ?» гэж хэлэхгүй.

Эсвэл тартагтаа тулан хулгай хийж Бурхныхаа нэрийг гутаахгүй.

10 Боолыг эзэнд нь бүү гүтгэ.

Эс тэгвэл тэр чамайг харааж, чи буруутан болох вий.

11 Эцгээ хараадаг,

Эхээ ерөөдөггүй үеийнхэн бий.

12 Өөрсдийгөө цэвэр гэж боддог ч

Хир буртгаасаа салаагүй үеийнхэн бий.

13 Ихэмсэг нүдтэй,

Дээгүүр харцтай үеийнхэн бий.

14 Шүд нь илд,

Эрүү нь балиус болсон үеийнхэн бий.

Тэд хорвоогийн дорой буурай хүмүүсийг,

Хүн төрөлхтний дундах ядуусыг залгидаг.

15 Хануур хорхой «Авъя! Авъя!» гэдэг хоёр охинтой.

Ханаж цаддаггүй гурван зүйл бий.

«Хангалттай!» гэж хэзээ ч хэлдэггүй дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:

16 Булш* ба үргүй хэвлий,

Усгүй ангамал газар,

«Боллоо!» гэж хэзээ ч хэлдэггүй гал юм.

17 Эцгээрээ тохуурхаж, эхээ сонсохгүй зэвүүцдэг хүний нүдийг

Хөндийн* хэрээ ухаж,

Залуу бүргэд иднэ.

18 Миний ухаанаас хэтэрсэн* гурван зүйл,

Надад ойлгомжгүй дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:

19 Тэнгэрт нисэх бүргэдийн зам,

Хадан дээгүүр гулсах могойн зам,

Тэнгист хөвөх хөлөг онгоцны зам,

Залуу бүсгүйтэй хамт байх эр хүний зам юм.

20 Садар эм ямар байдаг вэ?

Юм идчихээд амаа арчин

«Би ямар ч буруу юм хийгээгүй» гэдэг.

21 Дэлхий гурван зүйлээс болж чичирдэг.

Дараах дөрвөн ч зүйлийг тэсдэггүй. Эдгээр нь:

22 Боол хүн хаан болох,

Тэнэг хүн хоол ундаар элбэг дэлбэг байх,

23 Бусдад үзэн ядагддаг* эмэгтэй хадамд гарах,

Шивэгчин нь эзэгтэйнхээ байрыг эзлэх явдал юм.

24 Газар дээрх дөрвөн ч зүйл өчүүхэн жижиг атлаа

Төрөлхийн мэргэн ухаантай*.

25 Шоргоолж хүчтэй амьтан биш ч

Зун хүнсээ базаадаг.

26 Хадны дорго чадалтай амьтан биш ч

Хаданд үүрээ засдаг.

27 Царцаанууд хаангүй хэр нь

Эрэмбээр* жагсан явдаг.

28 Геккон гүрвэл хөлөөрөө хананаас зуурдаг бөгөөд

Хааны ордонд ордог.

29 Алхах гишгэх нь сүртэй гурван зүйл,

Явах хөдлөх нь сүрлэг дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь:

30 Хэний ч өмнөөс ухардаггүй бөгөөд

Араатны дундаас хамгийн хүчтэй арслан,

31 Тайга нохой, ухна,

Их цэргийнхээ урд яваа хаан юм.

32 Хэрэв чи өөрийгөө өргөмжлөн мунхагласан бол,

Эсвэл ингэх гэж төлөвлөсөн бол

Гараараа амаа тагла.

33 Сүүг цохивол цөцгийн тос гарна.

Хамрыг мушгивал цус гарна.

Уурыг хүргэвэл хэрүүл гарна.

31 Лемуел хааны үг буюу эхийнх нь захиж хэлсэн үнэт сургаал.

 2 Хүү минь ээ,

Хэвлийн үр минь ээ,

Тангаргийн хөвгүүн минь ээ, ээжийнхээ үгийг сонсооч.

 3 Эмс охидоос болж хүчээ бүү бар.

Эзэн хаадыг сүйрүүлдэг зам дээр хөлөө бүү тавь.

 4 Дарс уух нь хаан хүнд зохихгүй ээ, Лемуел минь.

Хаан хүнд зохихгүй.

Архи сархад нэхэх нь захирагч хүнд зохихгүй.

 5 Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,

Дорд ядуусын эрхийг уландаа гишгэх вий.

 6 Мөхөж буй хүмүүст сархад барь.

Гашуун зовлон үзэж буй хүмүүст дарс хундагал.

 7 Тэд уугаад ядуу зүдүү амьдралаа мартаг.

Гай зовлонгоо дахиж бүү санаг.

 8 Өөрийгөө өмгөөлж чадахгүй хүмүүсийг өмгөөл.

Мөхөж байгаа бүхний эрхийг хамгаал.

 9 Тэднийг өмгөөлж шударгаар шүү.

Дорд ядуусын эрхийг хамгаал.

א [алэф]

10 Хэн сайн* эхнэр олж чадах вэ?

Тийм эхнэр эрдэнэсээс* ч үнэтэй.

ב [бэт]

11 Нөхөр нь түүнд зүрхнийхээ угаас итгэх бөгөөд

Юугаар ч үл дутна.

ג [гимэл]

12 Насан туршдаа тэрбээр

Эр нөхөртөө мууг бус, сайныг л үйлддэг.

ד [далэт]

13 Маалинга, ноосыг тэрбээр олж авдаг.

Маш баяртайгаар ажилладаг.

ה [хэ]

14 Худалдаачны хөлөг онгоцнууд мэт

Холоос хоол хүнсээ зөөдөг.

ו [вав]

15 Харуй бүрийгээр босож,

Хамаг гэрийнхнийхээ хоол ундыг бэлдэж,

Шивэгчин бүсгүйчүүлдээ ч хувь хүртээдэг.

ז [заяин]

16 Сайтар бодоод талбай худалдан авч,

Сайн ажиллаад* усан үзмийн цэцэрлэг байгуулдаг.

ח [хэт]

17 Хүнд хүчир ажилд ханцуй шамлан орж,

Өөрийн гараар шаргуу хөдөлмөрлөдөг.

ט [тэт]

18 Арилжаа наймаа нь ашиг өгнө гэж мэдээд

Шөнө дүл болтол дэнлүүгээ үл бөхөөнө.

י [еөд]

19 Нэг гартаа дамар,

Нөгөө гартаа ээрүүл барина.

כ [каф]

20 Гачигдагсдад гараа сунгадаг.

Ядууст алгаа дэлгэдэг.

ל [ламэд]

21 Цас ороход гэрийнхэндээ санаа зовохгүй.

Учир нь тэд бүгд дулаан хувцастай.

מ [мэм]

22 Орны бүтээлгээ өөрөө урладаг.

Маалинга, нил ягаан ноосон хувцас өмсдөг.

נ [нүн]

23 Хотын үүдэнд, нутгийн ахлагчдын дунд суугаа нөхрийг нь

Хүн бүхэн таньдаг.

ס [самэх]

24 Маалинган хувцас оёж худалдан,

Худалдаачдад бүс нийлүүлдэг.

ע [аяин]

25 Хүч чадалтай, цог золбоотой тэр бүсгүй

Ирээдүйгээ итгэлтэй хардаг.

פ [пэ]

26 Үг яриа нь цэцэн цэлмэг.

Үнэнч хайраар зааж сургадаг.

צ [цади]

27 Гэр орондоо болж буй бүхнийг ажигладаг бөгөөд

Залхуурахыг үл мэднэ.

ק [көф]

28 Үр хүүхэд нь босож зогсоод ээжийгээ жаргалтай хэмээнэ.

Нөхөр нь босож зогсоод түүнийг магтана.

ר [рэш]

29 «Сайн* эмэгтэйчүүд олон ч

Чи минь тэднээс илүү билээ» гэнэ.

ש [шин]

30 Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн зуурдынх* байж болно.

Харин Еховагаас эмээдэг эмэгтэй магтаал хүртэнэ.

ת [тав]

31 Хийж бүтээснийх нь шагналыг түүнд өг.

Ажил үйлсийнх нь төлөө түүнийг хотын хаалганы дэргэд магтах болтугай.

Эх еврей үг нь өргөн утгатай бөгөөд сахилга бат, сахилга батын арга хэмжээ авах, үг, сургаал, заавар, захиас, захиж хэлэх, хүмүүжил, хүмүүжүүлэх, алдааг засах, ятгалга, ятгах, уриалах, шийтгэл, шийтгэх, зөвлөгөө, зөвлөх гэх мэтээр орчуулж болдог.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Зөв шударга болж»

Эсвэл «шударга шүүдэг»

Эсвэл «шулуун шударга»

Эсвэл «уран жолоодлого; чамбай удирдлага»

Эсвэл «ёгт үлгэрийг»

Эсвэл «Еховаг бишрэн хүндлэх»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «хуулийг»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Хамт шавга хаяцгаая»

Эсвэл «Мөнгөний хүүдийг дундаа хэрэглэе»

Үгч. «тэдний хөл»

Эсвэл «заль мэх; зөвлөгөө»

Үгч. «үл таних». Ёс суртахууны хэм хэмжээг баримтлаагүйгээсээ болж Бурхнаас хөндийрсөн хүнийг хэлсэн бололтой.

Үгч. «Харь». Ёс суртахууны хэм хэмжээг баримтлаагүйгээсээ болж Бурхнаас хөндийрсөн хүнийг хэлсэн бололтой.

Үгч. «дотнын найзыг»

Эсвэл «Үнэнчээр явдаг»

Эсвэл «хуулийг»

Эсвэл «үнэнийг»

Эсвэл «Орлогынхоо»

Эсвэл «Усан үзэм шахдаг газар»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Өмнөх зүйлүүдэд дурдсан Бурхны зан чанаруудыг хэлсэн бололтой.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «хуулийг»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Ямар замаар явахаа нухацтай бод» гэсэн бололтой.

Үгч. «Үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Хүч чадал»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «урсгал»

Үгч. «үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.

Үгч. «Харь». Сур. 2:16-г үзнэ үү.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «хуулийг»

Эсвэл «чамайг сургана»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Үгч. «Харь». Сур. 2:16-г үзнэ үү.

Эсвэл «Золиосыг»

Эсвэл «Хуулийг»

Үгч. «үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.

Үгч. «харь». Сур. 2:16-г үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «мэргэн зүрхтэй бол»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Үгч. «тойрог»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «хаалганы минь дэргэд сэрүүн байж»

Мэргэн ухааныг хэлж байна.

Эсвэл «туршлагагүй хүмүүсээс сал»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «ялзарна»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «амийн зам дээр зогсдог» гэсэн бололтой.

Эсвэл «Хорон үг»

Эсвэл «удирддаг»

Эсвэл «илгээгчийнхээ»

Эсвэл «найдвар»

Эсвэл «дэлхий дээр хойшид амьдрахгүй»

Эсвэл «Бүрэн бүтэн чулуун туухай»

Эсвэл «Бурхангүй хүний»

Эсвэл «Шулуун шударга хүний ерөөлөөр» гэсэн бололтой.

Эсвэл «жигшдэг»

Эсвэл «Уран жолоодлого; Чамбай удирдлага»

Эсвэл «аврагдана»

Эсвэл «Дур булаам»

Эсвэл «Үнэнчээр хайрладаг»

Эсвэл «нэр хүндгүй болдог»

Эсвэл «Гэрийнхнээ шившиг болгодог»

Хүмүүсийг амийн зам дээр гарахад тусалдаг хүнийг хэлсэн бололтой.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «отон хэвтэх алуурчин мэт»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Хоорондоо зөвлөлддөг»

Шударга бусаар олсон баялгийг хэлсэн бололтой.

Эсвэл «Итгэж найдаж байсан»

Эсвэл «Биелсэн хүсэл амийн мод юм»

Эсвэл «Үгийг»

Эсвэл «хууль»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Зэмлэхэд»

Эсвэл «тэр хүнийг хөнөөж»

Эсвэл «хүмүүжүүлдэггүй». Үгч. «саваанаас хэлтрүүлэгч»

Эсвэл «цаг алдалгүй» гэсэн бололтой.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «мунхаг явдлаараа бусдыг хуурдаг» гэсэн бололтой.

Эсвэл «ууртай»

Эсвэл «Амгалан зүрх биед амь өгдөг»

Эсвэл «Зөөлөн»

Эсвэл «Өвтгөхөөр»

Эсвэл «Эдгээдэг хэл»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Зэмлэхэд»

Эсвэл «ургац»

Эсвэл «Замаасаа хазайдаг хүнд сахилга батын арга хэмжээ хатуу санагддаг»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Евр. «абаддон». «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «хөөцөлддөг»

Эсвэл «Илэн далангүй ярилцахгүй»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «хилийг»

Эсвэл «гэрийнхнээ шившиг болгодог»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Бурхан үнэнчээр хайрладаг, итгэмжит учраас гэмийг цайруулдаг» гэсэн бололтой.

Үгч. «үүнээс зайлсхийдэг»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Далдуур үймүүлдэг»

Эсвэл «Алдрын»

Эсвэл «Анир чимээгүй»

Эсвэл «торгох»

Эсвэл «жигшдэг»

Эсвэл «өгөөмөр хүний»

Эсвэл «Үглээ»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «зөвлөгөө»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Ургац хураана гэж горьдовч юу ч олохгүй» гэсэн бололтой.

Эсвэл «шигшдэг»

Эсвэл «Хоёр өөр чулуун туухай, хоёр өөр хэмжих савны»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «хүний»

Эсвэл «Уран жолоодлогын; Чамбай удирдлагын»

Эсвэл «Үг яриагаараа бусдыг уруу татдаг»

Эсвэл «Хоёр өөр чулуун туухайг»

Эсвэл «“Ариун!” гэж яаран хэлчхээд»

Эсвэл «амьсгал»

Үгч. «Бэртэл ба шарх»

Эсвэл «ашиг тусаа өгнө»

Эсвэл «Үхлээ эрж буй хүмүүсийн хувьд замхрах манан юм» гэсэн бололтой.

Эсвэл «Үглээ»

Эсвэл «Үглээ»

Эсвэл «хотын хэрэм өөд авирч»

Эсвэл «Шившигтэй юм хийсэн»

Эсвэл «Уур хилэнгийн саваа нь хугарна»

Үгч. «Еховагийн мэлмий»

Үгч. «Үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.

Эсвэл «залуу хүний»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Үгч. «Сахилгын саваа түүнээс мунхаглалыг холдуулна»

Эсвэл «Гар барин амладаг хүмүүстэй бүү нөхөрлө»

Эсвэл «Өөрийгөө хорь»

Эсвэл «Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэсэн бололтой.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Саваадлаа»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «саваад»

Үгч. «чиний зүрх»

Үгч. «Миний зүрх»

Үгч. «Миний бөөр»

Эсвэл «Дарс хэтрүүлж уудаг, мах ховдоглож иддэг хүмүүстэй бүү нөхөрлө»

Эсвэл «олж»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Үгч. «Харь». Сур. 2:16-г үзнэ үү.

Эсвэл «уух гэж цугладаг»

Эсвэл «Уух юм дахиад олъё»

Эсвэл «Гэр орныг»

Эсвэл «Уран жолоодлогын; Чамбай удирдлагын»

Эсвэл «амжилт олно; аврагдана»

Эсвэл «Мунхаг хүний заль мэх нүгэлд хүргэдэг»

Эсвэл «Хандлагыг»

Эсвэл «Хувьсгал хийхийг хүсэгчидтэй»

Ехова, хаан хоёрыг хэлж байна.

Үгч. «хүний уруул дээр үнсэнэ». Эсвэл «Шулуун шударгаар хариулах нь үнсэхтэй адил» гэсэн бололтой.

Эсвэл «хуулж, эмхтгэв»

Эсвэл «Бусдын нууцыг»

Уулаас буулгаж авчирсан цас бололтой.

Эсвэл «Дөлгөөн»

Эсвэл «итгэл эвддэг» гэсэн бололтой.

Эсвэл «сода»

Нүүрс шатаан төмрийн хүдэр хайлуулдаг шиг сайн үйлс хийн хүний сэтгэлийг зөөлрүүлэхийг хэлжээ.

Эсвэл «Үглээ»

Үгч. «Муу хүний өмнө гуйвдаг»

Эсвэл «Биеэ захирч»

Эсвэл «Шувуу зугтан оддог. Хараацай нисэн өнгөрдөг. Зохисгүй хараал ч бас хажуугаар өнгөрдөг» гэсэн бололтой.

Эсвэл «Бүх хүнийг»

Эсвэл «бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь» гэсэн бололтой.

Эсвэл «Учир нь түүний зүрх сэтгэл тэр аяараа жигшүүртэй»

Эсвэл «атаархлыг»

Эсвэл «чин сэтгэлийн бус» гэсэн бололтой.

Үгч. «миний зүрхийг»

Эсвэл «хүний»

Үгч. «хүнийг ерөөх»

Эсвэл «Үглээ»

Эсвэл «Шеол ба абаддон»

Эсвэл «бослого гарвал»

Эсвэл «Бурхнаас үргэлж эмээдэг»

Үгч. «зүрхээ хатууруулдаг»

Эсвэл «Шунахай»

Эсвэл «Бардам» гэсэн бололтой.

Үгч. «Зүрхэндээ»

Үгч. «хүзүүгээ хатууруулдаг»

Эсвэл «Харин шулуун шударга хүн гэмгүй хүний амийг хамгаалахыг хичээдэг» гэсэн бололтой.

Эсвэл «Ехова хэн хэнийх нь нүдийг гэрэлтүүлдэг»

Үгч. «Саваа»

Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Үгч. «Үзэгдэл»

Эсвэл «хараан тангараглахыг сонссон»

Эсвэл «захирагчийн таалалд багтахыг» гэсэн бололтой.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Сайрын»

Эсвэл «Миний хувьд дэндүү гайхамшигтай»

Эсвэл «Бусдын хайрыг татдаггүй»

Эсвэл «Дэндүү ухаантай»

Эсвэл «Бүлэг бүлгээр»

Эсвэл «чадварлаг»

Үгч. «шүрнээс». «Үгийн тайлбар»-аас «Шүр»-ийг үзнэ үү.

Эсвэл «Олсон мөнгөөрөө»

Эсвэл «Чадварлаг»

Эсвэл «хоосон»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах