Ёс суртахуун, найдвартай луужин адил хүүхдийн явах замыг заадаг
ЭЦЭГ ЭХ
7. Ёс суртахуун
ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
Ёс суртахуун бол хүний амьдралдаа дагавал зохих хэм хэмжээ юм. Жишээ нь, та аливаад үнэнч шударга байх гэж хичээдэг биз дээ? Өөрийнхөө баримталдаг тэр зарчмыг үр хүүхдэдээ зааж сургахыг хүсэх нь ойлгомжтой.
Бас энэ нь ёс зүйтэй байна гэсэн үг. Жишээ нь, ёс зүйтэй хүн ажилч хичээнгүй, шударга байдаг, бусдыг боддог. Ийм зан чанарыг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх тусмаа сайн.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй» (Сургаалт үгс 22:6).
ЯАГААД ЧУХАЛ БЭ?
Технологийн эрин үед ёс суртахуун амин чухал. Карин гэдэг ээж: «Өнөө үед гар утас, таблетаар хэзээ л бол хэзээ муугаар нөлөөлөх юм үзэж харж болдог болсон. Харсаар байтал цаадуул чинь гар утсаараа муу муухай юм үзнэ шүү» гэж хэлжээ.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Төлөвшсөн хүмүүс ... дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» (Еврей 5:14).
Ёс зүй бас амин чухал. Ёс зүйтэй байлгана гэдгээр эелдэг боловсон занд сургахыг бас хэлнэ. «Баярлалаа», «уучлаарай» гэх мэт наад захын үгийг заах хэрэгтэй. Техник хэрэгслийг хүнээс илүү анхаардаг, ёс зүй гэдгийг мэдэхээ байсан өнөөгийн нийгэмд хүүхдээ бусдад санаа тавьдаг хүн болгох хэрэгтэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд» (Лук 6:31).
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Ямар зарчим, хэм хэмжээ баримталдгаа хэлээрэй. Жишээ нь, гэр бүл болохоос өмнө бэлгийн харьцаанд орох нь буруу гэдгийг өсвөр насны хүүхдэд тодорхой хэлж өгвөл тийм явдлаас хол явдаг нь судалгаанаас харагддаг.
ЗӨВЛӨГӨӨ: Ёс суртахууныг заахдаа сүүлийн үед болсон үйл явдлын тухай ярьж эхлээрэй. Жишээ нь, мэдээгээр аймшигтай гэмт хэргийн тухай гарахад та: «Хүмүүс яахаараа ингэж бусдад уураа гаргаж чаддаг байна аа? Яагаад ингэдэг юм бол? Чи юу гэж бодож байна вэ?» гэж асууж болох юм.
«Зөв бурууг заалгаагүй хүүхэд юу нь зөв, юу нь бурууг ялгаж чаддаггүй»—Брендон.
Ёс зүйг заах нь. Заагаад өгвөл балчир хүүхэд ч «баярлалаа», «уучлаарай» гэж хэлдэг. Бас хүнийг хүндэлж сурдаг. Нэгэн номонд «Ертөнц өөрөөр нь хязгаарлагдахгүй, гэр бүл, сургууль, нийгэм гээд их өргөн хүрээтэйг хүүхэд ойлгох тусам хувиа хичээдэггүй бусдыг гэсэн сэтгэлтэй, эелдэг хүн болдог» гэж бичжээ (Parenting Without Borders).
ЗӨВЛӨГӨӨ: Гэрийн ажил хийлгэвэл хүүхэд бусдын төлөө юм хийхийн сайхныг ойлгодог.
«Хүүхдүүд маань багаасаа гэрийн ажил хийгээд сурчихвал бие дааж амьдрахаараа шоконд орохгүй. Үүрэг хариуцлагаа аль хэдийн ухамсарлаад сурчихсан байдаг»—Тара.