ХАВСРАЛТ
Хурлаас хасагдсан хүнд хэрхэн хандах вэ?
Гэр бүлийн гишүүн, хамаатан садан, эсвэл дотнын найзыгаа нүгэл үйлдээд гэмшээгүйн улмаас хурлаас хасагдахыг нь үзэх шиг гашуун зовлон христиан хүнд тэр бүр тохиолддоггүй болов уу. Ийм л үед Библийн зарчмыг сахивал Бурханд хэр зэрэг хайртайгаа, хэм хэмжээнд нь хэр зэрэг үнэнчээ батлан харуулна.a Энэ сэдэвтэй холбоотой хэдэн асуултыг авч үзье.
Хурлаас хасагдсан хүнд хэрхэн хандах вэ? Библид: «Ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй» гэж байдаг (1 Коринт 5:11). Бас «Христийн сургаал дотор байдаггүй» хэнийг ч болов «гэртээ бүү оруул. Түүнтэй мэндэлж болохгүй. Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг» гэж бичжээ (2 Иохан 9–11). Бид хурлаас хасагдсан хүнтэй итгэл нэгтний болон найз нөхрийн хувиар харьцах ёсгүй. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1981 оны 9-р сарын 15-ны дугаарын 25-р хуудсанд: «Хүнтэй мэндлэх нь яриа өрнүүлэх, цаашлаад нөхөрлөх анхны алхам хийсэнтэй адил байж болох юм. Бид хурлаас хасагдсан хүнтэй харьцах санаачилга гаргахыг яавч хүсэхгүй» гэж тэмдэглэжээ.
Харьцаж огт болохгүй юу? Болохгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хурлаас хасагдсан хүнтэй харьцахгүй байвал, юуны түрүүнд, Бурханд болон Бурхны Үгэнд үнэнч байгаагаа харуулна. Еховад захирагдахад амар байсан ч, хэцүү байсан ч бид түүнд захирагдан, дуулгавартай байдаг. Бид Бурхныг халамжтай, шударга, хууль тушаалаа хүний сайн сайхны төлөө өгдөг гэж ойлгоод хайрладаг учир бүх тушаалыг нь сахидаг (Исаиа 48:17; 1 Иохан 5:3). Хоёрдугаарт, гэмшдэггүй нүгэлтэнтэй харьцахгүй байх нь өөрсдийгөө ч, хурлынхаа бусад гишүүнийг ч сүнслэг талаар болон ёс суртахууны хувьд хамгаалж, христиан хурлын нэр төрийг өргөдөг (1 Коринт 5:6, 7). Гуравдугаарт, Библийн зарчмыг чанд мөрдвөл хурлаас хасагдсан хүнд тус болох талтай. Эрхзүйн хорооны шийдвэрийг баримталбал ахлагчдын хичээл зүтгэлийг тоохгүй байсан тэр хүний зүрх сэтгэлийг хөндөж болох юм. Хурлаас хасагдсан хүн итгэл нэгтэй дотнын хүмүүсээ алдахлаараа хэчнээн их ноцтой хэрэг хийснээ ойлгож «ухааран», Ехова руу эргэхийн тулд шаардлагатай алхам хийж магадгүй (Лук 15:17).
Гэр бүлийн гишүүн юм уу хамаатан садан хурлаас хасагдвал яах вэ? Гэр бүлийн гишүүн хурлаас хасагдлаа гэхэд энэ нь бусдад нь хүнд сорилт болдог. Тийм хүнд хэрхэн хандах вэ? Байж болох бүх нөхцөл байдлыг тоочин бичих аргагүй тул түгээмэл гардаг хоёр тохиолдлыг авч үзье.
Хурлаас хасагдсан хүн гэрийнхэнтэйгээ нэг дор амьдардаг бол... Тухайн хүн хурлаас хасагдсан ч гэр бүлийн гишүүн хэвээрээ учир гэр бүлийнхээ өдөр тутмын ажил амьдралд урьдын адил оролцдог. Гэсэн ч гэр бүлийнхнээсээ сүнслэг харьцаагаа таслахаар шийдсэнээ үйл хэргээрээ нэгэнт харуулсан тул Еховад үнэнч гэрийнхэн нь түүнтэй итгэл нэгтний хувиар харьцах учиргүй. Тухайлбал, хурлаас хасагдсан хүнийг өөрийнх нь саналаар гэр бүлийн хичээлд байлцуулж болох ч оролцуулах ёсгүй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхэд хурлаас хасагдсан бол эцэг эх нь хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүргээ урьдын адил хүлээнэ. Тиймээс, хүүхэдтэйгээ Библийн хичээл хийж болох юмb (Сургаалт үгс 6:20–22; 29:17).
Хурлаас хасагдсан хүн гэрийнхнээсээ тусдаа амьдардаг бол... Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэр бүлийн асуудлаар тухайн хүнтэй харьцах хэрэг хааяа гарч болох ч тийм харьцааг аль болохоор хязгаарлах хэрэгтэй. Бурханд үнэнч христианууд хурлаас хасагдсан, нэг дор амьдардаггүй хамаатантайгаа харьцах аян шалтаг хайдаггүй. Тэд Ехова Бурхандаа болон байгууллагад нь үнэнч байхыг хүсдэг учир нүгэлтнийг хурлаас хасах Библийн үндэстэй арга хэмжээг дэмжин сахидаг. Тэд хурлаас хасагдсан хүний тусын тулд, сахилга батын арга хэмжээний ач тусыг хүртээсэй гэсэндээ тийн ханддагc (Еврей 12:11).
a Энэ асуудлаарх Библийн зарчмыг Еховагийн Гэрч байхаа сайн дураараа больсон хүмүүст хандахдаа ч баримтлах хэрэгтэй.
b Эцэг эхтэйгээ хамт амьдардаг, хурлаас хасагдсан насанд хүрээгүй хүүхдэд хэрхэн хандах талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 10-р сарын 1-ний дугаарын 9-р хуудас (монгол), 1988 оны 11-р сарын 15-ны дугаарын 20-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү (англи).
c Хурлаас хасагдсан гэр бүлийн гишүүн болон хамаатан садандаа хэрхэн хандах талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1988 оны 4-р сарын 15-ны дугаарын 26–31-р хуудас, 1981 оны 9-р сарын 15-ны дугаарын 26–31-р хуудсыг дэлгэрэнгүй үзнэ үү (англи).