Бурхны гэрэл харанхуйг сарниадаг!
«ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг» (2 САМУЕЛ 22:29).
1. Гэрэл амь хоёр ямар холбоотой вэ?
«БУРХАН: „Гэрэл бий болог!“ гэсэнд гэрэл бий болов» (Эхлэл 1:3). Бүтээлийн талаар тийнхүү өгүүлдэг «Эхлэл» номд Еховаг дэлхий дээрх амьдралыг тэтгэгч гэрлийн эх булаг гэж тодорхойлдог. Түүнчлэн Ехова бидний амьдралын замыг заах амин чухал сүнслэг гэрлийн эх булаг мөн (Дуулал 43:3). Давид хаан: «Амийн эх булаг нь Танд бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг» гэж бичсэнээрээ сүнслэг гэрэл амь хоёр салшгүй холбоотой болохыг харуулсан (Дуулал 36:9).
2. Паулын хэлснээр, гэрэл юутай салшгүй холбоотой вэ?
2 Давидын үеэс хойш 1 000-аад жилийн дараа элч Паул Коринт хотын христиан хуралд бүтээлийн тухай дурдан бичсэн захидалдаа: «„Харанхуйгаас гэрэл гэрэлтэг!“ гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн» гэж бичин Еховагийн өгдөг мэдлэг гэрэл хоёр салшгүй холбоотой болохыг харуулсан (2 Коринт 4:6). Тэгвэл энэ гэрэл бидэнд яаж хүрдэг бол оо?
Библи бол гэрэл дамжуулагч
3. Ехова Библиэр дамжуулан ямар гэрэл өгдөг вэ?
3 Ехова гол төлөв онгод оруулсан Үг Библиэрээ дамжуулан сүнслэг гэрэл өгдөг. Тийм учраас Библи судалж, Бурхнаас ирдэг мэдлэгтэй болсноороо бид өөрсдөдөө гэрэл тусгаж байгаа хэрэг юм. Еховаг Библиэр дамжуулан сүнслэг гэрэл өгөхөд нь бид түүний санаа зорилгын тухай, хүсэл тааллыг нь яаж биелүүлэх тухай мэдэж авдаг. Энэ нь бидний амьдралыг утга учиртай болгож, сүнслэг хэрэгцээгээ хангахад тусалдаг билээ (Номлогчийн үгс 12:1; Матай 5:3, ШЕ). Есүс Мосегийн хуулиас: «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» хэмээн иш татаж, сүнслэг хэрэгцээгээ анхаарах ёстойг маань онцолсон (Матай 4:4; Дэд хууль 8:3).
4. Есүс ямар утгаараа «ертөнцийн гэрэл» бэ?
4 Есүс сүнслэг гэрэлтэй салшгүй холбоотой. Тэр өөрийгөө «ертөнцийн гэрэл» гэж нэрлээд: «Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно» хэмээсэн (Иохан 8:12). Энэ үгээс бид Есүсийн гол үүрэг бол Еховагийн үнэнийг хүн төрөлхтөнд дамжуулах явдал байсныг ойлгож авдаг. Хэрэв харанхуйгаас зугтаж, Бурхны гэрэлд алхахыг хүсвэл Есүсийн хэлсэн бүхнийг сонсож, Библид бичигдсэн түүний жишээ болон сургаалыг чанд сахих ёстой.
5. Есүсийг нас барсны дараа дагалдагч нарт нь ямар үүрэг оногдсон бэ?
5 Есүс үхэхээсээ хэдхэн хоногийн өмнө өөрийгөө гэрэл гэж дахин нэрлээд, шавь нартаа: «Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно» гэжээ (Иохан 12:35, 36). «Гэрлийн хөвгүүд» бологсод Библийн «эрүүл үгийн жишээнд» суралцжээ (2 Тимот 1:13, 14). Тэгээд тэд чин зүрхтэй хүмүүсийг харанхуйгаас Бурхны гэрэлд гаргахдаа энэхүү эрүүл үгийг ашигладаг байв.
6. Бид 1 Иохан 1:5-аас гэрэл ба харанхуйн тухай ямар үндсэн ойлголтыг олж авдаг вэ?
6 Элч Иохан: «Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй» хэмээн бичжээ (1 Иохан 1:5). Гэрэл, харанхуйн хооронд ялгаа байдгийг анхаараарай. Сүнслэг гэрэл Еховагаас гардаг бол сүнслэг харанхуй нь түүнтэй ямар ч холбоогүй. Тэгвэл харанхуйн эх булаг нь хэн бэ?
Сүнслэг харанхуйн эх булаг
7. Ертөнцийг бүрхсэн сүнслэг харанхуйн цаана хэн байдаг вэ? Тэр нь хүмүүст яаж нөлөөлдөг вэ?
7 Элч Паул «эд юмсын энэхүү тогтолцооны бурхан» (ШЕ) гэж хэлэхдээ цаанаа Сатан Диаволын тухай өгүүлжээ. Тэрээр цааш нь Сатан «үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ» гэсэн байна (2 Коринт 4:4). Олон хүн Бурханд итгэдэг гэдэг ч Диавол байдагт итгэдэггүй. Яагаад? Тэд өөрсдийнх нь бодол санаанд нөлөөлөх чадвартай муу ёрын нууцлаг хүч байдаг гэдэгт итгэхийг хүсдэггүй. Гэлээ ч гэсэн Диавол оршин байдаг бөгөөд үнэний гэрлийг үзэхгүй болтол нь хүмүүст нөлөөлдөг гэдгийг Паул хэлсэн. Сатаныг «бүх ертөнцийг мэхлэгч» хэмээн тодорхойлсон зөгнөлд түүнийг хүний бодол санаанд нөлөөлөх хүчтэй болохыг баталжээ (Илчлэлт 12:9). Өнөөдөр Сатаны нөлөө бүх дэлхий даяар тархсан учраас зөнч Исаиагийн: «Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучна» гэсэн зөгнөл Еховад үйлчилдэггүй бүх хүн дээр биелж байна (Исаиа 60:2).
8. Сүнслэг харанхуйд байгчид зүг чигээ алддаг нь юунаас харагддаг вэ?
8 Түнэр харанхуйд юу ч харагддаггүй. Нэг бол төөрнө эсвэл зүг чигээ алдана. Үүнтэй адил, сүнслэг харанхуйд байгчид ухаарах чадваргүй болж, сүнслэг талаараа зүг чигээ амархан алддаг. Тэд үнэнийг худлаас, сайныг муугаас ялгаж чадахаа больдог. Зөнч Исаиа тийм харанхуйд байгаа хүмүүсийн талаар: «Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!» гэжээ (Исаиа 5:20). Сүнслэг харанхуйд байгчид харанхуйн бурхан Сатан Диаволын нөлөөнд орсон байдаг тул гэрэл ба амийн эх булгаас хөндийрчээ (Ефес 4:17–19).
Харанхуйгаас гэрэлд гарах амаргүй
9. Ердийн болоод сүнслэг харанхуй ёс бус хүмүүсийг хэрхэн татдагийг тайлбарлана уу.
9 Ёс бус хүмүүс ердийн харанхуйд дурладаг болохыг үнэнч Иов анзаарч: «Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, „Намайг нэг ч нүд харахгүй“ хэмээн нүүрээ тагладаг» гэжээ (Иов 24:15). Мөн тэд сүнслэг харанхуйд бүрмөсөн захируулчихсан байдаг. Элч Паул, сүнслэг харанхуйд урхидуулсан хүмүүсийн хувьд садар самуун, хулгай, шунал, архидалт, хараал, дээрэм зэрэг нь жирийн явдал байсан тухай өгүүлжээ. Тэгвэл Бурхны Үгийн гэрэлд ирсэн ямар ч хүн өөрчлөгдөж болдог байна. Паул Коринтынхонд бичсэн захидалдаа тийн өөрчлөгдөж болдгийг тодорхой хэлсэн. Коринтын христиануудаас олон хүн урьд нь харанхуйн үйл хэрэгт орооцолдсон байсан хэдий ч Паул тэдэнд: «Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурхны Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм» хэмээн хэлжээ (1 Коринт 6:9–11).
10, 11. а) Есүс хүнд хараа оруулж өгөхдөө хэрхэн халамж үзүүлсэн бэ? б) Олон хүн яагаад гэрэлд дургүй байдаг вэ?
10 Хүн түнэр харанхуйгаас гэрэлд гарч ирэхдээ нүдээ хэсэг зуур гэрэлд дасгах шаардлагатай болдог. Есүс Бетсайд хотод нэгэн сохор хүнийг энэрэнгүйгээр, аажим аажмаар эдгээсэн. «Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс: „Чи ямар нэгэн юм харж байна уу?“ гэж асуухад, нөгөө хүн хараад: „Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна“ гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ» (Марк 8:23–25). Есүс тэр хүний нүдийг нарны хурц гэрэлд дасгахын тулд аажим аажмаар хараа оруулсан бололтой. Тэр хүн хараатай болсондоо хэчнээн их баярласныг төсөөл дөө!
11 Гэтэл туслуулан байж сүнслэг харанхуйгаас үнэний гэрэл уруу алгуурхнаар гарч ирсэн хүмүүсийн баярлан хөөрөх нь бүр ч харьцуулшгүй. Бид тэдний баярлан хөөрөхийг харахдаа, бусад нь яагаад гэрэлд дургүй байдаг байна аа гэж гайхаж болох юм. Есүс үүний учрыг: «Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй» хэмээн тайлбарласан (Иохан 3:19, 20). Үнэндээ, олон хүн садар самуун амьдрах, бусдыг дарлах, хууран мэхлэх, луйвардах, хулгай хийх зэргээр «бузрыг» үйлдэх дуртай байдаг болохоор Сатаны сүнслэг харанхуй бол тэдний хүсээд байдаг аятай орчин нь юм.
Гэрлийн тусламжтайгаар амжилт гаргаж байна
12. Еховагийн гэрэл бидэнд ямар ач тустай вэ?
12 Бид гэрлийн мэдлэгийг хүлээн авсан цагаасаа хойш яаж өөрчлөгдсөн бол оо? Хааяа, өнгөрснөө эргэн харж, сүнслэг талаар ямар амжилт гаргаснаа бодож үзэх нь сайн байдаг. Ямар ямар муу зуршлаа хаясан бэ? Амьдралынхаа юуг засаж залруулж чадсан бэ? Ирээдүйн төлөвлөгөөгөө яаж өөрчилсөн бэ? Бид Еховагийн ариун сүнсний тусламжтайгаар зан байдал, бодол санаагаа цаашид өөрчилсөөр байвал сүнслэг гэрлийг хүлээн авч байгаагаа харуулна (Ефес 4:23, 24). Паул үүнийг: «Та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна» хэмээн өгүүлжээ (Ефес 5:8, 9). Еховагийн гэрлээр удирдуулбал амьдрал маань утга учиртай, бид өөрсдөө итгэл найдвартай болоод зогсохгүй эргэн тойрныхныгоо ч жаргалтай болгоно. Тийн өөрчлөгдөхийг маань хараад Ехова яасан их баярладаг бол оо! (Сургаалт үгс 27:11).
13. Гэрэл өгсөнд нь Еховад талархдагаа хэрхэн илэрхийлж болох вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?
13 Еховагийн гэрлийг тусгасан цагт амьдрал маань аз жаргалтай болдог бөгөөд үүний төлөө талархаж байгаагаа Библиэс сурч мэдсэнээ гэрийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө, бусад хүнтэй хуваалцаж харуулдаг (Матай 5:12–16; 24:14). Дэлгэрүүлэх ажил болон христиан сайн үйлс маань, биднийг сонсохоос татгалздаг хүмүүст зэмлэл болдог. Паул: «Эзэнд юу тааламжтайг нягтлан хянагтун. Үрсгүй харанхуйн үйлсэд оролцолгүй, харин тэднийг зэмлэгтүн» гэж тайлбарлажээ (Ефес 5:10, 11, МАБ). Харанхуйг орхиж, гэрлийг хүлээн авахад нь бусдад туслахын тулд бидэнд эр зориг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь, бусдыг өрөвдөн, санаа тавьж, үүрдийн сайн сайхных нь төлөө тэдэнтэй үнэний гэрлийг хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсэх ёстой (Матай 28:19, 20).
Хуурамч гэрлээс сэрэмжлэгтүн!
14. Гэрэлтэй холбоотой ямар асуудлыг анхаарах хэрэгтэй вэ?
14 Шөнөжин задгай тэнгист хөвсөн далайчид гэрэл гэгээ үзээд магнай тэнийн баярладаг. Дээр үед англичууд далайн шуурганаар хөлөг онгоцыг аюулгүй газар явуулахын тулд эргийн хадан цохион дээр гал асааж, гэрэл гаргадаг байв. Далайчид аюулгүй боомтыг заах уг гэрлийн төлөө баярлан талархдаг байжээ. Гэтэл зарим гэрэл хуурамч байдаг байж. Хөлөг онгоцнууд боомтод очихын оронд эргийн хадан цохиог мөргөн сүйрч, ачаа бараа нь дээрэмчдийн олз болдог байв. Хуурамч гэрэлд татагдан, сүнслэг сүйрэлд өртөхгүйн тулд бид энэхүү хуурмаг ертөнцөд сэрэмжтэй байх ёстой. «Сатан... өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг» гэдэг. Сатаны үйлчлэгчид, тэр дундаа тэрслэгчид ч мөн л ялгаагүй «өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргадаг» «зальтай ажилчид» юм. Хэрэв бид тэдний хуурамч тайлбарыг анхаарч сонирхоод байвал Библийг Еховагийн үнэний Үг гэдэгт эргэлзэж, итгэл маань суларч мэднэ (2 Коринт 11:13–15; 1 Тимот 1:19).
15. Амь уруу хөтөлдөг зам дээрээ үлдэхэд маань юу туслах вэ?
15 «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл мөн» хэмээн дуулалч бичжээ (Дуулал 119:105). Тийм ээ, «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» бидний халамжит Ехова Бурхан «амь уруу хөтөлдөг нарийн замыг» хурцаар гэрэлтүүлдэг билээ (1 Тимот 2:4; Матай 7:14). Библийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх нь тэр нарийн замаасаа гараад харанхуйн зам уруу орохгүй байхад хамгаалалт болж өгдөг. Паул: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай» гэж бичжээ (2 Тимот 3:16). Бид Бурхны Үгнээс суралцаж байж сүнслэгээр өсдөг. Библийн гэрэлд өөрөө өөрийгөө зэмлэж, эсвэл шаардлагатай үед хурлын халамжит хоньчид биднийг зэмлэдэг. Тэгснээр «залруулагддаг» бөгөөд амь уруу хөтөлдөг замаас гарахгүйн тулд «зөвт байдал дотор [даруухнаар] чиглэдэг».
Гэрэлд талархалтайгаар алхагтун
16. Гайхамшигт гэрэл өгснийх нь төлөө Еховад хэрхэн талархаж болох вэ?
16 Гайхамшигт гэрэл өгдөгт нь Еховад хэрхэн талархаж болох вэ? «Иохан» номын 9-р бүлэгт бичсэнээр, Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээсэн нь тэр хүний талархах сэтгэлийг хөдөлгөжээ. Талархлаа яаж илэрхийлсэн бэ? Тэр хүн Есүсийг Бурхны Хүү мөн гэж итгээд, «эш үзүүлэгч» хэмээн ил тод хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бас, Есүсийн үйлдсэн гайхамшгийг басамжлахыг оролдсон хүмүүсийн өөдөөс зоригтойгоор ярьсан (Иохан 9:17, 30–34). Элч Петр христиан хурлын тослогдсон гишүүдийг «Бурхны эзэмшлийн ард түмэн» гэж нэрлэжээ. Учир нь тэд Есүсийн эдгээсэн сохор хүн шиг талархах сэтгэлтэй билээ. Тэд өөрсдийг нь «харанхуйгаас... Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг тунхаглан» өглөгийн Эзэн Еховадаа талархлаа илэрхийлдэг (1 Петр 2:9; Колоссай 1:13). Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс ч мөн адил талархах сэтгэлтэй бөгөөд тослогдсон ах дүү нараа дэмжин, Еховагийн «давуу чанаруудыг» олон нийтэд тунхагладаг. Ямар үнэлж баршгүй онцгой эрхийг Ехова төгс бус хүмүүст өгөө вэ!
17, 18. а) Хүн бүр ямар үүрэгтэй вэ? б) Христианууд бид Тимотын юуг дуурайх хэрэгтэй вэ?
17 Үнэний гэрлийг чин сэтгэлээсээ үнэлж үзэх нь нэн чухал. Бидний хэн маань ч үнэний мэдлэгтэй төрөөгүйг санах хэрэгтэй. Зарим нь насанд хүрсэн хойноо үнэнийг мэдэж, харанхуйг гийгүүлэгч гэрлийн давуу талыг хурдан олж харсан байгаа. Заримд нь Бурхнаас эмээгч эцэг эхийн хайр халамжид өсөж өндийх аз тохиосон. Тэдний хувьд гэрэл бол зүгээр л байх ёстой зүйл шиг санагдаж болох юм. Нэгэн Гэрч эмэгтэйн эцэг эх өөрийг нь төрөхөөс өмнө Еховад үйлчилж байжээ. Тиймд тэрээр үнэнийг багаасаа мэддэг болсон ч түүнийхээ ач холбогдол, хэр чухал болохыг ойлгохын тулд хэчнээн их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаснаа ний нуугүй ярьжээ (2 Тимот 3:15). Хөгшин ч бай, залуу ч бай, бид бүгдээрээ Еховагийн илчилж өгсөн үнэний төлөөх гүн талархлаа хөгжүүлэх шаардлагатай.
18 Залуу Тимот «Ариун Бичээсүүдийг бага наснаасаа» заалгасан ч, Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилж байж л төлөвшсөн христиан болсон (2 Тимот 3:15). Ингэснээрээ, «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» хэмээн уриалсан элч Паулд туслах болсон билээ. Бүгдээрээ, Тимот шиг, өөрсдийгөө ичгэвтэр байдалд оруулах юм уу Еховаг биднээс ичээх ямар ч юм хийхгүй байцгаая! (2 Тимот 2:15).
19. а) Бид бүгдэд Давидын хэлсэнтэй санал нийлэх ямар үндэс бий вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
19 Үнэний гэрлийг өгсөн Еховаг магтах бүрэн үндэс бидэнд бий. Бид Давид хааны адилаар: «ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг» гэдэг (2 Самуел 22:29). Харин харанхуйгаас аврагдчихаад, буцаад орчихгүйн тулд хэт маадайн эрдэж болохгүй. Иймд Бурхны үнэн бидний амьдралд хэчнээн чухал болохыг мэдэхэд маань дараагийн өгүүлэл тусална.
Та юу мэдэж авсан бэ?
• Ехова сүнслэг гэрлээ яаж өгдөг вэ?
• Энэ ертөнц сүнслэг харанхуйд автсанаас болоод бид ямар бэрхшээлтэй учирдаг вэ?
• Ямар ямар аюулаас зайлсхийх ёстой вэ?
• Үнэний гэрлийн төлөө талархаж явдгаа хэрхэн харуулж болох вэ?