Еховагийн эсрэг хэзээ ч бүү «хилэгнэн дайрагтун»
«Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна» (СУР. 19:3).
1, 2. Еховаг хүн төрөлхтөнд тулгарч буй бэрхшээлийн буруутан гэж үзэх ёсгүйн учир юу вэ? Тайлбарлана уу.
НЭГЭН хүнийг гэртээ иртэл хамаг юмыг нь сүйтгэчихсэн байна гэнэ. Ширээ сандал, тавилга хэрэгсэл нь эвдэрч хэмхрээд, аяга шаазан нь хагараад, хивс нь дэвсэхийн аргагүй муухай болчихож. Яг л гамшиг болсон гэлтэй. Тэр хүн юу бодох бол? Олон жил жаргал зовлонгоо хуваалцаж яваа ханиа буруутгах уу? Үгүй л болов уу. Хайртай хань нь орон гэрээ сүйтгэхгүй нь мэдээж шүү дээ. Харин «Хэн ингэчихээ вэ?» гэж дуу алдах байх.
2 Хүн төрөлхтний орон гэр болсон эх дэлхий маань эвдрэн сүйдэж байна. Ус, агаар, хөрс бохирдож, хүчирхийлэл, ёс бус байдал газар авчээ. Харин энэ бүхэнд Ехова буруугүйг бид Библи судлаад мэддэг болсон. Тэрбээр манай гаригийг үзэсгэлэн төгөлдөр жаргалын орон байхаар бүтээсэн (Эх. 2:8, 15). Ехова Бурхан бол хайрын Эх булаг юм (1 Иох. 4:8). Дэлхий дахинд тулгараад буй энэ бүх бэрхшээлийн гол буруутан нь «ертөнцийн захирагч» Сатан Диавол гэдгийг Библи хэлж өгдөг (Иох. 14:30; 2 Кор. 4:4).
3. Хүн зовлон үзэхлээрээ хэнийг буруутгаж эхэлдэг вэ?
3 Гэхдээ болж бүтэхгүй бүхнээ Сатан руу чихэж болохгүй. Яагаад? Хүн өөрийнхөө буруугаас болоод зовлон амсах нь бий (Дэд хууль 32:4–6-г уншина уу). Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг хэр нь төгс бусын гайгаар буруу дүгнэж, улмаар үхлийн зам руу орж болзошгүй (Сур. 14:12). Яаж тэр вэ? Өөрийгөө юм уу Сатаныг буруутгахын оронд Еховаг буруутгаж эхэлдэг. Тэр байтугай, Еховагийн «эсрэг хилэгнэн дайрч» мэднэ (Сур. 19:3).
4, 5. Христиан хүн Еховагийн «эсрэг хилэгнэн дайрна» гэж байх уу? Тайлбарлана уу.
4 Христиан хүн Еховагийн «эсрэг хилэгнэн дайрна» гэж байх уу? Ингэх нь ухаалаг хэрэг биш ээ (Ис. 41:11). Бурхантай тэмцээд ялна гэж байхгүй. Ер нь, Еховагаас боллоо гэж хэлэх хүн бидний дундаас гарахгүй биз ээ. Гэхдээ Сургаалт үгс 19:3-т «Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна» гэж байдаг. Тийм ээ, хүн зүрх сэтгэл дотроо Бурханд уурлан хилэгнэдэг. Энэ нь үйл хэргээр нь илэрдэг. Жишээлбэл, хурлынхнаасаа хөндийрөх юм уу Хаанчлалын ажлыг дэмжихээ больж магадгүй.
5 Хүн юунаас болоод Еховагийн «эсрэг хилэгнэн дайрч» мэдэх вэ? Энэ урхинд орохгүйн тулд яах вэ? Ехова Бурхантай үргэлж дотно байя гэвэл эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй.
ХҮН ЮУНААС БОЛООД ЕХОВАГИЙН «ЭСРЭГ ХИЛЭГНЭН ДАЙРЧ» МЭДЭХ ВЭ?
6, 7. Мосегийн үеийн израильчууд ямар учраас Еховад дургүйцсэн бэ?
6 Юунаас болоод үнэнч хүн ч зүрх сэтгэл дотроо Еховад уурлаж болзошгүй вэ? Таван шалтгааныг ярилцъя. Мөн ийм урхинд орсон хүмүүсийн талаар Библиэс авч үзье (1 Кор. 10:11, 12).
Таагүй яриа муу нөлөөтэй (7-р догол мөрийг үзнэ үү)
7 Бусдаас сонссон таагүй яриа муугаар нөлөөлдөг (Дэд хууль 1:26–28-ыг уншина уу). Ехова израильчуудын төлөө юу хийснийг бодож үзье. Тэрбээр Египетэд арван гамшиг учруулж, фараоныг армитай нь Улаан тэнгист живүүлсэн. Израильчуудыг ингэж чөлөөлжээ! (Ег. 12:29–32, 51; 14:29–31; Дуу. 136:15). Гэтэл израильчууд Амласан газрын босгонд тулж ирчихээд байхдаа Еховад дургүйцэж эхлэв. Юунаас болоод итгэл нь алдарсан юм бол? Тэр нутгийг тандахаар явсан зарим туршуулын авчирсан муу мэдээг сонсоод зориг нь мохож, айдаст автсан аж (Тоол. 14:1–4). Үүний харгайгаар «сайхан газар» луу орох эрхгүй болсон (Д.хууль 1:34, 35). Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Хүнээс сонссон таагүй ярианаас болж итгэл алдран, Еховад дургүйцэж, ард түмнээ удирдах аргыг нь эс таашааж мэдэх юм.
8. Исаиагийн үеийн Бурхны ард түмэн юунаас болоод Еховаг буруутгасан бэ?
8 Хэцүү асуудал, зовлон бэрхшээл тулгарахад сэтгэлээр унадаг (Исаиа 8:21, 22-ыг уншина уу). Исаиагийн үеийн Иудагийн ард түмний амьдрал хар дарсан зүүд мэт байлаа. Тэд дайсагнасан үндэстнүүдийн дунд хоол хүнсээр хомс, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байв. Хамгийн аймшигтай нь сүнслэг өлсгөлөнд нэрвэгджээ (Ам. 8:11). Гэсэн ч Еховагаас тусламж гуйхын оронд «хаанаа болон Бурханаа хараасан». Зовлон туулсныхаа бурууг Бурханд тохжээ. Бид ч бас гай зовлон, хэцүү бэрх асуудлаас болоод зүрх сэтгэл дотроо «Хэрэгтэй үед минь Ехова надад тусалсангүй» гэж хэлж магадгүй.
9. Езекиелийн үеийн израильчууд яагаад «Эзэний зам нь зөв бус» гэж боддог байсан бэ?
9 Бид бүх учрыг мэдэхгүй. Езекиелийн үеийн израильчууд бүх учир шалтгааныг мэдэхгүйн улмаас «Эзэний зам нь зөв бус» гэж боддог байжээ (Езе. 18:29). Ингэснээрээ өөрсдийгөө Бурхны шүүгчээр өргөмжилж, дутуу дулимаг ойлголтдоо тулгуурлан Еховаг шүүсэн. Бид ч бас амьдралд тохиолдсон явдал юм уу Библид бичсэн түүхийг гүйцэд сайн ойлгоогүй хэр нь Еховагийн «зам нь зөв бус» гэж сэтгэл дотроо хэлж болзошгүй (Иов 35:2).
10. Ямар хүнийг Адамтай адилтгаж болох вэ?
10 Нүгэл үйлдэж, алдаа гаргачихаад буруугаа бусдад нялзаадаг. Анхны хүн Адам нүгэл үйлдчихээд Бурхныг буруутгажээ (Эх. 3:12). Тэрбээр Бурхны хуулийг санаатайгаар зөрчсөнөө, ямар үр дагавар амсахаа ч сайн мэдэж байсан. Гэсэн хэдий ч буруугаа Еховад тохож муу эхнэр өгснөөс нь болоод нүгэл үйлдсэн мэтээр ярьдаг. Тэр цагаас хойш гэмээ Бурхан руу чихдэг Адам шиг хүн олон болсон. Өөртөө дараах асуултыг тавьцгаая. «Би алдаа гаргахлаараа бухимдаж, Ехова хэтэрхий хатуу шаардлага тавьдаг гэж боддог юм биш биз?».
11. Ионагаас ямар сургамж авч болох вэ?
11 Зөвхөн өөрийгөө л боддог болдог. Ехова Ниневегийн ард түмнийг өршөөн хэлтрүүлсэнд зөнч Иона уурлажээ (Иона 4:1–3). Яагаад тэр вэ? Ниневе хотыг устгах гэж байгааг тунхагласан боловч хэлснээр нь устгаагүй тул хуурамч зөнч гэж хэлүүлэхээсээ айжээ. Ниневечүүдийг гэмшихэд нь баярлахын оронд нэр төрөө бодсон. Бид бас Ионагийн алдааг давтах юм биш биз? Жишээ нь, Еховагийн өдөр удахгүй болно гэж олон жил дэлгэрүүлсэн хүн бидний дунд цөөнгүй бий. Гэтэл тэр өдөр одоо ч болоогүй байна шүү дээ гэж шүүмжилбэл яах вэ? Тэвчээр алдан Еховад уурлах уу? (2 Петр 3:3, 4, 9).
ЕХОВАГИЙН «ЭСРЭГ ХИЛЭГНЭН ДАЙРАХГҮЙН» ТУЛД ЯАХ ВЭ?
12, 13. Яавал Еховад уурлахгүй вэ?
12 Еховатай санал нийлэхгүй юм гарвал яах вэ? Өөрийгөө зөвтгөх нь ухаалаг хэрэг биш гэдгийг санаарай. Ямар ч үед Еховад уурлахгүй байхад тус болох таван зүйлийг ярилцъя.
13 Еховатай үргэлж дотно байгаарай. Бурхантай үргэлж дотно байвал түүнд уурлахгүй (Сургаалт үгс 3:5, 6-г уншина уу). Еховад найддаг байх нь амин чухал. Бас «өөрийнхөө нүдний өмнө ... мэргэн байх» юм уу зөвхөн хувиа хичээдэг болохоос болгоомжлох нь зүйтэй (Сур. 3:7; Ном. 7:16). Ингэвэл юу ч болж байсан Ехова Бурхнаа буруутгахгүй.
14, 15. Таагүй ярианд автахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
14 Хүмүүс таагүй юм яривал тэдний ярианд бүү автаарай. Мосегийн үеийн израильчууд Амласан газар луу орж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй байв. Учир нь Ехова тэдэнд туслах нь гарцаагүй байлаа (Дуу. 78:43–53). Гэтэл тэд арван туршуулын авчирсан муу мэдээг сонсоод Бурхан өөрсдийнх нь төлөө юу хийснийг умартсан (Дуу. 78:42). Бид Еховагийн хийсэн бүхнийг эргэцүүлэн боддог бол Еховатай улам дотно болно. Ингэвэл хүмүүс Еховагаас хөндийрүүлэх муу юм ярьсан ч тоохгүй өнгөрнө (Дуу. 77:11, 12).
15 Итгэл нэгтэндээ дургүй байдаг бол яах вэ? Еховатай тогтоосон харьцаанд маань сэв сууна (1 Иох. 4:20). Аароныг тэргүүн тахилчаар томилоход израильчууд дургүйцдэг. Тэгэхэд нь Ехова өөрийг нь эсэргүүцэж байна гэж үзсэн (Тоол. 17:10). Хэрэв бид байгууллагынх нь дэлхий дэх хэсгийг удирддаг хүмүүст дургүйцэж гомдолловол Еховад дургүйцэж байгаа хэрэг юм (Евр. 13:7, 17).
16, 17. Зовлон бэрхшээл тулгарсан үед юу санах ёстой вэ?
16 Ехова зовлон учруулдаггүйг санаарай. Исаиагийн үеийн израильчууд өөрөөс нь нүүр буруулсан ч Ехова тэдэнд туслахад хэзээд бэлэн байсан (Ис. 1:16–19). Өнөөгийн бидэнд ч санаа тавьж, тусалдаг (1 Петр 5:7). Бас аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болгодог. Энэ бүхнийг бодохлоор сэтгэл уужирдаг (1 Кор. 10:13).
17 Еховад үнэнч байсан Иов ч зовлон үзсэн. Бид бас шударга бус явдлаас болж зовохыг үгүйсгэх аргагүй. Тэглээ гэхэд Ехова буруугүйг санах хэрэгтэй. Бурхан шударга бус явдлыг үзэн яддаг, харин «зөв ба шударга байдлыг хайрладаг» (Дуу. 33:5). Бид Иовын найз Елихугийн адилаар «Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» гэж хэлдэг байя (Иов 34:10). Ехова хэзээ ч зовлон бэрхшээл учруулдаггүй, харин «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» өгдөг (Иак. 1:13, 17).
18, 19. Бид Еховад яагаад эргэлзэх ёсгүй вэ? Тайлбарлана уу.
18 Еховад хэзээ ч бүү эргэлзээрэй. Бурхан бол төгс бөгөөд бодол санаа нь биднийхтэй харьцуулшгүй агуу билээ (Ис. 55:8, 9). Хэрэв бид даруу байвал бүх юмыг бүрэн гүйцэд ойлгож чадахгүйгээ хүлээн зөвшөөрнө (Ром 9:20). Үнэндээ бол, хүн аливаа асуудлыг нэгд нэгэнгүй ойлгосон байх нь ховор. «Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг» гэсэн сургаал үгийн үнэнийг та биеэрээ үзсэн байх (Сур. 18:17).
19 Та итгэж найддаг дотны найзынхаа хийж байгаа зүйлийг ойлгохгүй бол, юу юуны туханд хүрэлгүй, шууд л буруутгах уу? Яалаа гэж дээ. Гайхаж хачирхсан ч урьдынхаараа хандана биз дээ? Хүн төгс бус найздаа ийнхүү энэрэнгүй ханддаг бол бүхнийг төгс хийдэг, хэнтэй ч харьцуулшгүй агуу ухаантай тэнгэрийн Эцэгтээ бүр ч их найдах нь зүйн хэрэг!
20, 21. Тулгарч буй бэрхшээлийнхээ жинхэнэ шалтгааныг бодож үзэх хэрэгтэйн учир юу вэ?
20 Тулгарч буй бэрхшээлийнхээ жинхэнэ шалтгааныг бодож үзээрэй. Ямар учраас тэр вэ? Хүн өөрийнхөө буруугаас болоод зовж шаналах үе байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (Гал. 6:7). Еховаг буруутгах нь ухаалаг биш. Үүний учрыг ойлгохын тулд жишээ авъя. Нэг жолооч машинаараа хурд хэтрүүлэн явж байгаад огцом эргэхдээ онхолджээ. Тэгвэл машин үйлдвэрлэсэн газрыг буруутгах уу? Юу гэж дээ! Ехова биднийг сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээсэн. Түүгээр зогсохгүй, зөв шийдвэр гаргахад тустай удирдамж заавар өгдөг. Тэгвэл бид зааврыг нь зөрчиж алдаа гаргачихаад Бүтээгчээ буруутгах нь зөв гэж үү?
21 Гэхдээ бид зөвхөн өөрөөсөө болоод зовдог юм биш ээ. Заримдаа «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» гардаг (Ном. 9:11, ШЕ). Түүнчлэн муу муухай бүхний гол буруутан нь Сатан Диавол гэдгийг мартаж болохгүй (1 Иох. 5:19; Илч. 12:9). Бидний дайсан Сатан болохоос, Ехова биш шүү дээ! (1 Петр 5:8).
ЕХОВАТАЙ ТОГТООСОН ХАРЬЦААГАА ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ
Иошуа Калеб хоёр Еховад найдаад ивээл хүртсэн (22-р догол мөрийг үзнэ үү)
22, 23. Зовж шаналан сэтгэлээр унавал яах нь зүйтэй вэ?
22 Зовж шаналах үедээ Еховагийн үнэнч үйлчлэгч Иошуа Калеб хоёрыг санаарай. Тэд сайн мэдээ авчирснаараа арван туршуулаас ялгаатай байсан билээ (Тоол. 14:6–9). Еховад итгэдгээ үйлсээрээ баталсан ч израильчуудтай хамт 40 жил цөлөөр тэнүүчилжээ. Иошуа Калеб хоёр үүнийг шударга бус гэж үзээд дургүйцэн гомдоллосон уу? Үгүй, гомдоллож байгаагүй. Харин ч Еховад итгэж найдаж байсан учраас ивээл хүртсэн. Ихэнх израильчууд цөлд байхдаа үхэцгээсэн. Харин тэр хоёр Амласан газар орсон юм (Тоол. 14:30). Бид бас Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийн төлөө «шантрахгүй байвал» ивээл хүртэнэ (Гал. 6:9; Евр. 6:10).
23 Өөрийнхөө эсвэл бусдын буруугаас болоод зовж шаналан сэтгэлээр унавал яах вэ? Ехова хэчнээн гайхалтай зан чанартайг санаарай. Ирээдүйд ямар ивээл хүртэхээ төсөөлж бодоорой. «Еховатай танилцаагүй бол миний амьдрал ямар байх байсан бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Бурхантайгаа үргэлж дотно байгаарай. Түүний эсрэг хэзээ ч бүү «хилэгнэн дайраарай»!