Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 6/15 х. 8-11
  • Ханиасаа салсан нэгэндээ тусалъя—Яаж?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ханиасаа салсан нэгэндээ тусалъя—Яаж?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • СЭТГЭЛ ЗҮЙН ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТ
  • ГУТРАНГИ ҮЗЭЛТЭЙГЭЭ ТЭМЦЭХ НЬ
  • ГАНЦААРДАЖ ГУНЬХРАХЫН ЦАГТ
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 6/15 х. 8-11

Ханиасаа салсан нэгэндээ тусалъя—Яаж?

Нөхрөөсөө салсан итгэл нэгтнээ тайвшруулж буй эмэгтэй

Таны таньдаг хүмүүсийн дунд ханиасаа салсан хүн цөөнгүй байдаг биз ээ. Гэр бүл салалт өнөө үед түгээмэл болжээ. Гэрлээд гурваас зургаан жил болсон 30 настай хүмүүсийн дунд салалт хамгийн их байдгийг Польшид явуулсан судалгаа харуулжээ. Гэхдээ зөвхөн энэ насныхан салдаг юм биш ээ.

«[Европт] буй хосуудын тэн хагас нь салах төлөвтэй байгааг судалгаа харуулж байна» гэж Испани дахь гэр бүл судалдаг байгууллагаас мэдээлжээ. Хөгжингүй орнуудад иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна.

СЭТГЭЛ ЗҮЙН ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТ

Салалт ямар хор уршигтай вэ? Зүүн Европт амьдардаг гэр бүл судлаач: «Гэр бүлээ албан ёсоор цуцлуулахаас өмнө нөхөр эхнэр хоёр аль хэдийн салчихсан байдаг. Ийнхүү хөндийрч, харьцаагаа таслах нь хүний сэтгэлд гүн шарх үлдээдэг» гээд цааш нь «Уурлаж хорсох, гэмшиж харуусах, гуньж гутрах, урам хугарах, ичиж зовох зэргээр сэтгэл зүйд огцом өөрчлөлт гардаг» гэжээ. Тэр байтугай амиа хорлох тухай бодох нь ихэсдэг байна. «Гэр бүл цуцлах асуудлыг шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэсний дараа сэтгэлийн зовлон даамжирдаг. Туйлын их ганцаардаж, зожгорсноос болоод “Салчихсан юм чинь одоо би хэн юм бэ? Би ер нь юуны төлөө амьдрах болж байна аа?” гэж боддог».

Эваa гэдэг эмэгтэй: «Гэр бүлээ цуцлуулсны дараа хөршүүд, хамт ажилладаг хүмүүс намайг “нөхрөөсөө салсан эмэгтэй” гэж хэлэхэд аймаар ичдэг байж билээ. Уур маш их хүрдэг байсан. Хоёр хүүхдийнхээ ээж нь ч, аав нь ч болдог байлаа» хэмээн хэдэн жилийн өмнөхөө дурссан юм. Ахлагч болоод 12 жил болсон Адам: «Эхнэрээсээ салснаас хойш би өөрийгөө хүндэтгэхээ больсон. Үүнээсээ болоод заримдаа уурлаж бухимдан, бүх хүнээс холдож ганцаараа баймаар санагддаг болсон» гэжээ.

ГУТРАНГИ ҮЗЭЛТЭЙГЭЭ ТЭМЦЭХ НЬ

Ханиасаа салаад олон жил өнгөрсөн ч зарим хүн ирээдүйдээ санаа зовж, дотроо тэмцэлдсээр байдаг. Намайг гэх хүн алга гэж бодох нь ч бий. Нэг сэтгүүлчийн хэлснээр, тэд «дадал зуршлаа өөрчилж, асуудлыг дангаараа шийдэж сурах» шаардлагатай болдог аж.

Станисваф: «Салсны дараа хоёр жаахан охинтойгоо уулзах гэхлээр ээж нь уулзуулахгүйг хичээдэг байв. Намайг хэн ч тоохоо больчихож, Ехова хүртэл намайг хаячихаж гэж бодон, амьд явах ямар ч хүсэлгүй болсон. Гэхдээ буруу бодож байснаа яваандаа ойлгосон» гэсэн юм. Ванда гэдэг эмэгтэй бас салсныхаа дараа ирээдүйдээ их санаа зовж байжээ. Тэрбээр: «Хэсэг хугацаа өнгөрөхөд хүмүүс, тэр дундаа итгэл нэгтнүүд маань бид хэдэд санаа тавихаа болино доо гэж бодож байлаа. Гэхдээ тэд манайхаар байнга орж гарч байсан. Дөрвөн хүүхдээ Еховад үйлчилдэг хүн болгож өсгөхөд минь хэчнээн их тус болсныг би одоо л сайн ойлгож байна» гэжээ.

Хань ижлээсээ салсны дараа зарим хүн гутранги үзэлд автдагийг дээрх хүмүүсийн ярианаас та ойлгосон биз ээ. Тийм хүмүүс өөрсдийгөө дорд үзэж, хэнд ч хэрэггүй гэж боддог. Үүний зэрэгцээ бусдыг шүүмжилдэг болж мэдэх юм. Ингэсний уршгаар хурлынхныгаа хүйтэн хөндий, хүний зовлон ойлгодоггүй гэж боддог болж магадгүй. Гэхдээ ханиасаа салсан хүмүүс итгэл нэгтнүүдийнхээ хайр халамжийг яваандаа ойлгодгийг Станисваф Ванда хоёрт тохиолдсон явдал харуулдаг. Эхэндээ л анзаарагддаггүй болохоос, итгэл нэгтнүүдийнх нь тус дэм үнэхээр их ээ!

ГАНЦААРДАЖ ГУНЬХРАХЫН ЦАГТ

Ханиасаа салсан итгэл нэгтнүүддээ туслах гэж чадах бүхнээ хийсэн ч тэд маань үе үе ганцаарддагийг мартаж болохгүй. Ялангуяа, эмэгтэйчүүд гуньж гутрах нь их байдаг. Алициа: «Нөхрөөсөө салаад найман жил өнгөрсөн ч хааяа гутардаг л юм. Тийм үед би ганцаархнаа байхыг хүсдэг. Тэгээд өөрийгөө өрөвдөөд уйлдаг» гэжээ.

Салсан хүмүүс ганцаардаж гуньхрах нь их байдаг ч зожгорохгүй байхыг Библи зөвлөдөг. Энэ зөвлөгөөг дагахгүй бол «хамаг саруул ухааны эсрэг тэрсэлж» болзошгүй (Сур. 18:1). Гэхдээ зожгорохгүй байхыг хичээж байна гээд эсрэг хүйсийн хүнд байн байн хандаж зөвлөгөө хүсэх юм уу тайвшрах гэж оролдох нь мунхаг явдал юм. Ингэвэл гэрлэх боломжгүй хэрнээ хайр сэтгэлтэй болох аюултай.

Ханиасаа салсан итгэл нэгтэн маань ирээдүйдээ санаа зовох, ганцаардах, өөрийгөө хэнд ч хэрэггүй боллоо гэж бодох зэргээр сэтгэл санаанд нь огцом өөрчлөлт гарч болох юм. Ийм хүнд үед нь тэднийгээ ойлгохыг хичээцгээе. Еховаг дууриан чин сэтгэлээсээ санаа тавьж, тусалж дэмжицгээе (Дуу. 55:22; 1 Петр 5:6, 7). Жинхэнэ анд нөхрийн ёсоор тусалсанд маань тэд талархах нь лавтай (Сур. 17:17; 18:24).

a Зарим нэрийг өөрчлөв.

Салалтын талаар зөв үзэлтэй байх нь

Еховагийн үйлчлэгч бид Библийн зарчмыг баримталдаг учраас гэр бүл болох асуудалд нухацтай ханддаг. Малахи 2:16-д Бурхан: «Би салалтыг үзэн яддаг» хэмээн тодорхой хэлсэн байдаг. Нөхөр эхнэр хоёрын хэн нэг нь завхайрсан тохиолдолд л салж болно. Энэ бол гэрлэлтээ цуцлуулж болох Библийн үндэстэй цорын ганц шалтгаан юм. Тиймээс христиан хүн өөр хүнтэй гэрлэхийн тулд Библийн үндэслэлгүйгээр ханиасаа салах шалтаг хайх нь ноцтой нүгэл болно (Эх. 2:22–24; Д.хууль 5:21; Мат. 19:4–6, 9).

Итгэл эвдсэн ханиасаа салсан нэгэндээ хурлынхан нь тус дэм болдог. Тэд Ехова Бурхнаа дууриан «эмтэрсэн зүрхтэй» ах дүүсийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг (Дуу. 34:15, 18; Ис. 41:10).

ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

Ханиасаа салаад сэтгэл нь шархалсан хүмүүст хэрхэн туслах вэ? Библид юу гэж байдгийг үзэж, итгэл нэгтнүүдээсээ туршлага судалцгаая.

Анхааралтай сонсоорой (Сур. 16:20, 23).

Ер нь, хүн ханиасаа салсан шалтгаанаа нэгд нэгэнгүй тоочоод байх хүсэлгүй байдгийг ойлгоорой. Тэр үед нь юм яриулах гэвэл сэтгэлийн шархыг нь эдгээх бус, харин ч сэдрээж мэдэх юм (Сур. 12:25; Ром 12:15). Хүний зовлонг ойлгож, анхааралтай сонсъё гэвэл бүх юмыг нь нэгбүрчлэн мэдэх шаардлагагүй. Дээр дурдсан Адамд түшиг тулгуур болж байсан Михав үүнтэй санал нэг байдаг. Тэрбээр: «Сэтгэл санаа хямарсан үед хожим амаа барих юм хэлэх аюул байдгийг Адамд эвтэйхэн тайлбарласан» гэжээ. Тиймээс болсон явдлаа нэгд нэгэнгүй ярих гэсний хэрэггүйг Адамд тодорхой хэлсэн аж. Гэхдээ л жинхэнэ андын хувьд яриаг нь анхааралтай сонсжээ. Ханиасаа салсан итгэл нэгтэнтэйгээ цуглааны өмнө юм уу дараа уулзаж «Миний найз яаж байна даа? Хэцүү байгааг чинь ойлгож байна аа. Яаж туслах вэ?» гэж асуухад л их тус болно.

Санаа тавиарай (Флп. 2:4).

Миросваф: «Ханиасаа салсан нэг эмэгтэйд эхнэр бид хоёр тусалдаг байлаа. Жишээ нь хаалганых нь цоожийг засаж өгсөн. Бас эмнэлэгт хүргэж өгдөг байсан» гэж дурсжээ. Энгийн юм шиг боловч хэрэгтэй тусламж үзүүлжээ. Яваандаа өнөөх эмэгтэйн сэтгэл сэргэж, эхлэгчээр үйлчлэх болсон гэнэ. Бас 11 настай охин нь баптисм хүртсэн байна.

Нөхрөөсөө салсан итгэл нэгтэндээ санаа тавьж буй хос

Ехова зовлонг нь ойлгож байгааг хэлээрэй.

Өөрийгөө үнэлдэггүйгээсээ болоод шаналж байгаа хүнийг хэрхэн тайвшруулах вэ? Ехова Бурхан бүх үйлчлэгчээ өндрөөр үнэлдгийг хэлээрэй. Хүн нэг бүрийг «олон бор шувуунаас ч илүү үнэтэй» гэж үздэг (Мат. 10:29–31). Тэрбээр «зүрхийг шалгадаг» учраас ханиасаа салсан хүний зовлонг сайн ойлгодог. Үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй (Сур. 17:3; Дуу. 145:18; Евр. 13:5). Өөрт нь үйлчлэх гэсэн хүчин чармайлтыг нь Бурхан үнэлж, үнэнийг эрхэмлэдгийг нь мэддэг гэдгийг сануулаарай (Флп. 2:29).

Хурлынхнаасаа хөндийрөхгүй байхыг зөвлөөрэй.

Сэтгэл зүйд нь огцом өөрчлөлт гарсан хүн цуглаанд очихоосоо халширдаг байж болох юм. Гэхдээ цуглаан «босгон байгуулахын төлөө» байдаг бөгөөд тэнд л бид урамшин зоригждогийг мартах учиргүй (1 Кор. 14:26; Дуу. 122:1). Хайр халамж үзүүлдэг ахлагчдад талархаад баршгүй. Ванда: «Биднийг ямар их хайрлан халамжилж байсныг нь одоо ч гэсэн мартдаггүй» гэж дурссан юм.

Бурхантай үргэлж дотно байхын тулд залбирч, бие даан судалж, эргэцүүлэн бодохыг зөвлөөрэй (Иак. 4:8).

Ехова тэнгэрт оршдог төгс хүчит Бурхан мөртлөө сэтгэл нь шаналж яваа даруу хүнд санаа тавьдаг. Үүнийг ханиасаа салсан итгэл нэгтэндээ ойлгуулаарай. Бурхантай улам дотносохын тулд залбирч, бие даан судлах нь хэчнээн ач тустай болохыг онцлоорой (Ис. 66:2).

Хамт дэлгэрүүлэх юм уу цуглаанд бэлдээрэй.

Хамт дэлгэрүүлж буй хоёр Гэрч эрэгтэй

Ингэх нь илүү итгэлтэй байж, амьдралаа зөв залж явахад нь ханиасаа салсан христианд тус болно. Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдэг нэг эмэгтэй нөхрөөсөө салсныхаа дараа сэтгэл нь гүн хямарчээ. Энэ үед нь тус дэм болж байсан Марта: «Бид хоёр байнга зорилго тавиад хамт дэлгэрүүлдэг байв. Тэгээд зорилгодоо хүрэхлээрээ хэчнээн их баярлана гээч. Заримдаа цуглаанд хамт бэлдсэнийхээ дараа амттай юм хийж иддэг байлаа» хэмээн дурссан.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах