Хөршөө өөрийн адил хайрла
«Удаах [тушаал] нь “Чи хөршөө өөрийн адил хайрла”» (МАТ. 22:39).
1, 2. а) Хоёр дахь агуу тушаал юу вэ? б) Ямар асуултыг авч үзэх вэ?
НЭГЭН фарисай: «Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ?» хэмээн Есүсээс асуужээ. «Агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал» бол «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан [Еховаг] хайрла» хэмээн хариулсныг өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тийн хэлснийхээ дараа Есүс: «Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла”» хэмээжээ (Мат. 22:34–39).
2 Есүсийн хэлснээр, бид хөршөө өөрийн адил хайрлах ёстой. Тэгвэл «Хэнийг хөрш гэх вэ? Хөршдөө хайраа хэрхэн илэрхийлэх вэ?» гэдэг асуултыг авч үзье.
ХЭНИЙГ ХӨРШ ГЭХ ВЭ?
3, 4. а) «Миний хөрш гэдэг чинь хэн бэ?» гэсэн асуултад Есүс хариулахдаа ямар ёгт үлгэр ярьсан бэ? б) Дээрэмчдэд зодуулаад үхэх гэж байсан эрэгтэйд нэг самари хүн хэрхэн тусалсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
3 Хөрш гэхлээр хажуу айлын хүн бодогддог (Сур. 27:10). Гэхдээ хөршөө хайрлах гэж юу гэсэн үг болохыг ойлгохын тулд Есүсийн ярьсан ёгт үлгэрийг бодож үзье. Нэг хүнийг «Миний хөрш гэдэг чинь хэн бэ?» гэж асуухад Есүс сайхан сэтгэлтэй самари хүний тухай ярьж өгчээ (Лук 10:29–37-г уншина уу). Дээрэмчид нэг иудей хүнийг тонож дээрэмдээд, үхтэл нь зодож амьтай төдий орхисон тухай уг үлгэрт гардаг. Тахилч леви хоёр тэр хүнд туслах ёстой байтал юу ч болоогүй юм шиг дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. Харин самари хүн түүнд тусалдаг. Тэр үед иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байв (Иох. 4:9).
4 Сайхан сэтгэлт самари эрэгтэй мөнөөх хүний шархан дээр тос, дарс асгаж боогоод дэн буудалд аваачин буудлын эзэнд хоёр денар өгчээ. Энэ нь ажилчин хүний хоёр өдрийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө байлаа (Мат. 20:2). Самари хүний юу хийснийг бодож үзвэл шархадсан хүний жинхэнэ хөрш хэн болох нь тодорхой байна. Хөршөө энэрч хайрлах учиртайг Есүсийн ярьсан энэ ёгт үлгэр хэлж өгдөг.
Гэрчүүд хөршөө хайрлаж, цаг алдалгүй тусалдаг (5-р догол мөрийг үзнэ үү)
5. Саяхан болсон байгалийн гамшгийн үеэр Еховагийн Гэрчүүд хөршдөө хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?
5 Есүсийн ёгт үлгэрт гардаг самари хүн шиг өрөвч, сайхан сэтгэлтэй хүн ховор болжээ. Үл хайрлагч, хэрцгий, сайныг үзэн ядагчид олширсон эцсийн энэ хэцүү цагт тийм хүнийг олоход нэн бэрх (2 Тим. 3:1–3). Жишээ авъя. 2012 оны 10 дугаар сарын сүүлээр АНУ-ын Нью-Йорк хотыг Сэнди хар салхи дайран өнгөрчээ. Олон айл цахилгаан, дулаангүй болж, юм юмаар гачигдах болсон тэр үед чоно борооноор гэгчээр хулгайч нар нэрмээс болж байлаа. Харин Еховагийн Гэрчүүд итгэл нэгтнүүддээ болон бусад хүнд туслах ажлыг зохион байгуулсан. Жинхэнэ христианууд хөршөө хайрладгийн жишээ энэ юм. Хөршдөө хайраа илэрхийлэх өөр ямар арга байдаг вэ?
ХӨРШДӨӨ ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ
6. Дэлгэрүүлэх ажил хөршөө хайрлахтай ямар холбоотой вэ?
6 Хүмүүст сүнслэг тусламж үзүүлээрэй. Бид Библид байдаг сэтгэл дулаацуулам үгийг үзүүлж бусдыг тайвшруулдаг (Ром 15:4). Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ хүргэдэг маань хөршөө хайрлаж буйн шинж яах аргагүй мөн (Мат. 24:14). Ехова Бурхны өгдөг найдварын талаар тунхаглах нь юутай сайхан завшаан бэ! (Ром 15:13).
7. Алтан дүрэм гэж юу вэ? Үүнийг баримталбал ямар ивээл хүртэх вэ?
7 Алтан дүрмийг баримтлаарай. Есүс: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн» хэмээн Алтан дүрмийг хэлж өгсөн (Мат. 7:12). «Хууль» гэдэг нь Еврей Судрын эхний таван ном, «Эш үзүүлэгчид» гэдэг нь эртний зөнчдийн бичсэн номууд юм. Ехова ард түмэндээ хайртай байсан бөгөөд тэднийг бие биеэ хайрлаасай гэсэндээ «Хууль болоод Эш үзүүлэгчдийг» өгчээ. Биднийг ч бас хөршөө хайрлаасай гэж хүсдэг. «Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн. ... Үүнийг үйлдэгч хүн ... ерөөлтэй еэ!» хэмээн Ехова Исаиагаар хэлүүлжээ (Ис. 56:1, 2). Хөршөө хайрлаж, Алтан дүрмийг баримталдаг хүн үнэхээр жаргалтай байдаг.
8. Яагаад дайснаа хайрлах хэрэгтэй вэ? Ингэх нь ямар үр дүнтэй вэ?
8 Дайснаа хайрлаарай. Есүс: «“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон» гээд цааш нь «Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно» гэжээ (Мат. 5:43–45). Элч Паул бас үүнтэй төстэй үг хэлсэн байдаг. Тэрбээр: «Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг» хэмээн бичжээ (Ром 12:20; Сур. 25:21). Мосегийн хуульд «Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл» гэсэн заалт байдаг (Ег. 23:5). Үүнийг дагавал дайсантайгаа ч сайн найз болж болох байв. Христианууд бүх хүнийг хайрладаг учраас урьд нь дайсан байсан олон хүн тэдэнд сайнаар ханддаг болсон. Харгислан хавчиж байсан хүмүүс хүртэл Еховагийн үйлчлэгч болох нь бий.
9. Есүс ах дүүтэйгээ эвлэрэх талаар юу хэлсэн бэ?
9 «Бүх хүнтэй эвтэй байгаарай» (Евр. 12:14). Бид юуны түрүүнд итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байх учиртай. Есүс: «Хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» хэмээн айлджээ (Мат. 5:23, 24). Ах дүүгээ хайрлаж, аль болох хурдан эвлэрэх гэж хамаг чадлаараа хичээвэл Бурхан ивээнэ.
10. Бусдыг шүүмжлэх ёсгүйн учир юу вэ?
10 Бусдыг бүү шүүмжлээрэй. Есүс: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү? Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно» гэжээ (Мат. 7:1–5). Өөрөө томоос том алдаатай хэр нь бусдын өчүүхэн алдааг шүүмжлэх ёсгүйг ийнхүү тод томруун дүрсэлжээ.
ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭХ ХАМГИЙН САЙН АРГА
11, 12. Хөршдөө хайраа илэрхийлэх хамгийн сайн арга юу вэ?
11 Хөршөө хайрлах олон арга байдаг. Хамгийн сайн арга нь Есүсийг дууриан Хаанчлалын тухай мэдээ тунхаглах явдал юм (Лук 8:1). «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэсэн тушаалыг Есүс шавь нартаа өгсөн (Мат. 28:19, 20). Сүйрэлд хүргэдэг өргөн уужим замаар явж буй хүн олон байна. Хэрэв бид Есүсийн өгсөн тушаалыг сахидаг бол амь руу хөтөлдөг нарийн зам дээр гарч зогсоход нь тийм хүмүүст тусална (Мат. 7:13, 14). Энэ нь Еховагийн таалалд нийцэх нь дамжиггүй.
12 Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг болоход нь Есүс олон хүнд тусалсан (Мат. 5:3). Бид бас «Бурханы сайн мэдээг» дэлгэрүүлж Есүсийг дууриадаг (Ром 1:1). Есүсийн золиосны ачаар Еховатай анд нөхрийн харьцаа тогтоож, сайшаалыг нь хүлээх боломжтой болсныг хүмүүст мэдүүлдэг (2 Кор. 5:18, 19). Тэгэхлээр, сайн мэдээ дэлгэрүүлдэг маань хөршдөө дээд зэргээр хайраа илэрхийлж байгаа хэрэг юм.
13. Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг та юу гэж үздэг вэ?
13 Давтан уулзалтыг үр дүнтэй хийж, Библийн хичээлээ сайн заадаг бол Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцүүлж амьдрахад нь хүмүүст тусалж чадна. Ингэвэл бид өөрсдөө сэтгэл өег байна, суралцагч маань ч зан чанар, амьдралын хэв маягаа өөрчилнө (1 Кор. 6:9–11). Чин сэтгэлтэй хүмүүс Еховагийн тусламжтайгаар сүнслэгээр өсөж, анд нөхөр нь болж байгааг харах үнэхээр сайхан (Үйлс 13:48). Библи судалсныхаа ачаар гуниг цөхрөл нь баяр хөөрөөр солигддог. Хэтэрхий их санаа зовохоо больж тэнгэрийн Эцэгтээ найддаг. Хөршдөө хайраа илэрхийлж Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах нь ямар их нэр төрийн хэрэг вэ!
ХАЙРЫН ТОДОРХОЙЛОЛТ
14. 1 Коринт 13:4–8-д хайрыг хэрхэн тодорхойлсныг өөрийн үгээр хэлнэ үү.
14 Христиан хүний илэрхийлэх ёстой жинхэнэ хайрыг элч Паул тодорхойлжээ. Хэрэв бид Паулын бичсэний дагуу хөршөө хайрлавал олон бэрхшээлээс зайлсхийж, аз жаргалтай амьдарч, Бурхныхаа ивээлийг хүртэнэ (1 Коринт 13:4–8-ыг уншина уу). Паул хайрын тухай юу гэж бичсэнийг товч ярилцаж, хөрштэйгөө харьцахдаа тэр хайрыг хэрхэн илэрхийлэхийг авч үзье.
15. а) Яагаад тэвчээртэй, энэрэнгүй байх хэрэгтэй вэ? б) Атаархаж, онгирох ёсгүйн учир юу вэ?
15 «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй». Бурхан төгс бус хүмүүст тэвчээртэй, энэрэнгүй ханддаг шиг бид бас бусдыг алдаа гаргах юм уу бүдүүлэг харьцахад тэвчээртэй, энэрэнгүй байх учиртай. «Хайр атаархдаггүй». Тиймээс бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг бол эд хөрөнгөнд нь шунахгүй, хурлын гишүүдийн дунд хариуцлагатай үүрэг хүлээдэгт нь атаархахгүй. Бас онгирч сагсуурахгүй, бардамнан гайхуулахгүй. Ехова «ихэмсэг харц болон бардам зүрхийг» жигшдэг (Сур. 21:4).
16, 17. 1 Коринт 13:5, 6-д бичсэний дагуу хөршөө хэрхэн хайрлах вэ?
16 Хайр «зохисгүй авирладаггүй». Хөршөө хайрладаг хүн худлаа ярих, хулгай хийх зэргээр Еховагийн хууль, зарчмыг зөрчих ямар ч юм хийдэггүй. Түүнчлэн, хайр «өөрийнхийг эрдэггүй». Тийм учраас бид хувиа бодохын оронд бусдад санаа тавьдаг (Флп. 2:4).
17 Хайр «уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй». Хэрэв бид хөршөө жинхэнэ ёсоор хайрладаг бол уурлаж цухалдахгүй, надад муу юм хийлээ гэж хар данс хөтлөхгүй (1 Тес. 5:15). Өш санадаг хүний уур хорсол гал шиг дүрэлзэн асдаг. Улмаар өөртөө ч, өрөөл бусдад ч гай тарьдаг. Хамгийн гол нь Бурханд таалагдахгүй (Лев. 19:18). Хайр «зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг». Биднийг үзэн яддаг хүнд муу юм тохиолдвол бид баярладаггүй (Сургаалт үгс 24:17, 18-ыг уншина уу).
18. 1 Коринт 13:7, 8-д хайрын талаар юу гэж байдаг вэ?
18 Хайр «бүгдийг далдалдаг» гэж Паул бичжээ. Хөршөө хайрладаг хүн өөрийг нь гомдоосон хүнийг уучилна. Түүнчлэн хайр «бүгдэд итгэдэг» гэсэн. Бид Библид байдаг бүх зүйлд итгэдэг бөгөөд сүнслэг хоолыг талархан хүртдэг. Хайр «бүгдэд найддаг». Ехова амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт итгэж найддаг учраас бид энэ найдварынхаа талаар бусдад ярьж хайраа илэрхийлдэг (1 Петр 3:15). Бас бэрхшээл тулгарсан үед залбирч, нөхцөл байдал маань сайжирна гэж найддаг. Хайр «бүгдийг тэсвэрлэдэг» учраас хүмүүс муу юм хийж, хавчиж эсэргүүцсэн ч бид тэвчдэг. «Хайр хэзээ ч дуусдаггүй». Еховад дуулгавартай хүмүүс хөршөө үүрд мөнхөд хайрлана.
ХӨРШӨӨ ӨӨРИЙН АДИЛ ХАЙРЛАЖ ЯВЦГААЯ
19, 20. Хөршөө үргэлж хайрлах ёстойг Библийн ямар зүйлүүд харуулдаг вэ?
19 Библийн зөвлөгөөг дагадаг бол хөршөө үргэлж өөрийн адил хайрлаж чадна (Мат. 22:39). Ехова Есүс хоёр биднээс үүнийг хүсдэг. Бид гарал үүсэл, хэл соёлоор нь ялгалгүй бүх хүнийг хайрлах ёстой. Хөршдөө хайраа илэрхийлэхэд амаргүй санагдвал Еховад залбирч, ариун сүнсийг нь гуйх хэрэгтэй. Ийм залбирлыг Ехова дуртайяа сонсож, тусалж дэмжих нь гарцаагүй (Ром 8:26, 27).
20 Хөршөө өөрийн адил хайрла гэсэн тушаалыг «хаан хууль» гэж нэрлэсэн байдаг (Иак. 2:8). Паул Мосегийн хуульд байдаг зарим заалтыг тоочин бичсэнийхээ дараа «Өөр ямар ч тушаал байна, энэ нь “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үгийн дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн» хэмээжээ (Ром 13:8–10). Тэгэхлээр хөршөө цаг ямагт хайрлах ёстой байх нь ээ.
21, 22. Бурхныг болон хөршөө хайрлах ёстойн учир юу вэ?
21 Хөршөө яагаад хайрлах ёстойгоо ухамсарлахын тулд тэнгэрийн Эцгийнхээ талаар Есүсийн юу гэж хэлснийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. «Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг» гэсэн байдаг (Мат. 5:43–45). Бид «зөвт болоод зөвт бус хүмүүсийн» аль алинд нь хайраа илэрхийлэх ёстой. Хөршөө хайрлах хамгийн сайн арга нь Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх явдал гэдгийг энэ өгүүллээр үзлээ. Хөрш маань Библиэс сурснаа ажил хэрэг болговол Бурхны анд нөхөр болохын баяр жаргалыг эдэлнэ.
22 Еховаг бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах олон шалтгаан байдгийн адил хөршдөө хайраа илэрхийлэх олон арга байдгийг ч үзлээ. Бид Бурхныг болон хөршөө хайрладаг бол хамгийн агуу хоёр тушаалыг сахидаг гэсэн үг. Тэнгэрийн Эцэг Ехова маань биднийг хараад хэнээс ч илүү баярладаг.