Асуултын булан
◼ Эд хөрөнгөө Еховагийн байгууллагад бүхэлд нь юм уу зарим хэсгийг нь шилжүүлэхээр гэрээслэл үйлдэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ?
Хүн амьддаа л эд хөрөнгөө захиран зарцуулах мэдэлтэй байдаг (Ном. 9:5, 6). Тиймээс олон хүн эд хөрөнгөө юунд зориулах хүслээ илэрхийлж, гэрээслэл үйлддэг. Бас гэрээслэгч нь гэрээслэл биелүүлэгчийг томилж, үүнийгээ гэрээслэлд хавсаргаж болдог. Олон оронд, гэрээслэл үлдээгээгүй бол талийгаачийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулахыг хуулиар шийддэг аж. Тиймээс христиан хүн эд хөрөнгөө бүхэлд нь юм уу зарим хэсгийг нь Еховагийн байгууллагад шилжүүлэх хүсэлтэй бол хүсэл зоригоо илэрхийлэн хууль ёсны баримт буюу гэрээслэл үйлдэж, гэрээслэл биелүүлэгчийг томилох нь ухаалаг хэрэг болно.
Гэрээслэл биелүүлэгч хариуцлагатай үүрэг хүлээдэг. Хөрөнгийн хэмжээнээс хамаарч, бүх хөрөнгийг цуглуулж, гэрээслэлд заасан ёсоор өвлүүлэх нь цаг хугацаа шаардсан, нарийн ажил юм. Түүнээс гадна, гэрээслэгчийн хүсэлтийг биелүүлэхдээ холбогдох хууль журмыг бас мөрдөх учиртай. Христиан хурлын гишүүн л бол гэрээслэл биелүүлэгч байх шаардлага хангана гэж үзэх нь учир дутагдалтай. Гэрээслэл биелүүлэгчээр томилогдох хүн ийм үүрэг хүлээх чадвартай, итгэл хүлээсэн, гэрээслэгчийн хүсэлтийг хүндэтгэдэг хүн байх учиртай.
Хэрэв таныг гэрээслэл биелүүлэгчээр томилохыг хүсвэл: Гэрээслэл биелүүлэгч болох эсэхээ шийдэхээсээ өмнө зардлыг нь тооцоолж, ийм хариуцлагатай үүрэг гүйцэтгэж чадах уу гэдгээ залбирч байгаад эргэцүүлж бодоорой (Лук 14:28–32). Гэрээслэл биелүүлэгч нь гэрээслэгчийг нас барахад бүх өвлөгчид мэдэгдэж, эд хөрөнгийг хуулийн дагуу, гэрээслэлд заасан тэр л ёсоор хуваарилах үүрэг хүлээнэ. Хөрөнгийн хэмжээ их ч бай, бага ч бай, дур мэдэн шийдэх эрхгүй. Еховагийн Гэрчүүдэд хамаатай хуулийн этгээдэд гэрээсэлсэн аливаа хөрөнгө нь Еховагийн байгууллагын хөрөнгөд тооцогдоно (Лук 16:10; 21:1–4).