2015 оны Дэлгэрүүлэгчийн сургууль заах чадвараа сайжруулахад тустай
1 «Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» гэж Давид дуулжээ (Дуу. 19:14). Бид итгэл нэгтнүүдтэйгээ байхдаа, дэлгэрүүлэхдээ үнэнийг ярих завшаанаа үнэлдэг учраас Давидын адилаар, үг яриагаа Еховад тааламжтай байлгахыг хүсдэг. Ехова биднийг Дэлгэрүүлэгчийн сургуульд суралцуулж дэлгэрүүлэх ажилд дөртэй болгодог. Дэлхий дахинд 111 000 гаруй хурлын итгэл нэгтнүүд маань долоо хоног бүр энэ сургуульд суралцдаг. Янз бүрийн амьдрал ахуйтай, газар газрын итгэлт нэгт ахан дүүс маань сайн мэдээг чадварлаг тунхаглаж, заах арга ухаан, эв дүй, эр зоригийг олж авдаг (Үйлс 19:8; Кол. 4:6).
2 2015 онд Дэлгэрүүлэгчийн сургуулиар «Бурхны Үгтэй танилцах нь» товхимлыг үзнэ. Мөн, Библиэс онцлох санаа, 1-р даалгаврын үргэлжлэх хугацаа өөрчлөгдсөн. Эдгээр өөрчлөлт болон сургуулийн даалгаврыг яаж биелүүлэх тухай дараа дараагийн догол мөрөөс үзэцгээе.
3 Библиэс онцлох санаа: Ийм даалгавар авсан эрэгтэй тухайн долоо хоногт уншсан Библийн хэсгээс нэг санааг онцлон хоёр минутад багтаан тайлбарлана. Заасан хугацаанд, хэрэгтэй санааг хурлынхандаа хэлэхийн тулд сайтар бэлдсэн байх шаардлагатай. Урьдын адил, үлдсэн зургаан минутад хурлын гишүүд оролцоно. Тухайн долоо хоногт уншсан Библийн хэсгээс сонирхолтой, ач холбогдолтой ямар санаа олсноо 30 секундэд багтаан тайлбарлана. Гучин секундэд багтаан утга төгөлдөр тайлбарлахын тулд сайтар бэлдэх хэрэгтэй. Ингэвэл судалгаа хийж бэлдсэн бусдадаа хариулах боломж олгоно.
4 1-р даалгавар: Библи унших энэхүү даалгаврыг дээд тал нь гурван минутад багтаан биелүүлнэ. Тийм болохоор арай цөөхөн зүйл уншина гэсэн үг. Ийм даалгавар авсан хүн хэд хэдэн удаа чанга уншин дасгал сургууль хийж, материалыг ойлгомжтой хүргэхийн тулд үгээ зөв дуудаж, түгдрэлгүй уншихыг анхаарах шаардлагатай. Унших нь Еховаг шүтэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг учир бүх үйлчлэгч нь сайн уншдаг байх хэрэгтэй. Сайн уншдаг хүүхэд олон байдаг нь хэчнээн сайхан бэ! Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ унших чадварыг сайжруулах гэж хичээж байдаг нь магтууштай.
5 2-р даалгавар: Таван минутын энэ даалгаврыг эмэгтэй хүн биелүүлнэ. Өгсөн сэдвийн дагуу биелүүлнэ. «Бурхны Үгтэй танилцах нь», «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимолд үндэслэсэн даалгаврыг дэлгэрүүлэх ажлын аль нэг хэлбэрт оруулан, амьдралд ойр байхаар бэлдэх ёстой. Сэдэвтэй хамаатай нэмэлт Библийн зүйлийг уншиж болно. Туслагчийг сургуулийн харгалзагч томилно.
6 3-р даалгавар: Таван минутын энэ даалгаврыг эрэгтэй эмэгтэй хүний аль нь ч биелүүлж болно. Эмэгтэй хүнд өгвөл 2-р даалгаврын адилаар биелүүлнэ. Эрэгтэй хүнд өгвөл «Ярилцах сэдэв» эсвэл «Сайн мэдээ» товхимолд үндэслэн хурлынхныхаа хэрэгцээнд тохируулан илтгэл тавина. Өгсөн сэдвийн дагуу биелүүлнэ. Тохирох Библийн зүйлийг сонгоно.
7 Эрэгтэй хүний биелүүлэх 3-р даалгаврын шинэ онцлог: Энэ даалгавар «Бурхны Үгтэй танилцах нь» товхимолд үндэслэсэн бол Гэр бүлийн хичээл хийж эсвэл дэлгэрүүлж байгаагаар биелүүлнэ. Туслагч нь хэн байх, ямар нөхцөлтэй байхыг ихэнхдээ сургуулийн харгалзагч шийднэ. Гэр бүлийн гишүүн нь эсвэл хурлын эрэгтэй гишүүн туслагч болно. Библийн зарчмыг тодотгосон, сэдэвтэйгээ хамаатай Библийн зүйлийг нэмж оруулж болно. Энэ даалгаврыг үе үе ахлагч биелүүлнэ. Хэнийг туслагчаа болгох, нөхцөл нь ямар байхыг ахлагч өөрөө шийдэж болно. Ахлагчийг гэрийнхэнтэйгээ эсвэл хурлын эрэгтэй гишүүнтэй даалгавар биелүүлж байгааг харсан хүн бүр урамших нь лавтай.
Зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэн ахиж дэвшээрэй
8 Зөвлөгөө: Сургуулийн харгалзагч суралцагч бүрийг даалгавраа биелүүлснийх нь дараа «Ярих хийгээд заах чадвараа сайжруулах нь» товхимолд үндэслэн хоёр минут магтаж бас зөвлөгөө өгнө. Суралцагчийг ямар даалгавар биелүүлэх гэж байгааг зарлахдаа юуг анхаарч ажилласныг хэлэхгүй. Даалгавар бүрийн дараа харгалзагч суралцагчийг чин сэтгэлээсээ магтаж аль хичээл дээр ажилласныг нь хэлнэ. Даалгаврын юу нь ямар учраас сайн байсныг тодорхой хэлнэ. Эсвэл тухайн хичээлийг цаашид анхаарах нь яагаад ач тустайг эвтэйхэн тайлбарлана.
9 Суралцагчийн зөвлөгөөний хуудас «Чадвараа сайжруулах нь» товхимлынх нь 8, 9-р хуудсанд бий. Суралцагчийг даалгавраа биелүүлсний дараа сургуулийн харгалзагч товхимол дээр нь тэмдэглэл хөтөлнө. Цуглааны дараа эсвэл өөр үед магтаж сайшааж, зөвлөгөө нэмж өгч болно. Сургуулийн харгалзагчийн өгсөн зөвлөгөөг хүлээн авч, ахиж дэвших боломж гарлаа гэж үзэх учиртай (1 Тим. 4:15).
10 Суралцагч цагаасаа хэтэрвэл сургуулийн харгалзагч юм уу туслах нь суралцагчийг эвгүй байдалд оруулахгүйгээр хонх цохих зэргээр дохио өгнө. Дохио дуугарангуут суралцагч хэлж байгаа өгүүлбэрээ дуусгаад тайзнаас буух хэрэгтэй («Чадвараа сайжруулах нь» товхимлын 83, 84-р хуудсан дахь 18, 24-р догол мөрийг үзнэ үү).
11 Шаардлага хангасан бүх хүнийг Дэлгэрүүлэгчийн сургуульд орохыг урьж байна. Энэ сургуулийн ачаар Еховагийн ард түмэн Хаанчлалын сайн мэдээг итгэл зоригтой тунхаглаж байна. Бас заах арга барил эзэмшдэг. Ард түмэн нь өөрөөс нь ихийг сурч, өөрийг нь магтан алдаршуулахад Еховад хэчнээн сайхан байдаг бол оо! (Дуу. 148:12, 13; Ис. 50:4)