Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 3 сар х. 24-29
  • Бие биеэ чин зүрхнээсээ хайрла

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бие биеэ чин зүрхнээсээ хайрла
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЭВ ЭЕИЙГ САХИАРАЙ
  • БҮҮ АЛАГ ҮЗЭЭРЭЙ
  • ЗОЧЛОМТГОЙ БАЙГААРАЙ
  • Зочломтгой байх нь зайлшгүй чухал!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Улам их хайрлаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Бие биеэ үргэлж халуун сэтгэлээр хайрлахын тулд яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Өөрийнхөө үйлсэд баярлаг!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 3 сар х. 24-29

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13

Бие биеэ чин зүрхнээсээ хайрла

«Нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрла» (1 ПЕТР 1:22).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМa

Есүс үнэнч элч нартайгаа ярилцаж байна.

Есүс элч нартайгаа хамт байсан сүүлчийн үдэш хайрын чухлыг онцлон ярьжээ (1, 2-р догол мөрийг үзнэ үү)

1. Есүс шавь нартаа юу гэж тушаасан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

ЕСҮС амиа алдахынхаа урьд шөнө шавь нартаа нэг тушаал өгчээ. «Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла» хэмээн тушаасан. Цааш нь «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэжээ (Ёох. 13:34, 35).

2. Бие биеэ хайрлах нь яагаад чухал вэ?

2 Есүс шавь нараа яаж хайрласны адил шавь нар нь бусдыг тийн хайрлах учиртай. Тэгсэн цагт бусад хүн тэднийг Христийн жинхэнэ дагалдагчид мөн гэж таних ажээ. Есүсийн хэлсэн энэ үг нэгдүгээр зуунд ч, өнөө үед ч хамаатай. Тийм учраас хэчнээн хэцүү байсан ч бие биеэ хайрлах нь чухал!

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид төгс бусаасаа болоод бие биеэ чин зүрхнээсээ хайрлаж тэр болгон чаддаггүй. Гэлээ ч Христийг дуурайх ёстой. Эв эеийг сахихад, алаг үзэхгүй байхад, зочломтгой байхад хайр хэр чухал болохыг энэ өгүүллээр үзнэ. Та өөрөөсөө «Хэцүү байсан ч бие биеэ хайрласаар байгаа итгэл нэгтнүүдээсээ би юу сурах вэ?» гэж асуугаарай.

ЭВ ЭЕИЙГ САХИАРАЙ

4. Матай 5:23, 24-т бичсэнийг үзвэл, итгэл нэгтэнтэйгээ яагаад эвлэрэх ёстой вэ?

4 Итгэл нэгтэнтэйгээ муудалцсан бол эвлэрэх нь маш чухал гэдгийг Есүс хэлж өгсөн (Матай 5:23, 24-ийг уншина). Бурхны таалалд нийцүүлье гэвэл бусадтай сайн харьцаатай байх ёстойг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Ах дүүтэйгээ эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийвэл Ехова баярлана. Харин эвлэрэхийг хичээхгүй, уурлаж гомдоод явдаг бол Еховад таалагдахгүй (1 Ёох. 4:20).

5. Марк итгэл нэгтэнтэйгээ эвлэрэх гэсэн ч ямар саад тулгарсан бэ?

5 Эвлэрэх нь амаргүй байж болох юм. Яагаад? Маркт юу тохиолдсоныг ярилцъя.b Нэг Гэрч хурлын зарим хүнд Маркийг шүүмжилж, муулсан ажээ. Марк гомдоод яасан бол? «Уур хүрээд тэр хүнтэй муухай харьцсан» гэж тэрбээр ярьсан юм. Гэхдээ дараа нь гэмшээд нөгөө Гэрчээс уучлалт гуйж, эвлэрэх гэж оролджээ. Харин тэр хүн Марктай эвлэрэхийг хүссэнгүй. Марк эхэндээ «Тэр хүн надтай эвлэрэхийг хүсэхгүй байхад би яагаад эвлэрэх ёстой гэж?» хэмээн боджээ. Гэхдээ дүүрэг хариуцагч түүнд шантрахгүй байхыг зөвлөсөн байна. Марк яасан бол?

6. а) Марк итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхийн тулд яасан бэ? б) Колосай 3:13, 14-ийг Марк хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

6 Марк болсон явдлыг нухацтай бодож үзээд даруу биш, өөрийгөө зөвтгөх дуртайгаа анзаарч, энэ хандлагаа өөрчлөх ёстойгоо ухаарчээ (Кол. 3:8, 9, 12). Тэгээд нөгөө итгэл нэгтэн дээрээ дахиж очоод уучлалт гуйв. Бас захиа өгчээ. Маш их харамсаж байгаагаа, бүхнийг шинээр эхлэх хүсэлтэйгээ бичсэн ажээ. Тэр бүү хэл, таалагдах байх гэж бодсон зүйлээ бэлэглэсэн байна. Харамсалтай нь, нөгөө Гэрч Маркийг уучилсангүй, уурласан хэвээрээ байв. Гэлээ ч бие биеэ хайрлаарай, уучлаарай гэсэн Есүсийн тушаалыг Марк дагасаар байлаа (Колосай 3:13, 14-ийг уншина). Эвлэрэх гэсэн хичээл зүтгэлийг маань нөгөө хүн үнэлэхгүй байлаа ч чин зүрхнээсээ хайрлаад л байгаарай. Тэгвэл тэр хүнийг уучилсаар байна, эвлэрэхэд туслаач гэж залбирсаар байна (Мат. 18:21, 22; Гал. 6:9).

Зургууд: Гэрч эмэгтэй найзыгаа гомдоосон ч хайртай гэдгээ батлахыг дахин дахин оролдож байна. 1. Найздаа гомдсон эмэгтэй утсаа тасалж байна. 2. Бэлэг өгөхөд нь авсангүй. 3. Хайртайгаа батлан хэлэхийг нь сонсож байна.

Эвлэрэхийн тулд маш их хичээх хэрэгтэй байж магадгүй (7, 8-р догол мөрийг үзээрэй)c

7. а) Есүс юу гэж уриалсан бэ? б) Нэг Гэрч эмэгтэйд юу тохиолдсон бэ?

7 Есүс: «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, та өөрөө ч бусдад тийнхүү ханд» гээд цааш нь «Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол бусдаас юугаараа илүү юм бэ?» гэжээ (Лук 6:31–33). Цуглаанд очихоор танаас дөлөөд, мэндлэхгүй өнгөрдөг хүн байвал таагүй санагдана биз дээ? Ларад ийм явдал тохиолджээ. Тэрбээр: «Нэг эгч надтай ерөөсөө харьцахгүй байсан. Яагаад гэдгийг нь ойлгоогүй. Үүнээс болоод сэтгэл тавгүйтсэн. Цуглааны сайхныг мэдрэхээ больсон» гэсэн юм. Эхэндээ Лара: «Би буруугүй шүү дээ. Тэгээд ч хурлынхан энэ эгчийг угаасаа ийм хүн гэлцдэг юм чинь» гэж боджээ.

8. Лара итгэл нэгтэнтэйгээ эвлэрэх гэж хэрхэн хичээсэн бэ? Бид түүнээс юу сурах вэ?

8 Лара итгэл нэгтэнтэйгээ эвлэрэх гэж их хичээжээ. Еховад залбираад, нөгөө эмэгтэйтэй ярилцахаар шийдэв. Тэд юунаас болоод ийм байдалд хүрснээ ярилцжээ. Эцэст нь эвлэрч тэврэлдээд салсан байна. Ингээд бүх юм болчихлоо гэж боджээ. «Гэвч тэр эгч надтай нөгөө л янзаараа харьцаад байв. Үнэхээр их гонсойсон» гэж Лара ярьсан юм. Тэр хүн л хандлагаа өөрчлөхгүй бол бүтэхгүй юм байна гэж Лара эхэндээ бодов. Харин дараа нь, чадах юмаа хийгээд л байх буюу тэр хүнийг хайрласан хэвээрээ байж, «дуртайяа уучилж байх» хэрэгтэйгээ ойлгожээ (Эф. 4:32—5:2). Христийн дагалдагч хүн жинхэнэ ёсоор хайрладаг бол «гомдож явдаггүй. ... бүх юманд тэвчээртэй ханддаг, бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй» гэдгийг Лара санав (1 Кор. 13:5, 7). Ингээд сэтгэл нь тайвширчээ. Яваандаа нөгөө Гэрч овоо нааштай ханддаг болсон байна. Ах дүүтэйгээ эвлэрэхийг хичээж, цаг үргэлж хайрлавал «хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (2 Кор. 13:11).

БҮҮ АЛАГ ҮЗЭЭРЭЙ

9. Үйлс 10:34, 35-д бичсэнийг үзвэл бид яагаад хэнийг ч алаг үзэх ёсгүй вэ?

9 Ехова хэнийг ч алаг үздэггүй (Үйлс 10:34, 35-ыг уншина). Бид бас алаг үздэггүй бол хүүхдүүд нь гэдгээ батална. Бусдыг өөр шигээ хайрла гэсэн тушаалыг дагадаг бол итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байна (Ром 12:9, 10; Яак. 2:8, 9).

10, 11. Нэг Гэрч эмэгтэй буруу юм бодохоо хэрхэн больсон бэ?

10 Бусдыг алаг үзэхгүй байх нь зарим хүнд амаргүй. Жишээ болгон Рут гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлыг ярилцъя. Хүүхэд байхад нь тэдний гэр бүл өөр улсын нэг хүнээс болж хохирчээ. Энэ нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? «Тэр улстай холбоотой бүх юмыг үзэн яддаг болсон. Тэндээс ирсэн хүмүүс бүгдээрээ адилхан, Гэрчүүд ч ялгаагүй гэж боддог байсан» гэж Рут үнэнээ хэлсэн юм. Буруу бодлоо хэрхэн өөрчилсөн бэ?

11 Рут буруу юм бодохоо болихын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэйгээ ойлгожээ. «Жил тутмын ном»-оос тэр улсын Гэрчүүдэд тохиолдсон явдал болон тайлан мэдээг уншдаг болов. «Би тэндхийн хүмүүсийн талаар эерэг бодолтой болох гэж маш их хичээсэн. Ах эгч нар маань Еховагийн төлөө ямар их хичээл зүтгэл гаргадгийг анзаарч эхэлсэн. Тэд ч бас дэлхий дахины ах дүүгийн барилдлагын нэг хэсэг гэдэг нь надад тодорхой харагддаг болсон» гэж тэрбээр ярьсан юм. Яваандаа бүр ч их юм хийх хэрэгтэйгээ ухаарав. «Би тэр улсаас ирсэн ах эгч нартай уулзах болгондоо найрсаг хандах гэж маш их хичээдэг байсан. Тэдэнтэй ярилцдаг байсны ачаар илүү сайн мэддэг болсон» гэжээ. Тэгээд яасан бэ? Рут: «Нэг мэдсэн чинь муу юм бодохоо больчихсон байсан» гэж ярьсан юм.

Цуглааны танхимд хоёр гэр бүл утсаа хараад инээлдэж байна. Цаана нь гурван залуу хоорондоо ярилцаж, баясан хөхрөлдөж байна. Тэдний хэн нь ч өөрийг нь тоогоогүйд настай Гэрч гонсойсон байна.

«Ах дүүгийн барилдлагыг хайрладаг» хүн хэнийг ч алаг үзэхгүй (12, 13-р догол мөрийг үзээрэй)d

12. Сара гэдэг Гэрч ямар дутагдалтай байсан бэ?

12 Зарим хүн бусдыг алаг үздэгээ мэддэггүй байж болох юм. Жишээ нь Сара гэдэг Гэрч өөрийгөө алагчлах үзэлгүй гэж боддог байжээ. Учир нь хүмүүсийг яс үндэс, хөрөнгө чинээ болон байгууллагад гүйцэтгэдэг үүргээр нь ялгаварладаггүй байв. Гэвч тэрбээр: «Би үнэндээ алагчлах үзэлтэй байсан юм билээ» гэж үнэнээ хэлсэн юм. Сара сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд боловсролтой хүмүүстэй нийлж нөхөрлөхийг эрхэмлэдэг байв. Тэр байтугай нэг найздаа «Би боловсролтой итгэл нэгтэнтэйгээ л найзалдаг. Боловсролгүй хүмүүсээс хол байдаг» гэж ярьжээ. Сара хандлагаа өөрчлөх хэрэгтэй байлаа. Яаж өөрчилсөн бол?

13. Сарагийн жишээнээс юу ойлгох хэрэгтэй вэ?

13 Ямар хандлагатайгаа шалгахад нь Сарад дүүрэг хариуцагч тусалжээ. Сара: «Тэр ах намайг Еховад үнэнч, цуглаан дээр сайн хариулдаг, Библийн мэдлэгтэй гэж магтсан. Дараа нь мэдлэгээ арвижуулахын хэрээр даруу, дөлгөөн, энэрэнгүй гэх зэргийн зан чанарыг илэрхийлж сурах хэрэгтэй байдгийг тайлбарласан» хэмээн ярьсан юм. Дүүрэг хариуцагчийн хэлсэн үг онцгой санагджээ. «Сайхан сэтгэлтэй, хайр халамжтай байх нь хамгийн чухал гэдгийг би ойлгосон» гэж Сара ярьсан. Ингээд итгэл нэгтнүүдийнхээ талаарх үзэл бодлоо өөрчилж эхэлжээ. Сара: «Тэд ямар зан чанартай учраас Ехова тэднийг үнэ цэнтэй гэж үздэгийг би ойлгохыг хичээсэн» гэсэн юм. Сарагийн жишээнээс юу ойлгох вэ? Боловсролтой л бол бусдаас илүү гэж бодохгүй байцгаая! Хэрэв бид «ах дүүгийн барилдлагыг хайрладаг» бол хэнийг ч алаг үзэхгүй (1 Петр 2:17).

ЗОЧЛОМТГОЙ БАЙГААРАЙ

14. Еврей 13:16-гаас харахад, бид зочломтгой байвал Ехова яадаг вэ?

14 Бид зочломтгой байвал Еховаг баярлуулна (Еврей 13:16-г уншина). Зочломтгой байхыг, ялангуяа гачигдалтай нэгнээ харж хандахыг Ехова шүтлэгийн нэг хэсэг гэж үздэг (Яак. 1:27; 2:14–17). Тийм учраас «Зочломтгой байх боломж хайж бай» гэсэн уриалга Библид бий (Ром 12:13). Зочломтгой байвал санаа тавьж, хайраа илэрхийлж, найзлахыг хүсдэг гэсэн үг. Идэж уух юмаа бусадтайгаа хуваалцах юм уу цаг зав, сэтгэлээ тэдэндээ зориулбал Ехова баярладаг (1 Петр 4:8–10). Гэвч зочломтгой байхад саад болдог юм бий.

Гэрч эмэгтэй гэрт нь хонож буй эхнэр нөхөр хоёрт барилгачны хувцас хэрэглэл үзүүлж байна.

«Би урьд нь зочломтгой байгаагүй. Харин одоо өөрчлөгдөөд жаргалтай болсон» (16-р догол мөрийг үзээрэй)e

15, 16. а) Зочломтгой байх нь зарим хүнд яагаад хэцүү санагддаг вэ? б) Эдит хэрхэн зочломтгой болсон бэ?

15 Ахуй байдлаас болоод зочломтгой байх нь зарим хүнд хэцүү санагддаг байж мэднэ. Эдит гэдэг бэлэвсэн эмэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр Гэрч болохоосоо өмнө хүмүүстэй бараг харьцдаггүй байв. Бололцоо муутай учраас хүмүүсийг дайлж цайлж чадахгүй гэж боддог байжээ.

16 Эдит Гэрч болсныхоо дараа бодлоо өөрчилж зочломтгой болохоор шийдэв. «Цуглааны танхимын барилгын ажилд туслахаар ирсэн эхнэр нөхөр хоёрыг гэртээ хоёр 7 хоног байлгаач гэж нэг ахлагч надаас гуйсан. Тэгэхэд нь би Зарефатын бэлэвсэн эмэгтэйг Ехова яаж ивээснийг санасан» гэж тэрбээр ярьсан юм (Х.дээд 17:12–16). Эдит тэднийг гэртээ байлгахаар болжээ. Ямар ивээл хүртсэн бол? Тэрбээр: «Тэд манайд хоёр 7 хоног биш, бүр хоёр сар байсан. Би их баярласан. Тэр хугацаанд бид дотнын найзууд болсон» гэж ярьсан. Эдит бас хурлынхантайгаа дотносжээ. Одоо эхлэгчээр үйлчилдэг бөгөөд хамт дэлгэрүүлсэн хүмүүсээ гэртээ авчирч дайлж цайлдаг болсон гэнэ. Эдит: «Би өгөхийн жаргал эдэлдэг! Үнэндээ бол өгснөөсөө ч илүү их ивээл хүртдэг» гэж ярив (Евр. 13:1, 2).

17. Лук болон түүний эхнэр юуг анзаарсан бэ?

17 Та угийн зочломтгой хүн байж магадгүй. Гэхдээ сайжруулах хэрэгтэй зүйл байгаа юм биш биз? Жишээ авъя. Лук болон түүний эхнэр зочломтгой хүмүүс ажээ. Аав ээж, төрөл садан, дотнын найзууд, дүүрэг хариуцагчид болон тэдний эхнэрүүдийг гэртээ байнга урина. Гэхдээ Лук: «Бид зөвхөн дотнын хүмүүсээ урьдаг байснаа анзаарсан» гэсэн юм. Эхнэр нөхөр хоёр энэ дутагдлаа хэрхэн зассан бол?

18. Лук болон түүний эхнэр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

18 «Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол ямар шагнал хүртэх билээ?» хэмээн Есүсийн хэлснийг Лук болон түүний эхнэр бодож үзээд, үзэл бодлоо өөрчилжээ (Мат. 5:45–47). Бүх хүнд өгөөмөр сэтгэл гаргадаг Ехова Бурхнаа дуурайх хэрэгтэйгээ ойлгосон байна. Ингээд урьж үзээгүй ах дүүгээ урьж байхаар шийджээ. Лук: «Урьсан, уригдсан бүх хүний сэтгэл сэргэж, бие биетэйгээ, бас Еховатай дотносдог» гэв.

19. Есүсийн жинхэнэ шавь гэдгээ хэрхэн батлах вэ? Та яахаар шийдсэн бэ?

19 Бие биеэ чин зүрхнээсээ хайрладаг хүн эв эеийг сахидаг, хэнийг ч алаг үздэггүй, зочломтгой байдгийг үзлээ. Бид хар буруу санахаа больж, итгэл нэгтнүүдээ сэтгэлийнхээ угаас хайрлах ёстой. Тийм хүн жаргалтай байна, Есүсийн жинхэнэ шавь гэдгээ батална (Ёох. 13:17, 35).

БУСДЫГ ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ХАЙРЛАДАГ БОЛ ...

  • хэрхэн эв эеийг сахих вэ?

  • алагчлах үзэлгүйгээ хэрхэн батлах вэ?

  • хэрхэн зочломтгой байх вэ?

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a Хүмүүс Христийн жинхэнэ дагалдагчдыг хайраар нь танина гэж Есүс хэлсэн. Бид итгэл нэгтнүүдээ хайрладаг бол эв эеийг сахина, алаг үзэхгүй, зочломтгой байна. Гэхдээ ингэх нь тэр бүр амархан биш. Бие биеэ хэзээ ямагт чин зүрхнээсээ хайрлахад тус болох зөвлөгөө энэ өгүүлэлд бий.

b Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл нэгтэнтэйгээ эвлэрэх гэсэн эхний оролдлого нь бүтэлгүйтсэн ч Гэрч бүсгүй шантарсангүй. Хайраа илэрхийлэх гэж хичээсээр амжилт олжээ.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Энэ залуучууд намайг хүн гэж тоохгүй байна хэмээн настай Гэрч бодож байна.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зочломтгой байхаас цааргалдаг байсан Гэрч эмэгтэй бодлоо өөрчлөөд жаргалтай болжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах