СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43
Жинхэнэ мэргэн ухаан дуугаа өндөрсгөж байна
«Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг» (СУР. 1:20).
ДУУ 11 Еховаг баярлуулъя
ТОЙМa
1. Өнөөдөр олон хүн жинхэнэ мэргэн ухааны үгэнд хэрхэн ханддаг вэ? (Сургаалт үгс 1:20, 21).
ОЛОН улс оронд ах дүүс маань хөл ихтэй газар инээмсэглэн зогсоод хэвлэл өгч байгааг харж болно. Та бас эд нар шиг дэлгэрүүлж байсан уу? Хэрэв тийм бол «Сургаалт үгс» номд гардаг энэ зүйл санаанд тань орсон байх. Тэнд мэргэн ухааныг «олон хөлийн газарт дуугаа өндөрсгөж» байгаагаар дүрсэлсэн (Сургаалт үгс 1:20, 21-ийг уншина). Библи болон манай байгууллагын хэвлэлд жинхэнэ мэргэн ухаан буюу Еховагийн мэргэн ухааныг тусгасан байдаг. Эдгээр нь амийн зам дээр гарах анхны алхам хийхэд тустай. Хүмүүс биднээс хэвлэл авахад бид маш их баярладаг. Харин бүгдээрээ авдаггүй нь харамсалтай. Зарим нь Библийн тухай мэдэхийг хүсдэггүй байхад өөр зарим нь Библийг хоцрогдсон ном гэж үзээд биднийг шоолдог. Түүнчлэн ёс суртахууны талаарх Библийн сургаалыг шүүмжилдэг хүмүүс ч байдаг. Тэдний боддогоор Библийн сургаалыг дагадаг хүмүүс өөрсдийгөө л зөв хэмээн үздэг, хахир хатуу хүмүүс ажээ. Гэвч хайрын сэтгэлтэй Ехова жинхэнэ мэргэн ухаантай болох боломжийг хүн бүрд олгодог. Чухам яаж?
2. Өнөөдөр жинхэнэ мэргэн ухааныг хаанаас мэдэж болох вэ? Гэхдээ ихэнх хүн яадаг вэ?
2 Ехова Библиэрээ дамжуулан жинхэнэ мэргэн ухаантай болох боломжийг хүмүүст олгодог. Энэ номыг унших боломж бараг бүх хүнд бий. Харин Библид үндэслэсэн хэвлэлийн тухайд юу хэлж болох вэ? Ехова ивээдэг учраас манай хэвлэлийг 1000 гаруй хэлээр унших боломжтой. Мэргэн ухааны үгийг сонсдог, өөрөөр хэлбэл уншаад дагадаг хүмүүс ихээхэн ач тус хүртэнэ. Гэвч ихэнх хүн жинхэнэ мэргэн ухаантай болгох үгийг сонсох хүсэлгүй. Тэд шийдвэр гаргах болбол өөрсдөдөө найдах юм уу бусад хүний үгийг сонсдог. Тэд Библийн үгийг дагадаг биднийг дорд үздэг. Хүмүүс яагаад ийм хандлагатай байдгийг энэ өгүүллээр ярилцана. Эхлээд, яавал Еховагийн мэргэн ухаантай болохыг ярилцъя.
ЕХОВАГИЙН ТУХАЙ МЭДЛЭГ МЭРГЭН УХААНТАЙ БОЛГОДОГ
3. Жинхэнэ мэргэн ухаан гэдгээр юуг хэлэх вэ?
3 Мэргэн ухаан гэдгээр зөв шийдвэр гаргахын тулд мэдлэгээ ашиглах чадварыг хэлдэг ч энэ нь илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Библид «ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн» гэж байдаг (Сур. 9:10). Тиймээс шийдвэр гаргах болбол «Ариун Нэгэний» мэдлэг буюу Еховагийн үзэл бодлыг үндэс болгох ёстой. Ингэхийн тулд Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг унших хэрэгтэй. Ингэдэг бол жинхэнэ мэргэн ухаантай болно (Сур. 2:5–7).
4. Ехова л биднийг жинхэнэ мэргэн ухаантай болгодог гэхийн учир юу вэ?
4 Зөвхөн Ехова л биднийг жинхэнэ мэргэн ухаантай болгодог (Ром 16:27). Яагаад ингэж хэлж болох вэ? Нэгдүгээрт, Ехова Бүтээгч учраас бүтээлүүдээ нэгд нэгэнгүй мэддэг (Дуу. 104:24). Хоёрдугаарт, Еховагийн бүх үйл хэргээс мэргэн ухаан нь илэрдэг (Ром 11:33). Гуравдугаарт, Еховагийн зөвлөгөөг дагавал дандаа ач тус хүртдэг (Сур. 2:10–12). Жинхэнэ мэргэн ухаантай больё гэвэл дээрх чухал үнэнийг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах юм уу аливаа юмыг хийхдээ эдгээрийг удирдлага болгох хэрэгтэй.
5. Жинхэнэ мэргэн ухааны эх булаг Еховад найддаггүй хүн төрөлхтөн ямар үр дүнд хүрсэн бэ?
5 Дэлгэрүүлж явахад байгалийн сайхныг гайхан биширдэг ч хувьслын онолд итгэж Бүтээгч байхгүй гэдэг хүн олон тааралддаг. Бас зарим нь Бурханд итгэдэг ч Библийн хэм хэмжээг хоцрогдсон гэж үзээд өөрийнхөөрөө амьдардаг. Хүмүүс Бурхны мэргэн ухаанд бус өөрсдийнхөө мэргэн ухаанд найдаад энэ ертөнцийн байдал сайжирсан уу? Тэд жинхэнэ аз жаргалтай болгох баталгаатай найдвар өвөрлөсөн үү? Эргэн тойрноо ажиглавал дараах үг үнэн гэдэг нь тодорхой. «ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй» (Сур. 21:30). Тиймээс жинхэнэ мэргэн ухааны эх булаг Еховад л найдах хэрэгтэй байгаа биз? Харамсалтай нь хүмүүс Еховад найддаггүй. Яагаад?
ХҮМҮҮС ЯАГААД ЖИНХЭНЭ МЭРГЭН УХААНЫГ ҮЛ ТООДОГ ВЭ?
6. Сургаалт үгс 1:22–25-д бичсэнээр ямар хүн Бурхны мэргэн үгийг сонсдоггүй вэ?
6 Мэргэн ухаан гудамжнуудад «чангаар зарлан дуудахад» сонсдоггүй хүн олон бий. Библид бичсэнээр гурван бүлэг хүн мэргэн ухааныг үл тоодог: «гэнэн хүмүүс», «басамжлагсад», «мунхаг хүмүүс» (Сургаалт үгс 1:22–25-ыг уншина). Бурхны мэргэн ухааныг үл тоодог хүмүүс ямархуу шинжтэй байдгийг нарийвчлан үзээд тэдэн шиг болохгүйн тулд яах хэрэгтэйг ярилцъя.
7. Зарим хүн яагаад «гэнэн» хэвээрээ байх дуртай вэ?
7 «Гэнэн хүмүүс» гэдэг нь туршлагагүй, итгэмтгий, амархан хууртдаг хүмүүс юм (Сур. 14:15). Дэлгэрүүлж явахад ийм хүмүүс тааралдах нь олонтоо. Жишээ нь шашны юм уу, улс төрийн удирдагчдад хууртсан сая сая хүнийг бодож үзээрэй. Тэдэнд хууртсанаа мэдсэн зарим нь бүр цочирддог. Гэхдээ Сургаалт үгс 1:22-т дурдсан хүмүүс гэнэн байхдаа дуртай байдаг (Иер. 5:31). Тэд дур зоргоороо амьдрах дуртай бөгөөд Библийн тухай мэдэхийг ч, хэм хэмжээг нь дагахыг ч хүсдэггүй. Канадын нэг сүсэг бишрэлтэй эмэгтэйтэй санал нэгтэй хүн олон байдаг. Тэрбээр гэрт нь ирсэн Гэрчид «Хэрвээ манай сүмийн номлогч биднийг төөрөлдүүлсэн бол бид нарын буруу биш, түүний л буруу» гэсэн. Бид мэргэн ухааныг санаатайгаар үл ойшоодог ийм хүмүүс шиг болохыг хэзээ ч хүсэхгүй (Сур. 1:32; 27:12).
8. Мэргэн ухаантай болоход юу тустай вэ?
8 Тиймээс биднийг гэнэн хэвээрээ байхыг бус «ухаанаараа том хүн байхыг» Библи уриалсан (1 Кор. 14:20). Бид зарчмыг нь баримталж амьдарвал мэргэн ухаантай болно. Ингэвэл бэрхшээлтэй нүүр тулгарахгүй байхад, зөв шийдвэр гаргахад Библийн зарчим тус болдгийг биеэрээ үзнэ. Зөв шийдвэр гаргах талаар ахицтай юу гэдгээ шалгаж байх нь зүйтэй. Библийн хичээл заалгаж цуглаанд явдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн ч Бурханд өөрийгөө хараахан зориулж, баптисм хүртээгүй бол энэ зорилгодоо хүрэхийн тулд яах ёстойгоо бодох нь зүйтэй. Хэрвээ баптисм хүртсэн бол дэлгэрүүлэх, заах ажилдаа ахиц гаргаж байгаа юу? Библийн зарчмын дагуу шийдвэр гаргадаг уу? Хүмүүстэй харьцахдаа Христийн дагалдагч хүний зан чанарыг илэрхийлдэг үү? Хэрвээ юуг сайжруулах хэрэгтэйгээ анзаарсан бол Еховагийн үгийг сайтар бодох хэрэгтэй. Учир нь Бурхны сануулга «гэнэнийг ухаантай болгодог» (Дуу. 19:7).
9. «Басамжлагсад» Бурхны мэргэн ухааныг ойшоодоггүйгээ яаж харуулдаг вэ?
9 Бурхны мэргэн ухааныг үл ойшоодог хоёрдугаар бүлэг хүн нь «басамжлагсад» юм. Дэлгэрүүлж явахдаа бид заримдаа ийм хүмүүстэй тааралддаг (Дуу. 123:4). Тэд бусдыг дооглож тохуурхах дуртай. Эцсийн өдрүүдэд ийм хүмүүс олон болно гэж Библид бичсэн (2 Петр 3:3, 4). Бурхны сануулгыг анхаараагүй Лотын хоёр хүргэн шиг хүмүүс өнөөдөр ч бий (Эх. 19:14). Тэд Библийн зарчмын дагуу амьдардаг хүмүүсийг элэглэн дооглодог. Яагаад гэвэл тэд «нүгэлт хүслийнхээ хойноос явдаг» (Юуд. 7, 17, 18). Библид басамжлагчдын тухай бичсэн үгийг бодохоор тэрслэгчид болон Еховаг үгүйсгэдэг хүмүүс ч тэдэнтэй адил юм.
10. Дуулал 1:1-д бичсэнээр басамжлагчид шиг болохгүйн тулд яах вэ?
10 Басамжлагчид шиг болохгүйн тулд яах вэ? Нэг арга нь юм бүхнийг шүүмжилдэг хүмүүстэй нөхөрлөхөөс зайлсхийх явдал юм (Дуулал 1:1-ийг уншина). Энэ нь тэрслэгчдийг сонсохгүй, тэдний бичсэн зүйлийг уншихгүй гэсэн үг. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол шүүмжлэх хандлагатай болж Еховад итгэхээ больж, бас байгууллагаараа өгдөг заавар нь эргэлзээтэй мэт санагдаж магадгүй. Ингэхгүйн тулд өөрөөсөө «Би шинэ удирдамж авах юм уу шинэ ойлголт гарахад шүүмжлэх гээд байдаг уу? Удирдах үүрэгтэй хүмүүсийн өө сэвийг харах хандлагатай юу?» гэж асуугаарай. Энэ хандлагаа аль болох түргэн засаж залруулбал Еховад таалагдана (Сур. 3:34, 35).
11. «Мунхаг хүмүүс» ёс суртахууны талаарх Еховагийн хэм хэмжээг юу гэж үздэг вэ?
11 Мэргэн ухааны үгийг үл ойшоодог гуравдугаар бүлэг хүн нь «мунхаг хүмүүс» юм. Тэд ёс суртахууны талаарх Бурхны хуулийг сахихаас татгалздаг учраас мунхаг бөгөөд зөв гэж боддогоо хийдэг (Сур. 12:15). Ийм хүмүүс мэргэн ухааны эх булаг Еховаг үгүйсгэдэг (Дуу. 53:1). Дэлгэрүүлж явахдаа ийм хүмүүстэй уулзахаар тэд биднийг Библийн хэм хэмжээг дагадаг гээд хайр найргүй шүүмжилдэг атлаа тус болох олигтой юм хэлж мэддэггүй. Библид «Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм. Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй» гэж байдаг (Сур. 24:7). Мунхаг хүмүүс бусдад жинхэнэ ач тустай зөвлөгөө өгч чаддаггүй. Тиймээс Ехова «Мунхаг хүнээс хол бай» гэсэн нь гайхах зүйл биш ээ (Сур. 14:7).
12. Мунхаг хүмүүс шиг болохгүйн тулд яах вэ?
12 Бид Бурхны зөвлөгөөг үзэн яддаг хүмүүстэй адилгүй. Харин бид Бурхны үзэл бодлыг эрхэмлэж бүх тушаалыг нь зүгээр нэг дагахаас илүү бүр хайрлахад суралцдаг. Дуулгавартай дуулгаваргүй байхын үр дүнг харьцуулдаг бол энэ хайр улам гүнзгийрнэ. Мэргэн ухаантай Еховагийн зөвлөгөөг мунхгаасаа болоод үл ойшоосон хүмүүс ямар зовлон амсдагийг анзаараарай. Тэгээд Бурханд дуулгавартай байснаар хэчнээн тайван, сайхан амьдарч байгаагаа бодож үзээрэй (Дуу. 32:8, 10).
13. Ехова зөвлөгөөг дага гэж хүчилдэг үү?
13 Ехова мэргэн ухааны үгийг сонсох боломжийг бүх хүнд олгодог боловч заавал ав гэж хэнийг ч хүчилдэггүй. Гэхдээ үг авахгүй бол ямар хохирол амсахыг тодорхой хэлж өгдөг (Сур. 1:29–32). Еховаг сонсохгүй байхаар шийдсэн хүмүүс «өөрсдийн үйлсийн үр жимсийг иднэ». Тэд амьдрах хэв маягаасаа болж яваандаа зовлон амсаж эцэст нь устгагдана. Харин Еховагийн зөвлөгөөг сонсож, дагадаг хүмүүсийн тухай «намайг сонсдог хүн аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» гэж амласан (Сур. 1:33).
ЕХОВАГИЙН МЭРГЭН ҮГ БИДЭНД ТУСТАЙ
Цуглаандаа идэвхтэй оролцох нь Бурхантай дотносоход тустай (15-р догол мөрийг үзээрэй)
14, 15. Сургаалт үгс 4:23-аас бид юу мэдэж авах вэ?
14 Бурхны мэргэн үгийг дагавал бид үргэлж ач тус хүртэнэ. Дээр дурдсанаар Еховагийн мэргэн зөвлөгөөг бүх хүн сонсох боломжтой. Жишээлбэл «Сургаалт үгс» номд байдаг Еховагийн зөвлөгөөг дагавал хэзээ ямагт ач тус хүртдэг. Дөрвийг нь одоо ярилцъя.
15 Бэлгэдлийн зүрхээ хамгаалаарай. Библид «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэжээ (Сур. 4:23). Зүрхээ эрүүл байлгахын тулд яах хэрэгтэй вэ? Шимтэй хоол идэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, муу зуршилтай болохоос сэрэмжлэх хэрэгтэй. Бэлгэдлийн зүрхээ хамгаалахын тулд үүнтэй төстэй зүйлийг хийх учиртай. Өдөр бүр Бурхны Үгийг уншина, цуглаандаа бэлдэж таслахгүй оролцоно, тогтмол идэвхтэй дэлгэрүүлнэ. Бас ёс суртахуунгүй зугаа цэнгэл юм уу муу нөхөрлөл гэх зэрэг бодол санааг маань бохирдуулах аливаа бүхнээс хол байж, муу зуршилтай болохоос сэрэмжилнэ.
Мөнгөний талаар зөв үзэлтэй байх нь байгаа юмандаа сэтгэл хангалуун байхад тустай (16-р догол мөрийг үзээрэй)
16. Сургаалт үгс 23:4, 5-д байдаг зөвлөгөө өнөөдөр ч ач тустай гэхийн учир юу вэ?
16 Байгаа юмандаа сэтгэл хангалуун байгаарай. Библи ийнхүү зөвлөдөг. «Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй. ... Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу» (Сур. 23:4, 5). Эд хөрөнгө үүрдийнх биш боловч өнөөдөр баян ядуугийн хэн хэн нь мөнгөтэй болох гэж улайран юу ч хийхээс буцахгүй болжээ. Тийм учраас нэр хүндээ алдаж, анд нөхөд болон гэр бүлийнхнээсээ хөндийрч, бүр эрүүл мэндээрээ ч хохирдог (Сур. 28:20; 1 Тим. 6:9, 10). Гэхдээ мэргэн ухааны үгийг дагадаг хүн мөнгөний талаар зөв үзэлтэй байдаг. Ийм хүн шуналд автдаггүй, харин сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг (Ном. 7:12).
Ярихаасаа өмнө бодох нь бусдыг гомдоохгүй байхад тустай (17-р догол мөрийг үзээрэй)
17. Сургаалт үгс 12:18-д бичсэнчлэн бид яавал мэргэн хүн шиг ярьдаг болох вэ?
17 Үг хэлэхээсээ өмнө бодоорой. Бид болгоомжтой байхгүй бол үг хэлээрээ хүмүүсийг шархлуулж болзошгүй. Библид «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж байдаг (Сур. 12:18). Хэрвээ бусдын алдаа дутагдлын талаар ярьж хов жив хөөцөлддөггүй бол эвтэй байна (Сур. 20:19). Үг хэлээрээ бусдыг шархлуулахгүй илааршуулъя гэвэл Бурхны Үгийг тогтмол уншиж зүрх сэтгэлдээ шингээх учиртай (Лук 6:45). Библид бичсэнийг эргэцүүлэн боддог бол бид «мэргэн ухааны ундарга мэт» үгээр бусдыг сэргээж чадна (Сур. 18:4).
Байгууллагын зааврыг дагах нь дэлгэрүүлэх чадвараа сайжруулахад тустай (18-р догол мөрийг үзээрэй)
18. Үр дүнтэй дэлгэрүүлэхийн тулд Сургаалт үгс 24:6-гийн зарчмыг хэрхэн дагах вэ?
18 Удирдлага зааврыг биелүүлээрэй. Библид амжилттай байхад маань тустай «Мэргэн удирдамжийн дагуу чи дайт. Олон зөвлөгчийн дотор ялалт бий» гэсэн зөвлөгөө байдаг (Сур. 24:6). Энэ зөвлөгөө сайн дэлгэрүүлэгч, багш болоход хэрхэн тус болох вэ? Бид өөрсдийнхөө зөв гэж үзсэнээр дэлгэрүүлж, заахын оронд байгууллагын удирдамжийг дагахыг хичээдэг. Цуглааны үеэр тавьдаг Библид үндэслэсэн илтгэл, үзүүлбэрүүд бидний дагах зохистой удирдамж юм. Түүнчлэн Еховагийн байгууллага биднийг хэвлэл, видео зэрэг багажаар хангадаг. Эдгээрийг ашиглавал Библийг илүү сайн ойлгоход хүмүүст тусална. Та эдгээр багажийг үр дүнтэй ашиглахыг хичээж байна уу?
19. Та Еховагийн мэргэн ухааныг хэрхэн үздэг вэ? (Сургаалт үгс 3:13–18).
19 Сургаалт үгс 3:13–18-ыг уншина. Бурхны Үгэн дэх үнэлж баршгүй зөвлөгөөнд бид үргэлж талархдаг! Түүнгүйгээр бид яах байсан бол? Энэ өгүүллээр бид «Сургаалт үгс» номд гардаг зарим зөвлөгөө ямар ач тустайг авч үзлээ. Мэдээж зөвхөн энэ номд биш, Библийн бүх номд үнэтэй зөвлөгөө олон бий. Еховагийн эдгээр зөвлөгөөг ажил болгохыг үргэлж хичээцгээе. Энэ ертөнцийнхөн Бурхны мэргэн ухааныг хэрхэн үзэх нь бидэнд падгүй. Харин бид, «[Мэргэн ухааныг] тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй» гэдэгт бат итгэдэг.
ДУУ 52 Зүрхээ хамгаалъя
a Еховагийн мэргэн ухаан энэ ертөнцийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ өгүүллээр «Сургаалт үгс» номд гардаг сонирхол татсан зүйрлэлийг ярилцана. Тэнд бичсэнээр, мэргэн ухаан нь «олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг» ажээ. Бид яавал мэргэн ухаантай болохыг, Еховагийн мэргэн ухааныг зарим хүн яагаад сонсдоггүйг болон чих тавин сонсдог бол ямар ач тустайг авч үзнэ.