Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц23 2 сар х. 26-30
  • Үнэнч хүмүүс сайн явахыг би харсан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үнэнч хүмүүс сайн явахыг би харсан
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УМАРД ИРЛАНД—ТЭСРЭХ БӨМБӨГ, ШУНГИНАХ СУМНЫ ГАЗАР
  • СЬЕРРА ЛЕОН—ЯДУУ Ч БАТ ИТГЭЛТЭЙ
  • НИГЕР—ШИНЭ СОЁЛ
  • КЕНИ—АХ ДҮҮСИЙН МААНЬ ТЭВЧЭЭР
  • АНУ—БАЯН ЧИНЭЭЛЭГ Ч БАТ ИТГЭЛТЭЙ
  • «Сонсогчоо ч аварна»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ехова биднээс юу л хүснэ, түүнийг нь хийвэл ивээл хүртдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
хц23 2 сар х. 26-30
Роберт Ландис.

НАМТАР

Үнэнч хүмүүс сайн явахыг би харсан

РОБЕРТ ЛАНДИС

ТА ХЭН нэгэнтэй ярилцсан чухал зүйлээ мартдаггүй байх. Миний хувьд гэвэл 50 жилийн өмнө Кенид түүдэг галын дэргэд найзтайгаа ярилцсан яриа санаанаас гардаггүй юм. Олон сар аялаад борлож, саарьтсан бид шашинтай холбоотой нэг киноны тухай ярилцсан. Тэгэхэд найз минь «Тэр кинонд Библийг буруу тайлбарласан» гэж билээ.

Би найзыгаа шүтлэгтэй хүн гэж бодоогүй учраас шоолонгуй инээгээд «Чи Библийн тухай юу мэддэг юм бэ дээ?» гэж асуусан. Тэгэхэд тэрбээр хэсэг зуур дуугүй сууснаа Еховагийн Гэрч ээжээсээ зарим зүйлийг мэдэж авсан гэж хэлсэн. Миний сониуч зан хөдөлж, илүү ихийг ярьж өгөхийг гуйв.

Бид бараг шөнө дунд хүртэл ярилцсан. Библид Сатаныг энэ ертөнцийн захирагч гэж тодорхойлдгийг найз минь надад хэлж өгсөн (Ёох. 14:30). Та үүнийг маш сайн мэддэг байх. Гэхдээ миний хувьд энэ нь цоо шинэ бөгөөд сонирхол татсан ойлголт байв. Миний сонссоноор бол энэ ертөнцийг сайхан сэтгэлтэй Бурхан захирдаг. Гэхдээ энэ нь үзэж харсантай минь огт тохирдоггүй байв. Хэдийгээр би 26-хан настай байсан ч сэтгэл зовоосон олон юмыг үзсэн.

Манай аав АНУ-ын агаарын цэргийн нисгэгч байсан. Тиймээс цэргийнхэн нэг товчлуур дарахад л цөмийн дайн гарч болзошгүйг би хүүхэд байхаасаа мэддэг байв. Намайг Калифорнид оюутан байхад Вьетнамд дайн гарч, би ч оюутнуудтай хамт эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн. Бороохойтой цагдаа нарт хөөгдөж, нулимс асгаруулагч хийгээс болж бараг юм харж чадалгүй, амьсгаа боогдон зугтдаг байв. Тэр үе бол үймээн самууны цаг. Улс төрийн аллага, эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн тэмцэл болно. Хүн болгон өөрийн гэсэн бодол санаатай их л ойлгомжгүй үе байсан.

Роберт аяллын маршрутаа газрын зургаас харуулаад мотоциклынхаа дэргэд зогсож байна.

Лондонгоос Төв Африк руу

Би 1970 онд Аляскийн хойд эрэг дээр очиж ажиллаад их мөнгөтэй болсон. Дараа нь би Лондонд очлоо. Тэндээс мотоцикл худалдаж аваад ямар ч зорилгогүй урд зүгийг чиглэж явсаар хэдэн сарын дараа Африкт очсон. Би зам зуураа бэрхшээл асуудлаасаа ангид байж эрх чөлөөг мэдрэхийг хүссэн өөр шигээ хүмүүстэй тааралдсан.

Тиймээс үзэж харсан, сонссон зүйлээ бодож үзээд энэ ертөнцийг хорон муу нэгэн удирддаг гэсэн Библийн сургаал үнэн гэдгийг ойлгосон. Харин Бурхан захирдаггүй юм бол тэрбээр юу хийж байгааг мэдмээр байсан.

Хэдэн сарын дараа би асуултынхаа хариуг олсон. Тэгээд яваандаа янз бүрийн нөхцөлд цорын ганц үнэн Бурханд үнэнчээ баталсан эрчүүд, эмэгтэйчүүдтэй уулзаж танилцаад тэднийг хайрладаг болсон.

УМАРД ИРЛАНД—ТЭСРЭХ БӨМБӨГ, ШУНГИНАХ СУМНЫ ГАЗАР

Лондонд буцаж ирээд найзынхаа ээжтэй уулзахад надад Библи өгч билээ. Дараа нь Нидерландын Амстердамд очсон. Гудамжны гэрэлд Библи уншиж байгааг минь харсан нэг Гэрч эрэгтэй Библиэс илүү ихийг мэдэхэд минь тусалсан юм. Тэгээд би Ирландын Даблин руу явж Еховагийн Гэрчүүдийн салбарыг олж очоод хаалгыг нь тогшив. Тэнд ухаалаг, туршлагатай Артур Матью гэдэг Гэрч эрэгтэйтэй танилцаад Библийн хичээл заалгая гэхэд зөвшөөрсөн.

Би Еховагийн Гэрчүүдийн гаргасан ном хэвлэлүүдийг шуналтай нь аргагүй уншиж эхэлсэн. Мэдээж бас Библийг ч уншсан. Ёстой янзын байсан! Зуун зууны туршид эрдэмтдийн бодсоор ирсэн «Яагаад муу юм болдог вэ? Бурхан гэж хэн бэ? Үхсэний дараа яадаг юм бол?» зэрэг асуултын хариуг хүүхдүүд ч мэддэгийг цуглаан дээр анзаарсан. Би зөвхөн Еховагийн Гэрчүүдтэй л харьцдаг байв. Таньдаг өөр хүнгүй учраас энэ нь ч амар байсан. Тэднийхээ ачаар би Еховаг хайрладаг болж, хүслийг нь биелүүлж амьдаръя гэж боддог болсон.

Найжел Денис бид гурав

Тэгээд би 1972 онд баптисм хүртэж, жилийн дараа эхлэгч болоод Умард Ирландын Ньюри хотын жижигхэн хуралд үйлчлэх болсон. Би уулын энгэр дэх авсаархан чулуун байшин түрээсэлсэн. Хажууханд минь үхэр бэлчинэ. Би өмнө нь зогсоод илтгэлээ давтдаг байв. Тэд өвс хивэнгээ намайг анхааралтай сонсож байгаа мэт харагддаг. Зөвлөгөө өгдөггүй ч сонсогчдыг хараад илтгэл тавьж сурахад минь тусалсан. 1974 онд тусгай эхлэгчээр томилогдоод Найжел Питт гэдэг хүнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Бид насан туршийн найзууд болсон.

Тэр үед Умард Ирландад хүчирхийлэл гаарсан байв. Зарим нь бүр «Тэсрэх бөмбөг, шунгинах сумны газар» гэсэн нь их оносон үг байлаа. Гудамжинд зодолдох, буудалцах, машин дэлбэрэх нь ердийн үзэгдэл. Улс төр, шашны асуудал холилдож бантан болсон байв. Протестант, католик шашныхны аль аль нь Еховагийн Гэрчүүдийг улс төрийн асуудлаар хэний ч талд ордоггүйг мэддэг учраас бид айх аюулгүй чөлөөтэй дэлгэрүүлдэг байлаа. Ер нь айлын хүмүүс хэзээ, хаана буудалцаан, зодоон болохыг мэддэг учраас тэндээс хол байхыг бидэнд анхааруулдаг байж билээ.

Гэхдээ аюултай гэмээр юм тохиолддог байв. Нэг өдөр урьд нь ганц л удаа очиж байсан, нэг ч дэлгэрүүлэгчгүй зэргэлдээх хотод Денис Карриган гэдэг эхлэгчтэй хамт дэлгэрүүлсэн. Нэг эмэгтэй биднийг Британийн цэрэг атлаа үүнийгээ нууж байгаа хүмүүс гэсэн. Магадгүй ирланд аялгаар ярьдаггүй байсан болохоор тэгсэн байх. Тэгэхэд нь бид хоёр их айсан. Цэргүүдтэй найрсаг хандах л юм болбол шууд алах юм уу өвдөг рүү буудаж магадгүй байв. Бид хоёулхнаа автобус хүлээгээд даараад гадаа зогсож байтал нэг машин кафены дэргэд ирж зогсохыг харав. Биднийг сэжиглэж байсан эмэгтэй кафенаас гарч ирээд бидэн рүү заангаа машинд байгаа хоёр эрэгтэйтэй сэтгэл нь хөдөлсөн янзтай яриад байв. Эрчүүд машинтайгаа бидэн рүү аажмаар дөхөж ирээд автобусны цагийн хуваарийг асуусан. Автобус ирэхэд тэд автобусны жолоочтой бас ярьсан. Юу ярьсан нь сонсогдоогүй. Автобусанд өөр зорчигч байгаагүй учраас бид хоёрыг хотоос гаргаж бодийг маань хөтлөх нь дээ л гэж бодсон. Гэхдээ юу ч болоогүй. Автобуснаас буухдаа жолоочоос «Түрүүчийн залуучууд бид хоёрын тухай асуусан уу?» гэхэд тэрбээр: «Тиймээ, гэхдээ би та нарыг хэн гэдгийг мэднэ. Тиймээс түүнийгээ л хэлсэн. Санаа зовох хэрэггүй, айх ч хэрэггүй» гэсэн.

Роберт Паулин хоёр хуримынхаа өдрөөр.

Хуримынхаа өдөр, 1977 оны 3-р сар

1976 онд Даблинд болсон мужийн чуулганa дээр Англиас ирсэн Паулин Ломакс гэдэг тусгай эхлэгчтэй танилцсан. Тэрбээр Еховад үнэнч, даруу, хайр татам бүсгүй байв. Дүү Рэйтэйгээ тэр хоёр хар багаасаа үнэнийг мэдсэн. Жилийн дараа Паулин бид хоёр гэрлэж, Умард Ирландын Баллимена хотод тусгай эхлэгчээр томилогдсон.

Хэсэг хугацаанд бид хоёр Белфаст, Лондондерри болон өөр аюултай газарт явуулын ажил хийж байв. Тэндхийн ах дүүс сэтгэл зүрхэнд нь бат бөх шингэсэн итгэл үнэмшил, үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үзлээ өөрчилж Еховад бат итгэлтэй үйлчилж байгаа нь бид хоёрын сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Ехова тэднийг хамгаалж, ивээсэн нь ойлгомжтой.

Би Ирландад 10 жил амьдарсан. 1981 онд бид хоёрыг Гилеад сургуулийн 72-р ангид суралцахыг урив. Сургуулиа төгсөөд биднийг баруун Африкийн Сьерра Леон руу томилсон.

СЬЕРРА ЛЕОН—ЯДУУ Ч БАТ ИТГЭЛТЭЙ

Бид хоёр сайхан зан чанартай өөр 11 хүнтэй миссионерын гэрт хамтдаа амьдардаг байв. Бид нар дундаа нэг гал тогоо, утас, угаалгын машин, хатаагчтай, бас 3 жорлон, 2 шүршүүртэй. Тог гэнэт тасрах нь ердийн үзэгдэл. Дээврийн хөндийд хархнууд үүрлэсэн, хонгилд хорт могой орж ирдэг байлаа.

Роберт болон бусад хүмүүс мотоциклтойгоо салаар гол гаталж байна.

Хөрш улс Гвинейд болсон чуулганд суух гээд гол гаталж байгаа минь

Амьдралын нөхцөл тийм таатай биш байсан ч Бурхандаа үйлчлээд баяр баясгалантай байдаг байв. Хүмүүс Библид хүндэтгэлтэй хандаж, анхааралтай сонсоно. Олон хүн Библи судалж үнэний зам дээр гарсан. Нутгийн хүмүүс намайг «Ноён Роберт», харин Паулиныг «Хатагтай Роберт» гэдэг байсан. Хэсэг хугацааны дараа би илүү их цагийг салбарын ажилд зориулж, дэлгэрүүлэх ажилд бага оролцдог болсон тул хүмүүс Паулиныг «Хатагтай Паулин» гэж дуудаж, харин намайг «Ноён Паулин» гэдэг болов. Энэ нь Паулинд их таалагдсан.

Роберт Паулин хоёр ачааны машинтайгаа.

Сьерра Леонд дэлгэрүүлэх холын аянд гарлаа

Ах дүүсийн маань ихэнх нь ядуу байсан ч Ехова үргэлж тэдэнд санаа тавьж, заримдаа бүр гайхалтай гэмээр юм болдог байв (Мат. 6:33). Би нэг Гэрч эмэгтэйг санаж байна. Тэрбээр тухайн өдрийнхөө л хоол хүнсийг авч чадах мөнгөтэй байсан ч хумхаа өвчин тусаад эмээ авч дийлэхгүй байсан Гэрч эрэгтэйд байгаа мөнгөө бүгдийг нь өгсөн. Гэтэл орой нь нэг эмэгтэй түүн дээр ирээд үсээ засуулаад мөнгөө төлсөн. Санаанд оромгүй ийм явдал их болдог байлаа.

НИГЕР—ШИНЭ СОЁЛ

Бид Сьерра Леонд 9 жил болсон. Дараа нь Нигерийн Бетелд томилогдов. Энэ нь маш том салбар байлаа. Энд ирээд би Сьерра Леонд хийж байсан оффисынхаа ажлыг хийсэн. Харин Паулины ажил тэр чигээрээ өөрчлөгдөв. Тэрбээр сар бүр 130 цаг дэлгэрүүлж, ахиц дэвшил гаргадаг сайн суралцагчидтай байсан. Харин одоо оёдлын хэсэгт томилогдож, өдөржингөө хувцас хунар засварлаж оёно. Энэ ажилдаа дасах гэж нэлээд удсан. Гэхдээ хүмүүс хийсэн ажилд нь сэтгэл хангалуун байгааг анзаарсан бөгөөд өөрөө ч бетелчдэд урам хайрлахыг анхаардаг болсон.

Нигерийн соёл бидний хувьд цоо шинэ зүйл байсан бөгөөд сурах юм ч их байлаа. Нэгэн удаа нэг Гэрч эрэгтэй Бетелд томилогдоод дөнгөж сая ирсэн бүсгүйг ажил дээр минь дагуулж ирээд танилцуулав. Би мэндлэх гээд гараа сунгатал бүсгүй миний өмнө өвдөг сөгдөхөөр нь би мэл гайхав. Толгойд минь Үйлс 10:25, 26 болон Илчлэл 19:10 зурс хийн орж ирэв. Би: «Ингэх хэрэггүй гэж хэлэх үү?» гэж бодсон. Үүний зэрэгцээ Бетелд томилогдсон юм чинь Библид юу гэж байдгийг мэдэж байгаа шүү дээ гэж бас бодов.

Сандарснаасаа болоод тэр үед юу ярьснаа ч санадаггүй. Гэхдээ дараа нь жаахан судалж үзсэн. Бүсгүй улс орныхоо зарим газарт өдий болтол мөрдсөөр ирсэн ёс заншлынхаа дагуу мэндэлснийг ойлгосон. Эрчүүд нь ч яг адилхан өвдөг сөгддөг юм байна. Энэ нь хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг бөгөөд шүтлэг, мөргөлтэй холбоогүй ажээ. Библид ч ийм жишээ байдаг (1 Сам. 24:8). Би ч мэдэхгүй юмаа хэлж бүсгүйг эвгүй байдалд оруулаагүйдээ баярласан.

Олон жил үнэнч байсан нигер ах дүүстэйгээ танилцсан. Тэдний нэг болох Исаиа Адагбонагийн тухай ярьж өгье.b Тэрбээр үнэнийг залуудаа мэдсэн бөгөөд хожим нь уяман өвчтэй болжээ. Түүнийг уяман өвчтэй хүмүүсийг байлгадаг газар луу илгээсэн. Тэрбээр тэндхийн цорын ганц Гэрч нь болов. Исаиа эсэргүүцлийг үл тоон уяман өвчтэй 30 хүнд үнэнийг мэдэхэд нь тусалж тэнд хурал зохион байгуулсан.

КЕНИ—АХ ДҮҮСИЙН МААНЬ ТЭВЧЭЭР

Аав ээжээсээ төөрсөн хирсний зулзагатай таарсан минь

1996 онд бид хоёрыг Кени салбар луу шилжүүлсэн. Энэ өгүүллийн эхэнд дурдсан тэр явдлаас хойш Кенид анх удаа эргэж ирсэн минь энэ. Бид бетелчин болсон. Тэнд хүмүүсээс гадна заримдаа цагаан сармагчин бөөнөөрөө ирдэг байв. Тэд жимс авч яваа эгч нарыг «дээрэмддэг». Нэг Гэрч эмэгтэй өрөөнийхөө цонхыг онгорхой орхиод буцаж ирэхэд сүрэг сармагчин ирчихээд найрлаж байв. Эмэгтэй хашхираад зугтахад тэд ч хашхиралдсаар цонхоор үсрэн гарцгаав.

Паулин бид хоёр свахили хэлний цуглаанд явдаг болов. Хэсэг хугацааны дараа намайг хурлын ном судлалын цуглааныг (одоо Библи судлалын цуглаан гэдэг) удирдах даалгавар өгсөн. Гэхдээ тухайн үед би свахили хэлээр нялх хүүхдээс өөрцгүй ярьдаг байсан. Би цуглаандаа урьдчилан бэлддэг учраас асуултуудаа уншиж чаддаг байв. Гэхдээ хүмүүсийн хариулт сэтгүүлд бичсэнээс жаахан л өөр байхад би ойлгохоо больчихдог. Ичмээр л дээ. Бас санаа зовдог байв. Иймэрхүү янзаар цуглаан удирдахад ах дүүс маань маш тэвчээртэй, даруу байгаа нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн.

АНУ—БАЯН ЧИНЭЭЛЭГ Ч БАТ ИТГЭЛТЭЙ

Бид хоёр Кенид жил ч болоогүй. Тэгээд 1997 онд Нью-Йоркийн Брүүклиний Бетелд ажиллах урилга авсан. Одоо бид баян чинээлэг улс оронд амьдарч байгаа. Энд ч бас бэрхшээл учирдаг (Сур. 30:8, 9). Гэсэн хэдий ч ах дүүс маань бат итгэлтэй байдаг. Тэд маань цаг хүч, эд хөрөнгөө баяжихын төлөө бус Еховагийн байгууллагын ажлыг дэмжихийн тулд зориулдаг байв.

Янз бүрийн нөхцөлд амьдардаг ч ах дүүс маань бат итгэлтэй үйлчилж байгааг би олон жилийн турш харлаа. Хүчирхийлэлд автсан Ирландад ч, ядуу зүдүү Африкт ч, баян чинээлэг Америкт ч ах дүүс маань бат итгэлтэй байсаар. Ямар ч нөхцөлд амьдардаг, өөрийг нь хайрладаг хүмүүсийг Ехова тэнгэрээс хараад хэчнээн их баярладаг нь ойлгомжтой!

Уорвик дахь Бетелд Паулинтайгаа

Цаг хугацаа «нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрчээ» (Иов 7:6). Одоо бид Нью-Йоркийн Уорвик дахь байгууллагын төвд ажиллаж байна. Нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй хамт үйлчлэх нь үнэхээр сайхан. Удахгүй тоо томшгүй үнэнч хүмүүсээ Хаан Христ Есүс ивээнэ. Бид түүнийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж аз жаргалтай, сэтгэл хангалуун, баяр хөөртэй байна (Мат. 25:34).

a Бүсийн чуулганыг урьд нь мужийн чуулган гэдэг байв.

b Исаиа Адагбонагийн намтар 1998 оны 4-р сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлийн 22–27-р хуудсанд бий (англи). Тэрбээр 2010 онд нас барсан.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах