СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8
«Ухаалаг, сэрэмжтэй бай!»
«Ухаалаг, сэрэмжтэй бай!» (1 ПЕТР 5:8).
ДУУ 24 Шагналаа харж явъя!
ТОЙМa
1. Есүс шавь нартаа төгсгөл хэзээ болох талаар юу гэж хэлсэн бэ? Бас юу гэж анхааруулсан бэ?
ЕСҮСИЙГ нас барахаас хэдэн хоногийн өмнө дөрвөн шавь нь түүнээс «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуудаг (Мат. 24:3). Тэд Иудейн тогтолцоо устгагдах цагийг яаж мэдэхийг сонирхсон бололтой. Гэхдээ Есүс зөвхөн Иудейн тогтолцоог бус бидний амьдарч буй энэ тогтолцооны төгсгөлийн тухай ч бас хэлсэн. Төгсгөл болох цагийн тухайд Есүс: «Тэр өдөр эсвэл цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элчүүд ч, Хүү ч мэдэхгүй, гагцхүү Эцэг мэднэ» гэж хэлсэн. Тэгээд цааш нь «сонор сэрэмжтэй байхыг» бүх шавь нартаа анхааруулсан (Марк 13:32–37).
2. Иудейн тогтолцооны үед амьдарч байсан хүмүүс сонор сэрэмжтэй байх нь яагаад чухал байсан бэ?
2 Христийн I зууны дагалдагч иудейчүүд сонор сэрэмжтэй байх ёстой байлаа. Яагаад гэвэл амьд байх эсэх нь үүнээс шалтгаалах байв. Есүс дагалдагчдадаа Иудейн тогтолцооны төгсгөлийн цагийг мэдэж авахын тулд юуг анхаарах ёстойг хэлж өгсөн. Тэрбээр: «Иерусалим цэрэгт бүслэгдсэнийг харвал сүйрэх цаг нь ойртжээ гэж мэдэгтүн» хэмээн хэлжээ. Тэр үед тэд Есүсийн анхааруулсныг санаж уул руу зугтах ёстой байв (Лук 21:20, 21). Дээрх анхааруулгыг санаж сэрэмжтэй байсан хүмүүс ромчууд Иерусалимыг устгах үед амьд үлдсэн.
3. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
3 Өнөөдөр бид энэхүү бузар муу ертөнцийн төгсгөл улам ойртож буй цаг үед амьдарч байна. Тиймээс ухаалаг бөгөөд сонор сэрэмжтэй байх ёстой. Ертөнцөд болж буй үйл явдлыг анхаарч сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ хэрхэн ухаалаг байхыг, өөрийгөө хэрхэн шалгахыг, үлдсэн цаг хугацааг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглахыг энэ өгүүллээр ярилцана.
ЕРТӨНЦӨД ЮУ БОЛЖ БУЙГ АЖИГЛАН УХААЛАГ БАЙГААРАЙ
4. Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг сонирхон энэ ертөнцөд болж буй үйл явдлыг яагаад ажиглах ёстой вэ?
4 Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг сонирхон дэлхий даяар болж буй үйл явдлуудыг ажиглаж байх нь зүйтэй. Учир нь Есүс Сатаны тогтолцооны төгсгөл ойртсоныг мэдэхэд тустай тодорхой үйл явдлуудыг тоочсон (Мат. 24:3–14). Бас элч Петрийн уриалснаар бол бат итгэлтэй байхын тулд Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг анхаарах хэрэгтэй (2 Петр 1:19–21). Түүнчлэн Библийн сүүлчийн номын эхэнд «Удахгүй болох ёстой үйл явдлыг Бурхан боолууддаа мэдүүлэхийн тулд Есүс Христэд илчилсэн» гэж байдаг (Илч. 1:1). Тиймээс бид Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг мэдэхийг хүсдэг бөгөөд дэлхий дээр болж буй үйл явдлуудыг ажигладаг. Бас энэ тухай нэг нэгэнтэйгээ ярилцдаг.
Библийн зөгнөлийн тухай ярилцахдаа яахаас зайлсхийх ёстой вэ? Харин яах ёстой вэ? (5-р догол мөрийг үзээрэй)b
5. Бид яахаас зайлсхийх ёстой вэ? Харин яах нь зөв бэ? (Бас зургийг үзээрэй).
5 Гэхдээ Библийн зөгнөлийн тухай ярилцахдаа таамаг дэвшүүлэхээс зайлсхийх ёстой. Яагаад? Учир нь бид хурлынхныг хагаралдан хуваагдахыг хүсэхгүй. Жишээлбэл дэлхийн удирдагчид ямар нэг асуудлыг хэрхэн шийдэж амар амгалан, аюулгүй байдлыг тогтоох талаар ярилцсаныг сонссон гэж бодъё. Тэгээд 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелж байна гэж таамаг дэвшүүлэхийн оронд энэ тухай хамгийн сүүлд гарсан мэдээллийг анхаарах учиртай. Хэрэв бид Еховагийн байгууллагаас гаргасан материалд үндэслэн ярилцдаг бол хурлынхныг «санаа ... нэгтэй» байхад нь хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм (1 Кор. 1:10; 4:6).
6. 2 Петр 3:11–13-т бичсэнээс бид юу ойлгож авах вэ?
6 2 Петр 3:11–13-ыг уншина. Библийн зөгнөлийг судлахдаа ухаалаг байхад элч Петрийн үг тустай. Тэрбээр бидэнд «Еховагийн өдөр ирэхийг ... тод санаж байхыг» уриалсан. Яагаад? Хармагедон хэмээх дайн эхлэх «өдөр, цагийг» тооцоолохын тулд бус харин үлдсэн цаг хугацаанд «ариун байж Бурханд үнэнчээ үйлсээрээ батлахын» тулд юм (Мат. 24:36; Лук 12:40). Өөрөөр хэлбэл бид биеэ зөв авч явж, Еховад маш их хайртайгаа үйлсээрээ харуулахыг хүсдэг. Үүнийг анхаарч байхын тулд өөрсдийгөө шалгах хэрэгтэй.
ӨӨРСДИЙГӨӨ АНХААРАХ ХЭРЭГТЭЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
7. Өөрийгөө анхаардаг хүн яадаг вэ? (Лук 21:34).
7 Есүс шавь нартаа дэлхий дээр болж буй үйл явдлуудыг төдийгүй өөрсдийгөө ч анхаарах хэрэгтэйг Лук 21:34-т онцолжээ (уншина). Тэнд Есүс юу хийдгээ анхаарахыг бидэнд сануулсан. Өөрийгөө анхаардаг хүн Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах аливаа аюулаас сэрэмжилж, түүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Ийнхүү Бурхнаараа хайрлуулж явдаг (Сур. 22:3; Юуд. 20, 21).
8. Паул Христийн дагалдагчдад юу гэж зөвлөсөн бэ?
8 Бас элч Паул ч Христийн дагалдагчдад өөрсдийгөө анхаарахыг захисан. Жишээлбэл Эфэс дэх Христийн дагалдагчдад «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга» гэжээ (Эф. 5:15, 16). Еховатай тогтоосон харьцааг маань бусниулахыг Сатан цаг ямагт хичээдэг. Тиймээс ямар ч аюулыг гэтлэхийн тулд «Ехова юу хүсдэгийг ухаар» гэсэн зөвлөгөө Библид байдаг (Эф. 5:17).
9. Ехова биднээс юу хүсдэгийг хэрхэн мэдэх вэ?
9 Библид Еховагаас холдуулах ямар ямар аюул отож байдгийг нэг бүрчлэн дурдаагүй. Өөрөөр хэлбэл заримдаа яг яах ёстойг заасан тодорхой тушаал байхгүй. Тиймээс бид олон юман дээр өөрсдөө шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Зөв шийдвэр гаргахын тулд «Ехова юу хүсдэгийг» ухаарах нь зүйтэй. Ингэхийн тулд Бурхны Үгийг тогтмол судалж, эргэцүүлэн бодох нь чухал. Еховагийн хүслийг ухаарч, «бидний бодол Христийнхтэй адил» болох тусам юу хийхийг заасан тодорхой хууль тушаал байхгүй байлаа ч «мэргэн байж» зөв юм хийж чадна (1 Кор. 2:14–16). Юунаас зайлсхийхээ мэдэхэд заримдаа амар байдаг ч, заримдаа амаргүй.
10. Зайлсхийх ёстой ямар аюул байдаг вэ?
10 Бид сээтэгнэх, архидан согтуурах, хэтрүүлэн идэх, бусдыг үг хэлээр гомдоох, мөн порно болон хүчирхийллийг дэмжсэн юм үзэх зэрэг аюулаас зайлсхийх ёстой (Дуу. 101:3). Еховатай тогтоосон харьцаанд маань сэв суулгах боломж бүрийг ашиглах гээд дайсан Диавол отож байдаг (1 Петр 5:8). Хэрвээ сонор сэрэмж алдвал Сатан зүрх сэтгэл, ухаан санаанд маань атаархал, шударга бус байдал, шунал, үзэн ядалт, бардамнал, уур хилэнгийн үрийг суулгаж болзошгүй (Гал. 5:19–21). Эхэндээ эдгээр нь тийм ч аюултай гэж санагдахгүй байж болох юм. Гэхдээ тэр даруй үндсээр нь суга татаж хаяхгүй бол ургасаар зовлон учруулна (Яак. 1:14, 15).
11. Шууд мэдэгдэхгүй ямар аюул байдаг вэ? Яагаад зайлсхийх ёстой вэ?
11 Зарим аюулаас зайлсхийх ёстойгоо мэдэх амаргүй. Үүний нэг нь муу хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Жишээлбэл та Еховагийн Гэрч биш хүнтэй хамт ажилладаг. Та түүнд Еховагийн Гэрчүүдийн талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж найрсаг хандаж, туслахад бэлэн байдаг. Өдрийн хоолоо хааяа хамт иддэг байснаа яваандаа тогтмол иднэ. Заримдаа тэрбээр ёс суртахуунгүй юм ярихад эхэндээ та дургүйцдэг байсан ч яваандаа тоохоо болино. Нэг өдөр тэрбээр ажлын дараа хамт явж жаахан уух уу гэхэд нь та зөвшөөрөв. Эцэст нь та түүнтэй яг адилхан бодож сэтгэдэг болсон. Одоо удалгүй түүн шиг биеэ авч явдаг болохгүй гэж үү? Бид бүх хүнд сайхан сэтгэлээр, хүндэтгэлтэй хандахыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ хамт байдаг хүмүүс маань бидэнд хүчтэй нөлөөлдгийг санах учиртай (1 Кор. 15:33). Хэрэв бид Есүсийн хэлснийг санаж өөрсдийгөө анхаардаг бол Еховагийн хэм хэмжээг дагадаггүй хүмүүстэй дотносохгүй (2 Кор. 6:15). Аюулыг олж хараад зугтана.
ЦАГАА ҮР ДҮНТЭЙ АШИГЛААРАЙ
12. Есүсийн шавь нар төгсгөл болохыг хүлээх зуураа яах ёстой байсан бэ?
12 Есүсийн шавь нар төгсгөлийг хүлээх зуураа зүгээр суух ёсгүй байсан. Есүс тэдэнд «Иерусалим, Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар» сайн мэдээг дэлгэрүүлэх ажил даалгасан (Үйлс 1:6–8). Нүсэр ажил байгаа биз? Тэд энэ ажилд өөрсдийгөө зориулж, цагаа үр дүнтэй ашигласан.
13. Яагаад цагаа үр дүнтэй ашиглах ёстой вэ? (Колосай 4:5).
13 Колосай 4:5-ыг уншина. Бид өөрсдийгөө анхаарч цагаа хэрхэн ашигладаг талаар нухацтай бодох нь зүйтэй. Бидний хэнд ч «санамсаргүй тохиолдол» учирч магадгүй (Ном. 9:11, ШЕ). Гэнэт үхэж ч болзошгүй.
Бид цагаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? (14, 15-р догол мөрийг үзээрэй)
14, 15. Цагаа яаж үр дүнтэй ашиглах вэ? (Еврей 6:11, 12) (Бас зургийг үзээрэй).
14 Та Еховагийн хүслийг биелүүлж түүнтэй дотносохыг хичээвэл цагаа үр дүнтэй ашиглаж чадна (Ёох. 14:21). Бид «Эзний үйл хэргээр үргэлж бялхан, гуйвж дайвахгүй, тууштай байх» хэрэгтэй (1 Кор. 15:58). Ингэдэг бол үхэх ч бай, энэ бузар муу ертөнцийн төгсгөл болох ч бай Еховагийн төлөө илүү ихийг хийхгүй яав даа гэж харамсахгүй (Мат. 24:13; Ром 14:8).
15 Есүс өнөөдөр ч Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлдэг дэлхий дахины шавь нараа удирддаг. Тэрбээр хийх ёстойгоо хийж байгаа. Еховагийн байгууллагаар дамжуулан дэлгэрүүлэх ажилд сургаж, шаардлагатай бүх багажаар хангадаг (Мат. 28:18–20). Ехова энэ ертөнцийн тогтолцоог устгах цагийг хүлээнгээ дэлгэрүүлэх, заах ажилд идэвхтэй оролцож сонор сэргэг байвал бид ч хийх ёстойгоо хийж байгаа хэрэг. Еврей 6:11, 12-т бичсэн зөвлөгөөг дагаснаар бид «эцэс хүртэл» найдвараасаа бат зуурсаар байна (уншина).
16. Бид яахаар бат шийдэх вэ?
16 Ехова Сатаны тогтолцоог устгах өдөр, цагийг товлосон. Тэр өдөр болоход Ехова Үгэн дэх үлдсэн зөгнөлүүдээ зайлшгүй биелүүлнэ. Гэхдээ заримдаа төгсгөл ирэхгүй удаад байгаа юм шиг санагдаж болох юм. Харин Еховагийн өдөр «хоцролгүй заавал ирнэ!» (Хаб. 2:3). Тиймээс бүгдээрээ «[Еховаг, ШЕ] хүлээн харуулдаж», «авралынхаа Бурханыг хүлээхээр» бат шийдэцгээе (Мика 7:7).
ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь
a Хэрхэн ухаалаг, сэрэмжтэй байхыг энэ өгүүллээр ярилцана. Мөн өөрсдийгөө хэрхэн шалгаж, үлдсэн цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглахыг бас үзнэ.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: (Дээр) Эхнэр нөхөр хоёр мэдээ үзэж байна. Тэд цуглааны дараа мэдээний талаарх үзэл бодлоо бусдад итгүүлэх гэж хүчилж байна. (Доор) Эхнэр нөхөр хоёр Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ үзээд Библийн зөгнөлийн талаарх сүүлчийн ойлголтыг мэдэж авч байна. Тэд итгэмжит ухаалаг боолын гаргасан Библид үндэслэсэн хэвлэлийг хүмүүст санал болгож байна.