НАМТАР
Ехова залбирлыг минь анхааралтай сонссон
НЭГ удаа би шөнийн тэнгэрт гялалзах оддыг хараад өөрийн эрхгүй өвдөглөн суугаад залбирч билээ. Тэр үед 10 настай байв. Би Еховагийн тухай мэдээд удаагүй байсан ч санаа зовоож байгаа бүхнээ түүнд хэлсэн. Энэхүү залбирал минь «залбирлыг сонсдог Нэгэн» Ехова Бурхантай дотносохын эхлэл байсан юм (Дуу. 65:2). Бурхантай дөнгөж танилцсан байтлаа яагаад ийнхүү залбирах болсныг одоо ярьж өгье.
АМЬДРАЛЫГ МИНЬ ӨӨРЧИЛСӨН ЗОЧИД
Би 1929 оны 12-р сарын 22-нд Бельги улсын Ардэнн дахь Бастон хоттой ойрхон Новилл гэдэг 9 фермтэй жижигхэн тосгонд төрсөн. Тэнд эцэг эхтэйгээ сайхан дурсамж дүүрэн бага насаа өнгөрөөсөн. Эрэгтэй дүү Рэймондтойгоо үнээгээ сааж, ургац хураалтад тусалдаг байв. Тосгоныхон маань бүгдээрээ хамтран ажиллаж, нэг нэгэндээ тусалдаг байсан.
Гэрийнхэнтэйгээ ферм дээр ажиллаж байхдаа
Манай аавыг Эмил, ээжийг Алис гэдэг. Тэд чин сүжигт католик шашинтан бөгөөд ням гараг болгон Масст (магтаал талархлын мөргөл) очдог байв. Гэтэл ойролцоогоор 1939 онд манай тосгонд Англиас эхлэгчид ирж аавд минь «Тайвшрал» (одоогийн «Сэрцгээ!») гэдэг сэтгүүл захиалахыг санал болголоо. Тэр сэтгүүлд бичсэн нь үнэн гэдгийг аав шууд ойлгоод Библи уншиж эхэлсэн. Тэгээд Масст очихоо больсноос болж их найрсаг харьцаатай байсан хөршүүд аавыг хүчтэй эсэргүүцдэг болов. Тэд аавтай нэг бус удаа айхтар ширүүн ярилцаж, католик шашнаа орхиж болохгүй гэж дарамталсан.
Аавыг минь дарамталж байгааг хараад сэтгэл их зовж байв. Тиймээс оршилд дурдсанаар аавд минь туслахыг Бурхнаас гуйн чин сэтгэлээсээ залбирсан. Хөршүүд маань яваандаа аавыг эсэргүүцэхээ болиход би их баярласан. Тэгээд Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдэгт итгэдэг болсон.
ДАЙН БОЛОХОД
1940 оны 5-р сарын 10-нд нацист Герман Бельги рүү дайрахад олон хүн нутаг орноосоо дүрвэсэн. Манай гэр бүл ч Францын өмнөд хэсэг рүү зугтсан. Замаараа герман франц цэргүүд байлдаж байгаа аюултай газруудаар дайран өнгөрөх хэрэг гарч байв.
Дараа нь ферм дээрээ эргэж ирэхэд манай хамаг эд зүйлийг хулгайлчихсан байлаа. Биднийг Бобби гэдэг нохой маань л угтав. Ийм юм үзсэн би «Яагаад дайн гарч, зовлон тохиолддог юм бэ?» гэж бодсон.
Өсвөр насандаа Еховатай маш дотноссон
Тухайн үед эхлэгчээр үйлчилдэг ахлагч Эмил Шранцa манайд хэд хэдэн удаа ирж биднийг их урамшуулсан. Тэрбээр яагаад зовлон тохиолддогийг Библиэс тодорхой тайлбарлаж, амийн тухай бусад асуултад минь ч хариулж билээ. Би Еховатай улам дотносож, хайрын Бурхан гэдэгт нь итгэдэг болсон.
Хэдийгээр дайн дуусаагүй байсан ч манай гэрийнхэн Гэрчүүдтэй байнга уулздаг болсон. 1943 оны 8-р сард Жозе-Николас Минет гэдэг Гэрч илтгэл тавихаар манай фермд ирсэн. Тэрбээр: «Хэн баптисм хүртэхийг хүсэж байна вэ?» гэж асуухад аав бид хоёр гараа өргөж билээ. Тэгээд фермийн ойролцоох жижиг голд бид баптисм хүртсэн.
1944 оны 12-р сард Германы арми баруун фронт дахь сүүлчийн томоохон довтолгоогоо эхлүүлсэн. Үүнийг «Булгийн тулаан» гэж нэрлэдэг. Манайх энэ тулалдаан болж байгаа газрын ойролцоо байсан тул гэр бүлээрээ нэг сар байшингийнхаа доорх хонгилд амьдрах шаардлагатай болов. Нэг удаа би амьтдаа хооллох гээд гартал ферм маань их бууны суманд оногдож, малын пингийн дээвэр нурчихсан. Морины жүчээнд байсан нэг америк цэрэг «Хэвтээрэй!» гэж хашхирахад би гүйж очоод хажууд нь хэвтэхэд төмөр малгайгаа тайлаад толгойд минь углачихсан.
ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОССОН МИНЬ
Хуримынхаа өдөр
Манайхаас хойд зүгт 90 километрийн зайд орших Лиеж хотын хурлынхантай дайны дараа байнгын холбоотой болж чадсан. Яваандаа Бастонд жижиг бүлэгтэй болов. Би татварын газарт ажилд ороод хууль судлах боломж гарсан бөгөөд хожим нь нотариатын газарт бичиг хэргийн ажилтан болсон. 1951 онд Бастонд дүүргийн чуулган зохион байгуулж, үүнд 100 орчим хүн оролцсон. Тэдний дунд Элли Ройтер гэдэг маш идэвх зүтгэлтэй эхлэгч бүсгүй 50 километр шахам газар дугуйгаар явж ирсэн байв. Удахгүй бид бие биедээ хайртай болж сүй тавилаа. Элли минь тэр үед АНУ дахь Гилеад сургуульд уригдсан байсан ч явж чадахгүй болсон шалтгаанаа тайлбарлаж төв рүү захиа бичсэн. Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг удирдаж байсан Норроос нэг сайхан өдөр нөхөртэйгөө хамт Гилеад сургуульд суралцаарай гэсэн найрсаг хариу ирэв. Ингээд бид 1953 оны 2-р сард гэрлэсэн.
Элли Серж хоёр минь
Тэр жилдээ Элли бид хоёр Нью-Йорк хотын Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон «Шинэ ертөнц» чуулганд суусан. Тэнд танилцсан нэг Гэрч залуу надад сайн ажил санал болгож, АНУ-д цагаачилж ирэхийг урив. Энэ тухай Еховад залбирсны дараа бид хоёр уг саналыг хүлээж авахгүйгээр шийдэж, Бастон дахь 10 дэлгэрүүлэгчтэй жижиг бүлгээ дэмжихээр Бельги рүүгээ буцсан. Дараа жил нь бид Серж гэдэг хүүтэй болов. Харамсалтай нь 7 сарын дараа тэр маань өвчний улмаас нас барсан. Бид залбиран уй гашуугаа Еховатай хуваалцаж, амилах найдварын ачаар тайвширсан.
БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛСЭН НЬ
1961 оны 10-р сард би цагийн ажилд орж эхлэгчээр үйлчлэх боломжтой болов. Яг тэр өдөр Бельгийн салбар хариуцагч над руу утасдаж дүүргийн үйлчлэгчээр (одоогийн дүүрэг хариуцагч) үйлчлэх боломжтой эсэхийг минь лавлав. «Энэ даалгаврыг хүлээж авахаасаа өмнө бид хэсэг хугацаанд эхлэгчээр үйлчилж болох уу?» гэж намайг асуухад зөвшөөрсөн. Тэгээд 8 сар эхлэгчээр үйлчилсний дараа 1962 оны 9-р сард дүүргийн ажлаа эхэлсэн.
Дүүргийн ажил хийгээд 2 сар болж байхад Брюсселийн Бетелд уригдаж 1964 оны 10-р сард шинэ ажлаа эхэлсэн. Тэнд үйлчлээд их ч ивээл хүртсэн. 1965 онд манай Бетелд Норр эргэлт хийсний дараахан намайг салбарын харгалзагчаар томилсон нь миний хувьд санаанд оромгүй явдал байв. Хожим нь Элли бид хоёр Гилеад сургуулийн 41-р ангид сурахаар болсон. 13 жилийн өмнө хэлсэн Норрын үг ийнхүү биелэв! Сургуулиа дүүргээд бид Бельгийн Бетелд буцаж очсон.
ХУУЛЬ ЁСНЫ ЭРХЭЭ ХАМГААЛСАН НЬ
Хуулийн мэдлэгийнхээ ачаар би Европ болон өөр олон газарт Еховагийн ард түмний шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах ажилд оролцох завшаан эдэлсэн (Флп. 1:7). Тиймээс манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан юм уу хориглосон дор хаяж 55 улс орны албаны хүмүүстэй уулзаж явлаа. Би тэдэнд өөрийгөө туршлагатай хуульч гэхийн оронд «Бурхны хүн» гэж танилцуулдаг байв. «Хааны [эсвэл шүүгчийн] зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг» гэдгийг би хүлээн зөвшөөрдөг тул үргэлж түүнээс удирдамж гуйдаг байсан (Сур. 21:1).
Европын парламентын нэг гишүүнтэй ярилцсан минь санаанаас гардаггүй юм. Маш олон удаа хүсэлт тавьсны эцэст надтай ярилцахыг зөвшөөрөөд «Танд 5 минут л өгье, нэг минут ч илүүгүй шүү» гэв. Би толгой бөхийн залбирч эхлэв. Юу хийгээд байгааг минь дургүйцэнгүй асуухад нь би толгойгоо өргөөд «Та бол Бурхны үйлчлэгчдийн нэг тул түүнд талархсан юм» гэсэн. Тэгэхэд «Юу гэсэн үг вэ?» гэв. Түүнд Ром 13:4-ийг үзүүллээ. Тэрбээр протестант шашинтан бөгөөд Библийг эрхэмлэдэг учир энэ зүйлд анхаарлаа хандуулсан. Тэгээд надад бүр 30 минут гаргаж бид хоёр маш үр дүнтэй ярилцсан. Манай байгууллагын үйл ажиллагааг хүндэлдгээ ч хэлж билээ.
Олон жилийн турш Еховагийн ард түмэн төвийг сахих, хүүхдийг асран хамгаалах, татвар төлөх болон өөр бусад асуудлаар эрхээ хамгаалахын тулд Европын шүүхэд хандаж байв. Энэ бүхэнд Ехова тусалсны ачаар ажил маань амжилттай явагдаж, ялалт байгуулсныг харах нь миний хувьд үнэхээр том завшаан байсан. Еховагийн Гэрчүүд 140 гаруй хэрэг дээр Европын Хүний Эрхийн Шүүхэд ялалт байгуулсан!
КУБАД ИЛҮҮ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОВ
1990-ээд оны үед байгууллагын төвийн Филип Брамли болон Италийн Уолтер Фарнети нартай хамтран ажилласан. Манай байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдсан Кубын ах дүү нартаа Еховаг илүү чөлөөтэй шүтэхэд нь туслах зорилготой байв. Би Бельги дэх Кубын элчин сайдад захидал бичиж, дараа нь бидний хүсэлтийн дагуу ярилцахаар томилогдсон албаны хүнтэй уулзсан. Манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахад хүргэсэн үл ойлголцлыг эхний уулзалтаар шийдэж чадаагүй.
Филип Брамли Уолтер Фарнети хоёртой Кубад байхдаа, 1990-ээд он
Еховад залбирч удирдамж гуйсны дараа, зөвшөөрөл хүсэхэд 5 000 Библи Куба руу явуулахаар болов. Эдгээр Библи амжилттай хүргэгдэж ах дүү нарын гар дээр очиход Ехова хичээл зүтгэлийг маань ивээсэн нь ойлгомжтой байлаа. Дараа нь дахин 27 500 Библи явуулахыг гуйхад бас л зөвшөөрсөн. Куба дахь ах дүү нартаа өөрийн гэсэн Библитэй болоход нь тусалсандаа маш их баярласан.
Би байгууллагатай холбоотой хууль зүйн асуудлаар олон удаа Кубад очсон. Энэ хугацаанд засгийн газрын албаны хүмүүстэй сайн харилцаатай болсон.
РУАНДА ДАХЬ АХ ДҮҮСТЭЭ ТУСАЛСАН НЬ
Руандад Тутси овгийнхныг хоморголон устгах явдлаас болж 1994 онд 1 000 000 гаруй хүн алагдсан. Тэдний дунд ах дүүс маань ч алуулсан нь үнэхээр эмгэнэлтэй. Тэндхийн ах дүүст туслуулахаар удалгүй хэсэг Гэрч эрэгтэйг томилсон.
Биднийг нийслэл хот Кигалид ирэхэд орчуулгын оффис болон ном хэвлэлийн агуулахын хананууд битүү сумны нүх болсон байв. Ах дүүсийг маань балиус шиг том хутгаар алсан аймшигтай түүх олныг сонссон. Гэхдээ бас ах дүүс маань нэг нэгэндээ хайраа илэрхийлсэн олон жишээг ч дуулсан. Жишээлбэл миний уулзсан Тутси овгийн Гэрч эрэгтэйг Хуту овгийн Гэрч гэр бүл 28 өдөр байшингийнхаа хонгилд нууж хамгаалсан байв. Кигали дахь 900 гаруй ах дүүстэйгээ цуглах үед тэднийгээ тайвшруулж зоригжуулсан.
Зүүн: Орчуулгын оффист суманд оногдсон ном
Баруун: Тусламжийн бараа түгээх ажилд оролцож байгаа нь
Дараа нь бид Заирын (одоогийн Бүгд Найрамдах Конго улс) хилийг давж, тэндхийн Гома хотын ойролцоох дүрвэгсдийн хуаранд Руандагаас зугтаж очсон маш олон Гэрчийг хайж олохоор явав. Гэрчүүдийг олж чадаагүй учраас Еховад залбирч тусламж гуйсан. Тэгтэл өөдөөс нэг эрэгтэй ирж байв. Түүнээс Еховагийн Гэрч хэн нэгнийг танихгүй биз гэж асуухад «Би Гэрч» гэв. Тэрбээр: «Та нарыг тусламжийн хорооныхонтой уулзуулъя» гэлээ. Бид тэдэнтэй уулзаж ярилцсаны дүнд хэн хэнийгээ их урамшуулсан. Дараа нь 1 600 орчим дүрвэсэн итгэл нэгтэнтэйгээ уулзаад тэднийгээ тайвшруулж зоригжуулав. Бас Удирдах Зөвлөлийн захиаг уншиж өгсөн. «Бид та нарын төлөө үргэлж залбирч байгаа. Ехова та нарыг хэзээ ч орхихгүйг бид мэддэг» гэснийг сонсоод ах дүүсийн маань сэтгэл ихэд хөдөлсөн. Удирдах Зөвлөлийн хэлсэн энэ үг юутай үнэн байсан бэ! Одоо Руандад 30 000 гаруй Гэрч аз жаргалтай үйлчилж байна.
ҮНЭНЧ БАЙХААР БАТ ШИЙДСЭН
58 жил ханилсан хайрт эхнэр Эллигээ 2011 онд алдсан. Уй гашуугаа хуваалцаж залбирахад минь Ехова тайвшруулсан. Бас хүмүүст Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлээд өөдрөг байдаг.
Одоо би 90 гарсан ч долоо хоног бүр дэлгэрүүлдэг. Бельгийн салбарын хуулийн тасгийнханд тусалж, бусдадаа туршлагаа хуваалцаж, залуучуудад хоньчны эргэлт хийгээд баяр жаргалтай байдаг.
Би бараг 84 жилийн өмнө Еховад анх удаа залбирсан. Тэр цагаас хойш Еховатай дотносох гайхалтай аялал эхэлсэн. Амьдралын минь бүхий л хугацаанд Ехова миний залбиралд хариулж байсанд би үнэхээр их талархдаг (Дуу. 66:19).b
a Эмил Шранцын намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1973 оны 9-р сарын 15-ны дугаарын 570–574-р хуудаснаас уншаарай (англи).
b Энэ өгүүллийг хэвлэлтэд бэлтгэж байх үед буюу 2023 оны 2-р сарын 4-нд Марсел Жиллет нас барсан.