Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 3 сар х. 2-7
  • Хойшлуулалгүй баптисм хүртээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хойшлуулалгүй баптисм хүртээрэй
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • САМАРИЧУУД
  • ТАРСЫН САУЛ
  • КОРНЕЛ
  • КОРИНТЧУУД
  • ТА ИТГЭЛТЭЙ БОЛ УУЛЫГ Ч НҮҮЛГЭЖ ЧАДНА
  • Баптисм хүртсэн та Есүсийг «үргэлж дагаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Та Еховад өөрийгөө зориулахад бэлэн үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Дараах асуултын хариуг мэдэж аваарай
    2025–2026 Дүүрэг хариуцагч оролцох дүүргийн чуулганы хөтөлбөр
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 3 сар х. 2-7

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

ДУУ 7 Еховад өөрийгөө зориулъя

Хойшлуулалгүй баптисм хүртээрэй

«Хойшлуулалгүйгээр одоо баптисм хүрт» (ҮЙЛС 22:16).

ГОЛ САНАА

Самаричууд, Тарсын Саул, Корнел, коринтчуудын жишээг судлаад баптисм хүртэх урам зоригтой болоорой.

1. Баптисм хүртэх ямар ямар шалтгаан байдаг вэ?

САЙН сайхан бүхнийг, бүр амь амьдрал бэлэглэсэн Ехова Бурхандаа та хайртай юу? Хайртайгаа харуулмаар байна уу? Ингэх хамгийн сайн арга нь түүнд өөрийгөө зориулж, дараа нь баптисм хүртэх юм. Эдгээр алхмыг хийснээр та Еховагийн гэр бүлд багтана. Таны Эцэг, Найз Ехова өөрийнх нь болсон таныг удирдаж, хамгаална (Дуу. 73:24; Ис. 43:1, 2). Өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээр бас ирээдүйд мөнх амьдрах боломжтой болно (1 Петр 3:21).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Та ямар нэг шалтгаанаар баптисм хүртэхээ хойшлуулж байгаа юу? Ийм хүн цөөнгүй бий. Сая сая хүн баптисм хүртэх шаардлага хангахын тулд биеэ авч явах байдал, үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй байсан. Гэхдээ тэд Еховад одоо баяр хөөртэй, идэвх зүтгэлтэй үйлчилж байна. I зуунд баптисм хүртсэн зарим хүний жишээ танд тустай. Тэдэнд ямар бэрхшээл тулгарсныг болон жишээнээс нь юу ойлгож авахыг ярилцъя.

САМАРИЧУУД

3. Самаричууд баптисм хүртэхийн тулд ямар саадыг давах ёстой байсан бэ?

3 Есүсийн үед самаричууд гэдгээр Иудейн хойд хэсэгт орших Шехем болон Самари хавийн нутгийн шашны бүлэглэлд хамаардаг хүмүүсийг хэлдэг байсан. Тэд баптисм хүртье гэвэл Бурхны Үгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй байв. Учир нь тэд Библийн зөвхөн эхний 5 ном буюу «Эхлэл»-ээс «Дэд хууль» («Таван ном»), магадгүй бас «Иошуа» номыг л Бурхны Үг гэж үздэг байсан. Харин Дэд хууль 18:18, 19-д бичсэн Бурхны амлалтад үндэслэн Мессиа ирнэ гэдэгт итгэдэг байжээ (Ёох. 4:25). Самаричууд баптисм хүртэхийн тулд Есүс бол амласан Мессиа мөн гэдэгт итгэх хэрэгтэй байсан. «Олон самари хүн» үүнд итгэсэн (Ёох. 4:39). Харин зарим нь иудейчүүдийн талаарх сэтгэлд нь нэвт шингэсэн ялгаварлах үзлээ өөрчлөх шаардлагатай байсан байх (Лук 9:52–54).

4. Үйлс 8:5, 6, 14-ийг үзвэл Филипийг дэлгэрүүлэхэд самаричууд яасан бэ?

4 Саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ? Сайн мэдээ тунхаглагч Филипийг «Христийн тухай дэлгэрүүлэхэд» зарим самари хүн «Бурхны үгийг хүлээж авсан» (Үйлс 8:5, 6, 14-ийг уншина). Хэдийгээр Филип иудей хүн байсан ч тэд түүнийг сонссон. Бурхан хэнийг ч алаг үздэггүй гэж «Таван ном»-д бичигдсэнийг санасан байж болох юм (Д.хууль 10:17–19). Ямар ч байсан Христийн тухай ярьсан Филипийн «үгийг анхааран сонссон». Филип өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг хөөх зэрэг олон гайхамшиг үйлдсэн (Үйлс 8:7). Энэ бүхнийг харсан самаричууд Бурхан түүнийг явуулсныг хүлээн зөвшөөрсөн.

5. Самаричуудаас юу мэдэж авах вэ?

5 Самаричууд иудейчүүдийг ялгаварладаг юм уу мэдлэг дутуу байсан нь Филипийг сонсохгүй байх шалтгаан болж болох л байсан. Гэхдээ ийм юм болоогүй. Филипийг үнэнийг зааж байгаад итгэж хойшлуулалгүй баптисм хүртсэн. Библид «Бурхны Хаант төр болон Есүс Христийн тухай сайн мэдээ тунхаглаж байсан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс баптисм хүртэж байв» гэж бичжээ (Үйлс 8:12). Та Бурхны Үг үнэн, мөн Еховагийн Гэрчүүд алагчлах үзлээсээ салж, Христийн жинхэнэ дагалдагчийн гол шинж хайрыг бие биедээ илэрхийлэхийг хичээдэг гэдэгт итгэдэг үү? (Ёох. 13:35). Тийм бол Бурхан ивээнэ гэдэгт итгэн шийдэмгий алхам хийгээрэй.

6. Та Рубений жишээнээс өөрт тустай юу мэдэж авсан бэ?

6 Германд амьдардаг Рубен Гэрч айлд өсжээ. Гэхдээ хүүхэд байхдаа Ехова байдагт эргэлздэг байсан. Эргэлзэхээ хэрхэн больсон бэ? Мэдлэг нимгэнтэйгээ ойлгож энэ талаар судлахаар шийджээ. Тэрбээр: «Эргэлзээгээ нэг тийш болгоё гээд бие дааж судалсан. Хувьслын онолын тухай нэг биш удаа судлах хэрэгтэй байсан» гэжээ. Тэгээд «Танд санаа тавьдаг Бүтээгч байдаг уу?» номыг уншаад Бурханд итгэх итгэл нь үнэхээр батажсан. «Хөөх! Ехова байдаг нь үнэн юм байна» гэж бодсон. Мөн байгууллагын төвд зочлоод дэлхий дахины ахан дүүсийн барилдлагыг улам бүр эрхэмлэдэг болов. Германд буцаж ирснийхээ дараа 17-тойдоо баптисм хүртжээ. Хэрэв танд эргэлздэг юм байвал байгууллагын ном хэвлэлээс судалгаа хийгээрэй. «Зөв мэдлэгтэй» болбол эргэлзэхээ болино (Эф. 4:13, 14). Бас өөр улс орны Еховагийн үйлчлэгчдийн хайр, эв нэгдлийн талаар сонсож, мөн үүнийг өөрийн хурлынхнаасаа мэдэрвэл дэлхий дахины ахан дүүсийн барилдлагыг улам бүр эрхэмлэнэ.

ТАРСЫН САУЛ

7. Саул ямар бодлоо өөрчлөх ёстой байсан бэ?

7 Тарсын Саулын тухай ярилцъя. Тэрбээр Иудейн хуулийг маш сайн мэддэг, иудейчүүдийн дунд нэр алдартай хүн байв (Гал. 1:13, 14; Флп. 3:5). Иудейчүүд Христийн дагалдагчдыг тэрслэгчид гэж үздэг байх үед Саул ч тэднийг хайр найргүй хавчиж явсан. Үүнийгээ Бурхны хүслийн дагуу үйлдэж байна гэж бодож байлаа (Үйлс 8:3; 9:1, 2; 26:9–11). Тиймээс Есүст итгэж, баптисм хүртэн дагалдагч нь болбол хавчигдана гэдгээ тэрбээр ойлгож байв.

8. а) Саул саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ? б) Үйлс 22:12–16-г үзвэл Ананиа Саулд хэрхэн тусалсан бэ? (Бас зургийг үзээрэй).

8 Саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ? Есүсийг тэнгэрээс ярихад хурц гэрэл цацарч Саул сохордог (Үйлс 9:3–9). Тэрбээр 3 өдрийн турш мацаг барьсан ба болсон явдлаа эргэцүүлэн бодсон нь лавтай. Тэгээд Есүс бол Мессиа мөн, дагалдагчид нь жинхэнэ шашин шүтдэг гэдэгт итгэв. Бас Стефаныг хөнөөхийг сайшаан дэмжсэндээ сэтгэл нь ихэд өвдсөн байх! (Үйлс 22:20). 3 өдрийн дараа Ананиа гэдэг шавь ирж, түүнд хараа оруулаад хойшлуулалгүйгээр баптисм хүртэхийг уриалсан (Үйлс 22:12–16-г уншина). Саул даруу байж, хэлснийх нь дагуу баптисм хүртжээ (Үйлс 9:17, 18).

Саул баптисм хүртэхээр ус руу орж байна. Хэдэн хүн баярлан харж байна.

Та Саулын адилаар баптисм хүртэх уриалгыг хүлээж авах уу? (8-р догол мөрийг үзээрэй)


9. Саулаас юу ойлгож авах вэ?

9 Саулд тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Баптисм хүртэхэд нь бардам зан юм уу хүнээс айх айдас саад болж болох л байсан. Гэхдээ тийм юм болоогүй. Тэрбээр Христийн тухай үнэнийг хүлээн зөвшөөрөөд даруу байн амьдралаа өөрчилсөн (Үйлс 26:14, 19). Хавчигдана гэдгээ мэдэж байсан ч Христийн дагалдагч болохоо хойшлуулаагүй (Үйлс 9:15, 16; 20:22, 23). Баптисм хүртсэнийхээ дараа ч янз бүрийн сорилтыг тэвчихэд Ехова тусална гэдэгт найдаж байв (2 Кор. 4:7–10). Та баптисм хүртэж Еховагийн Гэрч болбол итгэлийн сорилттой тулгарч магадгүй. Харин сорилтыг тэвчиж, үнэнч байхад тань Бурхан болон Христ үргэлж тусална гэдэгт итгэлтэй байгаарай (Флп. 4:13).

10. Та Аннагийн жишээнээс өөрт тустай юу мэдэж авсан бэ?

10 Анна Зүүн Европт курд гэр бүлд өссөн. Ээжийгээ баптисм хүртсэний дараа тэрбээр 9 настайдаа ааваасаа зөвшөөрөл авч Библи судалж эхэлсэн. Гэтэл хамт амьдардаг хамаатнууд нь түүнийг эсэргүүцэв. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн шашнаасаа гарахыг тэд гутамшиг гэж үздэг ажээ. Анна 12 настайдаа баптисм хүртэх хүсэлтэйгээ аавдаа хэлж, зөвшөөрөл гуйв. Аав нь өөрөө шийдсэн эсэхийг, хэн нэгний дарамтаас болсон эсэхийг түүнээс асуужээ. Анна: «Би Еховаг хайрладаг» гэж хариулахад аав нь зөвшөөрсөн. Баптисм хүртсэнийх нь дараа хамаатнууд нь доог тохуу хийж, муугаар ханддаг болсон. Тэдний нэг нь бүр «Чи Еховагийн Гэрч болсноос тамхи татдаг, садар самуун явдалтай байсан бол дээр байсан юм» гэж хэлжээ. Анна энэ бүхнийг хэрхэн даван туулсан бэ? Тэрбээр: «Ехова намайг хүчтэй байлгаж, аав ээж минь ч маш их дэмжсэн» гэжээ. Анна Еховагаас тусламж авах бүрдээ үүнийгээ дэвтэрт тэмдэглэдэг. Тэгээд Ехова хэрхэн тусалсныг мартахгүйн тулд үе үе тэмдэглэлээ хардаг байна. Хэрэв та эсэргүүцэл хавчлага тулгарахаас айж байвал Ехова танд ч тусална гэдгийг санаарай (Евр. 13:6).

КОРНЕЛ

11. Корнелыг баптисм хүртэхэд юу нь саад болж мэдэх байсан бэ?

11 Библид бас Корнел гэдэг хүний тухай гардаг. Тэрбээр Ромын армийн «зуутын дарга» юм (Үйлс 10:1, зүүлт). Тэгэхээр нийгэмд өндөр байр суурьтай, цэргийнхний дунд нэр хүндтэй байсан биз ээ. Бас «их өглөгч хүн байв» (Үйлс 10:2). Ехова түүнд сайн мэдээ дуулгахаар элч Петрийг илгээсэн. Корнел албан тушаалаасаа болж баптисм хүртэхээ хойшлуулсан уу?

12. Корнел саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ?

12 Саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ? Библид «[Корнел] сүсэг бишрэлтэй хүн бөгөөд гэрийнхэн нь ч Бурхнаас эмээдэг» гэж бичжээ. Бас Бурханд байнга залбирдаг байв (Үйлс 10:2). Петрийг сайн мэдээ дэлгэрүүлэхэд тэрбээр болон гэр бүлийнхэн нь бүгдээрээ Христийг хүлээн зөвшөөрч, тэр даруй баптисм хүртсэн (Үйлс 10:47, 48). Тэд Еховаг шүтэхийн тулд шаардлагатай бүхнээ өөрчлөхөд бэлэн байсан (Иош. 24:15; Үйлс 10:24, 33).

13. Корнелоос юу мэдэж авсан бэ?

13 Саулын адилаар, өндөр албан тушаал нь Корнелыг баптисм хүртэхэд саад болж болох л байсан. Гэхдээ ийм юм болоогүй. Та ч баптисм хүртэхийн тулд том өөрчлөлт хийх шаардлагатай юу? Тийм бол Ехова танд тусална. Өөрт нь үйлчлэхийн тулд Библийн зарчмын дагуу амьдрахаар шийдвэл Ехова таныг ивээнэ.

14. Та Цүёшигийн жишээнээс өөрт тустай юу мэдэж авсан бэ?

14 Японд амьдардаг Цүёши баптисм хүртэх шаардлага хангахын тулд ажил албаа зохицуулах шаардлагатай болсон. Тэрбээр цэцгийн урлаг заадаг «Икэнобо» гэдэг алдартай сургуулийн захирлын туслах байв. Захирал нь оршуулгын ажилд оролцох боломжгүй үед Цүёши түүний оронд Буддын шашны зан үйлд оролцдог байв. Гэхдээ үхлийн тухай үнэнийг мэдэж аваад цаашид ч ийм зан үйлд оролцвол баптисм хүртэж чадахгүйгээ ойлгосон. Тиймээс дахин оролцохгүй гэж шийдсэнээ захиралдаа хэлжээ (2 Кор. 6:15, 16). Тэгээд юу болсон бэ? Шашны зан үйлд оролцохгүйгээр ажлаа хийхийг захирал нь зөвшөөрөв. Цүёши Библи судалж эхэлснээс хойш бараг жилийн дараа баптисм хүртсэн. Хэрэв та Бурханд таалагдахын тулд ажил албаа зохицуулах хэрэгтэй бол Ехова таныг болон гэрийнхнийг тань зайлшгүй шаардлагатай юмаар хангана гэдэгт итгэлтэй байгаарай (Дуу. 127:2; Мат. 6:33).

КОРИНТЧУУД

15. Коринтчуудыг баптисм хүртэхэд юу саад болсон бэ?

15 Эртний Коринт хотод эд хөрөнгийг чухалчлах үзэл, ёс суртахуунгүй явдал газар авсан байв. Бурханд таалагддаггүй юм хийдэг хүмүүсээр дүүрэн ийм газарт амьдардаг хүн сайн мэдээг хүлээж авах амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ элч Паул ирээд Христийн тухай дэлгэрүүлэхэд «Коринтын олон хүн ... сонсож, итгээд баптисм хүртжээ» (Үйлс 18:7–11). Есүс Христ дараа нь Паулд гайхамшгаар үзэгдэж, «Миний дагалдагч болох хүн энэ хотод олон бий» гэж хэлдэг. Тиймээс Паул тэнд жил хагасын турш дэлгэрүүлсэн.

16. Коринтчууд юуны тусламжаар саадыг давсан бэ? (2 Коринт 10:4, 5).

16 Саадыг хэрхэн давж баптисм хүртсэн бэ? (2 Коринт 10:4, 5-ыг уншина). Бурхны Үг болон түүний агуу хүч тэднийг амьдралаа эрс өөрчлөхөд тусалжээ (Евр. 4:12). Христийн тухай сайн мэдээг хүлээж авсан коринтчууд архидан согтуурах, хулгай хийх, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг муу дадал зуршлаасаа салж чадсан (1 Кор. 6:9–11).a

17. Коринтчуудаас юу мэдэж авах вэ?

17 Коринтын зарим хүн хэзээ ч салж чадахааргүй муу дадал зуршилтай байсан ч, Христийн дагалдагч болох боломжгүй гэж бодоогүй. Тэд амь руу хөтлөх нарийн замаар явахын тулд маш их хичээсэн (Мат. 7:13, 14). Та баптисм хүртэхийн тулд муу зуршлаасаа салах гэж тэмцэж байна уу? Хэзээ ч битгий бууж өгөөрэй! Муу юм хийх хүслээ дарахад агуу хүчээрээ туслахыг Еховагаас гуйгаарай.

18. Та Моникагийн жишээнээс өөрт тустай юу мэдэж авсан бэ?

18 Гүржид амьдардаг Моника баптисм хүртэхийн тулд хараал гэх мэт муу үг хэлдгээ, зохисгүй юм үзэж хардгаа болихыг хичээсэн. Тэрбээр: «Би өсвөр настай байхдаа Еховад залбирч хүч авдаг байсан. Ехова зөв юм хийх хүсэлтэйг минь мэддэг, тиймээс ч надад үргэлж тусалж, намайг удирдаж байв» гэжээ. Моника 16 настайдаа баптисм хүртсэн. Еховад үйлчлэхэд саад болох ямар нэгэн муу зуршил танд байна уу? Өөрийгөө өөрчлөхөд шаардлагатай хүч Еховагаас гуйгаад л байгаарай. Тэрбээр агуу хүчээ танд харамгүй өгнө (Ёох. 3:34).

ТА ИТГЭЛТЭЙ БОЛ УУЛЫГ Ч НҮҮЛГЭЖ ЧАДНА

19. Яавал уул мэт саадыг давах вэ? (Бас зургийг үзээрэй).

19 Ехова таныг хайрладаг, гэр бүлдээ багтаахыг хүсдэгт итгээрэй. Баптисм хүртэхэд тань ямар ч саад учирсан бай энэ үг үнэн шүү. Есүс: «Гичийн үрийн чинээ итгэлтэй байхад л энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлэхэд уул нүүнэ. Та нар юу ч хийж чадна» гэж зарим шавьдаа хэлжээ (Мат. 17:20). Есүсийг дагаад хэдхэн жил болсон тэд итгэлээ батжуулах хэрэгтэй байв. Хэрэв бат итгэлтэй болбол уул мэт саадыг давахад нь Ехова тусална гэдгийг Есүс хэлсэн ажээ. Танд ч бас Ехова тусална!

Чуулганы үеэр баяр хөөр болсон итгэл нэгтнүүд маань баптисм хүртсэн хүмүүсийг алга ташин угтан авч байна.

Ехова таныг хайрладаг, гэр бүлдээ багтаахыг хүсдэгт итгээрэй (19-р догол мөрийг үзээрэй)b


20. Тус өгүүлэлд гарсан Христийн I зууны болон орчин үеийн дагалдагчдын жишээнээс танд юу нь урамтай санагдсан бэ?

20 Хэрэв баптисм хүртэхэд тань саад болж буй ямар нэг зүйл байгааг анзаарвал хойшлуулалгүй арга хэмжээ аваарай. Христийн I зууны болон орчин үеийн дагалдагчдын жишээ таныг тайвшруулж, хүчирхэгжүүлнэ. Та тэднээс урам зориг авч, Еховад өөрийгөө зориулан баптисм хүртэх болтугай. Энэ бол таны гаргах хамгийн зөв шийдвэр шүү!

БАПТИСМ ХҮРТЭХЭД ТУЛГАРАХ СААДЫГ ДАВАХ ТАЛААР ... ТА ЮУ МЭДЭЖ АВСАН БЭ?

  • самаричуудаас

  • Тарсын Саул болон Корнелоос

  • коринтчуудаас

ДУУ 60 Бурхан таныг бататгана

a «Та баптисм хүртэхээс яагаад хойш сууна вэ?» видеог jw.org сайтаас үзээрэй.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл нэгтнүүд баптисм хүртсэн хүмүүсийг халуун дотноор хүлээн авч байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах