СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19
ДУУ 15 Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг
Үнэнч тэнгэрийн элч нарыг дуурайгаарай
«Бүх тэнгэрийн элч нар аа, Еховаг магт» (ДУУ. 103:20, ШЕ).
ГОЛ САНАА
Үнэнч тэнгэрийн элч нарын жишээнээс юу мэдэж авах вэ?
1, 2. а) Тэнгэрийн элч нар биднээс юугаараа ялгаатай вэ? б) Юугаараа адилхан бэ?
ЕХОВА таныг үнэн рүү татаж, янз янзын гарал үүсэлтэй хүмүүс болон олон сая үнэнч тэнгэрийн элчээс бүрдсэн хайраар дүүрэн гэр бүлдээ урьсан (Дан. 7:9, 10). Тэнгэрийн элч нар хүмүүсээс ямар их ялгаатайг та бодож байсан байх. Жишээ нь тэд тоолж баршгүй олон жил амьдардаг (Иов 38:4, 7). Бас их хүчтэй. Түүнчлэн төгс бус бидэнтэй харьцуулшгүй ариун бөгөөд зөв шударга (Лук 9:26).
2 Гэхдээ адилхан тал ч цөөнгүй. Жишээ нь бид тэдний адилаар Еховагийн сайхан зан чанаруудыг дуурайх чадвартай, өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй. Бас өөрийн гэсэн нэртэй, зан чанартай, өөр өөр үүрэг даалгавар биелүүлэн Еховад үйлчилдэг. Түүнчлэн хэн хэн нь Бүтээгчээ шүтэх хэрэгцээтэй (1 Петр 1:12).
3. Үнэнч тэнгэрийн элч нар ямар сайн жишээ үзүүлдэг вэ?
3 Бид тэнгэрийн элч нартай олон талаараа адилхан тул тэдний сайн жишээг судалбал урамшин зоригжиж, бас олон чухал юмыг ойлгоно. Даруу зантай, хүмүүсийг хайрладаг, тэвчээртэй, хурлыг цэвэр ариун байлгахын тулд хичээл зүтгэл гаргадаг тэднийг хэрхэн дуурайхыг энэ өгүүллээр ярилцъя.
ДАРУУ ЗАНТАЙ
4. а) Тэнгэрийн элч нар хэрхэн даруу байдаг вэ? б) Тэд яагаад даруу байдаг вэ? (Дуулал 89:7).
4 Үнэнч тэнгэрийн элч нар маш их даруу. Хэдийгээр тэд баялаг туршлагатай, асар их хүчтэй, мэргэн ухаантай ч Еховагийн удирдамж зааврыг дагадаг (Дуу. 103:20). Үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ хийсэн юмаараа сайрхах юм уу ер бусын хүч чадлаараа гайхуулдаггүй. Хүмүүс нэрийг нь мэдэхгүйг ойлгодог ч Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баяртай байдаг (Эх. 32:24, 29; Х.дэд 19:35).a Яагаад гэвэл алдар хүндэтгэл хүлээх зохистой Нэгэн бол Ехова гэдгийг ойлгодог. Тэд яагаад ийм даруу байдаг вэ? Еховаг хайрладаг, гүнээ хүндэлдэг учраас тэр юм (Дуулал 89:7-г уншина).
5. Ёоханыг засаж залруулсан тэнгэрийн элч хэрхэн даруу байсан бэ? (Бас зургийг үзээрэй).
5 Тэнгэрийн элч нар даруу байдгийн нэг жишээг ярилцъя. МЭ 96 оны орчим нэр нь үл мэдэгдэх тэнгэрийн элч гайхал төрүүлэм үзэгдлийг элч Ёоханд үзүүлжээ (Илч. 1:1). Тэгэхэд нь Ёохан яасан бэ? Түүнд мөргөх гэдэг. Харин тэнгэрийн элч тэр даруй болиулан «Ингэж болохгүй! Би чамтай л адил, ... ах дүүтэй чинь адил боол шүү дээ. Бурхныг шүт!» гэж хэлдэг (Илч. 19:10). Үнэхээр даруу байгаа биз! Тэрбээр өөрийгөө алдаршуулах юм уу магтуулахыг огт бодоогүй. Ёоханы анхаарлыг шууд л Ехова Бурхан руу хандуулсан. Мөн Ёоханыг дорд үзээгүй. Хэдийгээр түүнтэй харьцуулахын аргагүй хүчтэй, тоолшгүй олон жил Еховад үйлчилж байгаа ч даруу байж адилхан боол гэдгээ хэлсэн. Бас Ёоханыг засаж залруулах хэрэг гарахад загнаагүй, хатуу үг ч хэлээгүй. Харин ч эелдэг зөөлөн ярьсан. Ёоханыг гайхаж балмагдсандаа л өөрт нь мөргөсөн гэж бодсон байх.
Тэнгэрийн элч Ёохантай даруухнаар ярьж, засаж залруулсан (5-р догол мөрийг үзээрэй)
6. Даруу зантай тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ?
6 Тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ? Бид даалгавраа биелүүлэхдээ ололт амжилт, авьяас чадвараараа сайрхдаггүй (1 Кор. 4:7). Бас олон жил Еховад үйлчилсэн эсвэл хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг гээд өөрийгөө бусдаас илүү гэж үздэггүй. Үнэндээ үүрэг даалгавар авах тусам өөрийгөө өчүүхэн гэж бодох учиртай (Лук 9:48). Бид тэдний адилаар итгэл нэгтнүүддээ дуртайяа үйлчилдэг бөгөөд өөрийгөө дөвийлгөдөггүй.
7. Бусдыг засаж залруулах, тэдэнд зөвлөгөө өгөх хэрэг гарвал хэрхэн даруу байх вэ?
7 Хэрэв та хэн нэгнийг, тухайлбал итгэл нэгтнээ юм уу үр хүүхдээ засаж залруулах эсвэл тэдэнд зөвлөгөө өгөх болбол даруу байгаарай. Заримдаа шулуухан хэлэх хэрэгтэй байж мэднэ. Харин ингэхдээ, Ёоханыг эелдэг зөөлнөөр засаж залруулсан тэнгэрийн элчийг дуурайн тэднийгээ сэтгэлээр бүү унагаарай. Өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй хүн Библид үндэслэн зөвлөгөөг хүндэтгэлтэйгээр, хайрын сэтгэлээр өгдөг (Кол. 4:6).
ХҮМҮҮСИЙГ ХАЙРЛАДАГ
8. а) Тэнгэрийн элч нар хүмүүсийг хайрладгийг Лук 15:10 хэрхэн баталдаг вэ? б) Дэлгэрүүлж явахад маань тэд хэрхэн тусалдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
8 Тэнгэрийн элч нар хүмүүст юу тохиолдож байгааг хайхрахгүй өнгөрдөггүй. Харин ч тэднийг хайрладаг. Төөрсөн хонь мэт нүгэлтэн гэмшиж Ехова руу эргээд ирэхэд эсвэл хэн нэгэн Еховагийн тухай мэдээд амьдралаа өөрчилж үйлчлэгч нь болоход тэд бөөн баяр хөөр болдог (Лук 15:10-ыг уншина). Мөн Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд маань дэмждэг (Илч. 14:6). Тэд дэлгэрүүлэх ажлыг гардан хийдэггүй ч Еховагийн тухай мэдэх хүсэлтэй хүмүүс рүү дэлгэрүүлэгчдийг илгээдэг. Гэхдээ хүн болгон руу илгээдэг гэж баттай хэлж чадахгүй нь мэдээж. Ехова агуу хүчээрээ удирдах зэрэг өөр аргаар ч тусалдаг (Үйлс 16:6, 7). Гэсэн хэдий ч тэнгэрийн элч нараа энэ ажилд түлхүү оролцуулдаг. Тиймээс дэлгэрүүлж яваа тантай тэнгэрийн элч хамт байдагт итгээрэй («Залбиралд нь хариулсан» гэсэн хавсралтыг үзээрэй).
Гэрч эхнэр нөхөр хоёр нийтэд дэлгэрүүлж дуусаад явж байна. Харих замдаа сэтгэлээр унасан эмэгтэйг анзаарав. Тэнгэрийн элч нар Гэрчүүдийг Бурхны тухай мэдэх хэрэгцээтэй хүмүүс рүү илгээдгийг энэ Гэрч эмэгтэй мэддэг тул түүнтэй ярилцаж тайвшруулахыг хүсжээ (8-р догол мөрийг үзээрэй)
9. Хүмүүсийг хайрладаг тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ?
9 Тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ? Хэн нэгний Гэрч байх эрх нь сэргээгдсэнийг зарлахад бид тэнгэрийн элч нарын адилаар баяр хөөр болдог. Түүнийг хайрладгаа, Еховад дахин үйлчилж эхэлсэнд нь баярлаж байгаагаа та мэдрүүлэхийг хичээгээрэй (Лук 15:4–7; 2 Кор. 2:6–8). Мөн тэнгэрийн элч нарыг дуурайж дэлгэрүүлэх ажилд чадах чинээгээрээ оролцоорой (Ном. 11:6). Тэд биднийг дэмждэг шиг бид ч бусдыгаа дэмжих учиртай. Жишээлбэл дэлгэрүүлэгч болоод удаагүй хүнтэй дэлгэрүүлэхээр төлөвлөж болохгүй нь юу билээ? Түүнчлэн өндөр настай юм уу хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ дэмжин хамт дэлгэрүүлж чадах уу?
10. Сарагийн жишээнээс юу мэдэж авах вэ?
10 Хэрэв Еховад хүссэнээрээ үйлчилж чадахгүй бол яах вэ? Ийм үед ч тэнгэрийн элч нартай хамтран ажиллах боломжтой. Энэтхэгийн Сараb гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодъё. 20 шахам жил эхлэгчээр үйлчилсэн тэрбээр хүнд өвчин тусаж, бүр хэвтэрт орсон. Сэтгэлээр маш их унасан нь ойлгомжтой. Гэхдээ хурлынхныхаа тус дэмийг авч, Библийг тогтмол уншдагийнхаа ачаар дахин баяр баясгалантай болжээ. Нөхцөл байдалдаа тохируулан үйлчлэх шаардлагатай болсон нь мэдээжийн хэрэг. Захиа бичье гэхэд өндийн сууж чадахгүй учраас зөвхөн утсаар л дэлгэрүүлдэг болсон. Өмнө нь дэлгэрүүлсэн хүмүүстэйгээ дахин холбогдоход тэд Библийн тухай сонирхож магадгүй өөр хүмүүсийг хэлж өгсөн. Ямар үр дүнд хүрсэн бэ? Хэдхэн сарын дотор 70 хичээлтэй болжээ! Бүгдтэй нь хичээллэж амжихгүй тул заримыг нь хурлынхаа хүмүүст шилжүүлсэн. Тэгээд бас олон суралцагч нь цуглаанд ирдэг болсон. Чадлынхаа хэрээр дэлгэрүүлдэг Сара шиг ах дүүстэй маань тэнгэрийн элч нар хамтран ажиллаад яасан их баярладаг бол оо!
ТЭВЧЭЭРТЭЙ
11. Үнэнч тэнгэрийн элч нар гайхмаар тэвчээртэйг юунаас мэдэх вэ?
11 Үнэнч тэнгэрийн элч нар тэсвэр тэвчээрийн гайхалтай үлгэр дуурайл болдог. Тэд олон мянган жилийн турш бузар муу, шударга бус явдлыг тэвчсээр байна. Хамт үйлчилж байсан Сатан болон өөр олон тэнгэрийн элч Еховагийн эсрэг боссоныг харсан (Эх. 3:1; 6:1, 2; Юуд. 6). Нэг чөтгөр үнэнч тэнгэрийн элчийг олон хоног ширүүн эсэргүүцсэнийг Библид бичсэн байдаг (Дан. 10:13). Түүнчлэн хүн төрөлхтний түүхийн туршид ихэнх хүн жинхэнэ Бурхныг дагаагүй. Үүнийг ч тэд харж л байсан. Гэвч баяр хөөр, хичээл зүтгэлээ алдалгүй Еховад үйлчилсээр ирсэн. Ехова цаг нь болохоор шударга бус бүхнийг устгахыг тэд мэддэг.
12. Бид ямар учраас тэвчиж чаддаг вэ?
12 Тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ? Бидэнд ч шударга бус явдал юм уу эсэргүүцэл тулгардаг. Гэхдээ Бурхан бузар муу бүхнийг цаг нь болохоор арилгана гэдэгт итгэдэг. Тиймээс бид тэднийг дуурайж «шантрахгүйгээр сайныг үйлдэж байна» (Гал. 6:9). Мөн тэвчихэд маань Бурхан туслахаа амладаг (1 Кор. 10:13). Бид баяр баясгалантай, тэвчээртэй байхын тулд агуу хүчийг нь гуйдаг (Гал. 5:22; Кол. 1:11). Хэрэв эсэргүүцэл тулгарвал яах вэ? Еховад бүрэн найдаарай, бүү айгаарай. Тэрбээр үргэлж танд тусалж, зоригжуулна (Евр. 13:6).
ХУРЛУУДЫГ ЦЭВЭР АРИУН БАЙЛГАХЫН ТУЛД АЖИЛЛАДАГ
13. Эцсийн энэ өдрүүдэд тэнгэрийн элч нар ямар даалгавар биелүүлдэг вэ? (Матай 13:47–49).
13 Эцсийн энэ өдрүүдэд Ехова тэнгэрийн элч нарт тусгай даалгавар өгсөн (Матай 13:47–49-ийг уншина). Дэлхий даяар сая сая хүн сайн мэдээ сонсож байна. Тэдний зарим нь Еховагийн хэм хэмжээний дагуу амьдралаа өөрчилж, үйлчлэгч нь болдог байхад зарим нь тэгдэггүй. Тэнгэрийн элч нар «хорон хүмүүсийг шударга сайнаас нь тусгаарлах» буюу хурлыг цэвэр ариун байлгах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ нь Гэрчүүдтэй хичээл хийхээ больсон хүн хуралд буцаж ирэх боломжгүй гэсэн үг биш. Мөн хуралд хэзээ ч, ямар ч асуудал гарахгүй гэсэн үг бас биш ээ. Гэсэн хэдий ч тэнгэрийн элч нар хурлуудыг цэвэр ариун байлгахын тулд зүтгэл гарган ажилладаг.
14, 15. Бид тэнгэрийн элч нарыг дуурайж хурлаа цэвэр ариун байлгахад хэрхэн хувь нэмэр оруулах вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Тэнгэрийн элч нарыг хэрхэн дуурайх вэ? Хүн бүр Еховатай тогтоосон харьцаагаа хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ингэхдээ, харьцаандаа сэв суулгах бүхнээс зайлсхийж, Еховаг хайрладаг хүмүүстэй найзлах нь чухал. Ийнхүү бид тэнгэрийн элч нарыг дуурайж хурлаа цэвэр ариун байлгахад хувь нэмэр оруулдаг (Дуу. 101:3). Бас Еховад үнэнч байхад нь итгэл нэгтнүүддээ тусалдаг. Жишээлбэл итгэл нэгтэн маань ноцтой нүгэл үйлдсэнийг мэдвэл яах вэ? Түүнийг хайрладаг тул энэ тухайгаа ахлагчдад хэлэхийг зөвлөнө. Хэрэв хэлээгүй бол бид хэлэх ёстой. Учир нь Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгасан түүнд нэн даруй туслах хэрэгтэй шүү дээ! (Яак. 5:14, 15).
15 Харамсалтай нь, ноцтой нүгэл үйлдсэн зарим хүний Гэрч байх эрхийг нь хасах шаардлагатай болдог. Тиймээс бид тэднээс «холбоогоо тасалдаг» (1 Кор. 5:9–13).c Ингэдэг нь хурлыг цэвэр ариун байлгахын тулд бөгөөд эрхээ хасуулсан хүнтэй харьцдаггүй маань үнэндээ түүний төлөө юм. Бид тууштай байвал тухайн хүн Ехова руу эргээд ирэх хэрэгтэйгээ ухаарч болох юм. Эргэж ирэхэд нь Ехова, тэнгэрийн элч нар, бид бүгдээрээ маш их баярладаг (Лук 15:7).
Бид ноцтой нүгэл үйлдсэн итгэл нэгтнээ мэдвэл яах ёстой вэ? (14-р догол мөрийг үзээрэй)d
16. Та тэнгэрийн элч нарын юуг дуураймаар байна вэ?
16 Тэнгэрийн элч нарын тухай мэдэж, тэдэнтэй хамтран ажиллахыг Ехова зөвшөөрсөн нь үнэхээр завшаан юм! Даруу, хүмүүсийг хайрладаг, тэвчээртэй, хурлуудыг цэвэр ариун байлгахын төлөө хичээл зүтгэлтэй ажилладаг тэднийг дуурайцгаая. Тэгвэл бид үүрд Еховагийн гэр бүлийн гишүүн байна.
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
a Хэдэн зуун сая тэнгэрийн элчээс ердөө Михаел Габриел хоёрын нэр Библид гардаг (Дан. 12:1; Лук 1:19).
b Нэрийг өөрчлөв.
c «2024 оны Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ №2»-т тайлбарласнаар Гэрч байх эрхээ хасуулсан хүн цуглаанд ирвэл дэлгэрүүлэгч мэндэлж, угтан авах эсэхээ Библиэр сургасан мөс чанараараа шийднэ.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй найзтайгаа уулзаж, юу болсныгоо ахлагчдад хэлэхийг зөвлөж байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хэлээгүйг нь мэдээд өөрөө ахлагчдад хэлж байна.