СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27
ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя
Еховад үйлчилдэг болоход нь суралцагчдаа туслаарай
«Итгэл үнэмшлээ тууштай баримтал, ... эрч хүчтэй бай» (1 КОР. 16:13).
ГОЛ САНАА
Итгэлтэй, зоригтой болж Еховад үйлчлэх шийдвэр гаргахад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?
1, 2. а) Зарим суралцагч Еховагийн Гэрч болохоо яагаад хойшлуулдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ТА Еховагийн Гэрч болохоо хойшлуулж байсан удаатай юу? Ажлын газрынхан, найз нөхөд, гэр бүлийнхэн тань эсэргүүцнэ гэж айж байсан байх. Эсвэл Бурхны хэм хэмжээний дагуу хэзээ ч амьдарч чадахгүй гэж бодсон байж магадгүй. Хэрэв тийм бол Бурханд үйлчилж чадахгүй гэж боддог суралцагчаа сайн ойлгох биз ээ.
2 Ийм айдас Еховад үйлчлэхэд саад болдгийг Есүс ойлгодог байсан (Мат. 13:20–22). Тэрбээр өөрийг нь дагахаас зүрхшээдэг хүмүүсийг шууд хаячхаагүй. Харин ийм хүмүүст 1) ахиц гаргахад юу саад болж байгааг мэдэхэд нь, 2) Еховаг улам их хайрлахад нь, 3) амьдралд чухал гэж үздэг юмаа өөрчлөхөд нь, 4) эсэргүүцлийг давахад нь хэрхэн туслахыг үлгэрлэн харуулсан. Бид «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл хийж буй суралцагчдыг Еховад үйлчилдэг болоход нь туслахдаа Есүсийг хэрхэн дуурайх вэ?
ЮУ СААД БОЛЖ БАЙГААГ МЭДЭХЭД НЬ ТУСЛААРАЙ
3. Есүсийн дагалдагч болоход нь Никодемд юу саад болсон байж болох вэ?
3 Никодем бол иудейчүүдийн удирдагч ажээ. Есүсийн дагалдагч болохыг хүссэн ч, нэг саад байв. Есүсийг дэлгэрүүлж эхлээд 6-хан сар болж байхад Бурхны төлөөлөгч гэдэгт нь Никодем итгэдэг болчихсон байсан (Ёох. 3:1, 2). Гэхдээ «иудейн удирдагчдаас айж байсан» тул Есүстэй нууцаар уулзжээ (Ёох. 7:13; 12:42). Хэрэв Есүсийн дагалдагч болбол их юмаа алдана гэж бодсон байх.a
4. Бурхан юу хүсдэгийг ойлгоход нь Есүс Никодемд хэрхэн тусалсан бэ?
4 Никодем Мосегийн хуулийг сайн мэддэг ч Ехова юу хүсдэгийг ойлгоход тусламж хэрэгтэй байв. Есүс хэрхэн тусалсан бэ? Цаг заваа харамгүй зориулж, түүнтэй бүр шөнө уулзсан. Мөн шавь нь болохын тулд яах хэрэгтэйг, тодруулбал нүглээ гэмшиж, баптисм хүртэж, Бурхны Хүүд итгэх ёстойг тодорхой хэлж өгчээ (Ёох. 3:5, 14–21).
5. Ахиц гаргахад юу саад болж байгааг мэдэхэд нь суралцагчдаа яаж туслах вэ?
5 Суралцагч маань Библийг сайн ойлгодог ч ахиц гаргахад юу саад болж байгааг олж мэдэхэд нь тусламж хэрэгтэй байж мэднэ. Жишээлбэл хамаг цагаа ажил албандаа зориулдаг юм уу, эсвэл гэрийнхэн нь Гэрч болохыг эсэргүүцдэг байж магадгүй. Тиймээс та суралцагчдаа цаг гаргаарай. Хамт цай уух юм уу салхинд гарч болох юм. Ийм үед суралцагч тань амьдрал ахуйнхаа талаар илүү их ярьж өгч магадгүй. Ямар саад тулгарч байгааг нь мэдэж авбал юугаа өөрчлөх хэрэгтэйг нь эвтэйхэн зөвлөөрэй. Ингэх нь багшийгаа бус, Еховаг баярлуулахын тулд гэдгийг сануулаарай.
6. Эрч хүчтэй, мэдэж авснаа хэрэгжүүлэх хүсэлтэй болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ? (1 Коринт 16:13).
6 Библийн хэм хэмжээний дагуу амьдрахад нь Ехова тусална гэдэгт суралцагч итгэдэг болбол эрч хүчтэй, мэдэж авснаа хэрэгжүүлэх хүсэлтэй болно (1 Коринт 16:13-ыг уншина). Таны үүрэг сургуулийн багшийнхтай төстэй. Сурагч байхдаа та ямар багшаар заалгах дуртай байсан бэ? Ямар нэг юмыг хийж чадна гэсэн итгэл төрүүлж тэвчээртэй сургасан багшийг хэлэх байх. Үүнтэй адилаар Библийн сайн багш Бурхан юу хүсдэгийг заагаад зогсохгүй түүний тусламжаар шаардлагатай өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгэдэг болоход нь тусалдаг. Яаж ийн туслах вэ?
ЕХОВАГ УЛАМ ХАЙРЛАДАГ БОЛОХОД НЬ ТУСЛААРАЙ
7. Еховаг улам их хайрладаг болоход нь Есүс хүмүүст хэрхэн тусалсан бэ?
7 Бурхнаа хайрладаг хүн мэдэж авснаа хэрэгжүүлэх хүсэлтэй болдгийг Есүс мэддэг байв. Тиймээс тэнгэрийн Эцгээ улам их хайрладаг болоход нь тустай зүйлийг шавь нартаа заадаг байсан. Жишээ нь Еховаг хүүхдэдээ сайн юм өгдөг эцэгтэй зүйрлэжээ (Мат. 7:9–11). Есүсийн сургаалыг сонсож байсан зарим хүн ийм хайр халамжтай эцэггүй байсан байж болох юм. Замаа алдсан хүүгээ буцаж ирэхэд тосож авсан өрөвч сэтгэлтэй аавын тухай Есүсийг ярихад тэдэнд ямар санагдсаныг төсөөлөөрэй. Ехова өөрсдийг нь энэрч өрөвддөгийг тэд ойлгосон байх (Лук 15:20–24).
8. Еховаг улам их хайрладаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?
8 Та бас Бурхны сайхан чанаруудыг онцолж түүнийг улам их хайрладаг болоход нь суралцагчдаа тусалж чадна. Хичээл болгоны үзэж буй зүйл Еховагийн хайртай ямар холбоотойг ойлгуулаарай. Жишээ нь золиосны тухай ярилцахдаа өөрт нь ямар хамаатайг онцлоорой (Ром 5:8; 1 Ёох. 4:10). Тэгвэл Ехова өөрийг нь хайрладаг гэдгийг эргэцүүлэн бодоод Еховаг гэсэн хайр нь лавшрах биз ээ (Гал. 2:20).
9. Майклыг амьдралаа өөрчлөхөд юу тус болсон бэ?
9 Индонезийн Майкл гэдэг хүний тухай бодъё. Тэрбээр бага байхдаа Библийн хичээл заалгаж байсан ч баптисм хүртээгүй юм. 18 настайдаа ачааны том автомашины жолоочоор ажиллахаар гадаад руу явжээ. Хожим нь гэрлэсэн ч гэрийнхнээ орхиод дахин гадаадад ажиллахаар явсан. Тэр хооронд эхнэр, охин нь Библийн хичээл заалгаж, ахиц гаргаж эхлэв. Ээжийгээ нас барсны дараа Майкл аавыгаа харж хандахаар гэртээ буцаж иржээ. Тэгээд Библийн хичээл заалгахаар болсон. «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 27-р хичээлийн «Ухаж ойлгоё» хэсгийг үзээд сэтгэл нь ихэд хөдөлжээ. Хүүгээ тарчлан зовохыг харах нь Еховад ямар санагдсаныг эргэцүүлэн бодоод бүр нулимс унагасан. Золиосонд их талархдаг болж, амьдралаа өөрчлөн баптисм хүртжээ.
АМЬДРАЛД ЧУХАЛ ГЭЖ ҮЗДЭГ ЮМАА ӨӨРЧЛӨХӨД НЬ ТУСЛААРАЙ
10. Амьдралд чухал гэж үздэг юмаа өөрчлөхөд нь Есүс шавь нартаа хэрхэн тусалсан бэ? (Лук 5:5–11). (Бас зургийг үзээрэй).
10 Зарим шавь нь Есүсийг амласан Мессиа мөн гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавихад тэдэнд тусламж хэрэгтэй байв. Есүс Петр Андрей хоёрт өөрийг нь дагаж бүрэн цагаар үйлчлэхийг уриалахад тэд шавь нь болоод аль хэдийн тодорхой хугацаа өнгөрсөн байжээ (Мат. 4:18, 19). Тэд Яаков Ёохан нартай хамт загасчилдаг, дажгүй ашиг орлоготой байсан бололтой (Марк 1:16–20). Петр Андрей хоёр «тороо орхиод» Есүсийг дагахаар шийдэхдээ гэр бүлээ яаж тэжээхээ төлөвлөсөн байсан байх. Тэд амьдралд чухал гэж үздэг юмаа яагаад өөрчилсөн бэ? Лукийн бичсэнийг үзвэл тэд Есүсийн үйлдсэн гайхамшгийг хараад Ехова зайлшгүй хэрэгцээг нь хангана гэдэгт итгэх итгэл нь батажсан (Лук 5:5–11-ийг уншина).
Амьдралд чухал гэж үздэг юмаа өөрчлөхөд нь Есүс шавь нартаа хэрхэн тусалснаас бид юу мэдэж авах вэ? (10-р догол мөрийг үзээрэй)b
11. Суралцагчийнхаа итгэлийг батжуулахын тулд юуны тухай ярьж болох вэ?
11 Бид Есүсийн адилаар гайхамшиг үйлдэж чадахгүй ч, Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавихад тэрбээр хэрхэн тусалж дэмжсэнийг суралцагчдаа ярьж өгөх боломжтой. Жишээ нь цуглаанд явдаг болоход тань хэрхэн тусалсныг санаж байна уу? Та цуглаантай өдрөө илүү цагаар ажиллаж чадахгүй болсноо даргатайгаа уулзаж тайлбарласан байж магадгүй. Тэр үед Еховагийн тусламжийг мэдрээд итгэл тань хэр их батажсаныг яриарай.
12. а) Хичээлдээ өөр өөр хүнийг урих нь яагаад тустай вэ? б) Еховаг эн тэргүүнд тавихад суралцагчдаа өөр яаж туслах вэ? Жишээ хэлнэ үү.
12 Мөн хурлын бусад Гэрч Еховаг эн тэргүүнд тавихын тулд амьдралаа хэрхэн өөрчилснөө ярьж өгөх нь тустай. Тиймээс өөр өөр итгэл нэгтнийг хичээлдээ урьж оролцуулаарай. Үнэнийг хэрхэн мэдсэнийг болон Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихын тулд юу хийснийг нь яриулаарай. Үүнээс гадна «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Ухаж ойлгоё» болон «Мэдлэгээ тэлье» хэсэгт буй видеог хамтдаа үзээрэй. Жишээ нь 37-р хичээл дээр «Ехова хэрэгцээг маань хангана» видеог үзээд Ехова суралцагчид тань яаж туслахыг ярилцаарай.
ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДАВАХАД НЬ ТУСЛААРАЙ
13. Шавь нарт нь эсэргүүцэл тулгарна гэдгийг мэдэж байсан учраас Есүс яасан бэ?
13 Хүмүүс, бүр гэрийнхэн нь эсэргүүцэхийг Есүс дагалдагчдадаа дахин дахин хэлдэг байжээ (Мат. 5:11; 10:22, 36). Шавь нар нь амиа алдаж ч болзошгүйг нас барахынхаа өмнө анхааруулж байв (Мат. 24:9; Ёох. 15:20; 16:2). Мөн дэлгэрүүлэхдээ сэрэмжтэй байхыг сануулсан. Жишээ нь эсэргүүцэгчидтэй маргалдахгүй байхыг, дэлгэрүүлэх ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэхийн тулд ухаалаг байхыг зөвлөсөн.
14. Эсэргүүцлийг тэвчих бэлтгэлтэй байхад нь суралцагчдаа яаж туслах вэ? (2 Тимот 3:12).
14 Бид ч ажлынхан, найзууд, гэрийнхэн нь хэрхэн эсэргүүцэж магадгүйг суралцагчдаа тайлбарлах учиртай (2 Тимот 3:12-ыг уншина). Хамт ажилладаг хүмүүс нь Библийн зарчмын дагуу амьдрах гэж хичээж байгаа суралцагчийг тань дооглон тохуурхаж болох юм. Хүмүүс, бүр гэрийнхэн нь хүртэл итгэл үнэмшлийг нь шүүмжилж мэднэ. Тиймээс эсэргүүцэл, хавчлагын тухай аль болох эртнээс ярих нь сайн. Тэгвэл суралцагч тань эсэргүүцэл тулгарахад гайхахгүй, яахаа мэдсэн байна.
15. Гэрийнхнийхээ эсэргүүцлийг тэвчихэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?
15 Гэрийнхэн нь эсэргүүцдэг бол шалтгааныг нь ойлгоход суралцагчдаа туслаарай. Тэд түүнийг тархиа угаалгасан гэж боддог, эсвэл Еховагийн Гэрчүүдийн талаар ташаа ойлголттой байж болох юм. Есүсийг ч гэр бүлийнхэн, хамаатан садан нь солиорсон гэж байсан (Марк 3:21; Ёох. 7:5). Тиймээс та тэвчээртэй байхыг, гэрийнхэнтэйгээ төдийгүй бүх хүнтэй эвтэй байхыг суралцагчдаа заагаарай.
16. Итгэл үнэмшлээ эвтэйхэн тайлбарладаг болоход нь суралцагчдаа яаж туслах вэ?
16 Хэрэв гэрийнхэн нь Библийн тухай сонирхвол суралцагч тань нэг дор бөөн юм ярихгүй байх нь дээр. Тэгэхгүй бол бүр гайхаж, дахин ярилцах хүсэлгүй болж мэднэ. Тиймээс энгийн, товчхон тайлбарлахыг зөвлөөрэй. Тэгвэл нөгөө хүн дахин ярилцах хүсэлтэй болж магадгүй (Кол. 4:6). Мөн jw.org сайтыг санал болгохыг зөвлөж болно шүү дээ. Ингэвэл сонирхсон хүн хүссэн үедээ сайтад зочилж, Еховагийн Гэрчүүдийн тухай тааваараа мэдэх боломжтой.
17. Еховагийн Гэрчүүдийн тухай асуултад хариулж сурахад нь суралцагчдаа яаж туслах вэ? (Бас зургийг үзээрэй).
17 Гэрийнхэн юм уу ажлынхны асуусан асуултад энгийн, товч хариулж сурахад нь суралцагчдаа туслах зорилгоор jw.org сайтын «Байнга тавьдаг асуулт» цувралыг ашиглаарай (2 Тим. 2:24, 25). Хичээл болгоны төгсгөлд «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Зарим хүн» буланг ярилцаарай. Хамт дасгал хийж, өөрийнхөө үгээр хариулахад нь туслаарай. Сайжруулах шаардлагатай юм анзаарвал санаа зоволгүй зөвлөөрэй. Ийнхүү хамтдаа бэлдвэл суралцагч тань итгэл үнэмшлийнхээ талаар сайн тайлбарлаж чадна.
Хичээлийн үеэр суралцагчтайгаа дасгал хийж дэлгэрүүлдэг болоход нь туслаарай (17-р догол мөрийг үзээрэй)c
18. Дэлгэрүүлэгч болоход нь суралцагчдаа яаж туслах вэ? (Матай 10:27).
18 Есүс шавь нартаа сайн мэдээ тунхаглахыг тушаасан (Матай 10:27-г уншина). Суралцагч тань итгэл үнэмшлийнхээ тухай аль болох эртнээс ярьдаг болох тусам төдийчинээ Еховад найдаж сурна. Дэлгэрүүлэгч болох зорилго тавихад нь хэрхэн туслах вэ? Дэлгэрүүлэх ажлын аян болохыг зарлавал дэлгэрүүлэгч болохыг уриалж, хэрхэн шаардлага хангадгийг тайлбарлаарай. Ийм аяны үед амархан дэлгэрүүлж сурдгийг хэлж өгөөрэй. Мөн ажлын өдөр болдог цуглаанаар даалгавар биелүүлэх зорилго тавихыг санал болгож болох юм. Даалгавар биелүүлдэг болбол итгэл үнэмшлээ илүү сайн тайлбарлаж сурна.
СУРАЛЦАГЧДАА ИТГЭДГЭЭ МЭДРҮҮЛЭЭРЭЙ
19. Есүс шавь нартаа итгэдгээ хэрхэн харуулсан бэ? Бид түүнийг яаж дуурайх вэ?
19 Шавь нар нь тэнгэрт өөртэй нь дахин хамт байх болно гэдгийг Есүс тэнгэрт гарахынхаа өмнө хэлдэг. Харин өөрсдийг нь тэнгэрт гарна гэж хэлснийг шавь нар ойлгоогүй. Хэдийгээр тэд ийнхүү зарим зүйлийг ойлгоогүй ч, Еховаг баярлуулахыг хүсдэг, үнэнчээр үйлчилнэ гэдэгт нь Есүс итгэж байв. Тиймээс ч тэнгэрт дахин уулзахыг хэлсэн (Ёох. 14:1–5, 8). Ийм найдвар зэрэг зарим зүйлийг ойлгоход шавь нарт нь цаг хугацаа хэрэгтэйг ойлгож байсан (Ёох. 16:12). Еховаг баярлуулах хүсэлтэй гэдэгт нь итгэдгээ бид ч суралцагчдаа мэдрүүлэх учиртай.
Суралцагч тань итгэл үнэмшлийнхээ тухай аль болох эртнээс ярьдаг болох тусам төдийчинээ Еховад найдаж сурна
20. Малавийн нэг Гэрч эмэгтэй суралцагчдаа итгэдэг нь юунаас харагдсан бэ?
20 Суралцагч маань зөв юм хийх хүсэлтэй гэдэгт бид итгэдэг. Жишээ нь Малавийн Чифүндо гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодъё. Тэрбээр Алинафэ гэдэг католик шашинтай бүсгүйтэй «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл эхэлжээ. 14-р хичээл үзэж дууссаны дараа шүтээн шүтэх талаар юу гэж боддогийг нь асуув. Гэтэл суралцагч нь маш эмзэг хүлээн авч «Энэ бол хувь хүний л асуудал!» гэж хариулсан. Чифүндо түүнийг хичээл хийхээ удалгүй болих байх гэж бодсон. Гэхдээ яваандаа ойлгоно гэж найдан тэвчээртэй хичээллэсээр байв. Хэдэн сарын дараа Чифүндо 34-р хичээл дэх «Та Библи судалж жинхэнэ Бурхан Еховатай танилцаад ямар ач тус хүртсэн бэ?» гэсэн асуултыг асуув. Алинафэ юу гэж хариулсныг тэрбээр: «Суралцагч минь олон чухал юм мэдэж авснаа, ялангуяа Гэрчүүд Библид буруушаадаг юуг ч хийдэггүйг ойлгосноо ярьсан» гэжээ. Удахгүй Алинафэ шүтээн шүтэхээ больж, баптисм хүртэх шаардлага хангасан.
21. Еховад үйлчилдэг болоход нь суралцагчдаа яаж туслах вэ?
21 Хэдийгээр Ехова «ургуулдаг» ч суралцагчаа ахиц гаргахад бид тусалж чадна (1 Кор. 3:7). Бурхан юу хүсдэгийг заагаад зогсохгүй түүнийг улам хайрладаг болоход нь тусалдаг. Мөн амьдралд чухал гэж үздэг юмаа өөрчилж хайртайгаа батлахыг заадаг. Түүнчлэн эсэргүүцэл тулгарахад Еховад найдахын чухлыг ойлгуулдаг. Бид итгэдгээ мэдрүүлбэл суралцагч маань Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарч, түүнд үйлчилж чадна гэсэн итгэлтэй болно.
ДУУ 33 Тэднээс бүү ай!
a Никодем Есүстэй уулзаж ярилцсанаас хойш 2,5 жил өнгөрөхөд Иудейн дээд шүүхийн гишүүн хэвээр байв (Ёох. 7:45–52). Харин Есүсийг нас барсны дараа дагалдагч нь болсон гэж зарим түүхч үздэг (Ёох. 19:38–40).
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Петр болон бусад нь загасчлах ажлаа орхиод Есүсийг дагасан.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй суралцагчтайгаа дэлгэрүүлэх дасгал хийж байна.