Уншигчдын асуулт
Сургаалт үгс 30-р бүлгийг бичигч 18, 19-р зүйлд «залуу бүсгүйтэй хамт байх эр хүний замыг» «ухаанаас хэтэрсэн» зүйл гэжээ. Ямар утгаар ингэж хэлсэн бэ?
Олон хүн, тэдний дотор зарим эрдэмтэн ч энэ нь ямар утгатайг төдийлөн сайн ойлгодоггүй. «Шинэ ертөнц» орчуулгын 18, 19-р зүйлд «Миний ухаанаас хэтэрсэн [эсвэл, «дэндүү гайхамшигтай», зүүлт] гурван зүйл, надад ойлгомжгүй дөрвөн ч зүйл бий. Эдгээр нь: тэнгэрт нисэх бүргэдийн зам, хадан дээгүүр гулсах могойн зам, тэнгист хөвөх хөлөг онгоцны зам, залуу бүсгүйтэй хамт байх эр хүний зам юм» гэж бичжээ.
Өмнө нь бид «залуу бүсгүйтэй хамт байх эр хүний зам» гэснийг сөрөг утгаар ойлгодог байсан. Яагаад? Хам сэдвийг үзвэл «Хангалттай», «Боллоо» гэж хэзээ ч хэлдэггүй сөрөг зүйлсийг дурдсан байдаг (Сур. 30:15, 16, ШЕ). Мөн 20-р зүйлд «Би ямар ч буруу юм хийгээгүй» гэдэг «садар эмийн» тухай гардаг. Тиймээс нисэж буй бүргэд, хадан дээр гулсах могой, тэнгист хөвөх эртний хөлөг онгоцны адилаар эр хүн хийсэн үйлдлийнхээ ул мөрийг үлдээдэггүй гэсэн утгатай гэж бид боддог байсан. Үүнээс улбаалан «залуу бүсгүйтэй хамт байх эр хүний зам» гэдгээр ямар нэг муу зүйл, тодруулбал гэнэн залуу бүсгүйг хуурч бэлгийн харьцаанд уруу татах гэсэн зальтай эрийг хэлдэг гэж ойлгож байв.
Гэхдээ дээрх үгийг эерэг утгаар ойлгох үндэс бий. Энэ үгийг бичсэн хүн ердөө л гайхан биширсэн зүйлээ дурдсан.
Ийн үзэж болох нь эх бичиг дээрх еврей үгээс харагддаг. Нэг номд тайлбарласнаар, Сургаалт үгс 30:18-д «миний ухаанаас хэтэрсэн» гэж орчуулсан еврей үг нь «гайхалтай, бүр боломжгүй хэмээн санагдах зүйлийг илэрхийлдэг» («Theological Lexicon of the Old Testament»).
АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Кроуфорд Х. Той Библийн энэ зүйлд ямар ч сөрөг утга байхгүй гэж бас дүгнэсэн байна. Тэрбээр: «Дурдсан зүйлүүд хэчнээн гайхалтайг хэлсэн хэрэг» гэжээ.
Тийм учраас Сургаалт үгс 30:18, 19-ийг бичигч үнэхээр гайхалтай, бүр ухаанаас хэтэрсэн зүйлийг бичсэн гэж дүгнэх нь зүйд нийцнэ. Бүргэд яаж дүүлэн нисэж, могой хөлгүй атлаа хадан дээгүүр хэрхэн гулсаж, асар том хөлөг онгоц тэнгист хэрхэн хөвж, мөн залуу эр бүсгүй хоёр хэрхэн нэг нэгэндээ дурлаж гэр бүл болоод аз жаргалтай амьдрах нь бидэнд ч бишрэм билээ.