Photo by Stringer/Getty Images
СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Ойрх Дорнодод дэгдэж буй дайн—Библид юу гэж байдаг вэ?
Израйл, Иран болон Америкийн Нэгдсэн Улс хооронд үүсээд байгаа зөрчилдөөнийг дэлхий нийт сэтгэл түгшин ажиглаж байна. Уг нөхцөл байдал улам хурцдаж дайны цар хүрээг тэлэх болов уу? Засгийн газрууд хурцадмал зөрчилдөөнийг хазаарлан дэлхий дахинаа амар амгаланг тогтоож чадах уу?
Библийн зөгнөлийг мэддэг хүмүүс Ойрх Дорнодод болж буй зөрчил сөргөлдөөнийг Илчлэл номд гардаг Армагеддон гэдэг дайны эхлэл гэж бодож болох юм.
Библид юу гэж байдаг вэ?
Засгийн газрууд Ойрх Дорнодод болж буй дайныг зогсоож чадах уу?
«Ноёдод бүү найд. Хүнд бүү итгэ. Учир нь тэд аварч чадахгүй» гэж Библид бий (Дуулал 146:3, ШЕ).
Засгийн газрууд Ойрх Дорнодод тодорхой хэмжээнд амар тайвныг тогтоох эсэхийг цаг хугацаа л харуулна. Харин ямар ч улс төрийн удирдагч, ямар ч засгийн газар хийгээд хүмүүс дайныг эцэслэн, амар амгаланг жинхэнэ утгаар нь тогтоож чадахгүйг Библи тодорхой хэлдэг. Дэлхий дахинд дайн дажныг зогсоох чадал зөвхөн Бурханд л бий (Дуулал 46:9).
«Харуулын цамхаг» сэтгүүлийн «Дайн дажин үгүй болно—Хэрхэн?» гэсэн дугаарт дэлгэрэнгүй мэдээлэл бий.
Ойрх Дорнодод болж буй дайн зөгнөлийн биелэл мөн үү?
«Та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. ... Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна» гэж Библид бий (Матай 24:6, 7).
Ойрх Дорнодод болж буй энэ зөрчил мөргөлдөөн нь «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг» болох олон үйл явдлуудын нэг бөгөөд бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагийн бас нэг баталгаа болдог (Матай 24:3; 2 Тимот 3:1). Өнөө үед болж буй дайнууд Бурхан удахгүй дайн дажныг эцэслэн хүн төрөлхтнийг зовоож буй бусад асуудалд цэг тавихын шинж юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг «“Эцсийн өдрүүд” буюу “төгсгөлийн ... цагийн” шинж тэмдэг юу вэ?» гэсэн өгүүллээс үзнэ үү.
Армагеддон Ойрх Дорнодод эхлэх үү?
«Өнөөх үгс хаадыг еврейгээр Хармагедон гэдэг газар цуглуулав» гэж Библид бий (Илчлэл 16:15, 16).
Ойрх Дорнодод болж буй хүний засгийн газруудын хоорондох дайн нь Армагеддон буюу Хармагедон биш ээ. Энэ нь хүний засгийн газрууд болон Бурхны хооронд болох дэлхий нийтийг хамарсан дайн юм.
Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Армагеддон гэж юу вэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.
Сэтгэл түгшээсэн энэ үед юу тус болох вэ?
«Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай» (Филиппой 4:6).
Еховаa Бурхан өөрт нь залбираасай хэмээн хүсдэг. Учир нь Бурхан бидэнд санаа тавьдаг. Мөн залбирлыг маань сонсож, сэтгэл санаа түгшээсэн бэрхшээлийг даван туулахад тусалдаг (1 Петр 5:7). Дайн дажин яагаад дэгддэгийг ойлгоход туслахаас гадна эдгээр нь хэрхэн дуусгавар болох мөн зовлон шаналлыг ор мөргүй арилгахаа мэдүүлдэг нь бидэнд их тус болдог (Илчлэл 21:3, 4).
«Библиэс тайвшралыг олох боломжтой юу?» гэсэн өгүүллээс Бурхан бидэнд хэрхэн тусалдаг талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой.
a Ехова гэдэг бол Бурхны нэр юм (Дуулал 83:18, 1838 оны орчуулга болон «Шинэ ертөнц» орчуулга).