Еховагийн Гэрчүүд оршуулгын ёслолыг хэрхэн үздэг вэ?
Оршуулгын ёслолын талаарх бидний үзэл Библийн сургаалд үндэслэдэг. Заримаас нь дурдъя.
Хайртай дотнын хүнээ үхэлд алдаад уй гашууд автахыг Библи буруушаадаггүй. Дотнын хүн нь нас барахад Есүсийн шавь нар ч гашуудан шаналж байсан (Ёохан 11:33–35, 38; Үйлс 8:2; 9:39). Тийм ч учраас бид оршуулгын ёслолыг найр наадам лугаа адил болгодоггүй (Номлогчийн үгс 3:1, 4; 7:1–4). Харин гашуудан шаналж буй нэгнийг тайвшруулах цаг хэмээн үздэг (Ром 12:15).
Нас барагсад юу ч мэддэггүй. Нас барагсад ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэн амьдардаг, амьд хүмүүст нөлөөлдөг гэх итгэл үнэмшилд үндэслэсэн зан үйл, ёс жаяг хаа сайгүй бий. Еховагийн Гэрчүүд ямар ч яс үндэс, угсаа гаралтай бай Библийн сургаалтай зөрчилддөг тийм зан үйл, ёслолд оролцдоггүй (Номлогчийн үгс 9:5, 6, 10). Тэдгээрт нас барсан хүний цогцсыг амьд мэт үзэн үйлдэх зан үйл, оршуулгын ёслол болон нас барсан өдрийг нь хэт тансаг тэмдэглэх зан үйл, нас барагсдад өргөл өргөх зан үйл, нас барагсадтай холбоо тогтоох, тэдэнд хүсэлт гаргах зан үйл, бэлэвсэрсэн хүмүүст зориулсан зан үйл зэрэг орно. «Тусгаар бай. Бузар юманд хүрэхээ боль» гэсэн Библийн тушаалыг бид сахидаг учраас тэдгээр зан үйл, ёслолд оролцдоггүй (2 Коринт 6:17).
Нас барагсдад найдвар бий. Нас барсан хүмүүс амилах бөгөөд цаашид үхэл байхгүй болно гэж Библид байдаг (Үйлс 24:15; Илчлэл 21:4). I зууны Христийн дагалдагчдыг хэт их гашуудахгүй байхад нь энэ найдвар тус болж байсан. Өнөө үед ч мөн адил (1 Тесалоник 4:13).
Даруу бай гэсэн зөвлөгөө Библид бий (Сургаалт үгс 11:2). Оршуулгын ёслол бол нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээгээ харуулах боломж биш юм (1 Ёохан 2:16). Бид тансаг оршуулгын ёслол үйлддэггүй бөгөөд бусдын анхаарлыг гойд татах үнэтэй, чамин тансаг хийцтэй авс болон бусад эд зүйлсийг хэрэглэдэггүй.
Гэрчүүд оршуулгын ёслолын талаарх үзэл бодлоо бусдад тулгадаггүй. Энэ талаар бид «хүн бүр тайлангаа Бурханд өгнө» гэсэн зарчмыг баримталдаг (Ром 14:12). Хэрэв боломж гарвал итгэл үнэмшлээ тайлбарладаг. Ингэхдээ бусдыг «гүнээ хүндэтгэж, дөлгөөн» ханддаг (1 Петр 3:15).
Еховагийн Гэрчүүд оршуулах ёслолыг хэрхэн үйлддэг вэ?
Ёслол үйлдэх газар: Еховагийн Гэрчүүд оршуулгын ёслолыг тухайн гэр бүлийн сонгосон газар хийдэг. Цуглааны танхим, оршуулгын үйлчилгээний байгууллага, өөрсдийн гэр, чандарлах газар, оршуулгын газар гэх мэт нь үүнд багтана.
Ёслолын хөтөлбөр: Үхлийн тухай, амилах найдварын тухай Библид юу гэж байдгийг тайлбарласан илтгэл тавьж, гашуудаж буй хүмүүсийг тайвшруулдаг (Ёохан 11:25; Ром 5:12; 2 Петр 3:13). Оршуулах ёслолын хөтөлбөрт талийгаачийн зан чанарууд, итгэл үнэмшлийнх нь сайхан жишээнээс дурсах хэсэг оруулж болдог (2 Самуел 1:17–27).
Мөн Библид үндэслэсэн дуу дуулж болно (Колосай 3:16). Хөтөлбөрийг залбирлаар төгсгөдөг (Филиппой 4:6, 7).
Төлбөр хураамж: Бид оршуулгын ёслол үйлдсэн болон шашны бусад үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төлбөр хураамж авдаггүй. Цуглаан дээр ч мөн адил (Матай 10:8).
Ёслолд оролцогчид: Цуглааны танхимд болох ёслолд Гэрч биш хүмүүс ч чөлөөтэй оролцож болно. Бусад цуглааны нэгэн адил бид оршуулгын ёслолыг ч бүх хүнд нээлттэй явуулдаг.
Еховагийн Гэрчүүд бусад шашныхны үйлддэг оршуулгын ёслолд оролцдог уу?
Тухайн Гэрч Библид үндэслэн оролцох эсэхээ өөрөө шийддэг (1 Тимот 1:19). Ингэхдээ Библийн зарчимд үл нийцэх шашны аливаа зан үйлийг үйлддэггүй (2 Коринт 6:14–17).