Хавсралт
Гэрч эцэг эхчүүдэд зориулсан заавар
Та үр хүүхдээ Еховаг хайрладаг болж, өөрийгөө түүнд зориулаасай гэж хүсдэг биз ээ. Баптисм хүртэх бэлтгэлээ хангахад нь хүүхдэдээ яаж туслах вэ? Энэ чухал шийдвэрийг гаргахад хэзээ бэлэн болох бол?
Есүс дагалдагчдадаа «Бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ» гэсэн заавар өгсөн билээ (Мат. 28:19). Үүнийг бодвол баптисм хүртэх хүний хангах ёстой гол шаардлага бол шавь байх юм. Шавь байна гэдэг нь Христийн зааж сургасныг ойлгодог, тэдгээрт итгэдэг төдийгүй чанд баримталдаг хүн байна гэсэн үг. Насаар бага хүүхэд ч ийм байж чадна.
Үр хүүхдүүддээ үлгэр жишээ байж, Еховагийн сургаалыг тэднийхээ зүрх сэтгэлд шингээгээрэй (Д.хууль 6:6–9). Үүний тулд «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор Библийн үндсэн сургаалыг зааж, Библийн зарчмыг хэрхэн эргэцүүлэн бодож, хэрэгжүүлэхийг сургаарай. Итгэл үнэмшлээ өөрийнхөө үгээр тайлбарлаж чаддаг болоход нь туслаарай (1 Петр 3:15). Танай хүүхэд танаар заалгахаас гадна өөрөө бие дааж судлаад, мөн гэр бүлийн хичээл, цуглаан, сайн найз нөхдийн ачаар мэдлэгтэй болж, урам зориг нэмбэл баптисм хүртэж, цаашлаад Бурхантай илүү дотно болж чадна. Еховатай илүү ойр дотно болохын тулд яах хэрэгтэйг үргэлж боддог болоход нь туслаарай.
Сургаалт үгс 20:11-д «Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг» гэж байдаг. Хүү ч бай, охин ч бай, хүүхэд тань Есүс Христийн шавь болсныг, баптисм хүртэхэд бэлэн байгааг юунаас мэдэж болох вэ?
Баптисм хүртэхийг зорьж байгаа хүүхэд эцэг эхдээ дуулгавартай байдаг (Үйлс 5:29; Кол. 3:20). 12 настай Есүсийн тухай «[эцэг эхдээ] дуулгавартай байсаар байв» гэж Библид бичжээ (Лук 2:51). Эцэг эх нь хүүхдээсээ төгс байхыг шаардах учиргүй. Гэхдээ баптисм хүртэхийг хүсдэг хүүхэд Есүсийн жишээг дуурайхыг чадлаараа хичээдэг бөгөөд эцэг эхдээ дуулгавартай гэдгээрээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.
Бас Библийн үнэнийг мэдэх хүсэл сонирхолтой нь илэрхий байдаг (Лук 2:46). Танай хүүхэд дуртайяа цуглаанд явж, оролцдог уу? (Дуу. 122:1). Библийг тогтмол уншиж, бие дааж судлах дуртай юу? (Мат. 4:4).
Баптисм хүртэх зорилготой хүүхэд Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавьдаг (Мат. 6:33). Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярих үүрэгтэй гэдгээ ухамсарладаг. Янз бүрийн аргаар дэлгэрүүлж, багш нар болон ангийнхандаа Еховагийн Гэрч гэдгээ хэлэхээс айж ичдэггүй. «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-аар авсан даалгавраа хариуцлагатай биелүүлдэг.
Түүнчлэн муу нөхдөөс хол байж, ёс суртахууны хувьд цэвэр байхыг чармайдаг (Сур. 13:20; 1 Кор. 15:33). Дуу хөгжим, кино, телевизийн хөтөлбөр, видео тоглоом сонгох, интернэт ашиглахдаа ч ёс суртахууны хувьд цэвэр байхыг анхаардаг.
Хичээл зүтгэлтэй эцэг эхийнхээ ачаар үнэнийг өөрийн болгоод баптисм хүртэх шаардлагыг бага залуудаа хангасан хүн олон байдаг. Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгаж, энэ чухал алхмыг хийхэд нь үр хүүхдэдээ тусалж байгаа та бүхнийг Ехова ивээх болтугай.
Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчид зориулсан заавар
Хурлынхантайгаа хамт үйлчлэх нь баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчийн хувьд завшаантай хэрэг юм. Бурхандаа үйлчлэхийн тулд ахиц дэвшил гаргасан дэлгэрүүлэгч таныг магтан сайшаая. Та Бурхны Үгийг судлан, үнэн зөв мэдлэг эзэмшсэний зэрэгцээ мэдлэгийнхээ үндсэн дээр итгэл үнэмшилтэй болжээ (Ёох. 17:3; Евр. 11:6).
Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийж эхлэхээсээ өмнө та өөр шашны байгууллагатай ямар нэг хэмжээгээр холбоотой, эсвэл шашин шүтлэггүй байсан байж болох юм. Эсвэл Библийн зарчимтай зөрчилддөг юм хийдэг байсан байж магадгүй. Гэхдээ та одоо, урьд нь үйлддэг байсан нүглээ гүнээ гэмшин, Бурханд итгэдэг болсноо харуулж байна. Түүнчлэн, өөрчлөгдөх буюу урьдын буруу замаасаа эргэж, Бурхны зөв гэж үздэг юмыг хийж байхаар хатуу шийдсэн нь итгэлийн тань илрэл мөн (Үйлс 3:19).
Нөгөө талаар, та «ариун судруудыг багаасаа мэдэх болсон» байж мэднэ. Энэ нь таныг ертөнцийн үйл хэрэгт оролцох, ноцтой нүгэл үйлдэх аюулаас хамгаалсан биз ээ (2 Тим. 3:15). Бас та үе тэнгийнхнийхээ дарамт шахалт болон Еховагийн жигшдэг үйл хэрэгт татан оролцуулах гэсэн нөлөөг эсэргүүцэж сурсан. Цэвэр шүтлэгийг тууштай дэмжиж, итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярьдаг тань итгэлээ баталж байгаа хэрэг юм. Та сайн мэдээ тунхаглах ажилд оролцон тодорхой хэмжээгээр дадлага туршлагатай болсон. Еховад үйлчлэх зорилгоор баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох шийдвэрийг бие даан гаргасан.
Та Еховагийн замд том болсон хойноо ч суралцсан бай, багаасаа ч суралцсан бай, Бурхантай илүү дотносохын тулд Бурханд өөрийгөө зориулах болон баптисм хүртэх гэдэг хоёр чухал алхмыг цаашид хийхийг зорьж байгаа нь лавтай. Өөрийгөө зориулах гэдэг нь Еховад залбирч, ганцхан өөрт нь үүрд үнэнч үйлчлэхээр шийдсэнээ хэлнэ гэсэн үг (Мат. 16:24). Дараа нь Бурханд өөрийгөө зориулсныхаа бэлгэдэл болгон бүтэн биеэрээ усанд шумбан, баптисм хүртдэг (Мат. 28:19, 20). Өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээр Ехова Бурхны үйлчлэгч болдог. Энэ бол агуу завшаан мөн!
Бурхны үйлчлэгч хүнд янз бүрийн бэрхшээл тулгардгийг та Библи судлах явцдаа мэдсэн. Жишээ нь, Есүс баптисм хүртсэнийхээ дараахан «Бурхны агуу хүчээр удирдуулан цөлд очиход Диавол түүнийг сорив» гэж байдаг (Мат. 4:1). Та ч гэсэн баптисм хүртэн, Христийн дагалдагч болох учраас цаашид янз бүрийн сорилттой тулгарах нь гарцаагүй (Ёох. 15:20). Танай гэрийнхэн ч эсэргүүцэж магадгүй (Мат. 10:36). Сургуулийн хүүхдүүд, ажлын газрынхан юм уу урьд нь үерхэж нөхөрлөж явсан хүмүүс элэглэн шоолж ч магад. Гэхдээ Марк 10:29, 30-д бичигдсэн Есүсийн үгийг үргэлж санах хэрэгтэй. Тэрээр: «Би батлан хэлье. Сайн мэдээний төлөө гэр орон, ах эгч дүү, эцэг эх, үр хүүхэд, эдлэн газраа орхисон хүн өнөө үед гэр орон, ах эгч дүү, эх, үр хүүхэд, эдлэн газрыг 100 дахин их авах бөгөөд хавчигдана. Ирэх үед мөнх амьдарна» гэж хэлсэн. Тийм учраас Еховатай дотно байж, хэм хэмжээнийх нь дагуу амьдрахын тулд бүх хүчээ дайчлан, үргэлж мэрийгээрэй.
Баптисм хүртэхийг хүсвэл ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид мэдэгдээрэй. Тэд хойно байгаа асуултуудын дагуу тантай ярилцаж, баптисм хүртэх шаардлага хангасан эсэхийг тань тодорхойлно. Тиймээс та тэдгээр асуултуудыг урьдаас бие даан судлаарай.
Ярилцлагад бэлдэхдээ Библиэс эш татсан зүйлүүдийг бүгдийг нь цаг гарган уншиж, эргэцүүлэн бодох нь зүйтэй. Судалж мэдсэнээ энэ номон дээрээ юм уу эсвэл тусгай дэвтэр гаргаад бичиж болно. Ахлагчидтай ярилцахдаа номоо ашиглахын зэрэгцээ ном юм уу дэвтэрт тэмдэглэснээ харж болно. Хэрэв ямар нэг асуултыг ойлгоход хэцүү байвал Библийн багшаасаа, эсвэл ахлагчдаас нэрэлхэлгүй асуугаарай.
Асуултын хариу нуршуу, хэтэрхий дэлгэрэнгүй байх шаардлагагүй. Ер нь өөрийнхөө үгээр энгийн, товч хариулбал сайн. Болж өгвөл Библийн ганц хоёр зүйлээс эш татаж хариулбал ач тустай.
Хэрэв та Библийн үндсэн сургаалыг зохих хэмжээнд мэдэхгүй байвал ахлагчид таныг зөв ойлголттой болж, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход төдийгүй баптисм хүртэх шаардлага хангахад тусална.
[Ахлагчдад: Баптисм хүртэх хүсэлтэй хүнтэй ярилцлага хийх зааврыг 208–212-р хуудаснаас үзнэ үү.]