Христийн эртний дагалдагчид ба төр засаг
ЕСҮС нас барахаасаа хэдэн цагийн өмнө шавь нартаа «Би та нарыг сонгосон бөгөөд та нар ертөнцийнхөнтэй адилгүй. Тиймээс энэ ертөнцийнхөн та нарыг үзэн яддаг» гэж хэлжээ (Ёохан 15:19). Энэ нь Христийн дагалдагчид ертөнцийн эрх мэдэлтнүүдтэй дайсагнана гэсэн үг үү?
Ертөнцийнх биш ч, дайсагнахгүй
Элч Паул Ромд амьдарч байсан дагалдагчдад «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» гэж хэлсэн (Ром 13:1). Элч Петр ч «Эзэнд таалагдъя гэвэл хүний бий болгосон эрх мэдлийг хүлээн зөвшөөр. Эрх мэдэлтэй нэгэн буюу хаанд, мууг үйлдэгчийг шийтгэж, харин сайныг үйлдэгчийг магтахын тулд хааны явуулсан захирагчдад захирагд» гэж бичжээ (1 Петр 2:13, 14). Христийн эртний дагалдагчид төр засаг болон томилогдсон төлөөлөгчдөд нь захирагддаг байсан нь тодорхой. Тэд хуулиа сахиж, бүх хүнтэй эвтэй амьдрахыг хичээдэг байжээ (Ром 12:18).
«Шашны нэвтэрхий толь»-ийн «Христийн шашин ба төр засаг» гэсэн сэдвийн дор «МЭ 1–3-р зуунд Христийн дагалдагчид Ромын нийгмээс ихээхэн тусгаар байсан. Гэсэн хэдий ч Христийн шашны удирдагчид итгэл үнэмшлийнхээ хүрээнд Ромын хуулийг дагаж, эзэн хаанд үнэнч байхыг заадаг байжээ» гэж бичсэн байдаг.
Хүндэтгэдэг ч, шүтдэггүй
Христийн дагалдагчид Ромын хаантай дайсагнадаггүй байв. Эрх мэдэл, байр суурийг нь хүндэтгэдэг байжээ. Эзэн хаан Нерогийн засаглалын үед элч Петр Ромын эзэнт гүрний янз бүрийн хэсэгт амьдарч байсан Христийн дагалдагчдад «Ямар ч хүнийг хүндэл. ... Хааныг хүндэл» гэж бичжээ (1 Петр 2:17). Грек хэлний «хаан» гэдэг үгээр зөвхөн орон нутгийн захирагч, хаадыг биш, Ромын эзэн хааныг ч хэлдэг байсан. Элч Паул Ромын эзэнт гүрний нийслэлд амьдарч байсан Христийн дагалдагчдад «Бүгдэд өгөх ёстойгоо өг. ... Хүндлэх ёстой хүнийг хүндэл» гэж зөвлөжээ (Ром 13:7). Үнэхээр ч Ромын эзэн хаан хүндлэл шаарддаг байсан. Тэр бүү хэл өөрийг нь шүтэхийг ч шаарддаг болжээ. Христийн эртний дагалдагчид «шүт» гэсэн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.
МЭ 2-р зуунд Ромын захирагчийн өмнө Поликарп гэдэг хүн шүүгдэхдээ «Би Христийн дагалдагч. ... Бурхнаас эрх мэдэл авсан хүнд зохих хэмжээний хүндэтгэл үзүүлээрэй гэж заалгасан» гэж хэлсэн гэдэг. Гэхдээ тэрбээр эзэн хааныг шүтсэнээс үхсэн нь дээр гэж үзжээ. 2-р зууны Христийн шашныг өмгөөлөн хамгаалагч Антиохын Теофил: «Би эзэн хааныг хүндэтгэнэ. Түүнийг шүтэхгүй ч түүний төлөө залбирна. Бурхныг, амьд жинхэнэ Бурхныг би шүтнэ» гэж бичжээ.
Залбиралдаа эзэн хааныг дурдах нь эзэн хаан, улс орноо шүтэхтэй ямар ч холбоогүй. Ийм залбирлын зорилгын тухай элч Паул: «Тиймээс ямар ч хүний төлөө цөхрөлтгүй гуйж, залбирч, зуучлан залбирч, талархаж байхыг юуны өмнө бүгдэд уриалж байна. Хаад, эрх мэдэлтнүүдийг залбиралдаа дурдаж байгаарай. Үүний ачаар бид цаашдаа ч Бурхандаа үнэнч, буурь суурьтай байж, амар тайван, айдас түгшүүргүй амьдарна» гэж бичжээ (1 Тимот 2:1, 2).
«Нийгэмд ад үзэгддэг байсан»
Христийн эртний дагалдагчид биеэ зөв авч явж байсан ч ертөнцтэй нөхөрлөөгүй. Христийн эртний дагалдагчдын тухай Францын түүхч А. Амман «нийгэмд ад үзэгддэг байсан» гэж бичжээ. Иудейн, Ромын аль ч нийгэм тэднийг ад шоо үзэж, буруу ойлгодог байсан.
Жишээ нь Иудейн удирдагчид элч Паулыг хилсээр буруутгахад Паул Ромын захирагчийн өмнө өөрийгөө өмгөөлж «Би иудейчүүдийн Хууль, сүм, Цезарийн эсрэг ямар ч нүгэл үйлдээгүй. ... Би Цезарьт давж заалдана!» гэжээ (Үйлс 25:8, 11). Иудейчүүд өөрийг нь алах гэж байгааг мэдээд Паул Нерод давж заалддаг. Эндээс Ромын эзэн хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг байсан нь харагдаж байна. Дараа нь Ромд болсон анхны шүүх хурал дээр Паулын гэм буруугүй нь нотлогдсон бололтой. Гэхдээ хожим нь дахиад шоронд орж, Нерогийн тушаалаар цаазлагдсан гэдэг.
Христийн эртний дагалдагчид Ромын нийгэмд ямар хэцүү нөхцөлд байсныг нийгэм ба шашин судлаач Эрнст Тройлч: «[Тэд] шүтээн юм уу эзэн хааныг шүтэх, цус урсгах, цаазаар авах ял гүйцэтгэх, хуурамч шашны, садар самуун зан үйлтэй холбоотой ямар ч ажил албанаас татгалздаг байсан» гэж бичжээ. Ийм байр сууриас болоод Христийн дагалдагчид ба төр засаг бие биеэ хүндэтгэхээ больж, эвтэй байх аргагүйд хүрсэн үү?
Цезарьт «өгөх ёстойгоо» өгөх
Ромын төр засагт болон цаашлаад ямар ч төр засагт дагалдагчид нь яаж хандах талаар баримтлах ёстой зарчмыг Есүс хэлж өгсөн. «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэжээ (Матай 22:21). Ромын захиргаан дор байх дургүй, харийнханд татвар төлөх нь хууль ёсны эсэхэд маргалдаж байсан үндсэрхэг үзэлтэй иудейчүүдийн хандлагаас тэс өөр юмыг Есүс дагалдагчдадаа заасан.
Хожим нь Паул Ромд амьдарч байсан дагалдагчдад «Тэгэхээр, зөвхөн шийтгүүлэхгүйн тулд бус, мөн хүн чанарынхаа улмаас эрх мэдэлд захирагдах шаардлагатай. Тийм ч учраас та нар татвар төлдөг. Тэд [буюу «дээд эрх мэдлүүд»] олон түмэнд үйлчилдэг Бурхны үйлчлэгч юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авдагт нь татвараа, хураамж авдагт нь хураамжаа төл» гэж хэлжээ (Ром 13:5–7). Христийн дагалдагчид ертөнцийнх биш ч гэлээ үнэнч шударга байж, төр засгаар үйлчлүүлснийхээ төлөө татвар төлөх үүргээ ухамсарладаг байсан (Ёохан 17:16).
Гэхдээ Есүсийн дээрх үг зөвхөн татвар төлөхтэй холбоотой юу? Есүс Цезарийн юм, Бурхны юм гэж яг юу болохыг тодорхой хэлээгүй учраас бид заримдаа нөхцөл байдал, Библийн ойлголтод тулгуурлаж энэ хоёрыг ялгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Христийн дагалдагч хүн Библийн зарчмаар сургагдсан мөс чанараараа Цезарьт юу өгөхөө заримдаа шийддэг гэсэн үг.
Уг хоёр асуудалд дүн нуруутай хандах нь
Есүс «Цезарийн юмыг Цезарьт» гэчихээд юу гэж хэлснийг олон хүн мартах гээд байдаг. Тэрбээр: «Бурхны юмыг Бурханд өг» гэж бас хэлсэн. Элч Петр Христийн дагалдагчид алийг нь эн тэргүүнд тавих ёстойг заасан. «Хаан» буюу эзэн хаан, «захирагчдад» захирагдаарай гэж зөвлөснийхөө дараахан «Та нар бол эрх чөлөөтэй хүмүүс. Гэвч эрх чөлөөгөө халхавч болгон муу юм бүү хий. Харин эрх чөлөөгөө Бурхны боол шиг эдэл. Ямар ч хүнийг хүндэл. Ах дүүгийн барилдлагыг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл» гэж бичжээ (1 Петр 2:16, 17). Петр Христийн дагалдагчдыг хүмүүн удирдагчийн биш, Бурхны боол гэж хэлсэн. Тэд хамгийн дээд хууль тогтоогч Бурхнаас эмээдэг учраас л төр засгийн төлөөлөгчдийг зохих ёсоор хүндэтгэдэг.
Үүнээс өмнө Петр Бурхны хууль хүнийхээс давуу гэдгийг тодорхой харуулсан. Иудейн дээд шүүх нь Ромын засгийн газраас төр, шашны эрх мэдлийг авсан байгууллага байсан. Ийм байгууллага дагалдагчдад Христийн нэрээр заахыг хориглоход Петр болон бусад элч нар хүндэтгэлтэй боловч шийдэмгийгээр «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэсэн (Үйлс 5:29). Христийн эртний дагалдагчид Бурханд дуулгавартай байхын зэрэгцээ төр засагт зохих ёсоор захирагдахын тулд дүн нуруутай ханддаг байсан нь тодорхой. Тертуллиан МЭ 3-р зууны эхэнд үүнийг дүгнэж «Бүхнийг Цезарьт өгчих юм бол Бурханд юу өгөх вэ?» гэж хэлсэн байдаг.
Байр сууриасаа ухарсан нь
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Христийн дагалдагчид төр засгийн талаар 1-р зууны дагалдагчдын баримталдаг байсан үзэл бодлыг чанд баримтлахаа больжээ. Есүс болон элч нарынх нь зөгнөсөн ёсоор тэрс явдал МЭ 3-р зуунд гаарав (Матай 13:37, 38; Үйлс 20:29, 30; 2 Тесалоник 2:3–12; 2 Петр 2:1–3). Тэрсэлсэн дагалдагчид Ромын ертөнцийн нөлөөнд автаж, хуурамч шашны баяр ёслол, гүн ухаанд уусаж, төрийн алба төдийгүй цэргийн алба хашдаг болж Христийн дагалдагчийн байр сууриасаа ухарчээ.
Профессор Тройлч: «3-р зуунаас эхлэн илүү олон Христийн дагалдагч нийгмийн дээд зиндаанд орж, нэр хүндтэй мэргэжил эзэмшиж, цэрэг арми, төрийн захиргааны алба хашдаг болсноор байдал улам дордсон. Христийн дагалдагчдын бичсэн [Библиэс өөр] зарим ном зохиолд эдгээрийг эрс эсэргүүцсэн хэсэг байдаг. Нөгөөтэйгүүр байр сууриасаа ухарч няцсанаа зөвтгөх гэж оролдсон, өөрөөр хэлбэл сэтгэл зовсноо хуурч аргадсан ном зохиол бас байсан. Константины үеэс Христийн дагалдагчид ба бусад шашинтнууд хоорондоо зөрчилдөхөө больж маргаан мэтгэлцээн дууссан. Төрийн ямар ч ажил албыг хашдаг болжээ» гэж бичсэн юм.
МЭ 4-р зууны сүүл гэхэд энэ завхарсан Христийн шашин Ромын эзэнт гүрний төрийн шашин болсон.
Христийн гэгддэг католик, үнэн алдартан, протестант шашнууд олон зууны турш төр засагтаа буулт хийсээр ирсэн. Улс төртэй нягт холбогдож, дайныг дэмждэг. Сүсэг бишрэлтэй сүмийн олон гишүүн үүнд цочирддог. Гэвч Христийн 1-р зууны дагалдагчид төр засагт яаж ханддаг байсныг даган дуурайдаг хүмүүс одоо ч байгааг мэдээд тэд баярлах биз ээ. Дараагийн хоёр өгүүллээр энэ тухай илүү дэлгэрэнгүй авч үзнэ.
[5-р хуудасны зураг]
Петр «Хааныг хүндэл» гэж бичихдээ Цезарь Нерог хэлжээ
[Зураг эзэмшигч]
Musei Capitolini, Roma
[6-р хуудасны зураг]
Поликарп эзэн хааныг шүтсэнээс үхсэн нь дээр гэж үзжээ
[7-р хуудасны зураг]
Христийн эртний дагалдагчид эвийг эрхэмлэдэг, үнэнч шударга, татвар төлдөг иргэд байсан