Цезарийн юмыг Цезарьт өгөх нь
«Бүгдэд өгөх ёстойгоо өг» (РОМ 13:7).
1, 2. а) Христийн дагалдагчид Бурхан болон Цезарийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хэрхэн дүн нуруутай байх ёстой вэ? б) Еховагийн Гэрчүүд юуг эн тэргүүнд анхаардаг вэ?
ЕСҮСИЙН хэлснээр Бурханд болон Цезарь буюу төр засагт өгөх ёстой юм бий. Тэрбээр: «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэжээ. Энэ цөөхөн үгээр Есүс Бурхан болон төр засагт яаж дүн нуруутай хандах ёстойг ойлгомжтой хэлж, дайснуудаа хэлэх үггүй болгосон юм. Үүнд нь хүмүүс «ихэд гайхжээ» (Марк 12:17).
2 Еховагийн үйлчлэгчид Бурхны юмыг Бурханд өгөхийг эн тэргүүнд анхаарах нь мэдээжийн хэрэг (Дуулал 116:12–14). Гэхдээ Есүсийн хэлснээр Цезарьт өгөх ёстойгоо өгөхөө ч санадаг. Библиэр сургагдсан мөс чанартай хүн Цезарийн шаардлагыг хэр хэмжээнд биелүүлэхээ залбирч байгаад шийддэг (Ром 13:7). Засгийн газрын эрх мэдэл хязгаартай бөгөөд аль ч улсын ард түмэн ба засгийн газар байгалийн хуульд захирагддагийг орчин үеийн олон хуульч хүлээн зөвшөөрдөг.
3, 4. Байгалийн хууль, илчлэгдсэн хууль, хүний хуулийн талаар нэгэн хуульч юу гэж хэлсэн бэ?
3 Элч Паул ертөнцийн хүмүүсийн тухай бичихдээ байгалийн хуулийн тухай дурдсан. «Бурхан өөрийгөө тэдэнд мэдүүлэхийн тулд хангалттай ихийг илчилсэн билээ. Бурхан харагддаггүй нь үнэн. Гэхдээ Бурхан ертөнцийг бүтээснээс хойш түүний зан чанар илэрхий болсон. Өөрөөр хэлбэл, Бурхан мөн гэдэг нь ч, мөнхийн хүч нь ч бүтээлээс тодорхой харагддаг. Тиймээс тэднийг зөвтгөх аргагүй». Бурханд итгэдэггүй хүмүүс ч байгалийн хуулийг хүлээн зөвшөөрвөл энэ хууль тэдний мөс чанарт нөлөөлнө. Паул ингэж нэмж хэлсэн. «Харь үндэстнүүд Бурхны хуулийг мэддэггүй ч өөрийн эрхгүй сахидаг нь тэр хууль тэдний дотор байдгийн баталгаа юм. Бурхны хууль зүрх сэтгэлд бичигдсэн байдгийг тэд харуулдаг. Тэд ... сайн мууг ялгах төрөлхийн чадвартай гэсэн үг» (Ром 1:19, 20; 2:14, 15).
4 18-р зуунд Английн алдартай хуульч Виллиам Блэкстоун: «Байгалийн хуулийг Бурхан өөрөө тогтоосон бөгөөд хүн төрөлхтөн бий болсон цагаас үйлчилж эхэлсэн. Тиймээс үүнээс дээр хууль гэж байхгүй. Энэ хууль бүх дэлхий, бүх улс орон, бүх цаг үеийг хамаардаг. Үүнтэй зөрчилдсөн ямар ч хууль хүчингүй» гэж бичжээ. Блэкстоун Библид байдаг «илчлэгдсэн хуулийн» тухай цааш нь «Хүний бүх хууль байгалийн болон илчлэгдсэн хуульд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл хүний ямар ч хууль энэ хоёр хуулийн эсрэг байх ёсгүй» гэж бичсэн юм. Энэ нь Марк 12:17-д бичсэн Бурхан болон Цезарийн талаар Есүсийн хэлсэн үгтэй тохирдог. Цезарь Христийн дагалдагчдад Бурхны тогтоосон хязгаар дотор л шаардлага тавьж болох нь тодорхой. Иудейн дээд шүүх элч нарт Есүсийн тухай дэлгэрүүлэхээ боль гэж тушаасан нь энэ хязгаараас давсан хэрэг байлаа. Тиймээс элч нар: «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэж зөв хариулжээ.
«Бурхны юм»
5, 6. а) 1914 онд Хаант төр байгуулагдсаныг бодвол Христийн дагалдагчид юуг илүү тод санах учиртай вэ? б) Бурхны үйлчлэгч гэдгээ яаж батлах вэ?
5 Төгс хүчит Ехова Бурхан 1914 онд Хаант төрөөрөө дамжуулан захирч эхэлснээс хойш Христийн дагалдагчид Бурхны юмыг Цезарьт өгөх ёсгүй гэдэг нь илүү тодорхой болсон (Илчлэл 11:15, 17). Одоо Христийн дагалдагчид «ертөнцийнх биш» байхыг шаардсан Бурхны хуулийг анхаарах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна (Ёохан 17:16). Бид Амь өгөгч Бурханд өөрсдийгөө зориулсан болохоор өөрсдийнхөөрөө амьдрахаа больсноо тодорхой харуулах ёстой (Дуулал 100:2, 3). Паулын бичсэнээр «Бид Еховагийнх юм» (Ром 14:8). Христийн дагалдагч хүн баптисм хүртэхдээ Бурхны үйлчлэгч болж томилогддог. Тиймээс Паулын хэлсэнчлэн «Бурхан биднийг ... үйлчлэгч байх чадвартай болгосон» гэж хэлж болно (2 Коринт 3:5, 6).
6 Түүнчлэн элч Паул: «Би Бурханд үйлчлэх ажлаа өндөр үнэлдэг» гэж бичсэн (Ром 11:13). Бид бас тэгэх ёстой. Бид бүрэн цагаар үйлчилдэг ч бай, үгүй ч бай Ехова биднийг томилсон гэдгийг санаж явах учиртай (2 Коринт 2:17). Зарим хүн бидний байр суурьд халдаж магадгүй учраас Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Христийн дагалдагч бүр сайн мэдээний үйлчлэгч гэдгээ тодорхой батлан харуулахад бэлэн байх ёстой (1 Петр 3:15). Бурханд үйлчилдэг нь бас биеэ авч явж байгаагаас нь харагдах ёстой. Бурхны үйлчлэгч ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй байхыг бусдад зааж, өөрсдөө ч тэр хэм хэмжээг баримталдаг. Мөн гэр бүлээ бат бэх байлгаж, үнэнч шударга байж, хууль дүрмийг хүндэтгэх учиртай (Ром 12:17, 18; 1 Тесалоник 5:15). Бурхантай тогтоосон харьцаа болон Бурханд үйлчлэх нь Христийн дагалдагч хүний амьдралын хамгийн чухал зүйл. Цезарь юу ч гэж тушаасан, тэд эдгээрийг орхигдуулдаггүй. Эдгээр нь «Бурхны юм» яахын аргагүй мөн.
«Цезарийн юм»
7. Хүмүүс Еховагийн Гэрчүүдийн татвар төлдгийг хэрхэн магтаж сайшаадаг вэ?
7 Еховагийн Гэрчүүд «дээд эрх мэдлүүдэд [буюу төр засагт] захирагдах» ёстойгоо ойлгодог (Ром 13:1). Тиймээс Цезарь буюу төр засаг зохих ёсны шаардлага тавивал Библиэр сургагдсан мөс чанарынхаа дагуу шаардлагыг нь биелүүлдэг. Жишээ нь Христийн жинхэнэ дагалдагчид хамгийн үлгэр жишээ татвар төлөгчид юм. Германы нэгэн сонинд Еховагийн Гэрчүүдийн тухай «Тэд бол манай улсын хамгийн үнэнч шударга, татвараа цагт нь төлдөг хүмүүс» гэж бичжээ («Münchner Merkur»). Италийн нэгэн сонинд «Тэд [Еховагийн Гэрчүүд] бол хамгийн үнэнч иргэд. Ийм иргэдтэй байхыг ямар ч төр хүсэх биз ээ. Тэд татвар төлөхөөс зайлсхийдэггүй, эрх ашигтай нь нийцэхгүй байсан ч хуулиа дагадаг» гэж бичжээ («La Stampa»). Еховагийн үйлчлэгчид «хүн чанарынхаа улмаас» энэ бүхнийг хийдэг (Ром 13:5, 6).
8. Бид Цезарт зөвхөн татвар төлөх үүрэгтэй юү?
8 «Цезарийн юм» гэдэгт зөвхөн татвар төлөх ордог уу? Үгүй. Паул эмээх, хүндлэх тухай бас бичсэн. Германы эрдэмтэн Хайнрих Майер нэгэн номдоо «[Цезарийн юм] гэдгээр зөвхөн татварыг хэлсэн гэж бид ойлгодоггүй. Харин эрх мэдлийнхээ хүрээнд Цезарийн шаарддаг бүхнийг хэлдэг» гэж бичсэн («Critical and Exegetical Hand-Book to the Gospel of Matthew»). Түүхч Е. В. Барнес нэгэн бүтээлдээ «Христийн дагалдагчид ноогдуулсан татварыг төлдөг байсан бөгөөд Бурхны юмыг Цезарьт өг гэж шаардахгүй л бол төр засгийнхаа ямар ч шаардлагыг биелүүлдэг байсан» гэж бичжээ («The Rise of Christianity»).
9, 10. Цезарьт өгөх ёстойгоо өгөх талаар зарим хүн юу гэж бодож магадгүй вэ? Гэхдээ юуг санах ёстой вэ?
9 Бурхны юманд халдахгүйгээр төр засаг юуг шаардаж магадгүй вэ? Зарим хүн Цезарьт татвар төлнө, гэхдээ өөр юу ч өгөх ёсгүй гэж боддог. Бурханд үйлчлэхэд зориулж болох цагаа Цезарьт өгнө гэж бодохоор тэдэнд таагүй санагддаг. «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрлах» ёстой гэдэг нь үнэн. Гэхдээ Ехова биднийг ариун үйлчлэлээс бусад зүйлд бас цаг гаргаасай гэж хүсдэг (Марк 12:30; Филиппой 3:3). Жишээ нь гэрлэсэн хүн ханьдаа цаг гаргах ёстой. Элч Паулын хэлснээр энэ нь «Эзний үйл хэрэг» биш, «ертөнцийн үйл хэрэг» ч гэсэн ийм юманд цаг гаргах нь буруу биш (1 Коринт 7:32–34; 1 Тимот 5:8-тай харьцуулаарай).
10 Бас Христ дагалдагчдадаа татвар төлөхийг захисан. Энэ нь Еховад зориулсан цагийнхаа заримыг Цезарьт өгнө гэсэн үг байлаа. Яагаад гэвэл бид бүхий л амьдралаа Еховад зориулсан. Орлогынхоо гуравны нэгийг төлөх ёстой улсад (зарим улсад үүнээс илүү татвар төлдөг) ажилчид жил бүр 4 сарын орлогыг төрийн санд төлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гартлаа 15 жилийн цалинг «Цезарьт» төлдөг байх нь ээ. Сургуульд сурах тухай бас бодож үзээрэй. Ихэнх улсад доод тал нь төдөн жил хүүхдээ сургуульд явуулах ёстой гэж хуульд заасан байдаг. Энэ хугацаа улс болгонд өөр өөр байдаг ч ихэнхдээ нэлээн урт хугацаа юм. Сургуульд сурах ер нь ач тустай. Гэхдээ хүүхдийн амьдралын хэдий хэр хугацааг үүнд зориулахыг Цезарь шийддэг, Христийн дагалдагч эцэг эхчүүд ч үүнийг нь дагадаг.
Цэргийн алба
11, 12. а) Олон улс оронд Цезарь юу шаарддаг вэ? б) Христийн эртний дагалдагчид цэргийн алба хаахыг юу гэж үздэг байсан бэ?
11 Зарим улс оронд Цезарь цэргийн алба хаахыг бас шаарддаг. 20-р зуунд олон улсад дайны үеэр, зарим улсад энх цагт ч ийм журам бий болсон. Францад олон жил энэ үүргийг цусан татвар гэдэг байсан бөгөөд энэ нь залуу эрчүүд бүгд улс эх орныхоо төлөө амь насаа өгөхөд бэлэн байх ёстой гэсэн утгатай байв. Еховад өөрийгөө зориулсан хүн мөс чанараа өвтгөхгүйгээр ийм үүргийг биелүүлж чадах уу? Христийн 1-р зууны дагалдагчид энэ асуудлыг юу гэж үздэг байсан бэ?
12 Христийн эртний дагалдагчид сайн иргэд байхыг хичээдэг байсан ч итгэл үнэмшлийнхээ улмаас бусдын амийг хөнөөх юм уу улс эх орныхоо төлөө амиа золиослохоос татгалздаг байсан. «Шашны нэвтэрхий толь»-д «Христийн дагалдагчид хүний амь хөнөөхийг цээрлэх ёстойг Тертуллиан, Ориген зэрэг эртний Сүмийн Эцгүүд батлан хэлдэг. Энэ зарчмын дагуу тэд Ромын цэрэгт алба хаахаас татгалздаг байв» гэж бичсэн байдаг. Профессор С. Ж. Кадү нэгэн номдоо «Дор хаяж Марк Аврелийн засаглалын үе хүртэл [МЭ 161–180 он] ямар ч Христийн дагалдагч баптисм хүртсэнийхээ дараа цэрэгт явдаггүй байв» гэж бичжээ («The Early Church and the World»).
13. Христийн шашны ихэнх сүм цэргийн алба хаах талаар яагаад эртний дагалдагчдаас өөр үзэл бодолтой болсон бэ?
13 Өнөөгийн Христийн шашны сүмийн гишүүд яагаад өөр үзэлтэй байдаг вэ? 4-р зуунд маш том өөрчлөлт гарсан. Католик шашны нэгэн номд «Христийн олон дагалдагч ... өөр шашин шүтдэг эзэн хааны засаглалын үед цэргийн алба хаахыг буруу гэж үзээд түүнээс татгалзах юм уу хаяж явдаг байсан. Шашны хурал дээр [МЭ 314 онд Арльд болсон] Константины гаргасан өөрчлөлтийг ярилцаж, Христийн дагалдагчид цэргийн алба заавал хаана гэсэн тогтоол гаргажээ. ... Яагаад гэвэл Христийн дагалдагчдад найрсаг ханддаг ноёны захиргаан дор сүм амар тайван ([латинаар] in pace) байсан юм» гэж бичжээ («A History of the Christian Councils»). Ингэж Есүсийн сургаалыг үл тоомсорлосны улмаас тэр цагаас одоог хүртэл Христийн шашны лам хуврагууд сүсэгтэн олондоо цэргийн алба хаахыг уриалсаар ирсэн. Гэвч зарим хүн мөс чанарынхаа улмаас цэргийн алба хаахаас татгалзсан юм.
14, 15. а) Зарим улс оронд Христийн дагалдагчдыг юунд үндэслэн цэргийн албанаас чөлөөлдөг вэ? б) Цэргийн албанаас чөлөөлдөггүй улсад амьдардаг Христийн дагалдагчид энэ асуудлаар зөв шийдвэр гаргахад Библийн ямар ямар зарчим тус болох вэ?
14 Өнөөгийн Христийн дагалдагчид энэ асуудлаар заавал олныг дагах хэрэгтэй юү? Үгүй. Шашны үйлчлэгчийг цэргийн албанаас чөлөөлдөг улс оронд, өөрийгөө Бурханд зориулж баптисм хүртсэн Христийн дагалдагч ийм эрхээ эдэлж, үнэхээр Бурхны үйлчлэгч учраас цэргийн албанаас чөлөөлөгддөг (2 Тимот 4:5). АНУ, Австрали зэрэг улсад дайны үед ч цэргийн албанаас чөлөөлдөг. Бас энх цагт цэргийн алба заавал хаахыг шаарддаг олон улсад Еховагийн Гэрчүүдийг шашны үйлчлэгч гэж үзээд цэргийн албанаас чөлөөлдөг. Үүний ачаар тэд дэлгэрүүлэх ажилд оролцож, нийгэмд тустай үйл хийдэг.
15 Тэгвэл шашны үйлчлэгчийг цэргийн албанаас чөлөөлдөггүй улсад амьдардаг Христийн дагалдагчид яах вэ? Тэд Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу яахаа өөрсдөө шийднэ (Галат 6:5). Цезарийн эрх мэдлийг харгалзан үзэхийн зэрэгцээ Еховагийн өмнө хүлээсэн үүрэгтээ нухацтай хандах хэрэгтэй (Дуулал 36:9; 116:12–14; Үйлс 17:28). Христийн жинхэнэ дагалдагчдын гол шинж нь хайр гэдгийг санадаг. Бүх итгэл нэгтнээ, тэр дундаа өөр улсын, өөр овог аймгийн итгэл нэгтнүүдээ ч хайрладаг (Ёохан 13:34, 35; 1 Петр 2:17). Түүнчлэн Исаиа 2:2–4; Матай 26:52; Ром 12:18; 14:19; 2 Коринт 10:4; Еврей 12:14 гэх мэт Библийн зүйлд байдаг зарчимд үндэслэн шийдвэрээ гаргадаг.
Дүйцүүлэх алба
16. Зарим улс оронд Цезарь цэргийн алба хаахаас татгалзсан хүнээс цэргийн бус ямар алба хаахыг шаарддаг вэ?
16 Зарим улс орны төр засаг шашны үйлчлэгчийг цэргийн албанаас чөлөөлдөггүй ч цэргийн алба хаахаас татгалздаг хүн байдгийг ойлгодог. Тиймээс итгэл үнэмшлийнхээ улмаас цэрэгт явахгүй хүнийг албадахгүй, өөр алба хаалгах нь бий. Зарим улс оронд дүйцүүлэх алба буюу улс орныхоо төлөө, нийгэмд тустай, цэргийн бус үйл хэрэгт дайчилдаг. Өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Христийн дагалдагч хүн ийм алба хааж болох уу? Энэ тохиолдолд мөн л Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу өөрөө шийднэ.
17. Библид цэргийн бус албаны тухай гардаг уу?
17 Библи бичигдэж байх үед ажил албадан хийлгэх тохиолдол байсан бололтой. Нэгэн түүхийн номд «Иудейн оршин суугчдаас татвар хураамж авахаас гадна албадлагын ажил [төр засгаас шаардсан, цалин хөлсгүй ажил] хийлгэдэг байжээ. Энэ бол эртний дорно дахины уламжлал бөгөөд Эллинист ба Ромын төр засаг үүнийг хадгалж үлдээсэн. ... Иудейн нутагт албадлагын ажил хийлгэдэг байсан тухай Шинэ Гэрээнд гардгийг бодвол их түгээмэл байжээ. Энэ заншлын дагуу цэргүүд Күрений Симоныг албадаж загалмайг [тарчлаах шонг] үүрүүлжээ (Матай 5:41; 27:32; Марк 15:21; Лук 23:26)» гэж байдаг.
18. Ихэнх Еховагийн Гэрчүүд нийгэмд тустай, цэргийн бус, шашны бус ямар ажил үйлчилгээнд оролцдог вэ?
18 Өнөө үед ч зарим газар, улсын болон орон нутгийн засаг захиргаа нь иргэдээс нийгэмд тустай янз бүрийн ажилд оролцохыг шаарддаг. Үүнд худаг ухах, зам тавих зэргээс гадна, долоо хоног бүр зам, сургууль, эмнэлэг цэвэрлэх ажил ордог. Ихэнх Еховагийн Гэрч нийгэмд тустай, хуурамч шашинтай холбоогүй, мөс чанар нь өвтгөхөөргүй бол цэргийн бус ийм ажлыг хийдэг (1 Петр 2:13–15). Энэ нь Гэрчүүдийн талаар сайн гэрчлэл болдог бөгөөд төр засгаа эсэргүүцдэг гэж хилсээр буруутгагчдыг хэлэх үггүй болгодог (Матай 10:18-тай харьцуулаарай).
19. Цезарь улс орныхоо төлөө хэсэг хугацаанд цэргийн бус ажил хийхийг шаардвал Христийн дагалдагч яах вэ?
19 Тэгвэл төр засаг Христийн дагалдагч хүнээс хэсэг хугацаанд улс орныхоо төлөө цэргийн бус удирдлага дор дүйцүүлэх алба хаахыг шаардвал яах вэ? Энэ тохиолдолд ч Христийн дагалдагч хүн Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй. «Бид бүгдээрээ Бурхны шүүх сэнтийний өмнө зогсоно шүү дээ» (Ром 14:10). Цезарь ийм шаардлага тавивал Христийн дагалдагч хүн залбирч байгаад судалгаа хийж, энэ асуудлын тухай эргэцүүлэн бодох хэрэгтэй.a Бас хурлынхаа төлөвшсөн Гэрчээс зөвлөгөө авах нь ухаалаг юм. Үүний дараа яахаа өөрөө шийднэ (Сургаалт үгс 2:1–5; Филиппой 4:5).
20. Улс орны төлөөх цэргийн бус ажилд оролцохоор болбол ямар асуулт, Библийн ямар зарчмыг бодох хэрэгтэй вэ?
20 Судалгаа хийхдээ Библийн хэд хэдэн зарчмыг бодох байх. Паул: «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай байх, сайн үйл хийхэд бэлэн байх, ... ухаалаг байж бүх хүнтэй ямагт эелдэг харьцах» ёстой гэж бичсэн (Тит 3:1, 2). Үүний зэрэгцээ санал болгосон ажлын талаар сайтар бодох байх. Энэ ажлыг хийлээ гэхэд төвийг сахиж чадах уу? (Мика 4:3, 5; Ёохан 17:16). Хуурамч шашинтай холбоотой юм биш биз? (Илчлэл 18:4, 20, 21). Энэ ажлаас болж Христийн дагалдагчийн үүргээ алдаг оног биелүүлэх юм уу бүр биелүүлж чадахгүй болох уу? (Матай 24:14; Еврей 10:24, 25). Эсвэл ахиц дэвшил гаргасаар, магадгүй дүйцүүлэх алба хаангаа бүрэн цагаар ч үйлчлэх боломжтой юу? (Еврей 6:11, 12).
21. Гэрч хүн дүйцүүлэх алба хаах талаар ямар ч шийдвэр гаргасан, хурлынхан нь юу гэж үзэх вэ?
21 Христийн дагалдагч хүн эдгээр асуултыг бодож үзээд дүйцүүлэх алба хаахыг эрх баригчдад захирагдан дуулгавартайгаа харуулж, бас «сайн үйл» хийж байна гэж дүгнэвэл яах вэ? Бид шийдвэрийг нь юу гэж үзэх ёстой вэ? Энэ бол тэр хүний Еховагийн өмнө гаргасан шийдвэр учраас ахлагчид ч, бусад нь ч мөс чанарыг нь хүндэтгэж, тэр хүнийг нэр хүндээ алдаагүй гэж үзнэ. Нөгөө талаас дүйцүүлэх алба хаахгүй гэж шийдлээ гэхэд мөн л хүндэтгэх хэрэгтэй. Энэ хүнийг ч сайн нэрээ алдаагүй итгэл нэгтнээ гэж үзэн, хайрлан санаа тавина (1 Коринт 10:29; 2 Коринт 1:24; 1 Петр 3:16).
22. Нөхцөл байдлаас үл хамааран бид юу хийсээр байх вэ?
22 Христийн дагалдагчид бид «хүндлэх ёстой хүнийг хүндлэхээ» болихгүй (Ром 13:7). Бид дэг журам, амар тайвныг эрхэмлэж, хуулиа сахидаг иргэд байхыг хүсдэг (Дуулал 34:14). Бас «хаад, эрх мэдэлтнүүдийг» Христийн дагалдагч бидний ажил амьдралтай холбоотой шийдвэр гаргахаар болоход залбирдаг. Цезарийн юмыг Цезарьт өгдгийнхөө ачаар «бид цаашдаа ч Бурхандаа үнэнч, буурь суурьтай байж, амар тайван, айдас түгшүүргүй амьдарна» (1 Тимот 2:1, 2). Хамгийн гол нь Бурхны юмыг Бурханд өгч, хүн төрөлхтний цорын ганц найдвар болох Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлсээр байна.
[Зүүлт]
a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1964 оны 5 сарын 15-ны дугаарын 308-р хуудас, 21-р догол мөрийг үзээрэй (англи).
Тайлбарлана уу
◻ Христийн дагалдагчид Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өгөхдөө алийг нь тэргүүнд тавьдаг вэ?
◻ Цезарьт өгч болохгүй, Бурханд өгөх ёстой юм гэж юу вэ?
◻ Цезарьт юу юу өгч болох вэ?
◻ Цэргийн алба хаах асуудлаар зөв шийдвэр гаргахад Библийн ямар ямар зарчим тус болох вэ?
◻ Дүйцүүлэх алба хаахаар болбол юу юуг санах хэрэгтэй вэ?
◻ Ехова ба Цезарьт өгөх тухайд бид цаашдаа ч юу хийсээр байх вэ?
[16, 17-р хуудасны зураг]
Элч нар Иудейн дээд шүүхийнхэнд «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэсэн