Утга учиртай амьдрах замыг Есүс заасан
«Есүсийн жишээг дага» (1 Иохан 2:6, ШГ).
ӨМНӨХ өгүүллээр, Есүс утга учиртай амьдарсныг ярилцсан билээ. Тиймээс утга учиртай амьдаръя гэвэл Есүсийн жишээг дууриаж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх нь ухаалаг юм.
Ехова Бурхан ч биднийг Есүсийн жишээг дууриаж, сургаалыг нь биелүүлээсэй гэж хүсдэг нь дээрх үгнээс харагддаг. Есүсийн жишээг дагах гэдэг нь амьдралынхаа бүх хүрээнд үлгэр жишээг нь дууриаж, сургаалыг нь сахина гэсэн үг. Ингэвэл Бурхны сайшаалыг хүртэж, утга учиртай амьдарна.
Есүсийн жишээг дагахад тустай олон зарчмыг сургаалаас нь мэдэж болно. Зарим хүний нэрлэдгээр, «Ууланд айлдсан номлол»-оос нь жишээ болгон хэдэн зарчмыг авч үзээд амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг хэлэлцье.
ЗАРЧИМ: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» (Матай 5:3, ШЕ).
ЭНЭ ЗАРЧМЫГ БАРИМТАЛБАЛ УТГА УЧИРТАЙ АМЬДАРНА ГЭХИЙН УЧИР:
Хүнд сүнслэг хэрэгцээ байдгийг Есүс хэлжээ. Сүнслэг хэрэгцээ гэдэг нь Бурхныг танин мэдэх гэсэн төрөлхийн хүсэл юм. «Хүний амьдралын утга учир юу вэ? Хүн яагаад ингэж их зовж шаналдаг вэ? Бурхан хүнийг анхаардаг уу? Хүн үхээд яадаг вэ?» гэх зэргийн асуултын хариуг ямар ч хүн мэдэхийг хүсдэг. Үнэхээр ч эдгээр асуултын хариуг мэдэж байж хүн утга учиртай амьдарна. Гэхдээ үнэн зөв хариуг ганцхан эх булаг буюу Бурхны Үг өгдгийг Есүс мэдэж байсан. Тэрбээр Эцэгтээ залбирахдаа «Таны үг бол үнэн мөн» хэмээсэн байдаг (Иохан 17:17). Сүнслэг хэрэгцээгээ хангахад Бурхны Үг үнэхээр тус болох уу?
БОДИТ ЖИШЭЭ:
Алдартай хамтлагийн гоцлол дуучин Эса урлагийн ертөнцөд улам их амжилт гаргах байв. Гэвч тэрбээр өөрийгөө жаргалтай хүн гэж боддоггүй байж. «Хамтлагт байх сайхан байсан ч илүү утга учиртай амьдрах юмсан гэж хүсдэг байлаа» гэж ярьсан юм. Хожим нь тэрбээр Еховагийн Гэрчтэй танилцжээ. Эса: «Би их олон асуулт тавьж билээ. Бүх асуултад минь Библид үндэслэн, ойлгомжтой хариулсан нь миний сонирхлыг татаж, би тэр хүнээр Библийн хичээл заалгахаар болсон юм» гэж дурсжээ. Библи судлаад мэдсэн зүйлдээ сэтгэл нь татагдсан Эса Ехова Бурханд үйлчлэхээр шийдсэн аж. «Өмнө нь миний амьдралд болж бүтэхгүй юм их гардаг байсан. Харин одоо ... би жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч явна» гэж хэлсэн.a
ЗАРЧИМ: «Энэрэнгүй хүмүүс жаргалтай» (Матай 5:7, ШЕ).
ЭНЭ ЗАРЧМЫГ БАРИМТАЛБАЛ УТГА УЧИРТАЙ АМЬДАРНА ГЭХИЙН УЧИР:
Энэрэнгүй байх гэдэг нь өрөвч зөөлөн сэтгэлтэй, уян зөөлөн, ухаалаг байхыг хэлдэг. Есүс энэрэнгүй хүн байсан. Зовж зүдэрсэн хүмүүсийг өрөвдөж, сэтгэл гарган зовлонг нь нимгэлдэг байсан (Матай 14:14; 20:30–34). Есүсийг дууриан энэрэнгүй байвал бид ч утга учиртай амьдарна. Учир нь энэрэнгүй үйлс жаргал авчирдаг (Үйлс 20:35). Энэрэнгүй сэтгэлийг үг яриа, үйл хэргээрээ илэрхийлж, бусдын зовлонг нимгэлж болно. Энэрэнгүй байх ач тустай биш гэж үү?
Карлос Мариа хоёр
БОДИТ ЖИШЭЭ:
Карлос Мариа хоёр энэрэнгүй байхын жишээ болдог хүмүүс юм. Мариагийн ээжийг нас барснаас хойш аав нь хэвтэрт оржээ. Карлос Мариа хоёр аавыгаа дэргэдээ авч, асарч сувилахдаа юм юм үзжээ. Аавыгаа сахиж нойргүй хонох, чихрийн шижин өвчин нь хүндэрч бие нь хямарвал эмнэлэгт хүргэх хэрэг бишгүй гардаг гэнэ. Тэд заримдаа их ядардаг ч Есүсийн үгийн үнэнийг биеэрээ үзэж, жаргалтай байдаг аж. Учир нь аавыгаа чадахаараа сайн асардагтаа сэтгэл хангалуун явдаг гэнэ.
ЗАРЧИМ: «Эвийг эрхэмлэдэг хүмүүс жаргалтай!» (Матай 5:9, ШЕ).
ЭНЭ ЗАРЧМЫГ БАРИМТАЛБАЛ УТГА УЧИРТАЙ АМЬДАРНА ГЭХИЙН УЧИР:
Эвийг эрхэмлэдэг хүн бусадтай сайн харьцаатай байдаг. Библид «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэж байдгийг хэрэгжүүлэх нь ухаалаг хэрэг юм (Ром 12:18). «Бүх хүн» гэсэн болохлоор гэр бүлийнхэн, өөр шашин шүтдэг хүмүүстэй ч эвтэй байх хэрэгтэй гэсэн үг. «Бүх хүнтэй» эвтэй байвал илүү утга учиртай амьдрах болов уу?
Наир
БОДИТ ЖИШЭЭ:
Наир гэдэг эмэгтэйн гэр бүлд төвөгтэй асуудал гарч, гэрийнхэнтэйгээ эвтэй байхад тун амаргүй байжээ. 15 орчим жилийн өмнө нөхөр нь хаяад явснаас хойш тэрбээр хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн аж. Нэг хүү нь мансууруулах бодист донтож, эрүүл ухаанаа алдсан үедээ ээж, охин дүүгээ айлган сүрдүүлдэг болжээ. Наир тэвчээр шалгадаг ийм амаргүй давааг ч Библийн зарчмыг хэрэгжүүлж давдаг аж. Тэрбээр хэрүүл маргаанаас зайлсхийж, эелдэг, тэвчээртэй байж, бусдыг ойлгохыг хичээдэг байна (Ефес 4:31, 32). Эвийг эрхэмлэж сурсны ачаар гэрийнхэнтэйгээ ч, бусадтай ч аятайхан харьцаж чаддаг аж.
ИРЭЭДҮЙН ТУХАЙ МЭДЛЭГ УТГА УЧИРТАЙ АМЬДРАХАД ТУСТАЙ
Есүсийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна. Гэхдээ жинхэнэ ёсоор утга учиртай амьдаръя гэвэл ирээдүйд юу болохыг мэдэх хэрэгтэй. Хүн хөгширч, өвдөж, үхдэг гэдгийг хэн бүхэн мэддэг. Хөгшрөл, өвчин, үхлээр дуусдаг амьдралыг утга учиртай гэж үзэх аргагүй ч өнөөгийн ертөнцөд амьдрал ийм л байдаг.
Гэхдээ сайн мэдээ бий! «Есүсийн жишээг дагахыг» чармайдаг хүмүүсийг Ехова Бурхан ивээнэ. Ехова амласан ёсоороо шинэ ертөнцийг удахгүй бий болгож, өөрт нь үнэнч хүмүүсийг анх санаж зорьж байснаараа өвчин зовлонгүй, мөнх амьдруулна. Библид «Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж байдаг (Илчлэлт 21:3, 4).
Эхний өгүүлэлд дурдсан 84 настай Мариа энэ үг биелэх цагийг тэсэн ядан хүлээдэг. Таны тухайд юу хэлж болох вэ? Ирээдүйд Бурхны өгөх «жинхэнэ аминд» хүрэхийн тулд яах хэрэгтэйг мэдмээр байна уу? (1 Тимот 6:19). Тийм бол нутгийнхаа Еховагийн Гэрчүүдтэй холбоо барих юм уу энэ сэтгүүлийг эрхлэн гаргагчдад хандаарай.b
a Эсагийн намтрыг 8, 9-р хуудаснаас уншина уу.
b Олон хүн сонирхсон асуултынхаа хариуг Еховагийн Гэрчүүдийн гаргасан book «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоос мэдэж авдаг.